Хамгийн эелдэг нь ШАР БАР


Цацаа | YOLO.MN
2017-01-17

ОХУ-ын алдарт Демидов цирк гайхамшигт, аймшигт үзүүлбэрүүдээ Монголчуудад зориулан АСА циркэд толилуулж байна. Цагаан арслан, цагаан, шар барс, мотоциклтой хүчирхэг залуус, хөгжилтэй алиалагч зэрэг баялаг үзүүлбэртэй энэ цирк дэлхийг тойрон аялж,  бөмбөрцгийн хүн төрөлхтөний талархлыг хүлээж, гайхлыг төрүүлж чаддаг ажээ.

Манай улсад сурагчдын амралтыг тааруулан арванхоёрдугаар сарын  28-наас тоглож эхэлсэн Демидовчууд энэ долоо хоногт сүүлчийн тоглолтуудаа хийгээд нутаг буцна. Өнгөрсөн бямба гаригт Улсын цирк үзэгчдээр дүүрэн байлаа. Багачуудыг баясгаж, томчуудыг алмайруулсан цирк Өмнөд Америкаас авчирсан үхлийн цагариг хэмээх хоёр цагариг бүхий алсыг харагчид тоглогчдоор эхлэв.

Хоёр залуу авхаалж тэнцвэрээрээ цагаригийг удирдаж, хурдыг нэмэгдүүлэхийн хэрээр унах вий хэмээх сэтгэгдэл төрүүлэх авч, агаарт эргэх цагариг дээр тэнцвэрээ олж сурамгай гэгч нь тогтоно, бас бүжиглэнэ.

Араатан амьтдын тоглолт үзэгчдийг хөгжөөсөн сонирхолтой үзүүлбэрүүдийн нэг. Дэлхийд ховорт тооцогдох Хоёр цагаан арслан, дөрвөн цагаан бар болон хоёр шар бар нийт найман араатан галтай цагариг дундуур харайж, урт нарийхан тавцан дээр байрлуулсан шонгуудыг сурамгай гэгч нь сүлжинэ.

Арын хоёр хөл дээрээ зогсон үзэгчидтэй мэндчилж, нэг эгнээнд орж “зэрэгц” команд авсан цэргүүд шиг дуулгавартайгаар зогсоцгоох нь өхөөрдмөөр. Энэ сүрлэг амьтдыг эрхэндээ оруулж, үзэгчдийг хөгжөөж байгаа амьтан сургагч (Ростислав)-ийг дэлхийн хамгийн залуу араатан сургагч гэж хөтлөгч зарлав.

Араатан амьтдын үзүүлбэрийн үеэр “Бага насны хүүхдийг ганцааранг явуулахгүй, амьтад руу идэх юм шидэхгүй” гэх мэт сануулгыг урьдчилан өгч байсан.

Циркийн манежан дотор бэхэлгээтэй төмөр торон хашаа босгож, түүн дотроо үзүүлбэрээ үзүүлэх учир айх аюулгүй юм билээ.

Циркийн жүжигчин хоёр цагаан арсланг Африкаас, дөрвөн цагаан барыг Сибирээс, хоёр шар барыг Амьтны хүрээлэнгээс авчирч сурган баг бүрдүүлжээ. Энэ багийнхан бүгд гурван настай, циркийн эрдэмд гурав дахь жилдээ суралцаж байгаа нялх амьтад. Таван нас хүрвэл нас бие гүйцсэн гэж үзэх агаад энэ араатнууд циркийн манежнаа олон жил тоглож, жил ирэх тусам ур чадвар нь өсөх ирээдүйтэй жүжигчид юм байна.

Даалгавраа амжилттай биелүүлсэн амьтныг үмх мах өгч урамшуулахаа сургагч нь мартахгүй. Бас мах үмхэхээс нааш хөдлөх дургүй том цагаан арслан ч байна. Тэдэн дундаа хамгийн эелдэг нь үзүүлбэрээ ч асуудалгүй хийж үзэгчдийг баясгаад,  тоглолтын дараа сургагчтайгаа улаан хөшигний өмнө удаан зогсож, зураг татуулахаар дугаарласан урт олны урмыг хугалаагүй Магда буюу том шар эрээн бар.

Демидовын бас нэгэн гайхамшиг нь бөмбөлөг доторх мотоциклтой залуус. 10 метрийн радиустай төмөр торон бөмбөлөг дотор нэг мотоциклч хурд нэмэн эргэлдэх нь эхлэл аж. Мотоциклчид нэг нэгээр нэмэгдсээр тавуулаа бол тэрхүү жижигхэн бэхэлгээтэй төмөр бөмбөлөг дотор хурдаа нэмэн огтхон ч мөргөлдөхгүй зөрөлдөхөд үзэгчид дуу алдан шуугилдаж, гар утасныхаа гэрлийг асааж зоригтой залууст баяр хүргэж байв. Демидовын циркийн гурван цаг гаруй үргэлжлэх гайхалтай үзүүлбэрүүдээс гурвыг нь л сонгон сонирхуулахад ийм байна.

Ийм хугацаанд үзэгчдийг уйдаахгүйгээр суудалд нь уяхад амаргүй боловч Демидовчуудтай хамт хэчнээн цаг хугацаа өнгөрүүлснээ анзаарсангүй. Демидовын цирк 7 хоног бүрийн тав дахь, хагассайн, бүтэнсайнд тоглолтуудаа хийж байгаан байна. Олон араатан амьтан, овор жин, ихтэй техник хэрэгсэл ачаалан Монголыг зорьж ирсэн хойд хөршийнхөө циркчдэд талархаж байв.

#Circus #Animal #world