"Хэрэггүй цаасаа өг" : Монголд анх удаа өсвөр насныхан хаягдал цаасыг дахин боловсруулах төсөл хэрэгжүүлнэ


Х.Даваахүү | YOLO.MN
2022-10-18

Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус хөтөлбөрийн хүрээнд Монгол орны өнцөг булан бүр дэх ахлах ангийн сурагчдын дунд Teen шийдэл бичил төслийн уралдаан зарласан. Тэгвэл шилдэг 10 төслийн нэг Ecoteens багийн “Хэрэггүй цаасаа өг” төслийн танилцуулга өнөөдөр боллоо.

Ecoteens баг нь Төв аймгийн Зуунмод суманд “Хэрэггүй цаасаа өг” төслийг сумынхаа нийт 5 сургууль 15 байгууллагаас түүхий эд болох хаягдал цаасыг цуглуулан авч дахин боловсруулан, үйлдвэрийн нөхцөлд бүтээгдэхүүн болгож гаргах зорилготой гэнэ.

Ecoteens багийн төслийн ментроор EURATEK ODYSSEY компаний Бизнес хөгжлийн менежер  Г. Төгс-Оюун ажиллаж байна. Тэрээр төслийн талаар “Манай хүүхдүүдийн гол зорилго бол нэгт байгаль орчноо хамгаалж, өсвөр насны хүүхдүүдийн идэвх оролцоог дээшлүүлж, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх юм. Бид цаасыг хөрсөнд шингэдэг гэж ойлгодог ч үнэндээ тийм биш. Хөрсөнд маш их хор учруулдаг. Үүнийг дахин боловсруулж бүтээгдэхүүн гаргаж буй нь энэхүү төслийн бас нэгэн давуу тал юм. Манай төсөл бусад төслөөс урт хугацаанд үргэлжлэх боломжтойгоос гадна ойрын хугацаанд  түүхий эдийн хомсдол үүсэх магадлал бага учир үргэлжлэн ажиллах бүрэн чадамжтай гэж харж байна.”

Энэхүү төсөл хэрэгжснээр 24 куб метр хогийн цэг үүсэх, 151 мянган литр тос ашиглагдах, 179 ширхэг мод тайрагдах, 4 мянган кв эрчим хүч зарцуулах, 278 мянган л ус бохирдохоос сэргийлж чадах гэнэ. Мөн хэрэв 5 мянга хүн энэхүү дахин боловсруулсан дэвтрийг авч ашиглавал 13 сая төгрөгний орлого олох боломжтой гэсэн тооцоолол бий. Энэхүү орлогыг Ecoteens багийнхан Манзушир хийдийн байгаль орчныг нөхөн сэргээх, сэргээн засварлах ажилд зориулах тухайгаа ийн ярьсан юм. 

Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Ренчинсоном: "Манай багт надаас гадна Т. Энхжин, О. Амин-Эрдэнэ, Б. Билгүүн, Б. Өлзийбүрэн гэсэн 5 гишүүний бүрэлдэхүүнтэй.  Бид уг төслөөр хүрээлэн буй орчинд хаягдаж буй цаасны болон бусад хаягдлыг багасгах зорилготой байгаа.  Мөн сурагчид илүү бага үнээр тэмдэглэлийн болон нооргийн дэвтрийг худалдан авч цаасны хог хаягдал түүгээр цөлжилт, ойгүйжилт, озоны давхаргын сийрэгжилтийг багасгаж чадна. Манай төслийн түүхий эд хязгааргүй бөгөөд олсон ашгийн 45 хувийг Төв аймгийн Зуунмод сумын Манзуширын хүрээлэн буй орчин дахь элэгдлийг нөхөн сайжруулахад зориулах юм. Мөн манай төслийн өөр нэг давуу тал нь байрлах байр, чадавхижуулах сургалт зэргийг хамтрагч талаас хариуцаж буй бөгөөд 2023 оноос эхлэн хамтрагч талаас санхүүжилт авч төслөө үргэлжлүүлэх боломжтой болсон.  Одоогийн байгаа тоног төхөөрөмжийн чадавхи, бидний зориулах цаг хугацаанаас хамааран өдөрт таван цагийг дэвтэр үйлдвэрлэхдээ зарцуулдаг. Өдөрт 11 дэвтэр хэвлэнэ гэсэн үг.  Бид эхлээд Төв аймагт үйлдвэрлэчихээд Улаанбаатар хот руу оруулж ирнэ. Залуучуудын ихээр үйлчлүүлдэг кофе шоп, дэлгүүрүүдээр худалдаалах болно. Одоогийн байдлаар хоёр ч газартай аман гэрээ хийчихсэн байгаа. 

Үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд  “Хэн нэгнийг буруутгаж суух биш тулгарч буй асуудлыг өөрсдөө шийдэж байгаарай” гэлээ. 

#Мэдээ