Номыг шимтэн уншигч, номын хорхойтон хүмүүс Мүраками Харүки (Murakami Haruki) хэмээх нэрийг андахгүй. Гүн гүнзгий утга санаа агуулсан зохиолуудаараа тэрээр маш алдартай нэгэн билээ. Өвөрмөц бичлэгийн ур чадвар, мөн содон үгийн сонголт зэрэг нь түүний зохиолуудыг илүү тодотгож өгдөг. Тиймээс YOLO-гийн уншигчдадаа зориулж алдарт зохиолч Мүраками Харүкигийн талаар танилцуулж байна.
Тэрээр 1949 онд Япон улсын Кёото (Kyoto) хотод төрсөн. Айлын ганц хүүхэд бөгөөд эцэг эх нь хоёулаа Япон уран зохиол заадаг байжээ. Түүний гайхалтай зохиолч болох замнал багад нь л нээгдсэн ба тэрээр Америк болон Европ зохиолчдын зохиолыг их уншдаг байв. Жишээлбэл: Франц Кафка, Чарльз Диккенс, Курт Воннегут, Федор Достоевский зэрэг зохиолчдыг шимтэн уншдаг байжээ.
Мүраками “Васеда” (Waseda) хэмээх их сургуулийг драмын чиглэлээр дүүргэсэн ба тэнд өөрийн эхнэр Ёокотой танилцан хуримаа хийсэн билээ. Тэрээр суралцаж дуусаад кофе шоп болон жазз бар ажиллуулжээ.
Тэрээр 1979 онд “Hear the Wind Sing” хэмээх анхны зохиолоо туурвисан. Энэхүү зохиолоо бичих санааг 1978 онд Бейсболлын тэмцээн үзэж байхдаа олж байсан гэдэг. Ийнхүү түүний амжилтад хүрэх гараа нээгдсэн юм. Хэд хэдэн зохиол туурвисны дараа 1987 онд хэвлэгдсэн “Норвегийн ой” (Norwegian Wood) зохиол нь түүнд маш том амжилт авчирсан юм. Энэхүү гунигт хайр сэтгэл болон залуу хүмүүсийн амьдралын талаар өгүүлэх ном нь тухайн үедээ Япон улсын өсвөр үеийнхний дунд маш олноор зарагдаж байжээ. Түүний дараагаар 2000 оны эхээр Англи хэлнээ орчуулагдан дэлхий даяар Мүракамигийн нэр болон түүний зохиолууд алдаршсан гэдэг. Энэхүү зохиол нь 2010 онд ижил нэртэй кино хэлбэрээр үзэгчдийн хүртээл болсон билээ.
Мүраками 1979 оноос өдгөө хүртэл нийт 14 роман бичсэн бөгөөд маш олон өгүүллэг туужуудыг зохиосон. Монгол залуучуудын дунд Мүракамигийн “1Q84” “Эрэг дээрх Кафка” (Kafka On The Shore), “Норвегийн ой” (Norwegian Wood), “Өнгөгүй Тазаки Цүкүрү” (Colorless Tazaki Tsukuru) зэрэг бүтээлүүд нь их алдартай.
Зохиол бичих явцдаа нийт найман хүндтэй том шагналын эзэн болсон ба түүнд нь О.Франц Кафкагийн нэрэмжит шагнал хүртэл багтаж байгаа аж. Түүний утга зохиол шүүмжлэгчид “Энгийн яруу үгсээр хүнийг өөртөө татаж чаддаг. Энгийн зохиол. Мүраками ямар нэгэн ид шид, цус сорогч, чөтгөр шулмын талаар бичиж нэр алдарт хүрээгүй.” хэмээжээ.
ТҮҮНИЙ ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Нэр: Мүраками Харүки (Murakami Haruki 村上 春樹)
Төрсөн өдөр: 1949.1.12
Төрсөн газар: Кёото хот Япон улс
Мэргэжил: Зохиолч, орчуулагч
Эхнэр: Ёоко Такахаши (Yoko Takahashi)
Түүний тухай сонирхолтой баримтууд
· Түүний шүтэн бишрэгчид өөрсдийгөө Харүкист (Harukist) хэмээн нэрлэдэг.
· Тэрээр эхнэртэйгээ 1971 онд гэрлэсэн.
· Тэд хүүхэдтэй болохгүй гэж шийдсэн.
· Мууранд дуртай.
· Зохиолын өвөрмөц хэв маягаараа алдартай.
· Франц Кафкагийн зохиолд дуртай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх