Өнгөрсөн аравдугаар сард БНСУ-ын Дэгү хотод "Хязгааргүй төсөөлөл бодит амьдралд хэрэгжих нь" сэдэвт олон улсын зохион бүтээгчдийн зургаа дахь удаагийн тэмцээн болсон. Тус тэмцээнд ХААИС-ийн Байгалийн ухаан, ухаалаг технологийн ахлах лицей сургуулийн гурван баг оролцож II, IV, V дугаар байрыг тус тус эзэлсэн юм. БНСУ-ын ес, Хятад улсын зургаан багийн хүүхдүүдтэй датад суурилсан ухаалаг төхөөрөмжөөр байгальд ээлтэй шинэлэг санаа гаргаж өрсөлдсөн өсвөрийн зохион бүтээгч хүүхдүүд болон удирдагч багштай ярилцлаа.
ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор Б.Болормаа
-ХААИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль энэ намраас ахлах лицей сургуультай болж ирээдүйн технологийн салбарын чадварлаг мэргэжилтнүүдийг багаас нь бэлдэх зорилт тавьсан. Одоогоор ахлах ангид нийт 30 орчим хүүхэд суралцаж байна. Асар богино хугацаанд хүүхдүүд маань технологийн талаарх суурь мэдэгдэхүүнтэй болж үүнийгээ практикт хэрэгжүүлж цаашлаад олон улсын түвшинд өрсөлдөх чадвартайг зургаа дахь удаагийн Олон улсын зохион бүтээгчдийн тэмцээнд оролцсон сурагчдаасаа харлаа. Бусад орны хүүхдүүд илтгэлээ төрөлх хэл дээрээ тавьсан бол манай сурагчид англи хэл дээр илтгэлээ тавьсан нь шүүгчдэд өндрөөр үнэлэгдсэн. Гар доорх хэрэглэгдэхүүнээр богино хугацаанд хамгийн бүтээлч санааг дэвшүүлж тэмцээний зохион байгуулагчдаас шаардлагатай зүйлсийг асууж, хэрэгтэй зүйлсээ бүрдүүлж байсан нь бусад улсын хүүхдүүдээс илт ялгарсан. Тэмцээний шүүгчид болон бусад улсын баг тамирчид Монгол хүүхдүүдийн бүтээлч сэтгэхүй, гаргаж буй санааг ихэд сайшаасан.
"A green future" багийн гишүүн Ж.Ананд- Тэмцээнд явах болсноо мэдээд маш их догдолсон. Солонгост очоод бас их сандарч байлаа. Бид нэг нэгэндээ их элгэмсүү үргэлж тусалж, ойлголцож ажиллаж нь бусад улсын тамирчдаас ялгарах нэг том онцлог байсан. Манай баг Азийн цөлжилтийг хэрхэн багасгах вэ гэдэгт санаагаа уралдуулж шинэ шийдэл олсон. Монголчууд аялж зугаалж буй нэрийдлээр шороон зам үүсгэж явдаг. Нэг явалтаар л гэхэд 10 мянган га газрыг бохирдуулдаг. Энэ нь манай улс цөлжиж буй нэг шалтгаан төдийгүй Азийн орнуудад ч мөн сөрөг нөлөө үзүүлсээр байна. Тиймээс энэ тогтсон буруу үйлдлийг залруулахын тулд дохиолол бүхий ухаалаг төхөөрөмж бүтээхээр шийдсэн. Өөрөөр хэлбэл замаасаа хазайж шинэ замаар явах үед дохиолол дуугарч сануулна гэсэн үг. Би өмнө нь ухаалаг технологийн талаар төдий сайн мэддэггүй байсан. Харин ахлах сургуульд орж технологийн ертөнцтэй танилцаж энэ чиглэлийнхээ анхны тэмцээнд бэлдэж эхэлснээр асуудлыг шийдэх олон гарц буйг анзаарч мэдсэн.
“Green system" багийн гишүүн Х.Түмэнхүслэн-Хүмүүс өдөр тутамдаа хүнсний хаягдал их гаргадаг. Манай баг эдгээр хаягдлыг шахаж хивэнд оруулах даралтад хогийн сав хийх санааг дэвшүүлсэн. Ингэснээрээ дахин боловсруулахад илүү хялбар болж, зай талбай хэмнэх төдийгүй байгаль орчинд ч мөн ээлтэй. Олон Улсын зохион бүтээгчдийн тэмцээн бол технологийн чиглэлийг сонирхсоноосоо хойш орж буй анхны тэмцээн учир мэдээж сандрал их байсан. Гэхдээ гаднын болон Монголынхоо үе тэнгийн найзуудыг хараад урам авч “чадна” гэх итгэл төрсөн. Технологитой харьцах чадвар, техник хэрэгслийн хувьд бусад улсын хүүхдүүд илүү байсан ч боломжит нөөцийг үр дүнтэй ашиглаж, багаар ажиллах чадварын хувьд бид илүүрхсэн.
Цаашид өсвөрийн зохион бүтээгч, ирээдүйн шинжлэх ухааны инженерүүдийг бэлтгэх зорилгоор эл тэмцээнийг дотооддоо зохион байгуулахаар төлөвлөж буйг багш удирдлагууд хэллээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх