А.Номин-Эрдэнэ: Би бүх амьдралаа тайз дэлгэцийн урлагт зориулна


Б.Дариа | YOLO.MN
2022-11-02

Монголын хамгийн анхны сэтгэлзүйн триллер кино “Сорил” хэдхэн өдрийн дараа буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр нээлтээ хийх гэж буй билээ. Тэгвэл залуу найруулагч, залуу уран бүтээлчид голчилсон шинэхэн уран бүтээл “Сорил” киноны гол дүр, жүжигчин СТА С.Ариунбямбын охин А.Номин-Эрдэнэтэй ярилцсаныг хүргэж байна. 


YOLOТом ажлын ард гарсанд баяр хүргэе. Юуны түрүүнд “Сорил” киноны гол дүрд хэрхэн сонгогдох болсноос яриагаа эхэлье.

- Баярлалаа. Би СУИС-ийн Театрын урлагийн сургуульд тайз дэлгэцийн жүжигчний 4 дүгээр курст суралцдаг. Нэг өдөр хичээл дээрээ сууж байлаа л даа. Найруулагч Б.Батдэлгэр ах надтай холбогдож уулзаад дүрийн санал тавьсан. Зохиолоо бичиж байх үедээ л хамгийн тохирох жүжигчин нь намайг гэж үзээд сонгосон гэсэн. 

YOLOАнхны кино уран бүтээл нь гэж сонссон?

- “Сорил” кино бол миний анхны гол дүрд нь тоглосон бүрэн хэмжээний уран бүтээл. Өмнө нь Монголд хийгдэж байгаагүй mystery триллер жанрын кино. Мөн хийц продакшны талаас онцлог гэдгийг дурдмаар байна. Бас кинонд шинэ залуу жүжигчид шилдэг жүжигчидтэй хамтран тоглосон.


YOLOЯагаад жүжигчний мэргэжлийг сонгож, суралцах болсон юм бол?

- Та бүхний мэдэж байгаачлан аав минь жүжигчин, гэрийнхэн минь бүгд л урлагийн хүмүүс. Багаасаа театрт өссөн. Тийм ч болохоор аав ээж минь л жүжигчин болъё гэсэн хүсэл эрмэлзлийг төрүүлсэн дээ.

YOLOХэрэв жүжигчин биш бол өөр ямар мэргэжилтэй байх байсан бэ?

- Бүжигчин болох байсан. Би Хөгжим бүжгийн сургуулийн ардын бүжгийн жүжигчний ангид сурч төгссөн. Харамсалтай нь бэртэл авсан тул бүжиглэхээ больсон. Гэхдээ бүжиглэх дуртай.

 

YOLOАнхны бүрэн хэмжээний кинон дахь дүр нь өөрт нь хэр таалагдсан бэ?

- Бараг бүх жүжигчид л өөрийн чадварыг харуулахуйц хүчтэй, даацтай, сэтгэл хөдлөлтэй, чадвар шаардахуйц дүр хүсдэг байх. Би анхныхаа уран бүтээлийг жүжигчнийхээ ур чадварыг сорьсон уран бүтээлээр эхлүүлсэндээ баяртай байна. Намайг илүү ахиулж, урагшлуулж чадсан дүр байлаа. Олон зүйл сурсан. 

YOLOКино зураг авалтын үед хэцүү зүйл байв уу?

- Маш хүнд сценүүд олон байсан. Өмнө нь амьдралдаа хийж үзэж байгаагүй зүйлсийг ч хийж үзлээ. Жишээ нь гал, ус руу орж, өндрөөс унах хэсгүүд бий. Маш эрсдэлтэй хэр нь сонирхолтой санагдсан. Гэхдээ тэр бүхнээс илүү хэцүү санагдсан зүйл нь олон хоног нойргүй явах юм билээ. /инээв/

YOLOЕр нь жүжигчний мэргэжил хатуу гэж ярьдаг. Цаашид чадварлаг жүжигчин болно гэдэгтээ итгэлтэй байгаа юу?

- Кино зураг авалтын үеэр шантарсан зүйл огт байгаагүй. Ер нь л хүнд мэргэжил шүү дээ. Хүмүүс өнгөн талд нь дурладаг байх. Би бүх амьдралаа тайз дэлгэцийн урлагт зориулна гэж шийдсэн. Тийм учраас тууштай ажиллаж, эцсийг нь үзнэ.

 

YOLO: Зураг авалт хэр хугацаанд үргэлжлэв?

- Өнгөрсөн тавдугаар сараас зургаадугаар сарын эхэн хүртэл 16 хоног үргэлжилсэн. Ихэнх хэсгүүдийг нь шөнө авсан. Бүтэн 16 хоног бараг нойргүй ажиллаж үзсэн. Гэхдээ дараа нь нэмэлт хэсгүүд авсан л даа. 

YOLOКиноны арын алба, багийнхныхаа тухай яривал?

- “REDPOINT media”-ийн чадварлаг залуус “Сорил” киноны зураг авалтад ажиллаж дуусгаад шууд Фантастик продакшны “Зура 2: Цурам ажиллагаа” киноны зураг авалтыг хийсэн. “Цурам ажиллагаа” киноны продакшны баг бараг бүхэлдээ “Сорил” кинонд ажиллажээ. Мөн PROMIXFILM-ийн Б.Батдэлгэр найруулагчийн маань анхны дэлгэцийн уран бүтээл. Өмнө нь дандаа театрын бүтээлүүд дээр ажиллаж байсан. Бас “FILMBRIDGE” кино компанийн дистрибюшин хийж буй анхны Монгол кино гэдгээрээ онцлог юм. 

YOLOҮзэгчдэд дүрээрээ сэтгэлд нь хоногшихыг хүсэж байна уу? Жүжигчнээр нь хүлээж аваасай гэж хүсэж байна уу?

- Inglourious Basterds киноны Christoph Waltz Hans Landa-ийн дүрээр бүх дэлхийд танигдсан. Waltz-ийг хараад Christoph Waltz биш Landa байна гэж таньдаг. Тэгэхээр дараа дараагийн уран бүтээлүүд дээрээ ч би дүрээ маш сайн гаргаж үзэгчдэд кинон дахь дүрээрээ мөнхрөхийг хүсэж байна. Хүмүүс намайг хараад Номин-Эрдэнэ биш кинонд бүтээсэн дүрийг минь санавал баярлах болно. 

 

YOLOҮлгэр дуурайлал авдаг хүн нь хэн бэ?

- Миний аав. Аав биш уран бүтээлч талаас нь харвал аав маань уран бүтээлч хүнд байх ёстой бүх шинж чанарыг өөртөө агуулсан хүн. Аав маань дүрийг амилуулахдаа маш их боддог. Бодож байгаад түүнийгээ зургаар буулгадаг. Тэр тайз, кино бүх зүйлд дүрээрээ амьдарч чаддаг. Уран бүтээлч хүний үнэ цэнийг алдахгүй байж чаддаг уран бүтээлч болов уу гэж боддог.

YOLOЯмар дүрд тоглохыг хүсэж байна?

- Жүжигчин хүн бүрд мөрөөдлийн дүр байдаг байх. Надад ч мөн бий. Гэхдээ одоогоор хэлэхгүй ээ. /инээв/ Одоогоор найруулагчийн надад өгсөн, өгөх дүрийн характерийг хамгийн сайнаараа гаргаж чадах жүжигчин болохыг л зорьж байна.  

YOLOЯрилцсанд баярлалаа. Амжилт хүсье

- Баярлалаа

Онц сонирхолтой, нууцлаг, триллер “Сорил” уран сайхны киног энэ сарын 4-нөөс бүх кино театруудын дэлгэцээр хүлээн авч үзээрэй.

#Кино урлаг