Yolo.mn сайт энэ удаа Жью Жицүгийн спортын шигшээ багийн тамирчин Э.Энжиндарьтай ярилцлаа. Та бүхэн спортоор хичээллэхийн ашиг тус, үр өгөөжийн талаарх түүний туршлагыг доорх ярилцлагаас хүлээн авна уу.
YOLO: Томүжин ахлах сургуульд элссэн хийгээд Жью жицүгийн спорттой холбогдсон түүхээс ярилцлагаа эхлэе?
- Би нэгдүгээр ангиасаа эхлэн Монгол дахь Оросын Элчингийн сургуульд сурдаг байсан. Зөвхөн хичээл, гэр гэх хэт баригдмал орон зай, хүссэн дугайландаа явж чадахгүй байх зэрэг нь анги дэвших тусам хүнд санагдаж, сургуулиа солих шийдвэрт хүргэсэн. Ийн Томүжин ахлах сургуульд аравдугаар ангидаа элссэн. Томүжингийн биеийн тамирын хөтөлбөрт нь жью жицүгийн хичээл багтсан нь сонирхол татаж арваннэгдүгээр ангиасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн.
YOLO: Сургуулиа сольж, спортоор хичээллэж эхэлснээр өөрт тань ямар өөрчлөлт гарсан бэ?
-Би аравдугаар ангиасаа эхлэн өөрийгөө хайж олох, юунд дуртайгаа мэдэхээр олон зүйлийг туршиж эхэлсэн.Үүний нэг нь Жью Жичүгийн спорт. Энэ спортоор хичээллэснээр ирээдүйд ямар мэргэжил эзэмших, хэрхэх тухай бүхий л зам тодорхой болсон гэж хэлж болно. Мөн спортоор хичээллэхээсээ өмнө би бүхнийг амжуулах гэж яарч тэвддэг, өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадахгүй бол их стресстдэг, шатаж шантардаг хүүхэд байлаа. Ер нь их замбараагүй байсан. Харин энэ спортоор хичээллэснээр бодол оюун ч цэгцэрч, олон өнцгөөс тунгаадаг болсон.
Арванхоёрдугаар ангидаа АНУ-руу өргөдлөө явуулах байсан ч жью жицүгийн дэлхийн аваргад оролцох шийдвэрийг гарган завсар жил авсан.
YOLO: Жью Жицүгийн спорт сүүлийн жилүүдэд илүү өргөжиж байна. Энэ спортын гол онцлог юу вэ?
-Анх энэ спортыг төдий сайн ойлгодоггүй байлаа.Спортоор хичээллэхийг хүсдэг байсан ч сургуулиас өөр газар дугуйланд явах нь цаг их үрдэг. Тиймээс ганц боломжтой газар нь сургууль.
Арваннэгдүгээр ангидаа жью жичүгээр хичээллэж эхлээд гарын өчиг сурч байсан. Анх хэвтээ байрлалаас яг юу хийгээд байгаа нь тодорхойгүй ноцолдоон гайхаш төрүүлж байсан бол арга техникийг нь сурч эхэлснээр сониуч зан төрсөн. Улмаар байнгын тогтмол бэлтгэл хийснээр илүү дадсан. Жью Жицүгийн спортод тодорхой мэх гэж байхгүй. Өөрөө яаж л бол яаж мэхээ зохиож хэвтээ байрлалаас барилдаж болдог нь тун сонирхолтой. Уян хатан чанар, ухаан их шаарддаг спорт. Тамирчин болох эрүүл зөв амьдрах нь нэг иштэй хоёр салаа мөчир л гэсэн үг. Эрүүл зөв амьдрахад Жью Жицү бол маш гоё спорт. Бие галбираа алддаг гэх ташаа ойлголт бий.
YOLO: Ямар чиглэлээр суралцах хүсэлтэй вэ?
- Би хоол зүйч болоод дата шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар шийдсэн. Анх аравдугаар ангидаа төсөл хэрэгжүүлж эхлэх үед өгөгдөл цуглуулах хэрэгцээ үүссэн. Харин Монголд дата мэдээлэл тун ховор байгаа нь анхаарлыг минь татаж өгөгдлийн санг баяжуулахын тулд энэ чиглэлээр суралцах шийдвэрийг гаргасан. Мөн жью жицүгээр хичээллэж эхэлсэн цагаасаа Монголд спортын мэргэшсэн хоол зүйч, сэтгэл зүйч байдаггүйг анзаарсан. Амжилт гаргах бүрэн чадамжтай тамирчид бэлтгэл болон сэтгэл зүйгээ зохицуулж чадаагүйгээс хойш ухрах нь ч бий. Тиймээс энэ чиглэлээр суралцах хүсэлтэй байна.
YOLO: Тамирчин хүний хувьд спортын мэргэшсэн сэтгэл зүйч, хоол зүйч яагаад хэрэгтэйг тайлбарлаж өгөөч?
-Тэмцээнд орохоор жин хасаж байх үедээ спортын хоол зүйч ямар их хэрэгтэйг мэдсэн, мэдэрсэн. Жин хасах үед ус, хоолоо зэрэг багасгадаг учир их ядардаг. Олон тамирчид тэмцээнд оролцож амжилт гаргахын тулд жингээ хасдаг, гэтэл яагаад энэ чухал үед нь зөвлөөд өгөх мэргэжлийн хүн Монголд байдаггүй юм бол гэх бодлоос л мэргэжил сонголтоо хийсэн дээ. Бусад улсад бол тусдаа хоол зүйч, сэтгэл зүйч ажиллаж, тамирчин бүрийн мэдээлэл дээр үндэслэж жин хасахад тусалдаг. Харин манай улсад спортын энэ талын хөгжил чиг ч байхгүй байгаа нь харамсалтай.
YOLO: Мартагдашгүй хамгийн хүнд, туршлага хуримтлуулсан барилдааныхаа тухай хуваалцаач?
-Би жью жицүгийн спортоор хичээллээд хоёр жил нэг сар болж байна. Өнгөрсөн зуны Азийн наадмын дэвжээ их чанга байсан. Азийн наадам бол жью жицүгийн олимп гэж нэрлэдэг маш том тэмцээн. Эхний оноолтод Казакстаны бор бүстэй тамирчинтай таарсан. Дэвжээнд гараад төлөвлөгөөнөөс тэс өөр нөхцөл байдлаар барилдаан эхэлсэн.Бэлдсэн мэхээ хийж амжаагүй байтал боолт орж өвдөгний гэмтэлтэй байсан учир эвгүй сууж, гараа өчүүлээд тэмцээн өндөрлөсөн. Маш чухал тэмцээнд ялагдал хүлээсэн нь хүнд байсан ч том туршлага болж үлдсэн.
YOLO:Спортоос гадна суралцах хугацаандаа багагүй төсөл дээр ажиллаж байсан гэх. Хэрэгжүүлж байсан төслөөсөө онцолж бидэнтэй хуваалцаач?
-Томүжинд ороод төсөл дээр суурилж хичээлүүдээ үзнэ гэдэг сонирхолтой санагдаж байсан шүү. Зөвхөн сурах бичгээс л хичээлээ үздэг байсан надад энэ нь их өөр хачирхалтай байсан. Би гурван жилийн хугацаанд нийт арваад төслийн ард гарсан. Үүнээс аравдугаар ангидаа хэрэгжүүлсэн дрон бүтээх төслөө онцолмоор байна. Тухайн үед багш нарт хүртэл шинэ төсөл байсан учир бүрэн чиглүүлж хараахан чадахгүй байсан. Тиймээс өөрөө бие дааж хийхээр шийдэн юүтүб үзэн, туршиж оролдсоны хүчээр гагц манай баг л дроноо нисгэж чадсан. Төслийнхөө ард гарчхаад, мэрийж чадвал боломжгүй зүйл гэж байхгүй юм байна гэдгийг ойлгосон доо. Үзээд өнгөрдөг хэдэн томьёоноос илүү хэргийг нь гаргаж бодит болгох их өгөөжтэй юм байна лээ.
YOLO:Хүрээлэл хүний амьдралд хэр чухал вэ?
-Өмнө сурч байсан сургуульд муу сурвал, багахан сахилга батын алдаа гаргахад л хөөгддөг учир сүүлдээ тун цөөн хүүхэд тунаж үлдсэн. Жижигхэн хүрээлэлд хүссэн зүйлээ хийлгүй баригдмал байдаг учир сурагчдын олонх нь чухам хэрхэх учраа олохгүй гагц суръя л гэх бодолтой байдаг. Сургуулиасаа шилжиж хаус системээр суралцсанаар хүрээлэл томорч дагаад сэтгэлгээний цар хүрээ ч мөн тэлдэг болохыг өөр дээрээ биечлэн мэдэрсэн шүү. Үргэлжлүүлээд жью жицүгийн хүрээлэл бол хамгийн эерүү уур амьсгалтай газар. Шантарч, бууж өгмөөр үеүдэд тэр хүмүүсийн дэмжлэгтэйгээр зоригждог.
YOLO:Англи хэлээ хэрхэн сайжруулж байна вэ?
-Би Орос, Англи хэлтэй. Орос сургуульд сурч байсан болохоор хэлээ хэрхэн сурснаа мэддэггүй. Харин англи хэлийг сураад явж байна. АНУ-руу өргөдөл илгээхдээ өөрийгөө бүрэн илэрхийлэх эсээ бичихэд хэлний мэдлэг маш чухал. Тиймээс өдөр тутамдаа дуртай зүйлээрээ дамжуулж хэлээ давтах нь мартагдахгүй улам сайжрахад тусалдаг санагдсан.
YOLO: Спорт, хичээлийг зэрэгцүүлэх явцад шантрах үе байсан уу?
Том их сургуульд тэнцэх, дэлхийн аварга болох зорилготой надад энэ бүгдийг тэнцүүхэн авч явна гэдэг мэдээж хэцүү. Өөрөөсөө шалтгаалах бүх зүйлээ амжуулж буй ч зардал, мөнгөний асуудалд тулаад гацах үед шантармаар болдог. Тэр үед гэр бүлийнхэн дэмжиж, найзууд маань ойлгож, багш минь зөвлөдөг.Я г тэр үедээ л бууж өгөхгүй байх нь чухал. Аль болох ганцаараа байхгүй байх нь чухал санагдсан.
YOLO: Цаашдын төлөвлөгөөнөөсөө бидэнд хуваалцаач
-Өргөдөл илгээсэн сургуулиудаасаа хариугаа хүлээж байна. Хүсэж байгаа таван сургуулийнхаа аль нэгт нь тэнцэхийг хүсэж байна. Мөн жью жицүгийн спортоо орхилгүй хичээллэнэ. Спортын хоол зүйч мэргэжлээрээ суралцаж ирээд шигшээ багийн тамирчидтай ажиллах бодолтой.
Ярилцсанд баярлалаа. Эрдэм, спортод тань өндөр амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх