Зүрх догдлуулж, сэтгэл дулаацуулах “Slice of Life” төрлийн 12 аниме


YOLO.mn | YOLO.MN
2023-08-22

Үйл явдал, өгүүлэмжээрээ ялгардаг аниме нь  хэний ч хэлж захиагүй санааг бидэнд алсуур ойлгуулж чаддаг. Ер бусын ерөндөг агуулсан энэ кино урлагаас сурах зүйл, авч үлдэх санаа бишгүй их. Ингээд зүрх догдлуулж, сэтгэл дулаацуулах “Slice of Life” төрлийн 12 анимийг танд танилцуулъя. 

Play it Cool, Guys!

Уг цуврал нь царайлаг, догь харагддаг залуус өдөр тутмын амьдралдаа хэрхэн ичмээр жижигхэн алдаанууд гаргаж, үүнийгээ хэрхэн аргалж буй талаар харуулдаг маш хөгжилтэй цуврал юм. Энэхүү цувралыг үзсэний дараа түлхүүрээ мартах, буруу зүг рүү явах, чихэвчээ утсандаа холбохоо мартах гэх мэт ичмээр алдаанууд тийм ч ичмээр биш харин ч хөгжилтэй догь санагдах болно.

Horimiya: Missing Piece

Гарч эхлээд нэлээн амжилт олсон Хоримияа романтик цувралын нэгдүгээр улиралд гараагүй хэсгүүдийг нэгтгэн Horimiya: Missing Piece нэртэйгээр гаргаж байгаа билээ. Энэ удаагийн улиралд хос хоёрын харилцаанаас гадна эргэн тойронд нь буй янз бүрийн хүүхдүүдийн хоорондын харилцаан дээр илүү анхаарсан нь илүү Slice of Life төрлийн болгожээ. Ахлах сургуулийн охид хөвгүүдийн өдөр тутмын амьдралд тохиолдож буй хөгжилтэй үйл явдлуудаар сэтгэлээ дулаацуулаарай. 

Bocchi the Rock

Ахлах сургуулийн дөрвөн охин тус тусын мөрөөдлөө биелүүлэхээр байгуулсан рок хамтлаг, энэ хамтлаг дээр бий болсон нөхөрлөлийн талаар өгүүлэх уг аниме нь өнгөрсөн онд гарсан хамгийн сайн цуврал гэдэгт санал нийлэх хүн олон байх. Хөгжмөөс гадна интроверт, бүрэг ичимхий хүн бусадтай хэрхэн харилцаж буйг, уг харилцааг үүсгэх үед гарч буй хүндрэлүүдийг хөнгөн хошигнол хэлбэрээр харуулсан нь үнэхээр хөгжилтэй. Интроверт хүмүүс үзэхэд төгс тохирсон цуврал юм.

Skip and Loafer

Алслагдсан тосгоноос нэгэн охин хотын ахлах сургуульд шилжиж ирээд, ирээдүйн мөрөөдлийнхөө төлөө хэрхэн хичээж буйг харуулах энэхүү цувралыг үзсэндээ хэзээ ч харамсахгүй. Бүх дүр нь үнэхээр хөөрхөн, өөр өөрийн замаар хорвоог туулж эхлэх гэж хичээж буй хүүхдүүд байдаг. 

Whisper of the Heart 

Анхны хайр, бага насны дурсамж, мөрөөдлийнхөө талаар өөр хаанаас ч авч байгаагүй “Nostalgic” мэдрэмж авахыг хүсвэл уг бүрэн хэмжээний анимийг үзэхийг санал болгоё. Хамгийн гэгээн, нандин гэсэн бүх дурсамжаа эргүүлэн санаж, төсөөлөл мөрөөдлөөр бялхан байсан зүрх сэтгэлээ буцаан олж авч чадна гэдэгт итгэлтэй байна. Уйлмаар санагдуулам хөөрхөн, эрдэнийн чулуу шиг нандин кино юм шүү.

Silver Spoon

Хичээгээд хичээгээд л байхад нэг л болж өгөхгүй, юу ч бүтэхгүй байх мэдрэмж үнэхээр муухай шүү дээ. Энэ муухай мэдрэмжээс болоод дахиж хичээж чадахгүй юм шиг санагдаж байвал уг цувралыг үзэхийг санал болгоё. Дахиад ганц удаа хичээгээд үзэхэд болохгүй юм байхгүй гэх сэдэл төрөх нь гарцаагүй. Учир нь хичээж байна гэдэг нь л өөрөө чухал болохоор тэр. Энэ аниме бол хичээж ажиллах үеийн баяр хөөр, хичээл зүтгэлийн үнэ цэнийг харуулдаг цуврал юм.

Nichijou

Play it Cool, Guys! цувралын эмэгтэй хувилбар ч гэж хэлж болно. Хөөрхөн охид хөөрхөн зүйлс хийдэг аниме олон ч хөөрхөн охид тэнэгдүү зүйлс хийдэг аниме гэвэл энэ нь яах аргагүй Nichijou юм. Охид дор бүрнээ хүмүүст хэлж чадахгүй ичдэг ч үнэхээр дуртай зүйлстэй. Тэгвэл энэ охид хоббигоо хэрхэн үргэлжлүүлж буйг уг цуврал харуулах болно. Хийж буй зүйл чинь ичмээр тэнэгдүү байсан ч хамаагүй, чи хийх үедээ чин сэтгэлээсээ хандаж байгаа эсэх нь л хамгийн чухал. Тийм л бол тэр чинь яг л чиний хийх зүйл мөн юм. Ичмээр зүйлс тийм ч ичмээр биш. 

Komi San can’t Communicate 

Бусадтай ярилцах нь битгий хэл ганц ч үг хэлж чаддаггүй бүрэг ичимхий охин Коми ахлах сургуульдаа Тадано гэх хөвгүүний тусламжтайгаар хэрхэн зуун найзтай болох гэж хичээж буйг харуулдаг энэхүү цувралаас өөр өөрийн онцлог зан араншинтай хүүхдүүдэд төрдөг мэдрэмж болон тэдэнд тохиолдох хөгжилтэй түүхүүдийг үзэх боломжтой. Дээрээс нь Коми охины үзэсгэлэнтэй төрхийг хараад хариу үйлдэл үзүүлж буй хүмүүс уг цувралыг үнэхээр инээдтэй болгодог.

Ano Hana 

Ийм гунигтай цуврал яагаад энэ жагсаалтад байгааг та гайхаж магадгүй. Гэхдээ AnoHana бол бүх цаг үеийн хамгийн шилдэг “Slice of Life” анимийн нэгт зүй ёсоор багтдаг. “Secret Base” гэх төгсгөлийн дуу нь явж эхлэх үед л хоолой нь зангирч, нулимс урсгадаг бүх шүтэн бишрэгч нь уг цувралыг хамгийн гунигтай хэр нь хамгийн нандин түүхтэй цуврал гэдгийг хэлж чадна. Гол дүрийн охин маань зүгээр л найзуудтайгаа хамт галт наадам үзэж, нуугдаж тоглоод зөндөө их хөгжилдөхийг хүссэн. Тэр найзуудыгаа хамтдаа эвтэй, аз жаргалтайгаар үргэлж хамт байгаасай л гэж хүссэн юм. 

Fruit Basket

Гунигтай, жаргалтай ямар ч өнгөрсөн түүхтэй бай хүмүүст эелдэг, сайхан сэтгэлээр хандаж байх хэрэгтэйг уг анимед харуулдаг. Тиймээс “Эмпати” гэх үгийн утгыг ойлгож, илүү гүн гүнзгийгээр мэдэрч үзэхийг хүссэн хүнд уг цуврал яг тохирно. Эелдэг сайхан сэтгэлтэй хүний дэргэд байхад хүмүүс өөрөө ч мэдэхгүйгээр үнэ цэнээ илүү ихээр мэдэрч эхэлдэг. Бусдад сайхан хандаж байгаа гэж жүжиглэх биш үнэхээр л чин сэтгэлээсээ эелдэг нэгэн болохыг хүсэхэд хүргэдэг цуврал юм. 

Only Yesterday

Ghibli кино студийн тулгын гурван чулууны нэг болох Исао Такахата найруулагчийн бүтээл болох “Дөнгөж өчигдөрхөн” гэх нэртэй уг бүрэн хэмжээний кино нь хүүхэд насны гунигтай жаргалтай бүх дурсамж бүгдээрээ ямар үнэ цэнтэй болохыг харуулдаг юм. Том болсны дараа инээгээд л үлдээх дурсамж хэдий ч тэр том болсон нэгнийг бүтээж өгсөн нандин үе бол хүүхэд нас билээ. Гол дүрийг Таэко бүсгүйн хамт эргээд бага нас руугаа очиж, нандин дурсамжаараа аялаарай. 

Violet Evergarden

Цөөхөн ангитай хэдий ч үзсэн хүн бүрийнхээ сэтгэлийн гүнд томоо гэгчийн зай эзэлж орхидог цуврал бол яах аргагүй Violet Evergarden юм. Энэ цуврал таныг уйлуулна, инээлгэнэ, гунигт автуулна, хэнгэнэтэл санаа алдуулна. Хайр, уучлал, нөхөрлөл, гуниг, хүний сэтгэл зэрэг нь яг юу болох тэлээх эргэцүүлэн бодоход хүргэнэ. Тэгээд эцэст нь хамгийн гэгээн дурсамж болж үлдэнэ. Хэчнээн жил өнгөрсөн ч энэ цувралыг анх үзэж байсан үеэ дурсахад дулаахан мэдрэмж төрнө гэдэгт итгэлтэй байна. Гол дүрийн Виолет охины хамтаар дахиад шинийг сурч мэдэх аянд нь амжилт хүсье.

 

#нийтлэл