ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ТЭГШ ЭРХ (1-р хэсэг)


YOLO.mn | YOLO.MN
2023-12-23

Монгол улсын Үндэсний Статистикийн Хороо мэдээлснээр 2022 онд улсын хэмжээнд нийт 115'115 хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгэгдсэн байна. Тоймлоод бодож үзвэл 100 хүн тутмын 3 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. 

Тиймдээ ч энэ удаагийн бичвэртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүрэн хангагдаж чадахгүй байгаа эрхүүдийг хөндөж тэдгээрийн шалтгааныг тодруулахыг хичээх болно оо. Дуустал нь хамтдаа байгаарай.blush

Надад монголын хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хэрэгжилт, тэдний хөгжих боломжийг улам өргөтгөхөд зориулагдсан “Disability expo 2022” өдөрлөгийн сайн дурын ажилчдын нэг болох завшаан тохиож байсан юм. Тэрхүү өдөрлөг маань ч үнэхээр олон төрлийн үйл ажиллагааг хамарсан, жинхэнэ хүртээмжтэй боломж, мэдээллийг зэрэг хангахыг эрмэлзсэн их том цар хүрээтэй үйл ажиллагаа болсон. 

Өдөрлөгийн маань зорилтот бүлэгт хамаарах хүмүүс өөрсдийн хийсэн гар урлал, лааны цуглуулга, шүр эдлэл, уруул өнгөлөгч, нэхмэл хувцаснууд гээд л төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдээ зарж борлуулах хэсэг байсан нь их онцлог. Үүн дээр нэмээд шинэ ажилчид авахаар бэлтгэсэн олон олон байгууллагуудын хүний нөөцийн багийнхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог дэмжихэд зориулагдсан шинэхэн старт-апууд, нийгэмлэгүүд зэрэг дурдаад дуусахгүй мэт олон зүйлсийг багтаасан тэр танхим. 

Өдөрлөгийн үеэр нэгэн сонирхолтой хэлэлцүүлгийг сонсох боломж олдсон юм. Эхлэлээсээ л анхаарал татсан. 

“Манайхан монгол хэлээ их баялаг гэж магтах дуртай шүү дээ. Надад бол хэл бүр л мундаг түүхтэй юм шиг санагддаг. Аан харин монгол хэлээ магтах нэг зүйл шууд толгойд орж ирдэг нь гэвэл “хөгжлийн бэрхшээл” гэдэг үг. Англи хэлэнд бол энэ үг нь DISABILITY гэж орчуулдаг. Өөрөөр хэлбэл бүрэн чадамжгүй гэж байгаа юм шиг. Хөгжлийн бэрхшээл нь хүнийг чадамжтай чадамжгүйг тодорхойлно гэхэсээ илүү зүгээр л тодорхой бэрхшээл гэх утгыг илэрхийлж байгаа юм шүү дээ.” 

Нээрэн л тийм шүү дээ. 

Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг арай өөрөөр буюу “тусгай хэрэгцээт иргэд” гэж хэлэх тохиолдол их. Бараг л албан ёсны нэршил “мэт” сонсогдотлоо өндөр давтамжтай ашигласан үг гэж хэлж болох. Тэгвэл тусгай хэрэгцээ гэж юу юм бэ? Бүр язгуур руу өнгийе гэвэл, хэрэгцээ гэж юу юм бэ? 

Чилийн эдийн засагч Артур Манфред Макс Нееф-ийн онолын хүрээнд ХҮНИЙ НИЙТЛЭГ 9 ХЭРЭГЦЭЭ-г тоочиж үзэцгээе: 

  1. Амьжиргаагаа хангах 
  2. Аюулгүй байх 
  3. Ойр дотно байх 
  4. Ойлгох 
  5. Оролцох 
  6. Чөлөөтэй бодож сэтгэх
  7. Бүтээх  
  8. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх 
  9. Эрх чөлөөтэй байх 

Хэрэгцээ гэдэг нь энгийн утгаараа хүн амьдрахад шаардагдах зүйлс. Хүн хэн байхаас үл хамаараад байгалиасаа нэхэгддэг зүйлс. Түүнээс харааны эсвэл сонсголын бэрхшээлтэй байлаа гээд хэрэгцээ нь өөрчлөгдөөд, тусгаар оршоод байгаа зүйл биш аж. Харин хэрэгцээгээ хангах арга зам нь л зарим талаараа өөр байж болох юм. 

Зарим хүмүүс орчны баримжаагаа мэдэх хэрэгцээгээ харааны шил зүүх байдлаар хангадаг бол зарим нь цагаан таяг ашигладаг. Харин өөр нэгэн хэсэг бүлэг хүмүүс алийг нь ч хэрэглэдэггүй. Гэхдээ эцэстээ тэд бүгд нэг л төрлийн хэрэгцээг хангаж байгаа. 

Ер нь тусгай хэрэгцээт гэх нэр томьёог ашиглахаас эхлээд л жинхэнэ “тусгаарлах” хандлага өсдөг юм шиг ээ. Бид өөрсдөө ч анзаарахгүйгээр буруу нэршлээс буруу хандлагыг төлөвшүүлээд байгаа юм биш биз? 

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тулгардаг томоохон асуудлуудын нэг бол яалт ч үгүй орчин. Тэр дундаа хүртээмжтэй орчин. Бидний эргэн тойронд ажиглагддаг олон жишээнүүдээс 3-ыг нь онцолж авч үзье. 

1.Автобусанд суурилуулсан зориулалтын налуу зам 

Монгол улсад одоогоор 960 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл байнгын үйлчилгээнд ашиглагдаж байгаагаас 10 нь л тэргэнцэртэй хүмүүст зориулсан налуу зам суурилуулсан байдаг. 

2. Автобусны буудал уншигч автомат хоолой 

Автобусны буудал уншигч хоолой нь нийтийн тээврээр зорчигчдод ихээхэн хэрэгтэй хөгжүүлэлт болсон билээ. Үүнээс гадна автомат хоолой нь харааны бэрхшээлтэй иргэд автобусны буудлаа нэрээр нь ялган танихад тусалдаг. Гэвч энэхүү хөгжүүлэлт нь анх 2007 онд хийгдэх төлөвлөгөөтэй (МУ хуулинд албан ёсоор тусгагдсан) байсан ч хэрэгжилт нь удааширсаар нийгмийн активистуудын санаачилга шаардлагаар 8 жилийн дараа буюу 2015 онд л ажил хэрэг болсон. 

3. Барилгын үүдэнд байрлах налуу зам 

Та гадуур явж байхдаа анзаараад үзээрэй. Барилгуудын гадаах налуу замууд өмнө үеэ бодвол арай олон болсон ч тэдгээр дунд стандарт хангасан замууд тун цөөхөн. Стандарт гэдэг нь урт, өргөн, өндрийн харьцаа. Налуу зам нь 1 метр урт үргэлжлэх тутамд 12см-аар өндөрсөх жишигтэй байдаг бөгөөд өргөн нь 0.95м-ээс илүү байх ёстой. Энэ жишгийг мэдсэний дараа 1 метр уртад 0.5 метр өндөр оноогдсон налуу замууд тод гэгч анзаарагддаг. 

 М.Анужин

#нийтлэл