Yolo.mn сайт ярилцлагын буландаа “Ariya” англи хэлний сургалтын төвийн багш А. Банзрагчгаравыг урьж ярилцлаа. Амтат цай, дүүрэн номтой тавиур, аялал, гэрэл зураг, хөгжим түүний ертөнцийг илтгэдэг гэлтэй. Суралцахын жаргалд умбасан дулаахан нэгний дотно ярилцлагыг хүлээн аван уншина уу.
-Таны англи хэл заах арга барил бусдаас ондоо гэдгийг сургалтад суусан хүмүүс тухайлан хэлдэг. Та бидэнд өөрийн заах арга барил, хөтөлбөрийнхөө тухай дэлгэрэнгүй танилцуулаач?
-Би англи хэл заагаад зургаан жил болж байна. Сургалтаа эхлүүлсэн маань ч их түүхтэй. Их сургуулиа төгссөн даруйдаа би гэртээ хүүхдээ харж буй долоон ээжид англи хэл зааж эхэлсэн. Дөнгөж төрсөн ээжүүдэд өөртөө гаргах цаг, анхаарал төвлөрч хичээллэх нөхцөлийг бүрдүүлэх амаргүй. Тиймээс өдөрт ердөө 15-20 минут хичээллэх боломжтой гэж тооцоод тэр цаг хугацаанд хичээлээ ойлгуулж, үр дүнтэй байхад анхааран материалаа бэлддэг болсон.
Тэднийг хэлний мэдлэгээ сэргээж сайжруулаасай, эргээд нийгмийн амьдрал руу орохдоо сэтгэл дүүрэн байгаасай гэх зорилготой бэлтгэсэн материалууд маань эцэст нь ямар ч их ажил, хичээл номтой хүмүүс тэр бүгдийнхээ хажуугаар ойлгож суралцахуйц хэмжээнд боловсорсон.
Цаашдаа хичээл хэл заах үйл явц маань зөвхөн тэднээр хязгаарлагдаагүй. Өмнө нь зөвхөн өөрийнхөө л академик карьертаа бас сурч мэдэх хүсэлдээ автчихаад урдаа гаргаж тавьсан өмнөх зорилгодоо улайраад анзаардаггүй байсан болохоос надтай өрсөлдөж зэрэгцэж суралцаж байсан ч бай өөр бусад олон хүмүүс бага дунд сургууль, их сургууль, тэр бүү олон сургалтын төвүүдэд сураад хүссэн үр дүндээ хүрдэггүйг анзаарсан. Тиймээс өөрийнхөө зүгээс чадах бүхнээрээ тусалж дэмжихийг хүссэн маань сургалтын төв нээх суурь болсон.
Энэ бүх хугацаанд анзаараад байхад зөв аргаар ойлгоод суралцаад явбал ихэнх хүмүүсийн хэнд нь ч нөөц бололцоо чадамж байдаг гол нь хэл сурахтай холбоотой буруу ойлголт эсвэл хэл анх сурахаас нь эхлэн зэрэгцээд үүсчихсэн сэтгэлзүйн айдас зэрэгт л асуудлын гол бэрхшээл нь нуугдаж байдаг. Тиймээс ч хэлтэй холбоотой эрүүл зөв ойлголт ба сэтгэлзүйн дэмжлэгтэй хамт суралцаад хичээллээд явахад олон хүний өөрсдийнх нь ч төсөөлөөгүй үр дүн ахиц гарч болдгийг ажил маань баталж харуулсаар байна.
-Суралцахад юу саад болдог гэж та боддог вэ?
-Энд маш чухал нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Зөвхөн хэл сурахад ч биш хүүхдийн цаашдын хөгжил, аливаа хийж байгаа ажилдаа амжилт гаргахтай шууд хамаатай чухал ойлголт юм. Олон эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид хүүхдүүдийн алдаанд хандах хандлагын суурийг их “эвгүй” тавьчихдаг. Бүгд л алдаанаас болгоомжлуулж жигшээж алдахгүй байлгах гэж хичээдэг.
Үнэндээ алдаа өөрөө өсөж хөгжих суралцах амжилтад хүрэх үйл явцын салшгүй нэг хэсэг. Шинэ юм сурч, аливааг оролдоод үзэж байгаа бол, өсөлт хөгжлийн зам дах алдаа зайлшгүй тохионо. Гол нь энэ алдаанаасаа суралцаад хөгжөөд явах хэрэгтэй. Алдаа “аймар”, алдаа “муу”, алдаж болохгүй гээд байвал яваандаа хүн алдахгүйн тулд хөгжих, сайжрах замаасаа ухраад хойш суусан, зугтсан шинийг турших тэнхэлгүй айдастай болно шүү дээ. Алдаа бол сурч, сайжирч яваа хүний хувьд мэдээжийн зүйл. Тиймээс яаж, хэрхэн суралцаж, хөгжих вэ гэх эрэл хайгуулч, зоригтой хандлага хүүхэд залуусыг олон талбарт ахиц амжилттай байхад тусална гэдэгт итгэдэг шүү.
-Таныг ном шимтэн уншигч гэдгээр нь мэддэг хүмүүс цөөнгүй. Ном унших дадлаасаа бидэнтэй хуваалцаач?
-Би ханаараа дүүрэн номтой бүгд л ном юм уу эсвэл өөр өөрийн нэр дээр захиалсан сонин сэтгүүлүүдээ уншиж байдаг айлд өссөн дөө. Тэр бүү хэл аав ээж хоёрын танилцсан түүх ч номтой холбогддог. Ээж ном сонин их уншдаг болохоор дэргэд нь эгч нар ч бас уншдаг болж өссөн. Мэдээж би хүүхэд наснаасаа л номд шууд дурлачхаагүй. Анх ухаан ороход гэр номын сан шиг нам гүм гэрийнхэн бүгд дор дороо ном сонин уншиж байсан нь санаанд их тод үлдсэн. Тэр үедээ ном ямар эд болоод бүгд дор дороо тийм гүн төвлөрчихсөн тоглох ч завгүй уншиж байгаа юм бол оо гэж гайхан гайхан ганц хоёр сонирхолтой хавтастай номууд сугалж гаргаж ирээд зургуудыг нь үздэг байлаа. Аажимдаа өөрөө ч уншихийн амтанд орсон доо.
Сонин ном захиалах, догдлон догдлон хүлээх, бидний гар дээр ирээд унших үйл явц энэ бүгд ямар их амттай жаргалтай санагддаг байгаа вэ. Яг л хорвоо ертөнцөөс хүссэнээ захиалж болж байгааг бас хорвоо ертөнц чамд л гэж шуудангаар хариу илгээх тэр мэдрэмжүүд миний хүүхэд насны аз жаргалтай хормуудыг бүтээлцсэн. Ингэхэд англи хэл сурсан минь ч номтой холбоотой. Анх эгч маань надад англи хэл дээр үлгэрийн ном өгөөд өгүүлбэрийн бүтцийг нь тайлбарлаж орчуулаад үз гэж хэлдэг байсан. Ингэж л үлгэрийн номоос эхэлж бага багаар орчуулан хэл сурах итгэл, арга барилаа олж авсан.
-Та ном уншихдаа хэр шүүлтүүртэй ханддаг вэ? Сонгон уншдаг номуудынхаа тухай яривал?
-Ном бол миний оюуны эрэл хайгуул хийх гол багаж. Хүмүүстэй харилцах, аялах бол нэлээн сүүлд орж ирсэн л дээ. Ном бол цаг хугацаа орон зай хамаарахгүй хэнтэй ч уулзуулж чаддаг эд шүү дээ. Номыг би хэзээ ч ном гэж харж байгаагүй. Номын цаана наанадаж хэн нэгэн хүн, зохиолч орчуулагч, цаанадаж тэдний бүтээлээр хэлбэржин бий болсон дүрүүд, түүх домог, бүхэл бүтэн өөрийн гэсэн амьтай амьд бүтээл байж байдаг. Жишээ нь Кантын номыг уншвал Кантын бодлоор бодно гээд боддоо? Сонирхолтой биш гэж үү дээ? Анх номд шимтэж байхдаа би айхтар сорчилж, заавал ямар нэг агуу бүтээл эсвэл суут туурвил бүтээсэн хүний зохиолыг л үнэ цэнэтэй гэж уншдаг байлаа. Яваандаа ерөөс хүн нэг бүр чухал эрхэм нандин үнэ цэнтэй гэх ойлголтууд намайг илүү чөлөөтэй нээлттэй бүтээлч болгож хувиргасан.
-Та манай уншигчдад ямар ном санал болгох вэ?
-Миний хувьд бүх цаг үеийн хамгийн шилдэг ном бол “Бяцхан хунтайж”. Уншсан хүн бүрийн хамгийн хайртай ном болж хувирдаг тийм л ид шидтэй бүтээл. Тэр жижигхэн ном дотроо бүхнийг багтаасан. Задлаад үзвэл маш нарийн философийн ухагдахуун шингээсэн төдийгүй аль ч шашны эсвэл улс төрийн итгэл үнэмшилтэй хүн уншсан саад болоод байхааргүй цэвэрхэн бүтээл. Тийм ч болохоор дэлхийд хамгийн олон хэлээр орчуулагдсан ном болсон байх. Хүн хэдэн настай байхаас үл хамааран дотоод хүүхэд нь оршиж л байдаг. Тийм учраас аль ч насны хүн уншсан сэтгэлд нь хүрч чадна.
-Танд ном уншдаггүй өдөр гэж бий болов уу?
-Ном уншдаггүй гэхээс илүүтэй надад суралцахгүй өдөр гэж байдаггүй. Ном унших бол миний суралцах нэг багаж. Ном уншихын тухайд би ойрд ном уншихгүй байгаа гэж өөрийгөө бодож байгаа ч гэсэн гэсэн хичээл ажлынхаа хажуугаар дэлгээд тавьсан 4-5 ном байж л байдаг. Миний хувьд ном уншихдаа үргэлж асуулт тавьж оюуны эрэл хайгуул хийж уншдаг. Жишээ нь за за эхлээд философи л уншчих юм бол философи бүгдийг нь багтаачихсан юм чинь бүгдийг нь мэдчихнэ гэж залхуураад философийн ном уншиж эхэлсэн. Англи, Франц хэл дээр хослуулж хэл сурах далим болгон уншдаг байсан. Философи болон психологи мэтийн абстракт үг ухагдахуун ихтэй оюуны салбарын бүтээл унших сонирхолтой бол монгол хэл дээр орчуулагдсан байсан ч гэсэн давхар заавал англи, франц гэх мэт сурч байгаа хэл дээрээ харьцуулж уншвал илүү дүнтэй.
-Танд зохиолч болох хүсэл бий юу?
-Би өөрийгөө ном бичих гэж төрсөн гэдэгт итгэдэг. Миний бүхий л уншилт оюуны эрэл хайгуул үүний төлөө байсан. Ирээдүйд юу хийх, хэн болох тухайд ихэнх хүүхдэд тодорхой хэмжээний хариулт, дүр зураглал заавал байдаг. Би багадаа энэ асуултад өөрийн хүсэл мэдрэмжээсээ зохиолч, зураач гэх хоёр хариултыг өгсөн. Багадаа бичсэн шүлэг өгүүллэгүүдээ ээждээ уншуулж байснаа саяхан сэтгэлзүйн сургалтад хамрагдаж байгаад санасан. Блог хөтлөх гэх мэтээр ер нь бичилт маань бага насанд маань бол зогсоогүй. Харин сүүлийн хэдэн жил бичихээс их цэрвэсэн. Шалтгаан нь шүүмжлэл. Хүмүүс бусдыг хайр найргүй шүүмжилдэг. Нохой муур сургах нэг арга байдаг. Хажууд нь чихмэл тоглоом буруу юм хийж байгааг харуулаад тэр чихмэл тоглоомоо зодчихоор муур нохой тийм юм хийхээ больчихдог.
Гэхдээ энэ бол хүн дээр ч тэр муур нохой дээр ч тэр сэтгэлзүйн хувьд хэрцгий бөгөөд хэрэглүүштэй арга барил огтхон ч биш. Үүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр олон хийж бүтээх хүсэлтэй дотоод бүтээлч байдал нь асаж дүрэлзсэн залуус тиймэрхүү шүүмжлэлийг яг саяын арга шиг хүлээж авч сэтгэлзүйгээ гэмтээх нь их. Хэдий чинээ бага байна төдий чинээ ийм гэмтэл хүчтэй тусна. Тэгээд хэн ийм аймшигтай шүүмжлэгч нар болдог юм бэ гэхээр ихэнхдээ өөрөө ч бас ингэж гэмтсэн хүмүүс байх нь их. Яг өөрөө бүтээл гаргах, бусдын хийснийг шүүмжлэх хоёр дэндүү ялгаатай.
Ер нь хүн бичихийг хүсдэггүй байсан ч гэсэн өөртэйгөө уулзаад бичиж байх хэрэгтэй. Өдөр болгон бичиж дотроосоо юу гарах вэ гэдгээ шалгах нь чухал. Бичих үйл явц, тэмдэглэл хөтлөх нь заавал зохиолч артист болох гэж байгаа хүнд бус хүн бүрд өөрөө өөртэйгөө ажиллах уулзах ярилцах боломж олгодог гэж боддог. Ном бичих сэн гэж боддог хүмүүс чиний дотоод хүнээс юу гарах вэ гэдгийг ажиж бас бичих хэвшлээ олж авахад нь нэмэр болох үүднээс учиргүй бичээд эхлэхгүй гэхэд тэмдэглэл хөтлөөд ч болов үйлдэл хийгээрэй гэж захих байна.
-Олон салбарыг уншиж судалсны эцэст та юуг ойлгож мэдсэн бэ?
-Салбар салбарын ном уншихад нэг төвөгтэй зүйл ажиглагддаг. Тэр юу вэ гэхээр философийн ном унших үед философичид шашныхны их шүүмжилдэг. Шүүмжлэх, эсэргүүцэх нь тэдний ажил бас зорилго байж болно. Харин миний уншиж байгаа нь тэдний л бодол, үг хэл, ойлголт хандлага юм шүү гэдгийг бодолгүй бичигдсэнээр нь хүлээж авах нь бий. Ихэнх залуу уншигчид уншиж байгаа зүйл шигээ бодож сэтгэх, үг үйлдэл гаргах хандлагатай болчих гээд байдаг. Угтаа философи уншсанаараа логиктой бодох чадварыг олж авах л миний хувьд хангалттай байсан.
Философичид ингэж боддог, ийм байр суурьтай байдаг гэдэгтэй л танилцаж буй болохоос уншсанаараа тэдний нэг болж байгаа хэрэг огт биш. Дараа нь би сэтгэл судлалын салбар луу орж уншсан. Философи, сэтгэл судлал хоёр хоорондоо маргаантай. Философичид үгээ онож хэл, оюун ухаан сэтгэлдээ юу болж буйг яг үгээр нь хэл гэдэг. Харин сэтгэл зүйчид, чи тэр үгийг онож хэлэхгүй байсан ч өөрийгөө ойлгуулах гэж ярих үед нөгөө талаас хариу хичээгээд сонсож ойлговол та хоёр ойлголцоно гэж үздэг. Шашин ч бас энэ хоёрыг аль алийг нь шингээсэн байр суурьтай. Надад бол зөвхөн тэднээс өөр өөрсдийнх нь өгч чадах юмс л хэрэгтэй болохоос тэдгээр салбарын хоорондын асуудал чухал биш.
Эцэст нь шашин руу орсон оюуны эрэл хайгуулынхаа эцэст би бүгдээс нь салж чадсан. Хүн биеэрээ хорогдох газар оронтой болдог шиг би оюун санааны ертөнцөд хоргодох орон зайг хайж явсан юм шиг санагддаг. Харин одоо юу эрх чөлөөтэй үлдсэн. Энэ мэт оюуны эрэл хайгуул уншилтад нэг мэдэхэд л бага залуу насаа зарцуулсан даа. Хамгийн гоё нь бүгдийг уншсаны эцэст би бүхнээс салж чадсан. Энэ бүгдийг би мэддэг ч гэсэн энэ бүгд би биш. Тэгвэл би хаана байна? Миний хэрэгжилт хаана байна гэдэг асуулт намайг зөвхөн надаас л гарч болох, миний дотор байх тэр зүйл рүү чиглүүлсэн. Энэ бол надаас л гарч болох арт ба зөвхөн надаар л хэрэгжиж болох артист байх зам мөрийн хөгжлийн маань үйл явц.
Одоо миний дотроос юу гарч ирэх бол? Философи, шашин, улс төр, сэтгэл судлал, уран зохиолын салбар хорвоо ертөнцийг ингэж тайлбарладаг юм байна. Харин өмнө нь өөрөө өөртөө хайхрагдах завсар зайгүй гадагшаа чиглэж голж шилж сорчилж явсан эрэл хайгуулын дараа өөрийн доторх хүнээс юу гарах бол гэдэг маш сонирхолтой. Бидний дотоод сэтгэл яг л шидэт ургамал шиг. Чиний, миний дотроос юу гарах бол гэдэг л жинхэнэ ид шид. Өөрийгөө хайрлаж, өөр рүүгээ орж, өөртөө боломж олгох энэ үе рүү иртлээ хорвоо ертөнцийг судлаж таньж мэдэх тэр хэрээр суралцахын баяр хөөрт бүрэн автаж гүйцсэн байсан тулдаа уйгагүйгээр энэ хүрсэн байх аа.
-Та сүүлийн зургаан жил иогоор хичээллэж байна гэлээ. Тэгэхээр дотоод амар амгалангийн тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Би анх сэтгэлийн шархаа дийлэхээ болилоо, одоо яах вэ гэж сэтгэл зүйн салбар луу орж байлаа. Харин одоо шархны халуун маань харьцангуй эдгэрч, яавал илүү хөнгөн сэтгэлзүйтэй, аз жаргалтай, амгалан амьдрах вэ гэдэгт төвлөрөх болсон. Хүмүүс дотоод асуудлууддаа идэгдэн сэтгэлийн зовлон тээж, өөрийн хамаг эрч хүчээ баран эцсийн хүчээрээ амьд үлдэхийн тулд амьдардаг болчихсон нь дийлэнх. Үүнээсээ болж юмсыг үргэлж тулгаж хийнэ эсвэл гараас нь огт юм гардаггүй мөртлөө нэг л их яарч хурдалсан хандлагатай болчихдог. Угтаа өөрийгөө сэтгэл зүрхтэй гэдгийг санаж өөрийнхөө дотор юу болж буйг анзааран, цаг хугацаа, эрч хүчээ зарцуулж буй зүйлээ ойлгох хэрэгтэй. Сэтгэлийн эрч хүч нь юугаар дүүрч байна, юугаар дундарч буйг бодох хэрэгтэй шүү дээ.
Cэтгэл зүйн эмчилгээ туслалцаа хэрэгтэй хүмүүс хаа сайгүй л байна. Гэхдээ бид нэг нэгнээ шүүмжлэхээсээ илүүтэй ойлгох нь хавьгүй дээр. Шүүмжлэхээсээ урьтан ойлгохыг хичээгээсэй. Хүн угаасаа муу биш хандлага ойлголт харилцаанд нь л асуудал байгаа. Зүгээр л яарч дүгнэлт өгөх шүүмжлэхээсээ өмнө яагаад гэдэг асуулт тавьж явбал их олон зүйлийн хариулт олдоно.
Амьдралын зөв хэвшилтэй болно гэдэг амаргүй шүү дээ. Иог хийх, эрүүл хооллох, ном унших. Энэ бүгдийг хэвшүүлснийг тань сонсоод гайхаж байна шүү.
Иогоор хичээллэх, эрүүл хооллох, ном унших зэрэг амьдралын эрүүл хэв маягийг би хэвшүүлье гэж хэвшүүлээгүй. Яаж би нэг өдрийг чанартай, чинээнд нь тултал ашиглах вэ, би хэрхэн оюун ухаанаа бүрэн дайчлах вэ, яаж цаг хугацаа, эрч хүчээ илүү үр дүнтэй зарцуулах вэ гэж бодохоор хүн өөрийн эрхгүй нойр, хоол, дасгалын зөв дэгтэй болж эхэлдэг. Хоол бол хүний сэтгэл санаанд маш хүчтэй нөлөөлдөг.
Хэтэрхий их амттан идэх үед хүн хөөрч төвлөрлөө алддаг. Ер нь ходоодондоо юу хийж байна, оюун санаандаа тийм зүйл хийж байна гэж үздэг шүү дээ. Оюуны хүч шаардсан ном уншиж буй бол чанартай хоол идэх ёстой. Нэгдүгээрт хорвоогийн хатуу үнэнтэй нүүр тулахад, дагаж нурахгүй тэнхээтэй байх, хоёрт удаан тогтвортой суух, суусан цагаа чанартай ашиглах гэсэндээ анх дасгал хийж, эрүүл хооллож дадсан. Бие эрүүл, удаан суух тэнхээтэй байвал би илүү сурч, уншиж чадна.
-Таны цахим хуудсыг сонирхон дагадаг хүний хувьд би өөрийг тань аялах дуртай гэж харсан. Аялал хүнд юу үлдээдэг гэж та боддог вэ?
-Аялалтай холбоотой нэг багын дурсамжаа хуваалцъя. Намайг багад манайд нэг төмөр хайрцаг байсан. Дотор нь дүүрэн аавын маань залуу насны явган аялал хийж, ууланд алхаж авирсан, шүхрээр буусан гэх мэт аяллын зургаар дүүрэн. Би тэр хайрцагтай зургийг үзэх их дуртай байсан. Тэр үед хүн гэдэг амьтан өсөж том болоод залуу насандаа маш их аялдаг юм байна, би ч мөн том болоод ингэж их аялах юм байна гэх ойлголтыг авсан даа.
Аав аялах, зураг даруулах дуртай, шинэ юм хийж бүтээх дуртай. Ингээд бодохоор аялах нь аавынх, унших нь ээжийнх болж хувирчихаад байгаа. Би хаана байна миний бодол мэдрэмж, сэтгэлийн дотоод гүнээс юу гарах вэ гэдэг нь өөрөө миний үлдсэн насны ажил юм даа . Зөвхөн оюун санааны хувьд биш бие мах бодийн хувьд өөр өөр газар орноор аялах нь мөн аяллын үеэр өөр өөрийнхөөрөө хорвоо ертөнцийг туулж яваа хүмүүстэй уулзаж ярилцах энэ бүгд нийлээд хорвоо ертөнцийг улам тэлж байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх