Артист Vicasian: Дуугаар олон хүнтэй ижил мэдрэмжээрээ холбогдож, тэр хүмүүсийг ч холбож чаддаг нь гайхалтай


Э.Ганбаяр | YOLO.MN
2022-06-21

YOLO.mn “Тэр хэн бэ” ярилцлагынхаа буланд шинэ өнгө төрх, шинэлэг хэв маягаараа дуу хөгжмийн ертөнцийг өнгөлж яваа уран бүтээлч Vicasian-ийг онцолж байна. Ингээд түүнийг хэн болохыг эндээс мэдэж аваарай. 


YOLOСайн байна уу? Артист Vicasian-ийг бид “ODHEE, The End” зэрэг уран бүтээлүүдээр нь мэднэ. Харин өөрийн тань хувь хүний тухай сайн мэдэхгүй байх. Өөрийгөө танилцуулаач?

- Сайн уу, намайг Тэнгис гэдэг. American School of Ulaanbaatar-т ахлах сургуулиа төгсөж Канадын Toronto Film School-ийг кино найруулагч мэргэжлээр төгссөн. Одоо дахиад энэ хотдоо урлагийн чиглэлээр суралцаж байна. 

YOLOАртист нэр нь Vicasian. Нэр нь ямар утгатай вэ?

- Vic гэдэг эхний үе нь ялалт буюу Victory гэсэн үг. Харин дараагийн үе нь Asian буюу Ази гэсэн утгатай юм. Тайлбарлавал одоо хип хоп хөгжимд барууны буюу Америкийн уран бүтээлчид тэргүүлж байна. Харин Азиуд кино болон хөгжимийн салбарт маш эрчимтэй хүч түрэн гарч ирж байгаа учраас тэдний нэг хэсэг буюу нэгэн төлөөлөл байхын бэлгэдлээр Vicasian гэж нэрлэсэн. Мөн өөр талаас нь тайлбарлавал Vacation буюу “амралт” гэсэн утгыг ч илтгэнэ. Энэ нь “Залуу насандаа сайн хөдөлмөрлөж, мөрөөдөлдөө хүрч чадвал үлдсэн амьдралынхаа туршид амарч болох юм” гэх миний зорилгыг илэрхийлж байгаа юм.

YOLOХөөх, сонирхолтой юм. Тэгвэл Vicasian-ы нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

- Миний амьдралын хэв маяг ер нь тогтмол шүү. Гэхдээ нэг зүйлээ удаан хийж хэвшвэл хааяа уйдна. Тийм учраас хааяа найз нөхөдтэйгөө уулзаж, аялах зэргээр амьдралын хэв маягаа эвдэх дуртай. Жирийн үед бол өглөө босоод аль болох шим тэжээлтэй өглөөний цай уугаад хичээлдээ явна. Дасгал хөдөлгөөн 7 хоногтоо 2-3 удаа хийхийг хичээдэг. Ингээд өдрийн цайгаа ууна. Орой дуун дээрээ ажиллаж байгаад кино үзээд унтдаг даа.

YOLOАнх хөгжимтэй яаж танилцаж байсан бэ? Эхлэж байх үеийнхээ тухай ярьж өгөөч. 

- Миний өвөө төгөлдөр хуурын багш, харин аав маань Хан-Уул дүүргийн соёлын ордныг ажиллуулдаг байлаа. Жаахан байхад аавын ажил дээр их очно. Тэнд гитар, морин хуурын сургалтад сууж байгаа хүүхдүүдтэй таардаг. Бас бага байхдаа бөмбөр тоглодог хүүхэд байлаа. Аав минь ч намайг аль болох хөгжимтэй ойр байлгахыг хүсдэг байсан. Гэхдээ хичээл, сургууль гээд хөгжмөөс холдсон л доо. Үүний дараа 2015 онд гэж санаж байна. Нэг найз минь микрофон авчихсан байсан юм. Би ч тэр үедээ хип хоп их сонсдог байсан болохоор “За, хийж үзье” гээд бид хоёр тэр найзын маань хувцасны шкафанд акустик хавтангийн оронд баахан хувцас чихиж байгаад л анхны дуугаа бичиж байлаа. Тэр үед маш их таалагдаж түүнээс хойш хөгжимд дуртайгаа мэдсэн юм. Дараа нь нэг студиод LOICHIHSON-ы Ginjin, Fla, Тuka ах нартай таарсан. Өмнө нь зүгээр л хоббигоороо дуу хийдэг байсан би студид дуугаа бичиж үзэж байх үед миний хийсэн дуу Ginjin ахад таалагдаж хамтарахаар болж байсан юм. Тухайн үед тэдний миний дууг хүлээж авч буй нь сайхан санагдаж “Хийгээд байвал болох юм байна” гэсэн урам зоригийг авч байлаа. Энэ үйл явдлаа Yung Bu-тэй хамтарсан “The End” гэдэг дуундаа илэрхийлэхийг хүссэн. 2016 онд Ginjin ахад өөрийн дуугаа сонсгоод, 2021 онд хамтарч олон хүний өмнө дуулж буй тухайгаа өгүүлдэг. 

YOLOАнх дуу хийж эхлэхдээ үлгэр жишээ авч байсан уран бүтээлчдээсээ нэрлэвэл?

- Opozit-ийн Энэрэл ахаас гүн утгатай үг бичихийг, дараа нь LOICHIHSON-ы Ginjin-с autotune-тэй  trap хөгжим яаж хийдэг гэдгийг, Lil Thug E-с хайрын дуу гэх зэргээр R&B хэмнэлийн тухай үлгэр жишээ авч байсан олон уран бүтээлч бий. Мэдээж гадаадын олон уран бүтээлчид ч бий л дээ. Ер нь бүр анх эхлэж байхдаа гадаадын уран бүтээлчдийг дуурайж дуу хийдэг байсан. Дуурайгаад хийгээд байх тусам өөрийнхөө хэв маягийг олоход тусладаг юм байна лээ.  

YOLOБусад репперүүдээс юугаараа онцгойрч ялгарахыг хичээдэг вэ?

- Миний хувьд Канадын хүйтэн аялгуутай soul trap гэх урсгалыг Монголд оруулж ирэхийг зорьж байна. Мөн би punchline-уудаа бусад артистуудаас бага зэрэг өөрөөр бичдэг гэж боддог. Жишээ нь Drake-ийн “Time Flies” буюу “Цаг хугацаа ниснэ” гэдэг дууны дахилт хэсэгт Drake “Гадаа байна AMG-д” гэж дуулдаг. Харин би “ODHEE” дуундаа“Гадаа байна AMG-д, Drake шиг цаг минь нисэх вий” гэдэг мөр оруулсан. Ер нь ихэвчлэн дуугаа бичихдээ хүмүүст зөвхөн аялгуу, хэмнэл зэрэг энгийн зүйл сонсгохыг хүсдэггүй. Хип хоп хөгжмийг дурлаж шимтэж сонсдог хүмүүс миний тэр дууны мөрийг шууд ойлгож сонстохоор, эсвэл Drake-ийн тэр дууг сонсох үедээ “Аан, энийг Vicasian ингэж бичсэн юм байна шүү дээ” гэж илүү дурлаж сонсоосой гэж хүсдэг дээ.



YOLOДуу хөгжмөөр дамжуулан юуг өөртөө авч үлдээд, бусад хүмүүст юуг илэрхийлэхийг зорьдог вэ? 

- Тухайн үед мэдэрсэн мэдрэмжээ дуундаа хадгалж үлдээх дуртай. Миний маш сайн найз л гэсэн үг дээ. Хүн бүрийн мэдрэмж төстэй гэж боддог. Үгүй байлаа ч адилхан зүйлс мэдэрдэг хүмүүс миний дуугаа хийх үед юу мэдэрч байсныг дууг минь сонсоод мэдрэх байх. Дуу хийхийн хамгийн сайхан зүйл нь тухайн дуугаар олон хүнтэй яг нэгэн ижил мэдрэмжээрээ холбогдоно, тэр хүмүүсийг ч холбож чаддаг нь юм. Би намайг сонсож буй хэн нэгэнтэй шууд харилцаж чадахгүй ч дуугаараа холбогдож чадна гэж ойлгож болно л доо. Надтай адилхан алдаа гаргасан байвал түүнийг миний дуунаас сонсоод хамтдаа тухайн мэдрэмжээ хөглөх, эсвэл түүнийг дэмжих хэн нэгэн байхгүй бол “за за, би нээрээ чадна дөө” гэмээр урам зоригийн мэдрэмж өгдөг ч юм уу.

Ерөнхийдөө хүмүүст мэдэрч байгаа мэдрэмжээ дуу болгож сонсгохоор “Аан, энэ хүн бас ийм зүйл мэдэрч байгаа юм байна” гээд ганцаараа юм шиг санагдаж байсан бол тэр хүн надтай хамт ганцаараа биш гэдгээ мэдрэх нь маш чухал санагддаг.

YOLOХамгийн хурдан болон хамгийн удаан бүтсэн дуугаа нэрлээч?

- Хамгийн хурдан бүтсэн дуу гэвэл “ODHEE”. Миний дуунуудаас хүмүүсийн хамгийн сайн мэдэх нь байх. Нэг тийм мэдрэмж аваад л, шууд санаа нь орж ирээд л, гялс дуусгачихсан. Миний бодлоор дуу хийх бол “онгод орно” гэдэг шиг санаа нь гэнэт л нисээд ирдэг зүйл. Тэр үед нь бүх боломж нь таарч, өөрөө бэлэн байх юм бол дуу хурдан бүтээгддэг байх. Тэгж бүтсэн дуу маш сайн болдог. Хамгийн удаан хийгдсэн дуу гэвэл “ID SHID” гэдэг дуу байх. Анх бичихдээ Tokio, Yung Bu бид гурав нэг шөнийн дотор санааг нь гаргаж, бичээд дуусгасан ч олон хоногийн зураг авалттай байсан учраас хамгийн урт хугацаанд бүтсэн уран бүтээл гэж хэлж болно. Ойролцоогоор нэг сарын хугацаа зарцуулсан байх.

YOLOХамгийн дурсамжтай бүтсэн дуу? 

- Түрүүн хэлсэн Ginjin ахтай хамтарч хийсэн “Wasted” гэх дуу. Тухайн дууг Канадаас Монгол руу бичиж явуулж байсан. Тухайн дуун дээрээ үүрийн 5 цаг хүртэл суухад микрофон массалж, чихэвчний утас тасарсан байсныг нэмэх хасахаар нь тогтоож барьж бичиж дуусгасан. Бас найз охиноосоо салаад бичиж байсан дуу. Канадад дөнгөж эхний жилээ их сургуульд сурч байхдаа найз охиноосоо салж жинхэнэ “эморч” байх үедээ өрөөндөө ганцаараа “Set On You” гэдэг дуугаа бичиж байлаа.  

YOLOАнх сонсоод ямар гоё дуу вэ? гэж алмайрч, гайхширч байсан дуунаасаа нэрлэвэл?

- Одоо ч “Энэ ямар аймар дуу вэ?” гэж бодож, гайхах үе зөндөө байдаг. Онцлоод хэлэх юм бол Kanye West-ийн “Through The Wire” буюу “Утсаар дамжина” гэдэг дуу байна. Анх сонсоход “Утсаар дамжина” гэдэг нь микрофоны утсаар дамжина гэж ойлгогдохоор боловч сайн ухаад ойлгох юм бол тухайн үед Kanye автомашины осолд ороод эрүүнийхээ ясыг хугалсан юм билээ. Ингээд эмч эрүүг нь төмөр утсаар оёж өгч байж л дээ. Бас тэр дууг сонсох юм бол Kanye үгээ сайн цэвэр, тод хэлж чаддаггүй. Тийм ч учраас дууных нь нэрний нөгөө утга нь төмөр утсаар дамжина гэдэг хоёр утга илэрхийлдэг. Би тэр дууг сонсчихоод “Хөөх, хүн бүр арай ч ингэж аймар сэтгэж болохгүй ээ” гэж бодож байсан./инээв/

YOLOДуу хөгжмөөс өөр сонирхдог урлагийн төрөл бий юу?

- Би кино найруулагч мэргэжлээр төгссөн болохоор бичлэг хийх сонирхолтой. Дуунуудынхаа клипний санааг нь гаргаж, зураг авалтанд нь оролцдог. Бас эргэн тойрон, найзуудынхаа зургийг хамгийн сайн авч өгдөг. Гэхдээ манай найзууд миний зургийг тийм ч сайн авч өгдөггүй (инээв).


YOLOМэргэжлийнхээ тухай ярьж өгөөч. Яагаад кино найруулагч гэж?

- Би багаасаа кинонд маш их дуртай байсан. Гэхдээ дан ганц кино гэлтгүй бизнесүүд, рекламууд ч дүрс бичлэгтэй нягт холбоотой шүү дээ. Тийм учраас камерны ард юу болж байгааг илүү сайн ойлгож, мэдэхийн тулд кино найруулагчаар сурсан. Ингээд кино найруулагчаар сурсны дараа гэрэлтүүлэг, камер яаж ажилладаг гэдгийг, яавал илүү сайжрах вэ зэргийг ойлгосон болохоор дуу хийснийхээ дараа тэр дууныхаа гол утгыг бичлэгээр илэрхийлэхэд илүү амар болсон. Дууныхаа утга санааг илүү сайн илэрхийлэхийн тулд сайн бичлэг хэрэгтэй учраас кино найруулагчаар төгссөн нь илүү сайн бичлэг хийхэд давуу тал болж байгаа.

YOLOДасгал хөдөлгөөн хийдэг гэж байсан. Ямар төрлийн спортоор хичээллэдэг вэ?

- 7 хоногтоо 2-3 удаа дасгал хөдөлгөөн хийхийг хичээдэг. Жаахан байхдаа хөл бөмбөгөөр хичээллэдэг байсан ч ахлах сургуульд ороод сагсны багтай болсон. Бас ахлах сургуульд байхдаа нэг жил гар бөмбөгийн багийн ахлагч хийж байх үед манай сургууль Хятад руу олон улсын тэмцээнд явсан юм. Өөр орны хүүхдүүдтэй өрсөлдөж 2 дугаар байранд орж байсан. Өмнө нь огт тийм амжилт гаргаж байгаагүй болохоор үүгээрээ бахархдаг.  

YOLOYung Bu-тэй анх яаж танилцаж байсан бэ? 

- Өсвөр насандаа л танилцаж байсан даа. Манай найзын найз байсан юм. Цаадах чинь айхтар коршонкон малгай өмсчихсөн (инээв). Тухайн үед тимберланд яг мооданд орж байсан үе. Их л цэмбэгэр тимберландтай, инээсэн залуутай л анх танилцаж байсан даа. Ингээд 2017 онд “UULZAHIIG HUSDEG TE” гэдэг дуугаа хамтран гаргасан юм. Тэрнээс хойш хамтарч их дуу хийх болсон.


YOLOНөхөрлөлийн тухайд таны бодол?

- Нэгдүгээр ангиасаа нөхөрлөсөн найз маань хамгийн удаж байгаа нь. Нөхөрлөл гэдэг бие биенийхээ тус дэм байх ёстой гэж боддог. Амьдрал ганцаараа туулахад дэндүү урт шүү дээ. Тиймээс адил тэгш бие биедээ хань болох хүмүүс хэрэгтэй. Бие биедээ атаархах, муу санах зэрэг муухай зүйлгүйгээр нэгнээ дэмжиж, урам зориг өгч, хамтдаа гоё байх нь чухал. 

YOLOЗалуу хүн ямар байх хэрэгтэй гэж боддог вэ?

Миний хувьд хамгийн чухал нь залуу насандаа үргэлж мөрөөддөг, хийхийг хүссэн зүйлийнхээ төлөө өөрийгөө 100 хувь дайчилж, зориод оролдоод үзэх л хэрэгтэй гэж бодож байна. Дараа нь “Би тэрийг хийчихдэг байж дээ” гэж харамсахгүйн тулд шүү дээ. Хүн ямар ч мөрөөдөлтэй байж болно. Гол нь мөрөөдлийнхөө төлөө жижиг гэлтгүй байнга оролдлого хийж байх хэрэгтэй.

YOLOТаны хувьд “Амжилт”-ыг хэрхэн тодорхойлох вэ? 

- Жаахан байхдаа олны танил болвол эсвэл их хөрөнгөтэй нэгэн болчихвол амжилтад хүрэх юм шиг санагддаг байсан. Мэдээж эдгээрийг нэг талаар амжилт гэж ойлгож болно л доо. Гэхдээ тэр бүх нэр хүнд, эрх мэдлийг өөрийн болгож чадсан ч амьдралдаа сэтгэл хангалуун биш бол амжилт мөн гэж үү? 

Одоо бол миний хувьд өөрийнхөө хийхийг хүссэн зүйлийн төлөө хичээж хөдөлмөрлөж үр дүнгээ үзэхээр зорьж байна. Тэр үр дүн, хөдөлмөр нь заавал бусад хүмүүсийнх шиг том байх албагүй. Өөрийнхөө хэмжээнд, түүнээсээ өөрөө хангалттай сэтгэл ханамж авч чадаж байвал, өөрөө л түүндээ happy байвал тэр нь амжилт байх.


YOLOБүх зүйл болохгүй, бүтэхгүй юм шиг санагдаад шантарсан үедээ юунаас буцаад итгэл, урам зориг, эрч хүчээ авдаг вэ? 

- Би бол өөрийнхөө номер нэг фен. Хэрэв ямар нэг санаа орж ирвэл шууд утсан дээрээ тэмдэглэж авдаг. Өдөр болгон бичдэг. Утсан дээрх тэмдэглэлүүд маань бараг 1000 гаруй хуудас болсон. Тэр нь дууны үг, шүлэг, rhyme-ууд. Тэр дунд өөрийнхөө ирээдүйг төсөөлж бичсэн зүйлүүд ч байдаг. Үүндээ өөртөө урам зориг өгөх зүйлүүдээ ч багтаасан. Ямар нэгэн нөхцөл байдлаас шалтгаалан шантарсан үедээ түүнийгээ уншаад буцаад урам зоригтой болдог. Заримдаа маш энгийн зүйлүүдээс болж шантардаг юм шиг санагддаг. Бага зэрэг ядрах, амьдралын буруу дадал хэвшил хамгийн энгийн хэр нь хамгийн их шантраадаг. Яг тийм үедээ арай эрт унтах, маргааш өглөө нь сайн шим тэжээлтэй хоол идэхэд л маш том асуудал гэж харсан зүйл нь нэг нойрны цаана их амархан шийдэж болох асуудал байсныг мэддэг.


YOLOХувь тавиланд итгэдэг үү?

- Хувь тавилан гэж байдаг. Гэхдээ хүн өөрийнхөө хувь тавиланг өөрөө зурна гэж боддог. Би шашин шүтлэг гэхээс илүү өөрийн гэсэн сүсэг бишрэлтэй. Өдөр бүр залбирдаг. Өглөө босоод ирээдүйд юу хүсч байгаагаа бодож төсөөлөхөд яг тухайн зүйл рүүгээ татагдаад, нэг л мэдэхэд төсөөлж байсан амьдрал нь бодит амьдралд биелэлээ олох юм шиг санагддаг. Одоо бодоход 4, 5 жилийн өмнө яг одоо өөрт байгаа зүйлүүдээ төсөөлөөд биелэсэн юм байна. Тийм болохоор ямар ч зорилготой байсан үнэхээр сайн мөрөөдөж, түүнийхээ төлөө бүхнээ зориулж ажиллаад, залбирч байхад хүн хувь тавилангийнхаа эзэн болж чадна. Ер нь бол нэг тийм хүч байдаг гэдэгт итгэдэг. Гэхдээ мэдээж ажиллахгүй байж болохгүй шүү дээ, тийм ээ? (инээв). Ганцхан залбираад, бурханд хамаг зүйлээ даатгах биш өөртөө төвлөрч, түүнийхээ төлөө өөрөө ажиллахад зорилгоо бүтээж чадна л гэж боддог доо.

-YOLOЯрилцахад таатай байлаа. Танд амжилт хүсье.

-Таатай байлаа. Баярлалаа.  

 

#Ярилцлага