“ОДОД БОЛОХЫН ХҮСЛЭН” инээдмийн уран сайхны киноны нээлт боллоо


Цэцээ | YOLO.MN
2016-09-10

“Монгол Контент” ХХК болон “Мөрөөдлийн театр” продакшны хамтын уран бүтээл “ОДОД БОЛОХЫН ХҮСЛЭН”  инээдмийн уран сайхны киноны нээлт өнөөдөр албан ёсоор боллоо.

Нээлтийн ёслол албан ёсоор хоёр газар болсон бөгөөд эхнийх нь 15:00 цагт Шангрила Моллд байрлах IMAX-д болсон бол дөнгөж сая Тэнгис кинотеатрын гадна талбайд дуу хөөр, бүжиг наадам, инээд баяслаар дүүрэн үзүүлбэртэйгээр нээлтээ хийлээ. Нээлтийн эхэнд "Одод болохын хүслэн" кинонд тоглосон жүжигчид болон кино багиийнхныг танилцуулсан юм.

Мөн 90-ээд оны “Одод болохын хүслэн” тэмцээний ууган оролцогчдын нэг “Хар Сарнай” хамтлагийн ахлагч С.Амараа хүрэлцэн ирж өөрийн эрч хүчтэй ая дуугаараа эхлүүллээ. Дараа нь “Хар тас” хамтлагийн Марка ая дуугаа өргөж “Улаан туг” хамтлагийнхан 1990-ээд оныг санагдуулам реп бүжгээр хурсан олныг хөгжөөлөө. Түүнчлэн хайрын дууч хэмээгддэг А Cool, дуучин Ука, “Авьяаслаг Монголчууд” тэмцээний шилдэг оролцогчдын нэг “Бөртэ чонын үрс” хамтлаг тус тус нээлтэд оролцлоо.

Киноны талаар өгүүлэхэд гол дүрүүдэд "Мөрөөдлийн театр"-ын Батаа, Шагай, Эрхэмээ гурав тоглосон бөгөөд  тэд дахин нэгдэж, шив шинэ стиль имижтэйгээр фэнүүдтэйгээ уулзах болно. Түүнчлэн жүжигчин Ш.Алтанцэцэг, Д.Хүрэлхүү, А.Даваахүү, Ц.Нарантунгалаг, О.Үржинханд нар хамтран тогложээ.

“Мөрөөдлийн театр”, “Монгол Контент” ХХК-ийн хамтын бүтээл тус киноны найруулагчаар “Содура” уран сайхны киноны найруулагч Б.Жаргалсайхан ажиллажээ.  Мөн кино зохиолыг "Аав" киноны зохиолч М.Энхдалай бичсэн байна.

Улаанбаатар чуулгын тайзнаа авьяас чадвараа сорин, үеийн нөхдөдөө урам зориг бэлэглэж байсан олон хүний хүүхэд насны гэгээн дурсамжийг сэргээх “ОДОД БОЛОХЫН ХҮСЛЭН” ИНЭЭДМИЙН КИНО БҮХ КИНО ТЕАТРУУДААР ГАРЧ ЭХЭЛЛЭЭ.































#Кино #Movie #boxoffice #MobiPlay