Харвардын сэтгэл зүйч: Дараах асуултуудын нэгд "Тийм" гэж хариулбал таны сэтгэл хөдлөл хэвийн


Сондор | YOLO.MN
2024-03-28

Харвардын сэтгэл зүйч Доктор Кортни С.Уорренийн хэлж буйгаар хэрэв та эдгээр 9 асуултын аль нэгэнд нь "Тийм" гэж хариулбал сэтгэл хөдлөлийн хувьд хэвийн буюу бусдаас илүү аюулгүй байна гэсэн үг хэмээн тодорхойлж байна.

Сэтгэл санааны хувьд аюулгүй хүмүүс нь гол төлөв хүчирхэг, итгэлтэй, аюулгүй байдлыг мэдэрдэг. Тэд жинхэнэ ёсоор амьдарч, өөрсдийн үнэ цэнэ, итгэл үнэмшилдээ үнэнч байдаг ба нөгөөтээгүүр энэ чанараараа бусдад ч эергээр нөлөөлж байдаг. Түүний тодорхойлсноор хүний сэтгэл хөдлөлийн аюулгүй байдал нь амьдралынхаа сайн сайхны төлөө илүү их талархаж, илүү бүтээлч, чөлөөтэй байхад хэрхэн тусалдаг болохыг анзаарчээ.

Хэрэв та эдгээр 9 асуултын аль нэгэнд нь "тийм" гэж хариулбал сэтгэл санааны хувьд аюулгүй байгаа гэсэн үг юм.

1. Тантай санал нийлэхгүй үзэл бодлыг та тайвнаар сонсож чаддаг уу?

Сэтгэл хөдлөлийн хувьд аюулгүй хүмүүс бусад олон ургалч үзэл бодлыг сонсох чадвартай, тэдэнд түрэмгий байдлаар хариу үйлдэл үзүүлдэггүй. Тэмцэлдэхийн оронд бусдын бодит байдлыг, тэр ч байтугай зөрчилдөөн, санал зөрөлдөөнтэй үед ч гэсэн уян хатан, эмпатик, шүүмжлэлгүйгээр сонсож анализ хийдэг.

2. Та бусадтай эерэг хил хязгаар тогтоож чаддаг уу?

Сэтгэл хөдлөлийн аюулгүй байдал нь өөрийгөө таньж мэдэх, үнэт зүйлдээ тулгуурлан хязгаар тогтоохтой холбоотой. Тиймээс тэд өөрсдөдөө хэрхэн хандахыг хүсэж байгаагаа илэрхийлж, эдгээр хил хязгаарыг үл хүндэтгэсэн тохиолдолд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар ч тодорхой ойлгуулж чаддаг.

3. Та буруугаа хүлээн зөвшөөрч чаддаг уу?

Бид бүгд заримдаа алдаа гаргадаг ч үүнийг даван туулах нь мэдээж бэрх. Сэтгэл санааны хувьд аюулгүй хүмүүс алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээж, хийсэн үйлдлийнхээ төлөө уучлалт гуйж чаддаг.

4. Та өөрийн үндсэн үнэт зүйл, итгэл үнэмшлээ мэддэг үү?

Бусад хүмүүс эрс санал нийлэхгүй байсан ч та өөрийнхөө үзэл бодлыг хүндэтгэлтэй илэрхийлж чадаж байна уу? Сэтгэл хөдлөлийн аюулгүй байдал нь жинхэнэ байх, өөрийн үнэ цэнийг мэддэг байх, амьдралын бүхий л нөхцөл байдалд тэдгээрт нийцсэн байхыг хэлнэ.

5. Та сөрөг сэтгэл хөдлөлөө ч эелдгээр илэрхийлж чадах уу?

Сэтгэл хөдлөлийн хувьд аюулгүй байна гэдэг нь өөрийн дотоод туршлагад анхаарлаа төвлөрүүлж, хүндэтгэлтэй байдлаар мэдрэмжээ илэрхийлэхийг хэлнэ. Ихэнхдээ энэ нь нөхцөл байдлынхаа төлөө бусдыг буруутгахын оронд "Надад тэгж мэдрэгдэж байна” эсвэл "Би тэгж бодож байна" гэх мэт "Би" төлөөний үгийг ашиглан илэрхийлэгддэг.

6. Та бусдаас ирэх шүүмжлэлийг хүлээж авч чаддаг уу?

Эерэг шүүмжлэл, бүтээлч санал хүсэлтийг шууд үгүйсгэхгүйгээр хүлээн авах нь сэтгэл хөдлөлийн аюулгүй байдлын гол шинж тэмдэг юм. Энэ нь таныг аливаа зүйлд хандах хандлагын талаарх бусдын үзэл бодлыг харгалзан үздэг, өөрийгөө маш сайн мэддэг гэсэн үг юм.

7. Та байнга өөрчлөгдөж, хөгжихийг эрмэлздэг үү?

Сэтгэл санааны хувьд хамгийн найдвартай хүмүүс амьдралын замнал, цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөх үйл явцыг үнэлдэг. Тэд өөрчлөлтийг хүлээж авахаас айдаггүй. Тэд сурч боловсрох, өөрийнхөө хамгийн сайн хувилбар болох хүсэл эрмэлзлээсээ баяр баясгалан, сэтгэл ханамжийг олж авдаг.

8. Та өөрийн мэдэлгүй хариу үйлдэл үзүүлэхээс зайлсхийж, өөрийгөө зогсоож чаддаг уу?

Сэтгэл санааны хувьд аюулгүй хүмүүс хүнд хэцүү нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахдаа сонголт хийх чадвартай байдаг. Ийм байдлаар тэд харилцаандаа хэт сэтгэл хөдлөлтэй /реактив/, өөрийн мэдэлгүй хариу үйлдэл үзүүлдэггүй  /импульсив/ бөгөөд ууртай эсвэл бухимдсан үедээ ч сэтгэл хөдлөлөө барьж, өөрийгөө тодорхой илэрхийлж чаддаг.

9. Танд ямар ч сорилт тулгарсан ч бүх зүйл зүгээр болно гэдэгт итгэдэг үү?

Сэтгэл санааны хувьд аюулгүй хүмүүс амьдрал хэцүү байдгийг мэддэг бөгөөд бэрхшээл тохиолдоход бэрхшээлийг даван туулах болно гэж боддог. Тэд  мөн чухал зүйлсдээ талархах гүн гүнзгий мэдрэмжтэй бөгөөд энэ нь хүнд хэцүү үеийг даван туулахад тусалдаг.

Сэтгэл санааны хувьд аюулгүй байх нь бидний сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулаад зогсохгүй шинэ зүйлийг туршиж үзэх, голох мэдрэмжээс айхгүйгээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх итгэлийг өгдөг. Бид өөрсдийн арьсаараа илүү найдвартай байх тусам утга учиртай, жинхэнэ харилцааг бий болгож, амьдралаас таашаал авах эрх чөлөө төдий чинээ их байх болно.

Доктор Кортни С.Уоррен нь Удирдах зөвлөлийн гэрчилгээтэй сэтгэл зүйч бөгөөд "Хуучин хүнээ орхих нь" хэмээх шинэ номын зохиогч юм. Тэрээр романтик харилцаа, донтуулагч зан чанар, үнэнч шударга зөн төлөвийн чиглэлээр мэргэшсэн. Тэрээр Техасын A&M их сургуульд эмнэлзүйн сэтгэл судлалын докторын зэрэг хамгаалсны дараа Харвардын Анагаах Ухааны Сургуульд эмнэлзүйн сургалтад хамрагджээ.

Эх сурвалж:  CNBC

#нийтлэл