Таблет дээр хичээлийн тэмдэглэлийг хэрхэн хөтлөх вэ?


Т. Азжаргал | YOLO.MN
2021-03-12

Хичээлийн тэмдэглэл болоод бусад чухал тэмдэглэлийг зөвхөн дэвтэр дээр бичдэг үе ард хоцорчээ. Та бүхэн Инстаграм дээрээс хичээлийн тэмдэглэлээ цэгцтэй гэгч нь хийсэн зургуудыг харж байсан л байх. Тэгвэл энэ удаад өөрсдөө туршаад үзэж яагаад болохгүй гэж? 


ДАВУУ ТАЛ

Хичээлийн тэмдэглэлийг таблет дээр хийх нь дараах давуу талтай. Үүнд:

- Хичээлдээ олон зузаан дэвтэр авч явах шаардлагагүй. Олон цагийн хичээлтэй өдөр өдөржин хичээллэхээс гадна хүнд цүнхэнд түүртэх тохиолдол байдаг шүү дээ. Ийм өдрүүдэд цүнх нь ядаж хөнгөн байвал амар биш гэж үү? 

- Дэвтрээ гээх, муухай болгох вий гэсэн айдас байхгүй. 

- Хэрэв та дэвтэр, бал, тодруулагч зэрэг бичиг хэргийн хэрэгслийг хурдан дуусгадаг төрлийн нэгэн бол таблет таны эдийн засгийн хувьд хэмнэлттэй ч байж болох юм. 


ТОХИРОМЖТОЙ ТАБЛЕТУУД:

Дараах загварын таблетууд хичээлийн тэмдэглэл хөтлөхөд хамгийн тохиромжтой аж. Үүнд:  

- Apple iPad 10.2

- Apple iPad Pro (12.9 инч)

- Apple iPad Mini

- Samsung Galaxy Tab S7

- Samsung Galaxy Tab S6

- Microsoft Surface Pro 7


ТЭМДЭГЛЭЛ БИЧИХЭД ДАГАХ ЗӨВЛӨМЖҮҮД

Таблет дээрээ тэмдэглэл бичихдээ дараах зөвлөмжүүдийг дагаарай. Үүнд:

1. Зориулалтын үзэг хэрэглэх - Таблетын зориулалтын үзгийг ашиглан бичих нь гараараа бичсэнээс хэд дахин үр дүнтэй байх болно. 

2. Хуудсаа сонгох - Цагаан, цулгуй хуудсан дээр тэмдэглэлээ бичихээс илүүтэйгээр бичих гэж буй зүйлдээ тохирсон хуудсыг сонгох хэрэгтэй. Жишээлбэл, шугамтай хуудас сонгосноор бичсэн тэмдэглэл тань илүү бодит харагдах болно. Энэ мэтээр бүдэг өнгийн, цэгтэй гэх мэт олон загвараас сонголтоо хийгээрэй. 

3. Стандартыг дагах - Тэмдэглэлийг хийхдээ тогтсон стандартыг баримталбал амар. Жишээлбэл үндсэн гарчгийг сүүдэртэй загвараар бичсэн бол дараа дараагийн үндсэн гарчгуудыг сүүдэртэй бичих, онцолсон үгийг шараар тэмдэглэсэн бол цаашид ч мөн энэ стандартыг дагах гэх мэт. 

4. Зураг хавсаргах - Зарим тохиолдолд тэмдэглэлдээ зураг хавсаргах шаардлага гардаг. Үүнийг гараар зурах гэж оролдсоноос интернэтээс зураг сонгон авч, түүнийгээ тэмдэглэлдээ хавсаргах боломжтой. Юуны тулд техник хэрэгсэл ашиглаж байгаа билээ дээ? 

5. Санаа авах - Тэмдэглэлээ хэрхэн цэгцтэй хөтлөх аргаа нэг л олж чадахгүй байгаа бол YouTube, Instagram, Pinterest зэрэг платформуудаар зочлон бусдаас санаа авах боломжтой. 

6. Давтах - Мэдээж олон жилийн турш цаасан дэвтэр дээр бүхий л зүйлээ тэмдэглэсээр ирсэн бидний хувьд гэнэтхэн техник хэрэгсэл дээр тэмдэглэл хийнэ гэдэг амаргүй. Аливаа зүйлийг сурахад цаг хугацаа, тэсвэр тэвчээр хэрэгтэй байдаг шиг таблет дээр тэмдэглэл хөтөлж сурахад ч мөн адил байна. Тиймээс анхны оролдлогоор өөрийгөө гололгүйгээр улам хичээгээрэй. 


ТОХИРОМЖТОЙ АППЛИКЭЙШНҮҮД

Ингээд нийтлэлийн төгсгөлд тэмдэглэл хөтлөхөд тохиромжтой аппликэйшнүүдийн талаар мэдээллийг хүргэж байна. 

1. MICROSOFT ONENOTE

Боломжтой хувилбарууд: IOS болон Android

Хэрэглэгчдийн үнэлгээ: 4.7

Давуу тал: Microsoft OneNote нь дотроо маш олон хэрэгсэлтэй ба гараар бичихээс гадна зураг, текст оруулах, бичсэн тэмдэглэлээ pdf хэлбэрээр татаж авах, хэвлэн гаргах боломжтой.

Сул тал: Таны бичсэн тэмдэглэл OneDrive-д хадгалагдах бөгөөд 5GB хүртэлх хэмжээтэй тэмдэглэл үнэгүй байршдаг. Багтаамж дүүрсэн тохиолдолд төлбөр төлөн багтаамжийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. 

Татаж авах: iOS | Android

2. GOOGLE NOTE

Боломжтой хувилбарууд: iOS болон Android

Хэрэглэгчдийн үнэлгээ: 4.4

Давуу тал: Тэмдэглэлээ gmail хаягаараа дамжуулан бусадтай хуваалцах, хамтран хөтлөх боломжтой. Мөн бичсэн тэмдэглэлээ архивт хийж болох бөгөөд устгасан тэмдэглэл хогийн саванд долоо хүртэлх хоног хадгалагддаг. 

Сул тал: Хуудасны сонголт дөрвөлжин, тууш, цэгтэй болон цулгуй гэсэн дөрөвхөн төрөлтэй. Өөрөөр хэлбэл өөр өнгийн хуудасны сонголтгүй. Мөн өөрт буй зургийг background image буюу тэмдэглэл бичих цаасаар сонгох боломжгүй. Хуудас бүр тусдаа хадгалагддаг тул их тэмдэглэл бичихэд тохиромжгүй. 

Татаж авах: iOS | Android

3. NOTABILITY

Боломжтой хувилбарууд: IOS

Хэрэглэгчдийн үнэлгээ: 4.8

Давуу тал: Тэмдэглэлийг англи хэл дээр хөтлөх тохиолдолд аудио файлыг текст болгон хувиргах боломжтой. 

Сул тал: Үзэгний загварууд цөөн, хадгалсан тэмдэглэлүүдийг ангилан зохион байгуулах боломж хязгаарлагдмал.

Татаж авах: iOS

4. SQUID

Боломжтой хувилбарууд: Android

Хэрэглэгчдийн үнэлгээ: 4.3

Давуу тал: Энэ нь зөвхөн хичээлийн тэмдэглэл хийхэд зориулагдсан учир цаасны сонголт дан ганц тууш болон дөрвөлжин хуудсаар хязгаарлагдахгүй. Үзэгний загвар олон сонголттой бөгөөд хуудсыг хүссэн хэмжээгээр нэмэх боломжтой. 

Сул тал: Үнэгүй хэрэглэгдэх хэрэгслүүд нь хязгаарлагдмал.

Татаж авах: Android

Эх сурвалж: Clickup, Creativebloq, Paperlike

#Боловсрол #Технологи #Таблет