Охидын заавал унших 10 ном


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-02-03

Аав ээжийн бяцхан охиноос амьдралын далайд хөл тавина гэдэг амаргүй даваа. Том болохын хэрээр асуудал мундахгүй. Тулгарсан бэрхшээлээ даван туулалгүй шантарч, сэтгэл санаагаар унан, өөрийгөө голох тохиолдол ч цөөнгүй бий. Тиймээс охидын заавал унших 10 номыг танилцуулъя. Эдгээр номууд нь охидод тулгардаг хүндхэн асуудлууд болоод сэтгэл зүй, мөрөөдөл, гуниг, хайр сэтгэл зэрэг хэрэгтэй бүхий л сэдвийг цөм багтаасан. 

enlightenedНил Ягаан Secret 

Тус зохиол нь өсвөр наснаас амьдралын гараан дээр ирж буй 18 настнуудад зориулсан гуниг, дурсамж, анхны хайр, итгэл, өөдрөг байхын тухай өгүүлнэ. “Нил Ягаан Secret” нь хоёр бүлэгтэй бөгөөд хэн нэгэнд гараа өгөн итгээд санаа амарч болохгүйг, сургамж авангаа хайрлаж сурахыг, дурсан санангаа хүндэлж байхыг ойлгуулсан зохиол юм.  

enlightenedДүүлэн нис охин минь 

“Дүүлэн нис охин минь” зохиол нь өсвөр насны охины бодит амьдралаас сэдэвлэсэн зурагт ном юм. 

Өсвөр насны охид юу хүсдэг, юу мөрөөддөг, хэрхэн бусдыг хайрладаг, тэдний амьдралд ямар бэрхшээл тулгардаг, эцэг эхчүүд охидоо ойлгох, зөвлөгч нь байх ёстойг сануулсан сэтгэл зүйн чухал бүтээл аж. 

enlightenedХэрсүү охины өдрийн тэмдэглэл 

Өсвөр насны охидын хайр сэтгэл, нөхөрлөл, гадуурхал, өдөр тутамд тохиолддог бэрхшээл зэрэг олон сэдвийг хөндөж бичсэн зохиол бол “Хэрсүү охины өдрийн тэмдэглэл”. 

Зохиолын гол дүр 14 настай охин Максвелл шинэ сургуульд шилжиж ирснээр зохиол эхэлнэ. Тэрээр сургуульдаа дасан зохицох хүртлээ гадуурхалтаас эхлэлтэй олон бэрхшээлтэй нүүр тулдаг ч бяцхан охин асуудлыг хэрхэн ухаалгаар даван туулж буйг харуулсан сонирхолтой, хөгжилтэй зохиол аж. Номыг комик байдлаар бичсэн нь  уншихад илүү бодит, хялбар юм. 

enlightenedАмьдралд бэлэн үү, охин үр минь 

Зөвхөн охид гэлтгүй эмэгтэй хүний амьдралд тулгарч болох 59 бүлэг асуудлын тухай хөндөж захидал хэлбэрээр бичсэн эл бүтээлийг уншихад тун ойлгомжтой байх болно. Өсвөр наснаас эхлээд, оюутан ахуй цаг, хайр сэтгэлээр дэвэрч яваа, амьдралын гараагаа эхэлж буй бүх охидын цүнхний ном байх болно.  

enlightenedТэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд 

Итгэл найдвараар дүүрэн зүрх дэлхийг өөрчлөх хүчтэй гэдгийг “Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд” номоос ойлгон унших болно. Тус номд өгүүлсэн хатан зоригт эмэгтэйчүүдийн түүх охидыг урам зоригоор бялхааж, гоо үзэсгэлэн гэдэг нас үл харгалзан өөр өөрийн өнгөтэй оршин байдгийг ойлгуулна. 

enlightenedОхидын аминчхан яриа 

Чи өсөж том болохын хэрээр өмнөхөөсөө ч олон асуудалтай тулгарна. Энэ үед чи ямар шийдвэр гаргаж, сонголтоо хэрхэн хийх нь ирээдүйг чинь тодорхойлно. Тиймээс чи өөрт хэрэгтэй мэдээллээ авахаас гадна ээж, эгч, ойр дотнынхонтойгоо ярилцаж зөвлөгөө авах нь чухал шүү. 

Тус ном нь чиний толгойноос өлмий хүртэлх бүх л мэдээллийг багтаасан. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж, өсөж хөгжиж буй өөрийнхөө бие болоод сэтгэл санааны тухай мэдэж авч, томчууд, эцэг эх, найз нөхөдтэйгөө хэрхэн зөв харилцах тухай мэдлэгтэй болно.   

enlightenedАнна Франкын өдрийн тэмдэглэл 

Анна Франкийн өдрийн тэмдэглэл нь дэлхийн хоёрдугаар дайны үед Еврэйчүүдийн үзэж туулсан амьдралыг дүрсэлсэн. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг сурахыг хүсэж л байгаа бол орчин нөхцөлөөс үл шалтгаалан боломж үргэлж байдаг гэдгийг тус номоос ойлгох болно. 

enlightenedХатан ухаан 

Хэрвээ чи өөрийн мөрөөдлийг сэтгэлдээ дүрсэлж чаддаг бол энэ ном чиний ширээний ном болох болно.  

Эрэлхэг зоригт гүнжээс их гүрнийг захирсан эрхэмсэг хатан болсон нэгэн бүсгүйн амьдралын түүхээс сэдэвлэсэн зохиол бол Хатан ухаан юм.Тус номоос амьдралын үнэ цэн, цэвэр ариун хайр, үнэнч шударга зан чанар, эрэлхэг зоригийг олж харах болно. Эмэгтэй хүний хатан ухаан, эр зориг, сайхан сэтгэл хэрхэн  бусдыг өөрчилж, хувь тавилангаа өөрчилж буйг энэхүү  зохиолыг уншиснаар мэдэрнэ.  

enlightenedНамайг Малала гэдэг 

Малала бол тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх үйл хэргийн олон улсын бэлэг тэмдэг төдийгүй Нобелийн энх тайвны шагнал хүртсэн хамгийн залуу эмэгтэй. Түүний бодит түүхээс сэдэвлэсэн уг зохиол нь таны нүдийг нээж, итгэл найдвар, үнэн, гайхамшиг болон ганц хүн, ялангуяа жаахан охин өөрийн оршин суугаа орон болон түүнээс ч өргөн цар хүрээнд өөрчлөлт хийх боломжтой гэдгийг ойлгуулна. 

enlightenedСисигийн тэмдэглэл 

“Сисигийн тэмдэглэл” нь зохиолч болох хүсэл мөрөөдөлтэй охины өдрийн тэмдэглэлд түшиглэн сонины хайчилбар, нийтлэл, комик хослуулан маш сонирхолтой өвөрмөц хэлбэрийн бүтээл юм. Зохиолын гол баатар сониуч зан, төсөөлөн бодох чадвараараа олон адал явдалтай нүүр тулж, ихийг ухаарч ойлгон, сургамж авдаг. Тэрээр энэхүү сонирхолтой, хөгжилтэй адал явдлаасаа бусдыг хайрлан хүндэтгэж, үргэлж тусалж, эелдэг байхын үнэ цэнийг ойлгож буй тухай өгүүлнэ. 

 

 

#нийтлэл