Шинэхэн оюутнуудад өгөх 5 зөвлөгөө


М.Намуун | YOLO.MN
2023-08-22

Өдөр хоног өмссөн хувцас шиг солигдсоор нэг л мэдэхэд алтан намар хаяанд иржээ. Дулаахан өдрүүд дуусах нь гунигтай ч шинийг сурч мэдэх , шинийг эрэлхийлэх гайхалтай өдрүүд та бидний урд айсуй. Арван жилийн бүтэлгүй дурлал, авч байсан муу дүнгүүдээ мартан бүхнийг шинээр эхлэх цаг ирлээ. Ингээд Yolo.mn та бүхэндээ шинэхэн оюутнуудын анхаарвал зохих 5 зөвлөмжийг хуваалцаж байна. 

Шинэ орчинд өөрийгөө дасгах 

Огт танихгүй олон хүн дунд ганцаархнаа орно гэдэг ямар ч хүнд айдас төрүүлдэг. Энэ мэдрэмжийг маш хөнгөхнөөр хүлээж авах нь таныг түр зуурын айдсаа даван туулахад тусална. Юун түрүүнд сургуулийн орчин тойронтойгоо сайн танилцаж, бусдаас ямар нэг тусламж хүсэхээсээ бүү санаа зовоорой. Ихэнх оюутнууд тантай ижил мэдрэмжийг авч байсан учраас чамайг сайн ойлгож, мэдэхгүй зүйл дээр чинь туслах болно гэдэгт итгэлтэй байна. 

Мэдэхгүй зүйлээсээ ичих хэрэггүй 

Юун түрүүнд бид мэдэхгүй зүйлээсээ ичихгүй байх нь чухал. "Бүгд анх удаа амьдарч байгаа гэдэг үгийг сонсож байсан биз". Тэгвэл шинэ зүйл сурах нь ч мөн анх удаагийнх нь учраас та мэдэхгүй байх эрхтэй гэсэн үг. Харин үүнээсээ ичиж, санаа зовох нь таныг тухгүй байдалд оруулж мэднэ.  Шинэ зүйлсийг хүн дадал, зуршлын тусламжтай хялбархан сурдаг учир чадахгүй ч гэсэн оролдсоор, давтсаар байх хэрэгтэй шүү.

Цагаа зөв тооцоолж сурах 

Хичээлийн жил эхлэхтэй холбоотой замын түгжрэл эрс нэмэгддэг. Шинэхэн оюутнуудын хувьд энэ нь том асуудлуудын нэг болдог. Ийм учраас гэр, сургууль хоёрынхоо хоорондын зай болон явах цаг, түгжрэлийг сайтар тооцоолох хэрэгтэй. Цаг барих соёлтой хүн хаа ч үнэлэгддэг юм шүү.

Даалгаврыг цаг тухайд нь хийх 

Их сургуулийн боловсрол чамаас зөвхөн хариуцлагатай байдлыг хүсэх болно. Чи заавал сайн байх албагүй ч хариуцлагатай байх хэрэгцээ үүснэ. Энэ нь тийм ч хэцүү зүйл биш бөгөөд өгсөн даалгавруудыг бага дээр нь цаг тухайд нь хийхэд л болно. Оролдлого сайт оройд нь дээ. Чадахгүй ч гэсэн хийхийг  хичээнэ гэдэг өөрөө оролдлого юм шүү. 

Аялал, зугаалгад явах 

Аялал, зугаалгаар явах Шинэ хамт олон дунд амархан дасахыг хүсвэл анги, сургуулиас зохион байгуулж буй аялал, зугаалгад идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Энэ нь цагийг хөгжилтэй өнгөрөөхөөс гадна таны стрессийг тайлж, олон найз нөхөдтэй болоход туслах болно.

Адал явдал, амжилт бүтээлээр дүүрэн оюутны амьдралд тавтай морил.

 

 

 

#нийтлэл