Кпопд цоо шинэ стандартыг тогтоосон дуучин Hwasa


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-07-10

MAMAMOO хамтлагийн хамгийн залуу гишүүн Hwasa зургадугаар сарын 29-нд бие даасан цомгоо гаргасан байна. Тэрээр олон шинэ амжилт тогтоосон бөгөөд Кпоп урсгалд шинэ дүр төрх, хандлагыг бий болгожээ.

Тэрээр "Maria" цомгийн гол дуу болох "Maria" дуугаа өөрийн амьдралаас сэдэвлэн бичжээ. Тухайлбал, "Надад хэлдэг хараалын үгсийг чинь залгисаар байтал гэдэс өвдчихлөө
…Намайг л доромжилж байвал цадаж байна уу?"
 зэрэг мөртүүд нь түүнийг үзэн ядагчдад зориулагдсан аж. 

Hwasa арьсны өнгө, өмссөн хувцас зэргээсээ болж олон хүнээс доромж утгатай үг сонсож байсан юм. Тухайлбал Өмнөд Солонгос улсын хөгжмийн шагнал гардуулах томоохон ёслолуудын нэг болох "MAMA - 2018" наадам дээр "хэтэрхий задгай хувцасласан" гэсэн шалтгааны улмаас олон нийтээс асар их шүүмжлэлийг сонссон байна. Үзэгчдийн зүгээс "Hwasa-гийн хэсгийг үзэхэд ичмээр байлаа", "хэтэрхий богино хувцас байна", "яагаад гэр бүлээрээ үздэг наадмыг минь баллаж байгаа юм" гэх зэргээр дургүйцэж байсан аж. 

Дараа жил нь буюу 2019 оны "Golden Disk" шагнал гардуулах ёслолын үеэр мөн л өмссөн хувцаснаасаа болж олны дургүйцлийг хүргэсэн юм. Хүмүүс "хэтэрхий задгай хувцаслалаа", "тарган", "муухай галбиртай" зэрэг комментуудыг хэдэн мянгаар нь бичиж байв. 

Харин Hwasa SBS телевизийн сувгийн "We Will Channel You" нэвтрүүлэгт оролцохдоо өөрийг нь шүүмжилж буй хүмүүсийн сэтгэгдлийг хэрхэн хүлээж авдаг талаараа ярьсан байна. Ингэхдээ:

- "Хүмүүсийн намайг доромжилсон сэтгэгдлийг уншаад шаналахаас илүү гайхдаг. Би дуучин болохоосоо өмнө, болсноосоо хойш өнөөг хүртэл нэг л зангаараа байсаар ирсэн. Гэхдээ одоо хүмүүс яагаад намайг харчихаад дургүйцээд байдгийг бага зэрэг ойлгож байгаа" гэжээ. Улмаар хүмүүсийн түүнд дургүй байдаг шалтгааныг Өмнөд Солонгосын нийгэмд түгээмэл байх "эмэгтэй хүн хэт задгай хувцаслах нь муу муухайг сурталчилж буйн нэгэн хэлбэр", "эмэгтэй хүн заавал туранхай, цагаан царайтай байх ёстой" гэсэн баригдмал сэтгэлгээтэй холбон тайлбарласан байна. 

- "Би дуучин болохоор нэгэн шалгаруулалтад оролцсон юм. Шүүгчид намайг гоё дуулж байна гэсэн. Гэхдээ "чи дуучин болоход хэтэрхий тарган бас царай муутай байна" гэж хэлээд хассан. Би шөнөжин уйлсны дараа нэг зүйлийг ойлгосон юм. ХЭРВЭЭ БИ КПОПЫН СТАНДАРТАД ТОХИРОХГҮЙ ЮМ БОЛ ӨӨРӨӨ ШИНЭ СТАНДАРТ БИЙ БОЛГОХ БОЛНО"

Түүний "Maria" хэмээх уран бүтээл нь арьсны өнгө болон биеийн галбираасаа болоод бусдад доромжлуулж буй хүмүүст урам өгөөд зогсохгүй нийгэмд нэгэн шинэ мессэжийг өгч чаджээ. TikTok апликейшнд бүр #HwasaMariaChallenge хэмээх challenge эрчийг авч байгаа гэнэ. Харин гаргасан амжилтын хувьд "Billboard"-ийн "World Digital Songs" жагсаалтын зургаадугаар байранд жагссан бол миний-цомог нь дэлхийн 22 орны "iTunes Top Albums" жагсаалтыг тэргүүлжээ. 

Эх сурвалж: Teen Vogue, The Korea Times

#Кпоп #MAMAMOO #Hwasa