Yolo.mn сайт хэрсүү уншигчдадаа зориулж “Миний санал болгох 3 ном” булангаа эхлүүлж байна. Бид нийтлэлийнхээ эхний зочноор МУИС-ийн философи судлалын гуравдугаар түвшний оюутан Д.Саруулыг урилаа.
Философиор суралцдаг оюутнуудын харах өнцөг, уншиж судалдаг ном товхимол нь энгийнээс хэт гүн. Тэд эргэлзэж байнга эрэл хайгуул хийдэг сониуч зантай байдаг. Тэгвэл энэ мэргэжлээр сурдаг оюутан үе тэнгийн залуустаа ямар гурван номыг санал болгох бол?
СОФИЙН ЕРТӨНЦ
Философи гайхахаас эхэлдэг. 14 настай Софи Амундсен сургуулиасаа гэртээ ирэхдээ нэгэн нууцлаг захиа хүлээн авснаар зохиол өрнөнө. Захиагаа задлаад олж харсан зүйл нь “Чи хэн бэ?” гэдэг ганцхан асуулт. Ингээд л Софигийн гайхширал бас асуултууд эхэлнэ. Энэхүү зохиол нь философийн түүхийг он цаг дарааллаар цэгцтэй бөгөөд товчхон авч үзэхдээ философи хэмээх төвөгтэй зүйлийг энгийн үг хэллэгээр ямар ч хүн уншихад ойлгогдох байдлаар сонирхолтой бичсэн. Философи хэмээх зузаан ном байлаа гэхэд “Софийн ертөнц” тэрхүү номын эхлэл хэсэгт байх “агуулга” байж чадмаар. Хүүхэд залуус, өсвөр насныхан гэлгүйгээр философи анхлан судлахаар сонирхсон хэн бүхэнд таалагдах болов уу.
ЭТГЭЭД ХҮН
Хүний амьдралын утга учир гэж юу вэ?. Энэ асуултад хүмүүс өөрийн өнцгөөс хариулж амьдралын утга учрыг олон янзаар тайлбарлах байх. Гэхдээ хэн ч утга учиргүйн талаар дурдахгүй биз ээ. Тэгвэл энэ утга учиргүйн талаарх өөрийн абсурд үзлийг боловсруулж хүмүүсийн эсрэг хэзээ ч таамаглашгүй хариулт өгсөн зохиол бол “Этгээд хүн” юм. Бид нийгэмд ямар олон дүр үзүүлж амьдардаг, төрөхөөсөө үхэх хүртлээ хэзээ ч өөрийнхөөрөө байдаггүй талаар шууд харуулсан. Хүмүүс ямар нэг хэм хэмжээнд тааруулж байсаар дуусдаг. Энхийн цагт ч нийгмийн шаардлагад дасан зохицож, дүр эсгэж яваа олон хүн бий. Мэдрэмжээ илэрхийлдэггүй ёс зүйгүй мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ абсурд( утга учиргүй) байдлыг хүлээн зөвшөөрсөн нь хүмүүнлэг зүйл юм. Магадгүй хүн бүр л өөрийн амьдралын утга учрын эрэлд гарах аваас энэхүү зохиолыг уншиж үзээсэй хэмээн хүснэ.
ХАЙРЛАХ УРЛАГ
Хайр шиг чухал ном. Хайр олон төрөлтэй байдгийг тэдгээрийг зөвөөр ойлгоход дөхөм болохуйц бүтээл юм. Хайрлах гэдгийг урлаг хэмээн үзэх нь бусад зүйлийг суралцдагтай адил түүнд суралцах ёстойг илэрхийлж буй. Хайрлах урлагийг бүрэн эзэмшихийн тулд бүхий л амьдралынхаа туршид түүгээр хичээллэх шаардлагатай. Энэхүү урлагийг эзэмшихэд шаардлагатай чадваруудыг мөн мартаж үл болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх