Jennie “Extra L” дуундаа Монгол залуутай хамтран ажиллажээ


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-02-25

Blackpink хамтлагийн гишүүн Jennie хэдхэн хоногийн өмнө Америкийн реппер Doechii-тай хамтарсан “Extra L” дуугаа олны хүртээл болгосон билээ. Энэхүү дуу нь түүний “Ruby” хэмээх анхны бие даасан цомогт багтсан дуу юм.

Сонирхолтой нь тус дууны клипэнд монгол залуу хамтарч ажилласан байна. Дууны төгсгөл хэсэгт “PA: MUNKHBAT MUNK NOROVSAMBUU” гэх нэр байгаа нь түүнийг энэ дуунд хамтарч ажилласныг батлах юм.

PA гэдэг нь Production Assistant буюу продакшны туслах ажилтан гэсэн үгийн товчлол бөгөөд ерөнхийдөө зураг авалтын туслах ажилтан гэж ойлгож болно. Зураг авалтын байршил бэлдэх, тоног төхөөрөмж байрлуулахад туслах, жүжигчдийн хувцаслалт, хоол хүнс, тээврийн асуудлыг зохицуулах, зураг авалтын хуваарь гаргах, камерын хэрэгсэл, гэрэлтүүлэг зэрэг тайзны эд зүйлс бэлдэх, хураах, зураг авалтын үеэр хүмүүсийн хөдөлгөөнийг удирдах зэрэг чухал үүрэгтэй.

Мөнхбатын царай болон бусад хувийн мэдээлэл олон нийтэд ил байдаггүй. Харин ажлын хувьд өмнө нь АНУ-ын дуучин Ariana Grande-ийн “The Boy is Mine”, Bazzi-ийн “Will it Ever Feel The Same” гэх дуу болон өөр хэд хэдэн уран бүтээлчдийн дуунд хамтарч ажиллаж байсан туршлагатай. Тэрээр олон улсын хөгжмийн салбарт өөрийн байр сууриа бий болгож, дэлхийн хэмжээний уран бүтээлчидтэй хамтран ажиллаж буй олон Монгол залуусын нэгэн төлөөлөл юм.

Мөн к-поп салбарт Монгол залуусын оролцоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Blackpink хамтлаг энэ долоодугаар сард аялан тоглолт хийхээ зарласан бөгөөд тэдний хамгийн эхний Сөүл дэх тоглолтын тайз засалтыг Монголчууд хийж байгаа аж. Тэд өмнө нь MAMA хөгжмийн шагнал гардуулах ёслол, Blackpink, Straykids зэрэг хамтлагийн тоглолтын тайз засалтыг хийж байжээ.

Ямартай ч Монгол залуус өөрсдийн ур чадвараар дэлхийд үнэлэгдэж, амжилттай явахыг харах хүн бүрийн хувьд бахархмаар хэрэг билээ. Тэднээс гадна маш олон залуус олон улсад амжилттай ажиллаж байна.

Эх сурвалж: Kpop Barimt

#Jennie #Extra L #Blackpink