18 нас хүрэхээсээ өмнө ЗААВАЛ үзэх 18 анимэйшн


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-05-05

Зарим тохиолдолд хүүхэлдэйн киноны тусламжтайгаар амьдралаас сурч мэдээгүй зүйлсээ ойлгож авах боломжтой байдаг. Хүүхэлдэйн киноны хөгжилтэй үйл явдал, хурц тод зураглалын цаана илүү гүн утга учир нуугдаж байх нь бий. 

Бид энэ удаа дэлхийн шилдэг хүүхэлдэйн кинонууд дундаас амьдралын үнэ цэн, хүмүүс хоорондын харилцаа, мөрөөдөл зорилгодоо хүрэхийн тулд тууштай байх тухай санааг тусгасан 18 хүүхэлдэйн киног товч тайлбарын хамт хүргэж байна.

1. LEAP! (2016)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 29 минут

Тайлбар: Балетчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн өнчин охины тухай өгүүлэх хүүхэлдэйн кино. Тэрээр Парисын алдартай бүжгийн сургуульд суралцахаар болох ч мөрөөдөлдөө хүрэх замд нь олон саад бэрхшээл тулгарна.

Энэхүү уран бүтээлээс бид дуртай зүйлээ хийж зорилгодоо хүрэхийн тулд маш их хичээх ёстой гэдгээс гадна өөрийн хүсэж тэмүүлж буй зүйлээ олох ямар чухал вэ гэдгийг харж болно.

2. PONYO ON THE CLIFF BY THE SEA (2008)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 41 минут

Үйл явдал: Чадамгай шидтэн, далайн дарь эхийн охин Понио хэмээх бяцхан бөгөөд сониуч загас хүний ертөнцтэй танилцахаар далай тэнгисийг орхино. Тэрээр Сосүкэ хэмээх хүүтэй найзалж чаддаг бөгөөд Пониогийн хүсдэг цорын ганц зүйл нь хүн болох.

Энэхүү хүүхэлдэйн киноноос бид энэрэнгүй зан чанар, тэсвэр хатуужил, нөхөрлөлийн үнэ цэн, бусдын үзэл бодолд баригдахгүйгээр хүсэл тэмүүллээ дагахын чухлыг ойлгож авах болно.

3. HOTEL TRANSYLVANIA (2012)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 31 минут

Тайлбар: Дракулагийн охины төрсөн өдрийн баяраар буюу бүх мангасууд цайзад цугларсан үеэр тэдэн дээр нэгэн урилгагүй зочин ирж байгаагаар киноны үйл явдал өрнөнө.

Энэхүү хүүхэлдэйн кино нь бидэнд номыг хавтсаар нь дүгнэх ёсгүйг, мөн хамгийн чухал зүйл нь түүний дотор нуугдаж байдгийг ойлгоход тус болно.

4. YOUR NAME (2016)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 46 минут

Тайлбар: Үйл явдал нь Японы хөдөө тосгонд амьдардаг охин зүүдэндээ биеэрээ Токиод амьдардаг хөвгүүнтэй солигддог тухай гардаг.

Уг хүүхэлдэйн кино нь хүмүүст ослоос болж хэн нэгний амьдрал хэрхэн өөрчлөгдөж болох, жинхэнэ хайраа хэрхэн таних, залуу насны эрч хүч, гүн гүнзгий мэдрэмжийн талаар ярихад цаг хугацаа хүчгүй мэт санагддаг тухай бодлуудыг төрүүлж чадна.

5. PARANORMAN (2009)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 32 минут

Тайлбар: Норманд нэгэн бяцхан ертөнц бүхий л итгэл найдвараа тавьж байгаа. Учир нь тэр супер хүчтэй. Норман нутгийн оршин суугчдын сэтгэлийг байнга зовоодог хий үзэгдэлтэй ярилцаж чаддаг. Зөвхөн тэр л хотыг эртний хараалаас хамгаалж чадна.

Энэ хүүхэлдэйн кино нь жаахан аймшигтай санагдаж болох ч бидэнд энгийн үнэнийг л тайлбарлахыг хичээдэг. Тухайлбал, бид өөрсдийн ойлгохгүй байгаа зүйлээсээ айдаг, айж байгаа зүйлээ юуг нь ч ойлгохгүй шууд л устгаж үгүй хийхийг хичээдэг. Гэвч заримдаа хэн нэгэнд тусламжийн гараа сунгаж, дэмжлэг үзүүлэхэд л хангалттай гэдгийг уг бүтээл харуулахыг зорьжээ.

6. SMALLFOOT (2018)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 32 минут

Тайлбар: Миго хэмээх алмас цаст уулын орой дээрээс бууж ирэн хүмүүсийн үл мэдэгдэх ертөнцөд хөл тавина. Тэрээр хүний ертөнцтэй танилцахдаа олон шинэ зүйлийг таньж мэдэх болно.

Энэ бол үзэгчдийг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, амьтдад хор хөнөөл учруулахгүй байх, аливаа амьтай бүхнийг үнэ цэнтэй гэж харах ёстойг ойлгуулах сайхан түүх юм.

7. ONWARD (2020)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 42 минут

Тайлбар: Ах дүү хоёр элф үлгэрийн ертөнцөд амьдардаг. Бүр маш орчин үеийн, хүнтэй төстэй амьдралын хэв маягтай гээч. Гэвч санаандгүй тохиолоор олсон зүйл нь тэднийг жинхэнэ ид шидийн хайгуулд хөтөлнө.

Уг бүтээл дэргэдээ байгаа хүний үнэ цэнийг ойлгох яагаад чухал болох, бид яагаад тэр хүмүүсийг байх л ёстой юм шиг хүлээж авдаг талаар өгүүлнэ.

8. COCO (2017)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 45 минут

Тайлбар: 12 настай Мексик хүү Мигель үхэгсдийн орон руу өөрийн шүтээн Эрнесто де ла Круз хэмээх домогт дуучинтай уулзахаар явна. Тэрээр тэнд өвөг дээдсийнхээ сүнстэй уулздаг.

Энэхүү ер бусын түүх нь ойр дотнын хүмүүсээ хайрлах, гэр бүлийн гишүүдтэйгээ өнгөрөөх цаг хугацаагаа нандигнах, мөрөөдөлдөө хүрэх зам бартаатай мэт санагдаж байсан ч давж гарахаа айхгүй байх талаар сургамжилна.

9. INSIDE OUT (2015)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 35 минут

Тайлбар: Райли бол жирийн нэгэн сурагч охин. Түүний зан авир баяр баясгалан, айдас, уур хилэн, жигшүүр, уйтгар гуниг гэсэн таван үндсэн сэтгэл хөдлөлөөр тодорхойлогддог. Эдгээр сэтгэл хөдлөл нь түүний тархинд бяцхан хүмүүс хэлбэрээр оршдог бөгөөд охинд амьдралын янз бүрийн бэрхшээлийг даван туулахад нь тусалдаг.

Хүн болгон өөрийн гэсэн дотоод ертөнцтэй учраас бие биенээ ойлгож, үзэл бодлыг нь хүндэтгэж байх ёстой гэсэн санааг бид энэ бүтээлээс олж харах болно.

10. RED SHOES AND THE SEVEN DRAFTS (2019)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 32 минут

Тайлбар: Үлгэрийн эзэнт гүрний охин санамсаргүй байдлаар ид шидийн гутал олсноор гоо үзэсгэлэнтэй гүнж болж хувирдаг. Энэ эзэнт гүрэнд өмнө нь хунтайж байсан долоон ногоон одой мөн амьдарна.

Энэхүү хүүхэлдэйн кино нь бидэнд өөрсдийн гадаад төрхөө хүлээн зөвшөөрч, дотоод гоо үзэсгэлэндээ анхаарал тавих нь хэчнээн чухал болохыг ойлгуулахыг оролджээ.

11. ANA AND BRUNO (2017)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 36 минут

Тайлбар: Анна хэмээх бяцхан охин ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж нь шаргуу ажиллах ёстой ч охиндоо анхаарал тавихыг чадлаараа л хичээдэг. Гэвч ээж нь өвдсөнөөр Анна ээжтэйгээ хамт эмнэлэгт хэвтэхээр болно. Нэгэн шөнө охин эмнэлгийн танхимд хачин амьтантай уулзаж, удалгүй найзууд болдог.

Энэ хүүхэлдэйн кино нь үхлийн тухай ноцтой сэдвийг тусгасан болно. Үхэл гээч зүйл үнэхээр байдаг бөгөөд бидэн дээр гэнэт л ирдэг. Гэвч бидэнд үхэлтэй дасан зохицож амьдрахаас өөр сонголт үгүй гэдэг үнэнийг харуулахыг зорьсон хүүхэлдэй юм.

12. TITO AND THE BIRDS (2018)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 13 минут

Тайлбар: Тито хүү хүмүүс айснаасаа болж өвчин тусах эрсдэлтэй ертөнцөд амьдардаг. Шувуудын жиргээнд хүмүүсийн айдсын нууц байгаа гэдэгт Тито итгэлтэй байдаг. Дээр үед түүний аав шувууны хэлийг хөрвүүлдэг төхөөрөмж бүтээсэн. Гэвч Тито аавтайгаа уулзалгүй удсан бөгөөд найзуудтайгаа хамт аавыгаа хайхаар адал явдалт аялалд гарна.

Уг хүүхэлдэйн кинонд томчуудад ч гэсэн заримдаа ойлгоход хэцүү нөхцөл байдал үүсдэг гэдгийг харуулна.

13. WEATHERING WITH YOU (2019)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 52 минут

Тайлбар: Анхны хайр болон хүмүүсийн харилцааны тухай сэдвийг хөндсөн бүтээл. Уг бүтээлийн найруулагч өсөж том болох, нөхөрлөл, хайр, золиос зэрэг сэдвүүдийг нэгэн зэрэг илэрхийлэх гэж оролдсон байдаг.

Залуу хосуудын амьдрал тэдний өмнө бий. Тэдний гэгээлэг оюун санаа шинэ адал явдлыг даван туулахад нь тусална.

14. HOME (2015)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 34 минут

Тайлбар: Харь гарагийнхан манай дэлхийг эзэлж, өөрчлөхөөр шийднэ. Өөрийн хүмүүсээс зугтаж чадсан Оо хэмээх өхөөрдөм гийчин дэлхийд газардаж Тип нэртэй бяцхан охинтой ер бусын нөхөрлөл үүсгэх болно. Тэд хамтдаа цэнхэр дэлхийгээ аврахаар хичээдэг.

Энэ бүтээлээс бид хийх гэж буй зүйл маань биелэгдэшгүй даалгавар мэт санагдах ч амжилтад хүрнэ гэсэн итгэл өөдрөг үзлээр хүнд хэцүү үеийг даван туулж болно гэдгийг ойлгох болно.

15. ABOMINABLE (2019)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 37 минут

Тайлбар: Хачирхалтай нэгэн сэвсгэр амьтан лабораториос зугтдаг. Түүнийг байшингийн дээвэр дээр нуугдаж байхад нь охин олж найз нөхдөдөө энэ тухай хэлнэ. Хүүхдүүд уг сэвсгэр амьтныг хорон муу эрдэмтдээс аврахаар шийдсэн цагаас тэдний хувьд адал явдал эхлэх болно.

Бид энэ бүтээлээс хүнд хэцүү цаг үед хүний мөн чанар хэрхэн илэрдэг болох, бэрхшээлийг даван туулахад хамтын хүч хэчнээн чухал болохыг ухаарах болно.

16. DUCK DUCK GOOSE (2018)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 31 минут

Тайлбар: Бүтэл муутай ч гэсэн хөгжилтэй Пэн байнга л хүнд асуудалд орно. Пэн гэдэг нь галуу шүү. Нэг удаа тэр далавчаа хугалаад хоёр дэгдээхийг алах шахсан юм. Гэвч тэрээр дэгдээхийнүүдэд анхаарал тавихаар шийдэж хамтдаа бяцхан аялалд гарна.

Энэхүү хүүхэлдэйн кино нь энгийн боловч гүн гүнзгий утга агуулгатай бүтээл юм. Гэр бүл юу юунаас илүү чухал гэсэн санааг илэрхийлнэ.

17. BIG HERO 6 (2014)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 42 минут

Тайлбар: Энэхүү хүүхэлдэйн кинонд залуу зохион бүтээгч хүү болон хөгжилтэй том биетэй залуугаас зэвсэг болж хувирч чаддаг Бэемакс нэртэй роботын тухай гардаг.

Уг бүтээл олон санааг илэрхийлэх гэж оролддог боловч хамгийн чухал нь нөхөрлөл болон боловсрол, хувь хүний хөгжлийн асуудал хэчнээн чухал ач холбогдолтой вэ гэдгийг харуулна.

18. THE LORAX (2012)

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 26 минут

Тайлбар: Хуванцар ертөнцөд жинхэнэ модыг хэрхэн олох вэ? Мэдээж эхлээд та адал явдалт замыг туулж, байгалиа аврах хэрэгтэй болно! Лоракс хэмээх хөвгүүн болон түүний хачин хөвсгөр найз энэ бүхнийг хийхээр зориг шулуудна.

Уг бүтээл манай гарагийн болон ирээдүй хойч үеийн хүмүүсийн амьдрал ямар байх нь өнөөгийн биднээс хамаарна гэдэг чухал санааг та бүхэнд хүргэх болно. 

Эх сурвалж: Brightside

#Кино урлаг #Хүүхэлдэйн кино