Өвлийн олимпын наадмын дуулиант “Допинг”-ийн хэргүүд


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2024-01-31

Анхны өвлийн олимпын наадам 1924 онд Франц улсад болсон. Энэ цагаас хойш дөрвөн жил тутамд нэг удаа өвлийн олимпыг зохион байгуулах уламжлал тогтжээ. 

1968 онд Олимпын наадамд допингийн шинжилгээг хийж эхэлсэн. Үүнээс хойш өвлийн олимпын наадмаас 91 допингийн эерэг тохиолдол илэрчээ. Олон улсын олимпын хороо(ОУОХ) болон Procon.org сайтаас сүүлийн 54 жилийн өвлийн Олимпын наадмын допинг илэрсэн дуулиант үйл явдлыг гаргасныг нэгтгэн хүргэе.  

1940, 1944 оны олимпын наадмууд дэлхийн II дайны уршгаар болоогүй. Цаг үеийн байдал намжсаны дараа буюу 1948 оноос цагаан олимп дахин сэргэсэн.  

Өвлийн Олимпын наадмын допингийн анхны тохиолдол 1972 оны Саппорогийн наадамд Баруун Германы хоккейчин Алоис Шлодерээс хориотой эфедрин|ephedrine| бодис илэрснээр бүртгэгдсэн. 2002 оны Өвлийн олимпын наадмаас эхлэн допингийн шинжилгээ авах журмыг чангатгасны дараа эерэг тохиолдлын тоо эрс нэмэгдсэн байдаг. 

Өвлийн олимпын наадмын дуулиан дэгдээсэн допингийн тохиолдлуудыг түүвэрлэн хүргэж байна.  

Олимпын снөүбоардын анхны алтан медалийг Канадын тамирчин Росс Ребаляти хүртсэн түүхтэй. Гэвч тамирчны допингийн шинжилгээнээс каннабис илэрсэн тул алтан медалиа хураалгасан. Улмаар Росс спортын арбитрын шүүхэд гомдол гаргаснаар арбитраас тус шийдвэрийг хүчингүй болгожээ. Каннабис хэрэглэсний улмаас тамирчны медалийг хурааж авсан анхны тохиолдол энэ болсон юм.  

Салт Лейк хот, 2002 он 

 

Тус наадмаас гурван алтан медаль хүртсэн гүйлтийн цанын тамирчин Иохан Мюхегийн шинжилгээнээс дарбепоэтин хэмээх бодис илэрсэн. Улмаар олимпын наадмаас авсан бүх медалиа хураалгасан түүхтэй. 

Түрин, 2006 

Австрийн зургаан тамирчин тус наадмын үеэр допингийн хэрэгт холбогдсон тул бүх насаар нь олимпод оролцох эрхийг нь хасжээ. Энэ нь ОУОХ-ноос допингийн шинжилгээ нь эерэг  гарсан болон шинжилгээ өгөөгүй тамирчдыг шийтгэсэн анхны тохиолдол байлаа. 

Австричууд допингийн төрлийн бодис хадгалсан, допингийн хуйвалдаанд оролцсон гэх үндэслэлээр буруутгагдсан. Италийн цагдаа нар Австрийн тамирчдын амьдарч байсан байранд нэгжлэг хийх үеэрээ допингийн төрлийн бодисыг илрүүлсэн байна. 

Сочи, 2014 он 

2014 оны Сочигийн Өвлийн олимпын наадамд Оросын олон арван тамирчид допингийн хэрэгт орооцолдож жинхэнэ “дуулиан” тарьсан.  Энэ дуулианд Оросын гүйлтийн цанын багийн 14 гишүүн, хоёр алтан медаль хүртсэн тамирчид нь ч нэр холбогдсон байдаг. Улмаар ОУОХ-ны тусгай комисс Оросын 43 тамирчны тэмцээнд оролцох эрхийг хасаж, 13 медалийг хураах шийдвэр гаргажээ. Тэдгээр 43 тамирчны 42 нь 2017 оны арванхоёрдугаар сард Спортын арбитрын шүүхэд хандсан бөгөөд 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр шүүхээс 28 тамирчны хоригийг цуцлах шийдвэр гаргасан юм. Мөн хураасан 13 медалийн есийг нь эргүүлэн олгосон билээ. 

Сочи 2014 өвлийн олимпын наадмын түүхэнд 55 буюу хамгийн олон допингийн хэрэг гарч, нийт 21 медалийг хурааж авсан байдаг. Уг будилаанд ОХУ-ын засгийн газар допингийг зөвшөөрсөн, улмаар сорьцуудыг нуун дарагдуулж, хуурамчаар үйлдэж төрийн өндөр албан тушаалтнуудыг хахуульдсан зэргээр нөлөөлсөн гэж Спортын Арбитрын шүүх үзсэн байдаг.  

Пёнчан, 2018 он 

Сочигийн наадамд допингийн хэрэгт орооцолдсоноос болж Оросын баг тамирчид зуны болон өвлийн олимпод өөрийн улсын нэр, далбаа, төрийн дууллыг ашиглах боломжгүй гэж Спортын арбитрын шүүх шийдвэрлэсэн. Улмаар допинг хэрэглээгүй, цэвэр гэдгээ баталсан Оросын баг тамирчид Оросын Олимпын тамирчдын (OAR) далбаан дор олимпын наадамд оролцсон нь онцлог байсан билээ. Гэвч Оросын тамирчид хаширсангүй. Тамирчдыг хатуу шалгаж байсан ч хоёр тамирчин тамир сайжруулах бэлдмэл хэрэглэж байгаад баригдсан. Оросын багын 25 настай кёрлингийн тамирчин Александр Крушелницкийн шинжилгээнээс мельдонь гэх бодис илэрч түүний хүртсэн хүрэл медалийг хураан авсан.  

Бээжин, 2022 он  

Ираны тамирчин Саве Шемшаки допингийн шинжилгээнд бүдэрч, Бээжин-2022 олимпын допинг хэрэглэсэн анхны тамирчин болсон. Бээжингийн олимпын наадмын хамгийн дуулиантай олны нүдийг хужирласан сэдэв бол Оросын уран гулгагч Камила Валиева байсан билээ.

Өвлийн олимпын наадмын түүхэнд дөрвөн эргэлттэй үсрэлт хийсэн анхны эмэгтэй тамирчин болсон ОХУ-ын Олимпын хорооны 15 настай уран гулгагч Камила Валиева багийн төрөлд амжилттай оролцож тэргүүлсэн ч, допингийн шинжилгээндээ бүдэрсэн. Спортын арбитрын шүүх Бээжингийн олимпоос хоёр жилийн дараа Камила Валиеваг допинг хэрэглэсэн гэж үзжээ. Тамирчнаас Бээжингийн олимпын өмнөхөн авсан шинжилгээгээр зүрхний үйл ажиллагааг дэмжигч допингийн хориотой бэлдмэлийн жагсаалтад багтдаг триметазидин гэгч бодис илэрсэн гэх болсон.  

Спортын арбитрын шүүхээс тамирчны олон улсын шинж чанартай тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хаслаа. Үүгээр ч зогсохгүй 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас хойш үзүүлсэн амжилтыг нь хүчингүйд тооцохоор болов. Уг хугацаанд Валиева Европ тивийн аварга болж олимпын багийн төрөлд алтан медаль хүртсэн. Түүний эрхийг 2025 оны арванхоёрдугаар сараас сэргээх аж. Бээжингийн олимпын багийн төрөлд ОХУ-ын амжилтыг хүчингүйд тооцох шийдвэрийг ОУОХ албан ёсоор гаргаагүй байна. Хэрэв амжилтыг нь хүчингүйд тооцвол АНУ-ын баг алт, Япон мөнгө, Канадын шигшээ баг хүрэл медаль хүртэж медалийн өнгөө хувиргах болно.  

Эх сурвалж: sportsanddrugs.procon.org, visualcapitalist.com, npr.org

#нийтлэл