"Аль ч улсад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон бүх хүүхдэд хүрч үйлчилж чадахгүй байна"


Б.Чимэг | YOLO.MN
2023-09-26

Азийн сангийн Хууль, шүүх эрх мэдлийн хөтөлбөрийн менежер менежер Г.Гантулгатай хүн худалдаалах гэмт хэрэг, энэ хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хуулийн байгууллагын ажилтнуудын сургалтын талаар ярилцав.   

-НҮБ-аас жил бүрийн долдугаар сарын 30-ны өдрийг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж, “Хөх зүрхний аян”-ыг зохион байгуулдаг. Азийн сангийн хамт олон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тууштай тэмцэхээ дахин илэрхийлж, үзэл санаагаараа энэ аянд нэгджээ. НҮБ жил бүрийн энэ өдөр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-НҮБ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс анх санаачлан, жил бүр Хөх зүрхний аян зохион байгуулдаг болсон юм. Би 2017 оноос хойш энэ чиглэлээр ажиллаж байгаа болохоор жил бүр аянд нэгдэн, дуу хоолойгоо өргөдөг.      

Яагаад “Хөх зүрхний аян” гэж нэрлэсэн гэхээр хохирогчийн төлөө зүрх сэтгэлтэй байхыг уриалсны сацуу хөх өнгөөр хүн худалдаалагчдын сэтгэлгүй, хүйтэн цэвдэг сэтгэлийг илэрхийлсэн. 

Энэ жилийн аяны уриа “Хэнийг ч ардаа битгий үлдээ” буюу бүх хохирогчид хүрч ажиллах тухай байв.  Бид Дэлхийн зөн болон хүн худалдаалахын эсрэг ажилладаг, бусад байгууллагатай хамтран энэ аянд нэгдсэн.

 

-АНУ-Монголын Засгийн газар хооронд байгуулсан, 2020-2024 онд хэрэгжих “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төсөлд Азийн сан ямар үүрэг хүлээсэн бэ?

-Азийн сан энэ гэрээг байгуулахаас өмнө хүн худалдаалахтай тэмцэх ажлыг эхлүүлсэн. Бид энэ төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх үйл явцыг сайжруулахад түлхүү анхаарч ажилладаг.

Компакт гэрээг байгуулсны дараа Монголд үйл ажиллагааг нь хэрэгжүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтад Азийн сан өрсөлдөж, шалгарсан юм. 2019 онд АНУ-ын баг Монголд ирж, төрийн, ТББ-ын болон олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, тандан судалсан. Бид тэдэнд хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, хянан шалгах болон бусад чиглэлээр ямар ажлууд хийснээ дэлгэрэнгүй танилцуулсан юм.

“Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийг Азийн сан, Дэлхийн зөн, ТББ-уудтай хамтран хэрэгжүүлж байна.  Хүн худалдаалахтай тэмцэх 4P (4Пи)-гийн зарчим гэж бий.    

  • Prosecution буюу хянан шийдвэрлэх ажиллагаа
  • Protection буюу хамгаалал
  • Prevention буюу урьдчилан сэргийлэх ажлыг нэгэн зэрэг хийх ёстой.
  • Эдгээрийг зангиддаг нь partnership буюу хамтын ажиллагаа. Азийн сан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд ажилладаг. Шүүх, цагдаа, прокурорын ажилтнуудыг сургалтад хамруулах, тэдэнд хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдлэг, мэдээлэл олгох ажил хийж байна.   

Энэ төрлийн  хэргийг шалгахдаа хүүхдэд ээлтэй, хохирогч төвтэй, сэтгэцийн гэмтэлд суурилсан арга барилаар ажиллах хандлагатай болгох зорилт тавьсан. Сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалтуудаа явуулж эхэлсэн.    

Мөн хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой өгөгдөл, мэдээллийг хэрхэн цуглуулах, тэдгээрийг хэнтэй хуваалцах, дүн шинжилгээ хийж, ямар шийдвэр гаргах талаар төрийн байгууллагуудтай хамтран судалж байна.  

Манай улс Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг 2012  онд баталсан. Энэ хуулийн дагуу батлах шаардлагатай журмууд бий. Хохирогчид туслалцаа үзүүлэх, тэднийг дэмжих механизм бий болгохоор ажиллаж байна. Мөн хуулийн хэрэгжилтийн үнэлгээг хийж эхэлсэн. Дэлхийн Зөн хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах зорилгоор ажилладаг юм. Гэрээний хугацаа ирэх оны арваннэгдүгээр сард дуусна.

-“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт, хоёр өдрийн сургалтыг үндэсний хэмжээнд явуулжээ. Хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж юу вэ?

-Гэр бүлийн эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүн сэтгэцийн хүнд гэмтэл авдаг.  Хуулийн байгууллагын ажилтнууд болон ийм гэмт хэрэгт хохирсон хүмүүст үйлчилгээ үзүүлдэг бүх хүн хохирогч төвтэй хандлагаар  ажилласнаар олон давуу тал үүснэ.  

Хохирогчийн сэтгэц хэдийнэ гэмтсэн байдаг. Тэдэнд үйлчилгээ үзүүлж буй хүмүүс дахин хохироож болзошгүй юм. Жишээ нь нэг хүн бэлгийн мөлжлөгт гурван сарын турш өртсөн байхад нь “Чи биеэ үнэлсэн. Чи дуртайдаа явсан” гэж хандвал нөгөө хүн “Намайг хэн ч тоохгүй юм байна” гэж бодон, тэр хэрээр сэтгэц нь дахин гэмтэнэ, өөрийгөө хэн ч биш гэж бодно. Иймд сэтгэцийн гэмтлийг нь бууруулахад оролцогч талууд бүгд анхаарах хэрэгтэй. Мөн насанд хүрээгүй хохирогч шүүх хуралд оролцоход гэмт хэрэгтэнтэй нүүр нүүрээ харах байдлаас сэргийлэх зэргийг хохирогч төвтэй аргачлал гэж нэрлэдэг.

Хүний сэтгэцийн гэмтлийг тухайн үед нь эмчлэхгүй бол насан туршид нь хар толбо болж үлдэх эрсдэлтэй. Хараагүй хүнийг гаднаас нь хараад харааны бэрхшээлтэй гэдгийг мэдэж болно. Харин сэтгэц нь гэмтсэн хүнийг бид шууд танихгүй.   

Цагдаа энэ аргачлалаар ажиллавал хохирогч илүү нээлттэй болж, өөрт тохиолдсоноо илэн далангуй ярьж, зөв мэдээлэл өгнө. Гэмт хэргийг илрүүлэхэд идэвхтэй хамтран оролцдог.  Хохирогч төвтэй гэхээр хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд оролцогч талуудаас зөвхөн хохирогчийн талд орно гэсэн үг биш. Шүүгч өөрийн итгэл үнэмшлээр шийдвэрээ гаргах ёстой.       

Хүүхэд том хүн шиг сэтгэн бодох, дүн шинжилгээ хийх чадваргүй. Хүүхдийн насны онцлог, тархины хөгжилд тааруулан ярилцах, мэдээллээ өгөхийг хүүхэд төвтэй арга барил гэдэг. Эдгээр аргыг эзэмшүүлэх сургалтыг орон даяар явуулж байна. Сургалтад шүүх, цагдаа, прокурор нэгдсэн байдлаар оролцдог. Жишээ нь нэг сургалтад 4-6 шүүгч, мөн тооны  прокурор, 15 орчим цагдаагийн алба хаагч хоёр өдрийн сургалтад оролцдог. Бэлтгэгдсэн багш нар арван сэдвээр сургалтыг явуулдаг.  

Хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал, Монголын болон олон улсын хууль эрхзүй, хохирогч гэж хэн бэ, сэжигтэн, гэмт хэрэгтнүүд ямар хүн байна, хохирогчид туслалцаа үзүүлэх нь яагаад чухал вэ, кибер, зохион байгуулалттай гэмт хэргийн өсөлт, хэрэг хянан шийдвэрлэхдээ юунд анхаарах вэ зэргийг заадаг.    

Сургалтын хөтөлбөрийг олон улсын олон монгол мэргэжилтнүүд хамтран боловсруулсан.  Бид 2017 оноос хойш энэ сургалтыг тасралтгүй явуулж, хүүхэд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох сэдвийг шинээр нэмэх гэх мэтээр сайжруулдаг. Энэ онд нийт 750 хүнийг сургалтад хамруулахаас одоогоор 360 албан хаагч суулаа. 21 аймаг, есөн дүүрэгт танхимын сургалт зохион байгуулж байна. 

-Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын нэг чухал хэсэг нь хохирогч хамгаалал. Хохирогчийг авран, хэрэгт дахин өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлснээр хүн худалдаалах гэмт хэрэгтэй тууштай, үр дүнтэй тэмцэх боломжтой. Манай улсад хохирогч хүүхэд бүрд хүрч ажилладаг уу?

-НҮБ хоёр жил тутамд хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдлын тайлан гаргадаг. Энэ тайланд статистик мэдээг танилцуулдаг юм. Тус тайланд нийт хохирогчдын 41 хувь нь тухайн нөхцөлөөс өөрөө зугтан гардаг гэжээ. Үлдсэн 59 хувийг иргэдийн өгсөн мэдээлэл, цагдаа нарын нэгдсэн арга хэмжээний үеэр илрүүлсэн байна. 41 хувь нь маш өндөр тоо гэж онцолсон байсан. 

Аль ч улсад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон бүх хүүхдэд хүрч үйлчилж чадахгүй байна. Учир нь энэ гэмт хэрэг адармаатай, илрүүлэхэд хэцүү. Гэхдээ бид дээр дурдсан 4ПИ-гийн зарчмаар, төрийн болон ТББ-ууд хамтран ажиллавал хүүхэд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийг бууруулж чадна.     

-Манай улсад багш, сургуулийн нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйчид, эмч нар, хүүхдийн тусламжийн 108 утасны операторууд хохирогчийг шууд таньдаг уу. Ийм чадварт суралцсан уу?   

-Эргүүлийн цагдаа нар олон нийтийн хэв журмыг сахиулдаг тул ийм байдалтай нүүр тулж болзошгүй. Иймд төрийн албан хаагчдыг сургахаас гадна эргүүлийн цагдаа нарт хохирогчийг хэрхэн таних мэдээллийг өгөхөөр ажиллаж байна. 

Дэлхийн Зөн  нийгмийн ажилтнууд, эмч, багш, иргэд рүү хандсан үйл ажиллагаа явуулдаг. Жишээ нь насанд хүрээгүй охин үр хөндүүлэхээр ирлээ гэхэд эмч энэ хүүхэд хохирогч болсон байж болзошгүй гэж сэрэмжтэй хандан, асуумж авч, эрсдэл байна гэж үзвэл зохих байгууллагад мэдэгдэн, шалгуулах хэрэгтэй байгаа юм. Ингэж хамтран ажиллавал өндөр эрсдэлд байгаа хүүхдүүдийг илрүүлж чадна.   

-АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудсанд нийтэлсэн тайланд сүүлийн есөн жилд холбогдох эрх бүхий байгууллага Монголд эрэгтэй хохирогчийг албан ёсоор олж тогтоогоогүй гэжээ. 
-Хүн худалдаалах гэмт хэрэг нь бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг гэсэн хоёр хэлбэртэй. Бэлгийн мөлжлөгт эмэгтэйчүүд илүү өртдөг. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон, эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоодог юм. Өнөөдрийн байдлаар манай улсад эрэгтэй хүн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсныг шүүхээс хараахан тогтоогоогүй байна.       

Харин хөдөлмөрийн мөлжлөг буюу албадан хөдөлмөрт хөвгүүд, эрэгтэй хүмүүс өртсөн тохиолдол олон.    

-“Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд салбар дундын хамтарсан баг байгуулсан. Энэ багийн үүрэг юу вэ?

-Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд дэд зөвлөл ажиллана гэж заасан. Энэ зөвлөл хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй. Дэд зөвлөлийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд байгуулсан юм.    

Салбар дундын хамтарсан багт төрийн, ТББ-ын, олон улсын байгууллагын төлөөлөл багтдаг. Бид тодорхой хугацааны давтамжтай хуралдан, тайлан мэдээлэл сонсож, зөвлөмж боловсруулдаг. Дэд зөвлөлийн ажлыг дэмжих зорилгоор салбар дундын хамтарсан баг байгуулсан.     

Энэ багийн гишүүдийг хүн худалдаалах гэмт хэргийн талаарх сургалтад хамруулах, үйл ажиллагааг нь тогтмолжуулахад анхаарч ажиллаж байна. Энэ багт ХЗДХЯ, ХНХЯ, ЭМЯ, ГХЯ, ЦЕГ, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл бий.

Чадавхжуулах зорилгын хүрээнд АНУ-ын энэ чиглэлийн мэргэжилтнүүдээс сард нэг удаа цахимаар сургалт авч байна. Мөн мэнторшип хөтөлбөр хэрэгжүүлж, монгол прокурор АНУ-ын прокурортой цахимаар ярилцан, туршлага солилцдог. АНУ-д туршлага судлах аяллыг зохион байгууллаа. Өнгөрсөн онд салбар дундын багийн есөн гишүүн, энэ онд үлдсэн есөн гишүүн АНУ-д туршлага судлаад ирсэн.         

Тус улс энэ чиглэлээр олон жил ажилласан туршлагатай,  муж бүрд салбар дундын хамтарсан багууд ажилладаг. Мөн хүүхэд хамгааллын төвүүд гэж бий. Эдгээр төвийг ТББ хариуцан ажиллуулдаг, ТББ-ууд өөрсдөө хандив, хөрөнгө босгох ажил хийдэг юм билээ.

Хүүхэд хохирсон гэж хэн нэгэн мэдээлбэл тухайн хүүхэд, хүүхдийн асран хамгаалагчаас мэдүүлэг авдаг, дэмжлэг (хувцас, хүнсний хэрэгцээг нь хангах, хуулийн туслалцаа үзүүлэх гэх мэт) үзүүлдэг юм байна.  

Зөвхөн хүүхэд гэлтгүй ээж аавд нь ч тусалдаг. АНУ-д салбар дундын хамтарсан баг яаж ажилладаг гэхээр мэргэшсэн нийгмийн ажилтан эхлээд хүүхдээс мэдүүлэг авна. Мэдүүлгийг дуу, дүрстэй бичиж, дараа нь нотлох баримтаар ашиглах боломжтой.     

Хүүхэд мэдүүлэг өгөхийг өөр өрөөнд цагдаа, прокурор сонсдог гэх мэт манай улсаас өөр тогтолцоотой. Манай улсад үүнийг хуулиар зөвшөөрөөгүй. Гэхдээ энэ мэт сайн туршлагаас бид суралцах хэрэгтэй. Тус улсад хүн худалдаалах гэмт хэрэгтэй ямар арга барилаар тэмцэж буйг судлан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.      

-ХХГХ-тэй илүү сайн тэмцэхийн тулд цаашид ямар ажил зохион байгуулах шаардлагатай вэ? 

-Албан хаагчдыг чадавхжуулах ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай. Дээр дурдсан байгууллагуудын хамтын ажиллагаа, хохирогч хамгааллыг ажлыг огт зогсоолгүй, байнга хийх шаардлагатай. Иргэний нийгэм, бизнесийн байгууллагын оролцоо ч маш чухал. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэрэгтнүүдийг шийтгэх нь дахин хүн худалдаадлах гэмт хэрэг гарахгүй байхад нөлөөтэй. Ер нь энэ төрлийн хэрэг нийгмийн, эдийн засгийн олон хүчин зүйлээс хамаардаг.         

АНУ-д “Поларис” гэж ТББ 24 цагийн турш иргэдээс мэдээлэл, дуудлага авч, хүн худалдаалах гэмт хэрэг байж болзошгүй гэж үзсэн дуудлагыг өгсөн хүнээс нэмэлт зүйлс асуудаг юм билээ. Мөн тус байгууллага бүх дуудлагын мэдээллээ нэгтгэн, аль мужаас илүү дуудлага ирсэн, хаанаас илүү олон хүн хандсан, дуудлага өгсөн хүмүүсийн хүйс гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг зохих байгууллагуудтай хуваалцдаг талаар бид туршлага судлах аяллын явцад танилцуулсан юм.

Өгөгдөлд дүн шинжилгээ хийж, хууль дүрэмдээ өөрчлөлт оруулах, нөлөөллийн ажлыг тус ТББ мөн хийдэг юм билээ. Эндээс харахад манай улс хүн худалдаалах гэмт хэргийн нэгдсэн дүн мэдээтэй болох шаардлагатай. 

Хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдлэгтэй байж, мэдээлдэг байх нь яагаад чухал вэ? Жишээ нь ээж аавын, эмээ өвөөгийн, анги удирдсан багшийн, сургуулийн нийгмийн ажилтны үүрэг юу вэ?

-Жишээ нь нэг хүүхэд сургуульдаа ирэхдээ дандаа ядарсан байдалтай байсан гэе. Тэр нөхцөлд багш хүүхдэд анхаарч, нийгмийн ажилтантайгаа зөвшилцөж, зохих байгууллагад мэдээлдэг байгаасай. Багш, эмч, ээж аавууд хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэддэг болчихвол илүү сонор сэрэмжтэй ханддаг болно. Энэ хэргийг хүмүүс хэн нэгнийг барьж, гавлан, толгойд нь шуудай углан, гадагшаа авч явах гэж төсөөлдөг.  Тийм биш юм. Өнөө үед энэ хэргийг нсанд хүрэгчид, хүүхдийг эрхшээлдээ оруулах замаар үйлдэх болсон.

Хүн худалдаалах гэмт хэрэг гэж Хүн худалдаалах гэмт хэрэг гэж биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсныг хэлнэ. 

Энэ хэргийн талаар мэдэх тусам урьдчилан сэргийлэлт сайжирна.

#ярилцлага