Ховд аймгийн Манхан сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болох Д.Тамир, Б.Батмэнд, Г.Тэмүүлэн нартай ярилцлаа. Тэд Монгол экологи төвөөс Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжиж буй Youth Sustainability Corps (YSC) хөтөлбөрт идэвхтэй оролцож буй Pioneers багийн гишүүд юм.
ЗУН ТАРВАС ТАРЬЖ ЗАРААД ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ӨӨРТӨӨ УТАС АВСАН
YSC: Зуны амралтаараа юу хийцгээсэн бэ?
Тэмүүлэн: Манайх энэ хавар ногоо, тарвас тарьсан. Өнгөрсөн жил анх тарвас тарьж сурч байсан юм. Тарих үйл явц нь их хэцүү. Гялгар цаасыг шороон дээр дэвсэж байгаад түүнийгээ шороогоор булаад сүүлд нь тарвасны үрийг нэг нэгээр нь нүхэнд нь хийдэг юм. Тэр нь их нарийн төвөгтэй ажил. Тэгээд зун нь ургацаа хураагаад өөрийн тарьсан тарвасуудаа худалдсан. Ойролцоогоор нэг тонн тарвас зараад өөртөө шинэ утас авсан. Ирэх жил мөн тариад хотод аваачиж зарна даа.
Батмэнд: Ер нь хотын, Ховдын төвийн, сумын хүүхдүүдийг ажиглаад байхад бүгд өөр байдаг. Хотын хүүхдүүд мал аж ахуйгаас хол, хүнд хүчир ажил хийдэггүй. Ээж аав нь бүгдийг нь бэлдчихдэг тул хичээлдээ л анхаардаг мэт харагддаг. Харин хөдөөгийн хүүхдүүдийг багаас нь ажилд сургадаг. Жишээ нь бид намар хадланд явдаг. Манайд хадлангийн ажил гараад өвс ачих хэрэг гарвал би Тэмүүлэн, Тамир хоёрыг дуудаад “За найзууд аа, ажил гарлаа, явъя” гээд бие биедээ тусалдаг. Ногоо хураахдаа ч мөн адил. Товчхондоо бид төвийн хүүхдүүдтэй харьцуулахад багаасаа ажил хийж сурдаг. Миний хувьд хоёр жил дараалан зуны амралтаараа хотод очиж ажил хийж байна. Олсон мөнгөөрөө өөрийгөө хооллож, хувцаслаад, хэрэгцээний зүйлсээ авчихдаг.
YSC: Хотод очоод юу хийх дуртай вэ?
- Кино үзэх гоё. Гэхдээ хотод очихоор хотын хүүхдүүд хөдөөний хөөсөн мантуу гэх мэтээр шоолдог. Эхэндээ гомддог байсан ч одоо бол тоодоггүй. Угтаа бид чинь нэг хэлээр ярьдаг, нэг дэлхийд амьдардаг ижилхэн л хүмүүс шүү дээ.
YSC: Манхан сум юугаараа онцлог вэ?
Батмэнд: Манай суманд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг бүхий Гурван сэнхэрийн агуй бий. Тэр бол бидний бахархал. Мөн хоттой харьцуулахад зундаа гоё, өвөл нь утаагүй бас чимээ шуугиан, стресс багатай.
Тамир: Хотод амрах гэхээр автомашинууд дуугараад маш шуугиантай байдаг. Энд бол тийм юм байхгүй.
Тэмүүлэн: Баянтүмбэ хайрхан дээр гарахаар Хар-Ус нуур гээд нутгийн минь бүх сайхан зүйлс цэлийж харагдах нь огшмоор байдаг.
YSC: Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
- Ер нь бусад хүүхдүүдтэй адилхан. Сагсан бөмбөг, гар бөмбөг, e-sport тоглодог. Гэхдээ хоттой харьцуулахад чөлөөт цагаа өнгөрүүлэх сонирхолтой газар байдаггүй болохоор заримдаа их уйтгартай санагддаг. Энд гадуур гарлаа гэхэд хоёр, гуравхан л газар очно. Ядаж кофе шоптой болбол гоё оо. Ууг нь С.Бямбацогт гишүүн нэлээн хэдэн жилийн өмнө хүүхэд хөгжлийн төв барьж өгнө гэж амласан боловч биелүүлээгүй.
21-Р ЗУУНД АМЬДАРДАГ ДЭЭРЭЭС НЬ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛЪЯ ГЭЖ ЯРЬЧИХААД ГОЛЫН УСАНД ОРОХ НЬ УТГАГҮЙ БАЙНА
YSC: Сумын хэмжээнд тогтмол тулгардаг, та нарын амьдралд нөлөөлдөг ямар асуудал байна вэ?
- Ер нь манай суманд халуун усны асуудал байнга тулгардаг. Зундаа голын усанд орчихдог. Гэхдээ 21-р зуунд амьдардаг дээрээс нь байгаль орчноо хамгаалъя гэж ярьчихаад голд усанд орох нь утгагүй. Бас сургуульд боловсон ариун цэврийн өрөө байдаггүй. Бага ангийн хүүхдүүд өвөл гадаа гарч бие засдаг нь хэцүү санагддаг.
Манай сумын сагсны талбайд гэрэлтүүлэг байдаггүй. Бид өдрийн цагаар хичээл сургууль, гэрийн ажлын улмаас тоглож амждаггүй. Орой найзуудтайгаа уулзаад сагсны талбайд тоглоё гэхээр гэрэлгүй учир чаддаггүй.
YSC: Хэрэв та гуравт эрх мэдэл нь байсан бол сумандаа ямар бүтээн байгуулалт хийх байсан бэ?
Тэмүүлэн: Хүүхэд залууст зориулсан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг газар байгуулна. Тийм газартай болбол бид илүүг хийж, олныг сэтгэж чадна. Мөн манай сум уртаашаа сунаж тогтсон, газар нутгийн хэмжээгээрээ том тул зарим айлууд үйлчилгээний газруудаас нэлээд хол байдаг. Хөл муутай, өндөр настнууд алхаж яваа нь хэцүү харагддаг. Тэдэнд үйлчлэх автобус, такситай болохыг хүсдэг.
Батмэнд: Байгаа бүх орчноо сайжруулна. Залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой кофе шоп гэх мэт дулаан газрууд барина. Мөн манай сум зөвхөн төв зам дагасан гэрэлтүүлэгтэй. Үүнийг өөрчилж бүх гудамжаа гэрэлтүүлэгтэй, засмал замтай болгоно. Мөн барилга байгууламж гэхээс илүү залуусыг гадаадад сурч боловсроход тусалж, нөлөөлж, зөвлөгөө өгч чадах хүний хэрэгцээ байдаг. Бид дэлхийн хэмжээнд сэтгэдэг дэлхийн хүн болмоор байна. Ерөнхийд нь бид ямар боломж байгааг мэддэг ч цааш алхам хийх гэхээр мэдлэг чадвар дутдаг.
Тамир: E-sport-ыг сумандаа дэлгэрүүлж, тэмцээн зохионо. Уг нь манай сургуулийн бүх хүүхэд тоглодог.
YSC: Ойрын хугацаанд орон нутагт чинь та нарт зориулсан бүтээн байгуулалт хийгдсэн үү?
- Том спортын ордон баригдсан. Даанч одоо ковидын улмаас тусгаарлах байр болчихсон. Ууг нь дотроо бялдаржуулах төв, шүршүүр, боловсон ариун цэврийн өрөө мөн спорт заалнуудтай. Хүйтний улиралд тэнд очиж сагс тоглодог байсан юм. Сүүлд бас нэг тоглоомын талбай баригдсан. Гэхдээ төсөв нь хүрээгүй юм уу яасан юм, ямартай ч бүрэн бус, тоноглол дутуу. Хогийн сав нь пиг дүүрчихсэн, эргэн тойрон нь хогондоо дарагдчихсан. Бид сүүлд очиж цэвэрлэсэн. Тэгээд бид цэвэрлэснээ мэдэгдээд, хогнуудаа бөөгнүүлчихлээ, ачиж явдаг газарт нь ачуулмаар байна гээд хүмүүсийг хог бүү хаяарай гэж уриалсан пост Манхан сумынхаа Фэйсбүүк группт оруулсан. Энэ мэтээр сумандаа нөлөөлье гэж бодоод эрх мэдэлтэй хүмүүст санал бодлоо хэлэхээр тоодоггүй. Ер нь том хүмүүс биднийг ухаан муутай гэж бодоод үл ойшоодог. Ууг нь залуусынхаа дуу хоолой, санал бодлыг сонсож байвал гоё оо. Бид ч бас томчуудтай л адил орон нутгаа сайжруулах хүсэл зорилготой шүү дээ.
БАГШ НАР ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДЛОО ТУЛГАЛГҮЙ, БИДНИЙГ ОЙЛГОЖ СОНСДОГ, ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРИЛЦДАГ БОЛООСОЙ
YSC: Та нарын бодлоор эндхийг хоттой харьцуулахад боломж нь хэр вэ? Тэгш боломжтой байж болно гэж боддог уу?
- Бүр илүү ч байх боломжтой гэж үздэг. Учир нь цахим ертөнцийн ачаар хөдөө амьдардаг хүүхдүүд хотын хүүхдүүдтэй адилхан боловсрох бүрэн боломжтой. Гэхдээ үүнд багш нарын оролцоо чухал. Жишээ нь багш нар техник технологийн мэдлэгээ тэлж төв газрын багш нарын хэмжээнд хүрэх хэрэгтэй. Мөн тэд нээлттэй байж, дэлхийн хөгжил, чиг хандлагын талаар ярьдаг болоосой гэж хүсдэг. Сурагчид өөрсдийнхөө мөрөөдлийг олох явцдаа хамгийн түрүүнд багш нараасаа зөвлөгөө, тусламж авдаг. Тэр үед багш нар өөрийн үзэл бодлоо тулгалгүй, биднийг ойлгож сонсоод, хэрэгтэй зөвлөгөө өгөөсэй гэж хүсдэг. Жишээ нь бид гадаадад сурах хүсэлтэй. Тиймдээ ч энэ чиглэлийн мэдээллүүдийг багш нараасаа авахыг хүсдэг.
Мөн эцэг эхчүүдийг хүүхдүүдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцдаг болоосой. “хаагуур тэнээд байгаа юм” гэж загнах биш юу хийдгийг нь, хүсэл мөрөөдлийг нь асуугаад ярилцдаг байгаасай гэж хүсдэг.
YSC: Хөл хорионы үеэр сурсан, өөртөө шинээр хэрэгжүүлсэн зүйл байна уу? Хөл хорионы давуу болон сул талыг юу гэж харсан бэ?
Тамир, Батмэнд: Хөл хорио анх эхэлж байхад их идэвхтэй байсан. Багш нар теле болон цахим хичээл хийх хатуу шаардлага тавьж байсан бол дундаас нь шаардлага суларсны улмаас сурагчдын ч идэвх буурсан. Ер нь давуу тал байхгүй дээ.
Тэмүүлэн: Би урт хугацааны хөл хориог ашиглаж, мэргэжил сонголтын талаар нухацтай бодоод, мэргэжлээ зөв сонгож чадсан. IT инженер болохоор шийдсэн.
YSC: Ойрын зорилгоо хуваалцаач?
Тамир: Ямар ч байсан гадаад яваад, гадаад орныг л үзмээр байна. Манай ах эгч хоёр Солонгост байдаг болохоор тийшээ явмаар байна.
Батмэнд: Хүүхдүүд Монголдоо ажиллаж амьдрахыг хүсдэг ч би бол тийм биш. Монгол нэгэн хэвийн дээрээс нь энд амьдрах ямар хэцүү, стресстэй билээ дээ. Тийм болохоор гадаадад сурч, ажиллаж амьдрах юмсан л гэж хүсдэг. Техник технологийн орон болох Япон эсвэл Америкт очиж сурахыг хүсэж байна. Гадаадад сайн сургуульд сурчихвал мөрөөдөл маань биелэнэ дээ.
Тэмүүлэн: Би бол гадаад явъя гэж нэг их хүсдэггүй. Эндээ их сургуулиа төгсөж, мэргэжлээ сайн эзэмшээд гадаадын компанид Монголд гэрээсээ ажиллахыг хүсдэг. Цагаа зөв зарцуулаад, өөрийгөө мэргэшүүлж чадвал тэр чиглэлийн боломж нь нээлттэй гэж үздэг.
YSC ХӨТӨЛБӨР МИНИЙ МАНХАН СУМАНДАА ҮЛДЭХ НЭГ ШАЛТГААН БОЛДОГ
YSC: YSC хөтөлбөрийн талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
Батмэнд: Анх манай сургуульд YSC хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд бид анхны баг нь байсан учир багтаа “Pioneers” хэмээх нэрийг өгсөн. Манайх шиг алслагдсан суманд анх удаа ийм төсөл хэрэгжиж байна. Ямар азаар манай сумыг сонгосон юм бол гэж боддог. Би хотод сурдаг юм билүү гэж боддог байсан ч YSC хөтөлбөр явагдсанаас хойш Манханаасаа явмааргүй санагдаж байгаа. Энэ хөтөлбөр миний Манхандаа үлдэх бас нэг шалтгаан болдог.
Тэмүүлэн: Би бас яг сургуулиасаа шилжих гэж байсан юм. Одоо бол ямар азаар Манханаас шилжээгүй юм бэ гэж боддог.
YSC-ыг маш том боломж гэж хардаг.
YSC: Аль дэд хөтөлбөр нь таалагддаг вэ?
Тэмүүлэн: Шилдэг оролцогчдыг Европын Холбооны улс руу зуны зусланд явуулах нь. Мөн бидний мэргэжил сонголтыг дэмжих үүднээс зохион явуулдаг цахим лекцүүд нь таалагддаг. Жишээ нь би лекцээ сонсоод график дизайны ур чадварыг заавал их сургуульд суралгүйгээр эзэмшиж болдог гэдгийг мэдэж авсан.
Батмэнд: YSC хөтөлбөрийн давуу тал нь бид зөвхөн сум, аймагтаа биш Монгол орон даяар амьдарч буй хүүхдүүдтэй өрсөлддөг. Бид сүүлийн YSC чалленжид түрүүлсэн. Монголын өнцөг булан бүрээс оролцох боломжтой энэ том хөтөлбөрт оролцоод манлайлж байгаа гэж бодохоор өөрсдөөрөө бахархдаг.
YSC: Ярилцлага өгч, өөрсдийн дуу хоолойгоо бусдадаа хүргэсэнд баярлалаа. Хичээл сурлагын өндөр амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх