Гэгээн хайрын баярын мэндийг уншигчдадаа хүргэе.Валентины баярын өдрийг тохилдуулан бид нэгэн хосын түүхийг хүргэхээр бэлдлээ.
-Өөрсдийгөө танилцуулаач
Лхагва: Сайн байна уу, намайг Лхагвасүрэн гэдэг. Одоо Тайвань улсын Кинмений үндэсний их сургуульд суралцаж байгаа.
Отуна: Сайн байна уу, намайг Отуна гэдэг. ЕБС-ийн сурагч.
-Анх хэзээ танилцаж байсан бэ?
Лхавга: 2021 оны 12 дугаар сарын 25-нд Найрамдал зусланд танилцаж байсан. Тэр өглөө Отунаг анх удаа харсан. Жоохон хүйтэн өдөр байсан л даа. Тэгээд хажууд нь очоод “Хүйтэн байна шүү, цахилгаанаа татах юм уу?” гэж асуугаад анхныхаа яриаг эхлүүлээд цаашаа хамтдаа алхсан.
Отуна: Тэр үед “Үндэсний хүүхдийн оролцооны байгууллагын зөвлөгөөн” чуулга уулзалт болж байсан. 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон хүүхдүүд ирсэн. Би Баянзүрх дүүргээс, Лхавгаа Чингэлтэй дүүргийг төлөөлж оролцож байсан юм л даа. 300 гаруй хүүхдүүд байсан болохоор биднийг бүлэгт хуваагдсан. Лхавгаа бид хоёр нэг бүлэгт хуваарилагдаж таарсан. Хөтөлбөр маань шахуу хуваарьтай байсан ч гэсэн Найрамдлын төвөөс хөгжлийн ордон хүртэл явахад 1 км гаруй зайтай байдаг. Өдөрт дор хаяж гурваас дөрвөн удаа алхах хэрэг гарна. Тэр хооронд л танилцаж дотноссон.
-Бие биеэ хараад төрсөн анхны сэтгэгдэл ямар байсан бэ?
Лхавгаа: Анх танилцах үед хөөрхөн, даруухан охин байна гэж бодсон. Тэгсэн хэр нь нийтэч. Ярилцаад алхахад цаг хугацаа хурдан өнгөрч байлаа.
Отуна: Бас л үнэхээр даруухан санагдаж байсан. Их юм мэддэг, ухаантай залуу шиг санагдаад энгийн хэр нь сэтгэл татам байсан шүү.
-Үерхэлийн эхлэл нь хэрхэн тавигдсан бэ?
Лхавгаа: Хосууд үерхэхээсээ өмнө болздог шүү дээ. Бид хоёрын хувьд үерхэхээсээ өмнө хамтдаа 300 гаруй хүүхэдтэй цуг амьдарсан. Өглөө босоод л хамтдаа шүдээ угаана, өдөр хамт хоол иднэ, орой нь хамтдаа үйл ажиллагаанд оролцоно. Бүх цаг мөч бүр нь онцгой санагддаг байсан. Олон хүүхдүүдтэй хамт байгаа ч гэсэн Отунагийн ярьж байгаа зүйл л сонирхолтой санагдсан юм.
Отуна: Лхавгаагийн хэлсэн шиг таван хоног хамт амьдарсан. Тэгж байгаад “Мичид” гэх групп чатад хамт элссэн байсан. Үүнээс л эхэлсэн юм уу даа...
-Анх онлайнаар харилцахад ямар байсан бэ?
Лхавгаа: “Мичид” гээд групп чат байгуулагдаад бид хоёр онлайнаар харилцаж эхэлсэн. Отуна хамгийн түрүүнд над руу миний зургийг явуулсан. Миний хана налж байгаа зургийг илгээгээд“Та догь харагдаж байна шүү” гэсэн.
Отуна: Тэр үед би Лхавгааг “Та“ гэж дууддаг байсан. Тухайн үед арга хэмжээ болоод би зураг дарсан юм. Наанаа Мичид группийн зургийг дарсан ч үнэндээ нэг л хүний зургийг дарж байсан.
-Дурласан гэдгээ хэзээ мэдсэн бэ?
Отуна: Найрамдлаас ирээд удаагүй байхад би ковид туссан. Ковид маань эдгэлгүй хоёр гурван сар болсон л доо. Лхавгаа надтай уулзъя гэж зөндөө хэлсэн. Гэхдээ би уулзахгүй гэж татгалзсаар байсан. Удаан уулзаагүй тэр хугацаандаа Лхавгааг санасан. “Би санаад байгаа юм болов уу” гэж зөндөө гайхсан. Тэгсэн үнэхээр л санаад байсан. Тэгж л дурласан гэдгээ мэдэж байсан.
Лхавгаа: Хайр гэдэг чинь том агуулга шүү дээ. Нөгөө хүндээ өөрийгөө зориулах хэмжээний нөхцөл байдал. Яг тэр нөхцөл байдалд орсон. Отуна өвдчихсөн байсан. Бусад хүмүүс бол “Аан, өвдчихсөн байгаа юм байна” гэж харна шүү дээ. Гэхдээ би үнэхээр санаа зовж байсан. Тэр хүн өвчтэй байхад би энд зүгээр байх тэр мэдрэмж хэцүү байсан. Нөгөө хүнийхээ өвдөлтийг хүртэл хуваалцахад бэлэн болсон тэр үедээ дурласан гэдгээ мэдсэн.
-Хосын чинь юу хамгийн хайр татам бэ?
Лхавгаа: Зан чанарын хувьд гэвэл бусад хүмүүсийг хүндэлдэг, өөрийнхөө байгаа зан нь Отунаг онцгой болгодог. Зам гарахдаа Отуна машинууд руу бөхийдөг. Одоо тэр нь надад хүртэл зуршил болчихсон. Ямар хүн байсан хүндэлдэг зан нь хайр татам байдаг. Гаргадаг үйлдэл гэвэл над руу хардаг харц нь. Хайртай хүн рүүгээ хардаг харц өөр байдаг шүү дээ. Энэ дэлхий дээр зөвхөн миний л мэдэрч чадах над руу хардаг хайрын харц гэж хэлж болно.
Отуна: Анхнаасаа ч харсан одоо ч харж байгаа зүйл гэвэл хөдөлмөрч байдал. Их зөөлөн хүн, надад их зөөлөн ханддаг. Бас их төлөвлөгөө гаргадаг. Ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэж намайг хамгаалдаг зан нь таалагддаг.
-Холын зайн харилцаа ямар байсан бэ?
Отуна: Бид хоёр өөрсдийгөө их бэлдсэн. Хэдэн сарын туршид явж гэж байгаа гэдэг зүйлийг өөрсдийнхөө тархинд суулгах гэж хичээсэн. Явахад хэцүү байсан, мэдээж. Гэхдээ анхнаасаа бэлтгэлтэй байсан болохоор бид хоёр одоог хүртэл байгаа гэж бодож байна.
Холын зайн харилцааг амархан даван туулна гэж боддог байсан. Гадуур явахад хүртэл “Хамт байсан бол” гэж бодогддог. Лхавгааг явахаас өмнө бид хоёр бие биеийнхээ харцыг хараад л ямар байгааг мэдчихдэг болсон байдаг. Харин утасны цаанаас шууд мэдрэх боломжгүй. Заримдаа үл ойлголцол гардаг. Гэхдээ зүгээр дээ.
Лхавгаа: Онгоц нисэхэд сонин мэдрэмж төрсөн. Хоёр мэдрэмж их тод үлдсэн. Эхнийх нь гэвэл дэлхийгээс айх айдас. Монголд намайг таньдаг хүмүүс байгаа шүү дээ. Онгоцноос буухад надад хэн ч байхгүй юм шиг санагддаг юм байна лээ. Их айсан. Холын зайн харилцааг сайн төсөөлж байгаагүй. Онлайнаар харилцаад л болчихно гэж бодсон. Тэгсэн ч бодсоноос хэцүү байсан. Утасны цаанаас сонсоод сэтгэл хөдлөлийг нь мэдэхэд хэцүү санагдсан. Одоо энд байх 10 сарынхаа 6 сарыг туулсан байна. Буцахаа хүлээж тэсэхгүй байна.
- Ярилцсанд баярлалаа. Та хоёртоо аз жаргал хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх