Үнэ төлбөргүйгээр дэлхийг тойрч БОЛОХ уу?


Цэцээ | YOLO.MN
2016-07-07

Ямар ч мөнгө төлөлгүйгээр дэлхийг тойрон аялаж болох болов уу? Ихэнх хүмүүс энэ нь боломжгүй зүйл хэмээн боддог. Гэвч үнэндээ энэ нь боломжтойгоос гадна дэлхийн сая сая хүний хэрэглэдэг аргыг чамд зааж өгье. wink

Хүн энэ хорвоод нэг л амьдардаг. Нэг л олдох насандаа аялж хорвоо ертөнцийн сайхныг үзэж харна гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл.

Барууны ихэнх орнуудаар сүүлийн үед Couchsurfing (англи хэлнээс орчуулбал couch- буйдан, унтах газар, surfing- интернетээр хайх) аргаар аялах урсгал дэлгэрч байна.

Couchsurfing бол 246 орны 6 сая хэрэглэгчтэй аялах хоббитой хүмүүст зориулсан нийгмийн сүлжээ юм. Каучсерфингийн гол зорилго нь – соёлын солилцоо, дэлхий ертөнцийг үзэх, дэлхийн өнцөг булан бүрд шинэ найз нөхөдтэй болох. Каучсерфингийн хэрэглэгчид дэлхийн нөгөө буланд байгаа интернетээр танилцсан шинэ танилаа өөрийн оронд урьж гэртээ зочлуулдаг.

Өөрийн аюулгүй байдлаа үл хайхран мэдэхгүй улсад танихгүй хүний гэрт үнэ төлбөргүй байрлах. Тиймээ энэ галзуу сонсогдож байгаа мэт боловч үнэхээр боломжтой зүйл. laugh

Каучсерфинг хэрхэн үүссэн бэ?

Аяллын шинэ урсгал Барууны орнуудад хэдэн жилийн өмнөөс хурдтай хөгжиж эхэлсэн. Шинийг эрэлхийлэгч аялагчид, аяллын нэгэн хэвийн улиг болсон стандартаас залхсан жуулчид каучсерфингийг санаачилсан юм. Аливаа улсыг, хотыг хэн хамгийн сайн мэддэг вэ? Мэдээж түүний оршин суугчид. Зөвхөн тэдний тусламжтайгаар тухайн орны уур амьсгалыг мэдэрч, аялал жуулчлалын бус газруудаар очих, түүнчлэн гэрийн хоолны жинхэнэ амтыг мэдрэх боломжтой. Каучсерфингээр аялснаар та аяллын туршлагаа хуваалцах магадгүй нэгэн өдөр гэртээ шинэ найзуудаа хүлээн авах ёстой.

Олон хүний хувьд гэртээ танихгүй хүнийг тэр тусмаа өөр соёл, хэлтэй хүнийг амьдруулна гэдэг байж боломгүй зүйл шиг санагдаж байгаа байх.Тэгвэл бид гадаадуудаас суралцах цаг ирлээ. Учир нь гадаадад тэтгэвэрт гарсан эмээ өвөө хүртэл каучсерфингээр аялагчдыг дуртайяа хүлээн авдаг.

Хэрхэн энэ нийгэмлэгийн нэг хэсэг болох вэ?

Хамгийн эхлээд couchsurfing.org сайтад хувийн профайл нээх хэрэгтэй. Веб сайт англи хэл дээр ажилладаг.

Хэрэв та каучсерфингийг үнэхээр сонирхож байгаа бол анкетаа бөглөхдөө маш анхааралтай хандах хэрэгтэй. Анкет таныг илтгэх, бусдыг татах гол хэрэгсэл гэдгийг санаарай. Энэ боломжийг ашиглан та өөрийгөө бүрэн тодорхойлох хэрэгтэй юм. Дуртай ном, кино, хөгжим. Түүнчлэн "Миний биширдэг хүмүүс", "Амьдралдаа хийж байсан аль эсвэл хийхийг хүсдэг гайхалтай зүйл" аяллын туршлага болон каучсерфингийг хэрхэн хүлээж авдаг гэх зэрэг асуултууд мөн байх юм.

Үүнээс гадна та өмнө нь ямар улс орнуудаар зугаалж байсан, ирээдүйд ямар улсууд руу аялахаар төлөвлөж байгаа. Хэрэв танайд гадаадын жуулчид ирвэл тэднийг ямар байгаасай гэж хүсэж байна, тэднийг хүлээн авах байр, орон сууцаа танилцуулах зэрэг чухал асуултуудад хариулах шаардлагатай.

Каучсерфинг ямар үнэтэй вэ?

Ямар ч үнэгүй. Хүний зочломтгой занд мөнгө төлдөггүй хэмээн каучсерфингчид хэлдэг юм. Хэрэв танаас мөнгө нэхсэн тохиолдол гарах юм бол тэр хүнийг каучсерфингчдийн нийгэмлэгээс хөөдөг журамтай.

Харин жуулчин маань өөрөө мэдэж хоол хүнс болон бусад хэрэглээний зардлаа гаргах хэрэгтэй юм. Үүнээс гадна зарим тохиолдолд жуулчин айлын эзэнд дурсгал болгох үүднээс бэлэг өгөх тохиолдол байдаг.

Каучсерфинг бол зөвхөн эдийн засгийн хэмнэлт биш

Тиймээ, каучсерфинг үнэ төлбөргүй бөгөөд жуулчинд мөнгөө хэмнэх боломж олгодог. Гэвч аялагч маань каучсерфингийг зөвхөн мөнгө хэмнэх арга хэмээн хандвал таныг зочлуулсан хүн та хоёрын хооронд сайн харилцаа үүсэхгүй л болов уу. Харин дээр хэлсэнчлэн каучсерфинг бол танихгүй хүнийг гэртээ хүлээн авах дэлхий өнцөг булан бүрд байгаа олон сайхан хүмүүсийн нийгмийн сүлжээ. Тиймээс каучсерфинг зөвхөн эдийн засгийн хэмнэлт биш туршлага солилцох, холбоо тогтоох хэрэгсэл. Иймээс каучсерфингээр аялж байхдаа та мөнгө хэмнэсэндээ бус олон сайхан найзтай болсондоо таашаал авах хэрэгтэй.

Соёлын солилцоо

Каучсерфингийн талаар хүнд тайлбарлахдаа хамгийн түрүүнд би "энэ бол соёлын солилцооны нэг арга хэрэгсэл" гэж хэлэх дуртай. Миний бодлоор энэ өгүүлбэр л каучсерфингийн жинхэнэ утга санааг илэрхийлнэ. Каучсерфингээр аялснаар та тухайн улсын энгийн хүмүүс яаж амьдардаг гэдгийг дотроос нь харахаас гадна таны амьдралын хэв маягт бүхэлд нь нөлөөлдөг.

Каучсерфинг нь соёлын солилцооны үүд хаалгыг нээж өгдөг. Ихэнх улс орны хүмүүс энэ аргаар аялах маш дуртай байдаг бөгөөд санаа нийлдэг бүлэг хүмүүстэйгээ нийлж хэсэг бүлгээрээ аялдаг.

Соёлын солилцооноос гадна хэлний мэдлэгээ дээшлүүлэх хамгийн сайн арга. Олон хүмүүстэй харьцаж өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурах боломж.

Тэр хүмүүстэй анх яаж, хаана танилцсан нь хамаагүй, хамгийн чухал нь одоо бид зүгээр л найзууд. Каучсерфингийн ачаар танилцсан олон хүмүүс хэчнээн сайхан найзууд болсныг харж болно.

Каучсерфинг аюулгүй юу?

Энэ асуулт энэхүү нийтлэлийг уншиж буй хүн бүрийн толгойд орж ирсэн гэдэгт итгэлтэй байна. Аливаа аялагчийн аюулгүй байдлыг хангахын төлөө CouchSurfing нийгмийн сүлжээний мэргэжилтнүүдийн баг шаардлагатай бүхнийг хийдэг юм. Гэхдээ танаас шалтгаалах хүчин зүйлс мөн байгаа юм. Үүнд:

Таны сонголт: Зочлох болон гэртээ хүлээн авах хүнийг та л сонгодог. Хэрэв та залуухан эмэгтэй тэр тусмаа ганцаараа аялж байгаа бол өөрийн хүйсийн хүнийг сонгох хэрэгтэй.

Цахим харилцаа: Бүх харилцаа зөвхөн каучсерфингийн сайтаар тогтоогддог. Иймээс та хувийн и-мэйл болон утсаар харьцаа тогтоох хэрэггүй. Хэрэв танд ямар нэгэн юм тохиолдвол таны бичсэн мессежүүдийг шалгахад амар юм.

Сэтгэгдэл: Ихэнх гишүүд аялж байх хугацаандаа амьдарч байсан хүмүүсийнхээ талаар сэтгэгдэл үлдээдэг. Мэдээж үүний дараа аль ам сайтай байгаа хүний гэрт зочлох нь аюулгүй сонголт болох юм.

Аяллаас таашаал авахын оронд яагаад бид хаана юу үзэх вэ, юу худалдаж авах вэ гэх зэрэг асуултаар толгойгоо гашилгах ёстой гэж. Бидэнд үргэлж туслахад бэлэн залуустай танилцаж, гадаад найз нарынхаа тоог нэмж, хэлээ сайжруулах боломжийг яагаад ашиглаж болохгүй гэж.

Хаашаа аялах нь хамаагүй, ямар ч байсан урьд өмнө нь очиж үзээгүй нэг газар нутгийг үзэж байхыг та бүхэнд зөвлөж байна.Аялал хүнд маш их зүйлийг өгдөг. Тухайлбал, сэтгэл санаа сэргэж, ажлын стресс бухимдал тайлагдаж, сэтгэлгээний цар хүрээ тэлэгдэнэ. Амьдралыг үзэх үзэл шинэчлэгдэж, илүү гэгээлэг, өөдрөг сайхнаар ирээдүйгээ төсөөлж эхэлнэ. Сэтгэл санаа сэргээд ирэхээр ажлын идэвх эрч хүч нэмэгдээд цаанаа л нэг урамтай байдаг юм шүү. wink

#Summer #Vacation #Freetime