Уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаад Японы засгийн газрын тэтгэлгийг 2016 онд хүртсэн А.Даваажаргалтай ярилцлаа. Тэрээр өөрийн бэлдсэн туршлага болон хүсэл мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцсан юм.
YOLO: Сайн байна уу? Юуны өмнө Японы Засгийн Газрын тэтгэлгийг хүртсэн явдалд баяр хүргэе! Уншигчиддаа уг тэтгэлгийн талаар товчхон мэдээлэл хүргээч?
Сайн, сайн байна уу? Баярлалаа. Ихэнх хүмүүс Момбушо нэрээр нь мэддэг. Японы Засгийн Газраас олгодог уг тэтгэлэг нь сургалтын төлбөрийг даахаас гадна сар болгоны оюутны тэтгэмж олгогддог. Тэтгэмж нь бусад тэтгэлгүүдтэй харьцуулахад хавьгүй өндөрт тооцогддог. Зөвхөн Монголд биш Дэлхийн оронд хэрэгжидэг бөгөөд миний сурч байгаа сургуульд л гэхэд уг тэтгэлгийг хүртсэн 18 орны 60 гаруй оюутан суралцаж байна. Үүн дотор хойд хөрш Орос, урд хөрш Хятад, Дундад Азийн орнууд, Латин Америкийн улсууд, бүр Кени улсын оюутан хүртэл байдаг гэхээр хэр хүртээмжтэй, олон нийтийг хамарсан тэтгэлэг болох нь харагдах байх аа. (Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ хаягаас аваарай)
YOLO: Жилд дунджаар хэдэн хүн уг тэтгэлэгийн шалгалтыг өгч тэдгээрээс хэд нь энэ боломжийг өөрийн болгодог вэ?
Өмнө жилийн бүртгэл нь Баасан гарагийн 17 цагт дуусах байсан юм. Би цагийг нь тулгаж юм хийдэг муу зангаараа 16:30 гээд очоод бүртгүүлэхэд миний бүртгэлийн дугаар 39 байсан. Тэгэхээр нэг салбар нь л 40 орчим гэж үзвэл 300 давсан хүүхэд бол өгч байгаа гэж бодож байна. Бичгийн болон аман шалгалтуудаа долдугаар сар гэхэд аваад дуусчихдаг. Тэр дундаас шалгарсан хүүхдүүдийн материал Японы Боловсролын Яам дээр хүрч дахин шүүгддэг гэсэн үг. Ингэж олон улсын хүүхдүүдийн онооны чансаанаас хамаарч тэнцэх эсэх нь шийдэгддэг юм. Дунджаар жилд Монголоос 15-30 залуус явдаг. Энэ дотор дан ганц бакалавр ч гэлтгүй магистр докторын ах эгч нар ч багтаж байгаа юм.
YOLO: Үнэхээр өрсөлдөөнтэй бас их нэр хүндтэй тэтгэлэг юм шиг байна. Ер нь ямар хугацаанд бэлдсэн бэ?
Би ч "архаг" хүн дээ. Урьд нэг удаа энэ шалгалтыг өгөөд уначихсан. Өнгөрсөн жил тэнцээгүйдээ шаралхаад л хичээлээ хийгээд байсан. Эхний жил өөртөө хэт итгэлтэй, өөрийгөө өндрөөр үнэлж байсан бол энэ жил өмнөх алдаанаасаа суралцан бэлдэхдээ өөрийгөө "түүхий" байгааг өөртөө байн байн сануулж бэлдсэн. Мэдээж амархан байгаагүй ээ.
YOLO: Ямар арга барилаар бэлтгэсэн бэ?
Би тогтмол нэг газраа тогтож сууж удаан юм хийж чаддаггүй төрлийн хүн л дээ. Гэхдээ яг нэг суучихвал хоол нойроо мартаад суучихдаг сонин хэвшилтэй. Их битгий хий, бага битгий хий, өдөр болгон хий гэдгээс тэс өөр замаар явдаг болохоор хүмүүст тус болох эсэхээ мэдэхгүй л юм.
Эхэндээ цаг төлөвлөлт сайтай байх гэж өглөө 6:30-д босно, 7:00-д гарч гүйнэ гээд бараг бие засахаа хүртэл төлөвлөдөг байсан нь надад тохироогүй. Жаахан дүүтэй учраас түүнийг харах гэнэтийн шаардлага гарна, надаас шалтгаалахгүй ар гэрийн асуудал үүснэ, гэнэт өвдөнө гээд санаандгүй зүйлсүүд миний төлөвлөгөөг нураагаад байсан.
Тэгээд бодсоны эцэст 7 хоногоор нь төлөвлөгөөгөө гаргадаг болсон доо. Унтах, идэх, тээврийн хэрэгслээр зорчих гээд зайлшгүй үйлдлүүдийн цагуудыг тооцоод түүнийгээ 7*24=168 цагаасаа хасна. Жишээ нь өдөрт 6 цаг хичээлдээ яваад, 6 цаг унтаад, 2 цаг хоол идээд, 2 цагаа тээврийн хэрэгсэлд, 2 цагаа хоол хийх болон гэрээ цэвэрлэхэд зарцуулдаг гэвэл өдөрт 6 цаг буюу 7 хоногт нийтдээ 42 цаг сул чөлөөтэй байдаг гэсэн үг. Энэ цагууддаа л хийх ажлуудаа багтааж төлөвлөдөг дөө.
7 хоногт 10 цаг тоо бодно, 3 цаг эсээ бичнэ, 5 цаг биологио уншина гэж төлөвлөсөн гэвэл амралтын өдрүүдээр "бөөндөж" дуусгачхаад л бусад өдрүүдэд нь өөрийгөө шагнаж хотоор аялах, дуртай зүйлсээ хийх боломжийг өөртөө олгодог. Харин төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй бол амттангийн хэрэглээгээ 7 хоног хасах, тээврийн хэрэгсэлгүй 3 хонох гээд янз бүрийн шийтгэл хүлээнэ дээ.
YOLO: Японд очихоосоо өмнө Монголд сурч эсвэл ажиллаж байсан уу?
Ахлах сургуулиа 2014 онд төгсөөд ээж аавынхаа ятгалгаар хоёр их сургуульд орсон ч анхнаасаа л гадагшаа сурна гээд шийдчихсэн байсан болохоор сурч байх хугацаандаа амжилт гаргаж, өөртөө мэдлэг олж авч чадаагүй ээ. Хэдий багш нарын маань зааж байсан зүйлс чанартай байсан ч дургүйд хүчгүй гэдэг шүү дээ. Тиймээс их сургуулиасаа гараад ажил хийж эхэлсэн. Зар наах цагийн ажлаас эхлээд хичээл зааж хүртэл үзсэн. Гэхдээ цалинтай ажил гэхээс илүү сайн дурын ажил их хийсэндээ одоо хүртэл баярлаж явдаг.
Олон улсын чуулга уулзалт, Оны шилдэг залуу, бүр Чөлөөт бөхийн тэмцээнд хүртэл сайн дураар ажилласан. Олон төрлийн зүйл хийх тусам л хорвоог илүү өргөнөөр хараад байгаа юм шиг санагдаад байдаг. Миний харах хүрээ анх нэг цэг байсан бол одоо 5 миллиметр радиустай тойрог болсон. Гэтэл хорвоо дэлхий хэдэн тэрбум километрийн диаметртэй байх шиг байна.
YOLO: Японд очиж сурах болон амьдрах сонирхолтой байгаа хүмүүст зориулаад уг улсын талаар сонирхуулаач?
Япон гэхээр л нар төсөөлөгдөөд явах бэлтгэлээ хангахдаа ихэвчлэн зуны хувцас авч явсан маань ихээхэн буруудсан. Хэдий +20 орчим хэм байгаа ч шөнөдөө их зэврүүн байдаг нь чийглэг уур агаараас нь л болдог байх. Хоолны хувьд энд ирээд үхэр хонины мах иднэ гэсэн зүйл бараг байхгүй дээ. (инээв) 100гр үхрийн мах 980 иен буюу 1кг үхрийн мах дунджаар 200 мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхээр эртнээс тахиа гахай далайн хүнс идэж сураад ирээрэй. Унааны хувьд 4000-10000 төгрөгөөр хурдны галт тэргэнд суудаг. Гэхдээ миний хувьд алхаж хоттойгоо танилцаж явах нь сонирхолтой санагдаад байгаа.
Түүний Япон орон тэр дундаа эртний сүмийн талаар бичсэн тэмдэглэлийг ЭНД бас ЭНД дарж сонирхоорой
YOLO: Японы ахлах сургуулийн хүүхдүүд Монголын ахлах сургуулийн хүүхдүүдээс юугаараа ялгарч байна вэ?
Японы ахлах сургуулиар зочилж хүүхдүүдтэй танилцах боломж саяхан надад олдсон юм. Тэнд очиход сурагчид нь хийсэн зүйлсээ бидэнд нэг бүрчлэн тайлбарласан юм. Жишээ нь зарим хүүхдүүд Японы мартагдсан соёлыг сэргээх дэлхийд таниулах үүднээс Японы хулсан хөшгийг орчин үеийн эвхэгддэг оффисын хөшигтэй хослуулж хөшиг зохиосон байв. Үүнийгээ хаана зарах бодолтой байгааг асуухад "Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Япон оффис, тэр тусмаа ресторануудад зарж болно. Бидэнд түрүүлж захиалгаа өгвөл хүссэн өнгө хэмжээгээр хийж болно" гэсэн хариулт намайг бараг ангайлгасан даа.
Мөн хэсэг хүүхдүүд “Денги гэх шумуулд хазуулбал хүн сар гаруй халуурч, хоолноос гарч, ихэнх нь амиа алддаг бөгөөд ялангуяа Индонези улсад тус шумуулд хазуулж байгаа хүмүүсийн ихэнх хувийг 5-14 насны хүүхдүүд эзэлж байгаа тул шумуул үргээгч бугуйвчийг хийсэн. Уг бугуйвч 100% хамгаалж чадахгүй ч Индонезийн хэсэг бүрт бугуйвчтай үед болон бугуйвчгүй үед шумуулын тоог судалж үзсэн, 64-12, 74-26, 95-31 буюу энэхүү бугуйвч 70% хүртэл хамгаалж чаддаг гэж тооцсоод бид үүнийгээ 100 иен буюу 2000 төгрөгөөр зарна” гээд намайг ахин гайхшруулж билээ.
Бас нэмээд угаалгын нунтаг зохиосон гээд нимбэгний үнэртэй энгийн л угаалгын нунтаг харуулсан. Индонезийн ихэнх айлууд гараараа хувцсаа угаадаг тул гар зөөлрүүлэгч бодистой, дээрээс нь энэ нунтгаар хувцсаа угаавал шингэсэн үнэрт шумуул байж чаддаггүй тул бас л денгид хазуулах тохиолдлыг бууруулах боломжтой гэнэ. Тэгээд яаж зарах вэ? гэж асуутал "Индонезийн 87% нь Христийн шашинтай, бид сүмийн гадаа жижиг дэлгүүр нээж болно. Бас мэдээж нэн ядуу хэсгүүдэд үнэгүй тарааж өгнө" гэж байсан.
Насыг нь асуухад 16-19 настай. Надтай чацуу хүүхдүүд фермэрүүдийн ургацын чанарыг сайжруулах био бордоо, газар хөдлөлтийн үед идэх халаах шаардлагагүй хоол, ямар ч харандааны балыг арилгах сайн баллуур, тунгалаг саван гэх мэт зүйлийг цаана чинь хийчихжээ. Монголд залуусын шинэ санааг дэмжих зүйл олон зохиогддог л доо, тэнд орлоо гэхэд манай багийнхнаас гоё гоё санаа гардаг ч “Idea does not make diamond” (Санаа бүр үнэт зүйл байж чаддаггүй) шүү дээ!
Бас нэг сонирхолтой жишээ дурдахад, Осака хотын үндсэн дөрвөн том номын санд очих болгонд хүнгүй байна гэж байдаггүй. Номын сангууд нь 4-5 давхар хэд хэдэн танхимтай ч дандаа л дүүрэн байдаг. Сонирхуулахад номын санд хэн ч орсон карт нээлгэхгүйгээр сууж болдог нь их таалагдсан. Харин ном гэрээр түрээслэх тохиолдолд карт нээлгэх хэрэгтэй болно. Гэхдээ үнэ төлбөргүй. Мөн долоон давхар номын дэлгүүрт ороод соёлын довтолгоонд өртсөн. Номын дундаж үнэ 2500-5000 төгрөг байсан нь бүр ч сонин байсан. Японы дундаж цалин 4 сая орчим байдаг шүү дээ. Энэ мэт энгийн жишээнээс л Япончууд оюун ухааныг ямар их дээдэлж, хөгжүүлэхийг хичээдэг нь илт харагдаад байгаа юм даа.
YOLO: Нэгэнт номтой холбогдсон юм чинь өсвөр насныханд ямар ном санал болгомоор байна вэ?
Би болон номд шимтдэг хэсэг хүмүүс нийлж ЧҮНДЖ болон bookish.mn гээд сайтад номын тэмдэглэл оруулдаг. Эндээс өөрт таалагдсан номоо олж унших хэрэгтэй байх. Тэрнээс биш Залуу хүний заавал унших, Ухаантай эмэгтэй бүрийн унших ёстой гээд тулгадаг зүйлсд би лав хувьдаа дургүй.
Харин хамгийн дуртай гурван номоо нэрлэ гэвэл Nietzsche- thus spake Zarathustra, Albert Camus - Myth of Sisyphus, Bill Bryson - A short history of nearly everything эдгээрийг нэрлэх байна. Энэ гурван ном гурвуулаа Монгол хэл дээр орчуулагдсан байдаг юм шүү. Миний хувьд Заратустраг уншихаар яг л загнуулж байгаа мэт болдог. Шантрах гээд ирэхээрээ л Ницше "ах"-даа нэг загнуулж аваад л цааш урагшилдаг даа.
Харин Сизифийн домгийг уншаад амьдралын талаар эргэцүүлэх дуртай, заримдаа завгүй гүйсээр байгаад өөрөө өөртэйгээ ярилцах хугацаа олдохгүй үе гардаг. Боломж гарвал л хариу нь олдохгүй олон зүйлсийг эргэцүүлж өөрийгөө оддын тоосонцор, өчүүхэн гэдгээ мэдрэх нь сайхан байдаг. Гурав дахь номны зохиолч болох Билл Брайсон нь шинжлэх ухааны хэцүү бүхнийг хөнгөвчилж хэн ч уншсан ойлгохоор бичдэг. Шинжлэх ухааны товч түүхийг уншаад өөрт таалагдсан салбарын тухай суурь мэдлэгтэй болж аваад цааш үргэлжлүүлэн судлахад нэмэр болдог юм.
YOLO: Ном уншихын давуу тал болон яагаад унших хэрэгтэйг өөрийн үгээр тайлбарлавал?
Ном уншлаа гээд шууд л ухаантай болчихно ч гэж юу байх вэ. Гэхдээ дээр хэлсэн ертөнцийг харах тойргоо ихэсгэхэд ном их чухал үүрэгтэй санагддаг. Хэрвээ би ном унших дургүй байсан бол нэг миллиметр радиустай байх байлаа. Бас хамгийн гол нь чанартай, үр өгөөжтэй ном уншихыг хичээж байгаарай. Тэрнээс биш хүн болгон уншиж байна, би ч бас унших хэрэгтэй гэх хэрэггүй. Хайран цаг шүү дээ, хэлбэр талаа биш мэдлэг нэмэх үүднээс л уншаарай.
Өөрийгөө битгий их хүчлээрэй. Уулын оргил өөд мацахдаа бэлээр нь ургасан цэцгүүдийг үнэрлээд яваарай. Би ч бас хичээгээд л байна. Цуг хичээе.
А.Даваажаргал
YOLO: Японы соёлоос нэгийг нь Монголд авчир гэвэл та юуг авчрахыг хамгийн их хүсэж байна вэ?
Шуудан! Анх дотуур байрны түлхүүр, шуудангийн хайрцагны түлхүүр хоёрыг гардуулахад л баярлаж байлаа. Баримт, сурталчилгаа, төлбөр гээд бүх зүйл нь шуудангаар ирчихдэг. Хамгийн гоё нь захиа илгээж бас хүлээж авч болно. Техник технологи хөгжсөн ч гэсэн марк наагаад дугтуйгаа лацдаад гараар захиа бичээд хүнд явуулаад хариу хүлээвэл романтик биш байна гэж үү?! Жишээ нь та Японы аль нэг үүрэн телефоны хэрэглэгч боллоо гэхэд танд сар болгон заавал ямар нэг жижигхэн бэлэг явуулдаг. Тэр нь та бидний үйлчлүүлэгч, та бидний нэг хэсэг гэж байгаа юм шиг л маш дотно санагддаг шүү.
YOLO: Яриагаа хувь хүн талаас чинь үргэлжлүүлье гэж бодлоо. Бэлдэж байсан үетэйгээ харьцуулбал одоо цаг төлөвлөлтөө хэр хийж байна вэ? Мэдээж Япончууд цаг барьдагаараа алдартай улс болохоор Монголоос арай өөр байгаа байх.
Эхэндээ дасах гэж бага зэрэг зутарсан. Одоо дасаад ирсэн чинь хотоороо аялах л чухал санагдаад эхлэх юм. Үнэндээ эхний 3 сар их хичээж өөрийгөө хүчлэхийн оронд орчинтойгоо танилцаж хотоороо аялахыг илүүд үзэж байна. 9 метр.кв өрөөнд ганцаараа байхаар чамайг шахах шаардах, бос гэж загнах хүн байхгүй болохоор бага зэрэг назгайрах хандлага ажиглагдаж л байна.
YOLO: Таныг Англи, Орос, Герман хэлийг өөрөө бие дааж сурсан гэж сонссон. Хэрхэн бие дааж сурсан талаараа сонирхуулаач?
Би мууртайгаа нэг хэсэг англиар ярьдаг байлаа. Муураа өөдөөсөө харуулж тэвэрч байгаад л сурсан үгсээ ашиглаж байгаад юу ч хамаагүй ярьж өгдөг. Их дэлгүүрийн долоон давхарт сувинерийн тасагт жуулчдыг отож байгаад л яриа өднө. Яриагаа дуу хураагуурт бичээд гэртээ очиж засна. Хэдий шашингүй үзэлтэй ч англиар номлолоо явуулдаг сүм дээр очно. Энэ мэтээр аль болох мөнгө үрэхгүйгээр л сурсан даа.
YOLO: Одоо бодоход ахлах сургуульд байхдаа тэгж байсан ч болоосой гэж харамсдаг зүйл бий юу?
Би сүүлийн хоёр жилээс л юм юмыг оролдож үзэхийг хичээх болсон. Харин би яагаад арай эрт ийм болж болоогүй юм болдоо гэж л хааяа нэг харамсдаг. Би төгөлдөр хуур хөгжмийн дугуйланд явлаа гээд заавал Рахманинофф шиг тоглодог болох албагүй, өөрийн дуртай хэдэн аяаа л мэддэг байхад болно. Би гар урлалын бизнес хийгээд заавал Дэлхийн том нэртэй брендтэй болох албагүй. Миний хийсэн зүйлсийг хэн нэгэн хүн дотны хүндээ бэлэглэж байвал л болно гэсэн сэтгэхүйгээр төгөлдөр хуур, гар урлал, сэтгэл судлал, философи гээд том том зүйлстэй том тогоо руу бүтэн биеэр оролгүй хуруугаа дүрээд л яваа хүн дээ. Эртнээс ийм сэтгэхүй суусан бол илүү өөр хүн байх байсан болов уу?
YOLO: Таван жилийн дараа өөрийгөө хаана харж байна вэ? Ирээдүйн төлөвлөгөөнөөсөө багахан хэсгийг хуваалцаач?
Маргааш ч үхэхийг хэн байг гэхэв. Гэхдээ ойрын таван жилдээ багтаагаад хэл сурах шинэ арга барилтай цуврал гурван ном гаргана гээд бодчихсон л байна. Ер нь цахим хичээл, мэдлэг олгосон хүүхэлдэйн кино, сонсдог номын тэмдэглэл гэх мэт зүйлс л хийх тухай өдөр бүр боддог. Өөрийгөө муу бас хангалтгүй гэж гололгүй хийгээд л үзнэ дээ.
YOLO: Ярилцлагынхаа төгсгөлд өөрийн зүгээс өсвөр насныханд зориулж зөвлөгөө өгөөч?
Өөрийгөө битгий их хүчлээрэй. Уулын оргил өөд мацахдаа бэлээр нь ургасан цэцгүүдийг үнэрлээд яваарай. Би ч бас хичээгээд л байна. Цуг хичээе.
YOLO: Баярлалаа, ярилцахад таатай байлаа. Хичээл сурлагад нь маш том амжилт хүсье!
Баярлалаа. Энд мах алга, махаа сайн идээрэй, Монголчуудаа!
Хэрэв чи Даваажаргалаас Момбушо тэтгэлэгт хэрхэн тэнцсэн талаар болон бусад мэдээлэл авахыг хүсвэл dawaajargal62@gmail.com цахим шуудангаар холбогдоорой. Амжилт хүсье
Японы Засгийн газрын ЭНЭ ЖИЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН бүртгэл зарлагдсан мэдээллийг ЭНД дарж сонирхоорой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх