Токсик хосын харилцаанаас зай барих 6 алхам


YOLO.mn | YOLO.MN
2024-04-28

Сөрөг сэтгэл зүйд тулгуурласан ээдрээтэй хосын харилцааг орхих тийм ч амар биш. Гэвч болгоно гэх хэт хийсвэр хандлага харилцааг улам дордуулж өөрийгөө алдахад хүргэх эрсдэлтэй. Тиймээс амаргүй хэдий ч токсик харилцааг цааш даамжруулалгүй даруй зогсоох хэрэгтэй.  

1. Та илүү сайн хүнтэй учирна гэдэгт итгэ 

Удаан хугацааны хосын харилцааны дараа ихэнх хүмүүс түүнээс өөр сайн хүнтэй учрахгүй, ахиж өөрийг нь хайрлах хүн гарч ирэхгүй мэт эндүү бодох нь бий. Гэвч нэгэнт биесээ үл хүндэтгэж, нэгнийхээ хувийн орон зайг нь хумин, хэрүүл давамгайлсан хүйтэн хөндий харилцаа тогтсон бол дариу үүнийг зогсоох сэдлийг өөртөө өгөх хэрэгтэй. Энэ хорвоод бид хайрлаж, хайрлуулах төгс эрхтэй. Энэ эрхийг ичгүүргүйгээр зөрчих боломжийг хэнд ч битгий олго. Эерэг, халуун дотно харилцааг үүсгэх итгэлтэй байх хэрэгтэй. 

2. Бүхнийг мартаж, уучлахаа болих 

Бид мартахыг хүссэнээ мартаж, санахыг хүссэнээ л санадаг. Дургүй хүнийхээ дутагдлыг, хайртай хүнийхээ сайн талыг л олж харна, уучилна. Гэвч хайртай л юм чинь тэсэж тэвчих ёстой гэх хэт туйлширсан хандлага токсик хосын харилцааг өөгшүүлдгийг сана. Тиймээс хэмжээ хязгаараас давсан үйлдэл бүрд хүлээцтэй хандахаас илүү эрс шийдэмгий өөрийгөө өмгөөлж, үнэ цэнтэй нэгэн гэдгээ түүнд ойлгуулах хэрэгтэй.  

3. Тэд өөрчлөгдөхгүй гэдгийг ойлго 

Хэн нэгнийг засарна, ухаарна, бүх зүйл арай дээрдэнэ гэх хоосон найдлага хэзээ ч сайн үр дүнд хүрдэггүй. Хайртай гэж итгэж буй хүн тань харилцаанаасаа болж зовниж ааш араншин нь өөрчлөгдөж буйг мэдсэн л бол тавьж явуулж, орхих зоригтой бай. Өөрийгөө эдгээж чадах цорын ганц хүн бол та өөрөө. Хэнд ч бүү найдлага тавь. 

4. Шийдвэр гаргах 

Бодит байдлыг тань анзаарч хэлж буй найз нөхөд, гэр бүлийнхнийхээ үгийг сонсож, асуудлыг бодитоор үнэлэн шийдвэр гарга.  

5. Өвдөнө гэдгийг ойлгоорой 

Дассан сэтгэл гэдэг түүнээс холдсон ч орон зайгаар нь дутаж, хүсэмжлэх мэдрэмж юм. Гэхдээ энэ хайр биш. Гинжлэгдсэн мэт энэ харилцаанаас зай барих нь өөртөө өгч буй хамгийн том бэлэг. Токсик харилцаанд удаан байх тусам өөртөө эргэлзэж эхэлдэг.  

6. Шийдвэрийнхээ талд зогс 

Та маш сайн бодож тунгааж байж ийм шийдвэрт хүрсэн гэдгээ санаарай. Шийдвэртээ бат зогсож, өөрийнхөө сайн сайхны төлөө үүнийг хийснээ үргэлж сануул.  Амар биш ч салалтын дараах хэсэгхэн үеийг л давчихвал амьдрал тань илүү гэрэл гэгээтэй болно.  

#нийтлэл