Сансарт өнгөрүүлсэн хугацаагаараа рекорд эвдсэн нисгэгчид дэлхийд ирлээ


А.Номин | YOLO.MN
2023-10-01

  • Тэд тойрог замд нэг жил гаруй хугацаанд байсан
  • Нийт 253.3 сая километр замыг туулжээ
  • Рубио тойрог замд хамгийн удаан хугацаанд байсан анхны Америк сансрын нисгэгч болж байна

Сансарын тойрог замд нэг жил гаруй хугацааг өнгөрүүлсэн НАСА-гийн сансрын нисгэгч Франк Рубио ОХУ-ын хоёр хамтрагчийн хамт эх дэлхийд буцаж ирлээ. Тэднийг тээвэрлэсэн Soyuz MS-23 капсул Казахстан улсын нутаг дэвсгэрт өчигдөр газардсан байна.

Рубио болон түүний баг хамт олон сансарт өнгөрүүлсэн хугацаагаараа шинэ рекорд тогтоосон. Гэхдээ тэд анхнаасаа ийн шинэ амжилт тогтооно гэсэн зорилгогүй байсан юм.  

Тодруулбал тэдний капсулын радиаторыг сансрын хог хаягдал цоолж улмаар хөргөлтийн шингэн алдагдсан тул солих шаардлагатай болсон аж. Ингээд тэдний төлөвлөгөөт хугацаа хойшилж, сансарт нийт 371 хоногийг өнгөрүүлсэн байна.

Хөлгийн багийнхан анх зургаан сарын хугацаатай явах байсан ч солих капсул удаж очсоны улмаас нэг жил гаруй хугацаа өнгөрчээ.

Ингэснээр Рубио тойрог замд хамгийн удаан хугацаанд байсан анхны Америк сансрын нисгэгч болж байгаа аж. Тэрбээр CNN-д өгсөн ярилцлагадаа “Хэрэв сансарт өнгөрүүлэх хугацаа төлөвлөснөөс хоёр дахин урт байна гэдгийг мэдсэн бол уг ажлаас татгалзах байсан” хэмээн ярьжээ.

НАСА-гаас мэдээлсний дагуу хөлгийн багийнхан нийт 253.3 сая километр зам туулсан гэв. 

Эх сурвалж: CNN

#мэдээ