В.Даваадолжин: Интерьер дизайнерын эрэлт хэрэгцээ ИХ БИЙ


Бид мэргэжил сонголтын талаарх цуврал ярилцлагынхаа энэ удаагийн дугаарт “Creative Bumbuush Gallery”-гийн үүсгэн байгуулагч, уран зураач, интерьер дизайнер В.Даваадолжинг урьж оролцууллаа. Тэрээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг интерьер дизайнер мэргэжлээр суралцаж төгссөн ба интерьерийг уран зурагтай хэрхэн хослуулж ажилладаг тухайгаа бидэнтэй хуваалцлаа. 

Мэргэжлээ хараахан сонгож амжаагүй яваа төгсөх ангийн сурагчид болон интерьер дизайн мэргэжлээр суралцах эсэхдээ эргэлзэж буй уншигч та бүхэн сонирхсон асуултынхаа хариултыг энэхүү ярилцлагаас олно гэдэгт итгэлтэй байна.


YOLOСайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагаа хүүхэд насны тань мөрөөдлийн тухай яриагаар эхлүүлье. Ихэнх хүүхдүүд багадаа цагдаа эсвэл эмч болно гэж мөрөөддөг бол таны хувьд ямар мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байсан бэ? Багадаа юунд сонирхолтой хүүхэд байв?

- Багадаа дуулж бүжиглэх, зураг зурах хоббитой хүүхэд байлаа. Ямар ч зүйлийг дүрслээд зурчихдаг, өөрөө ч түүндээ дуртай байсан болохоор уран зураач болно гэж мөрөөддөг байсан. Тиймээс дунд ангиасаа “Монгени” бүрэн дунд сургуульд орж, мэргэжлийн багш нараас суралцах болсон. Дунд болон ахлах ангидаа уран зургийн олон тэмцээнд өөрийгөө сорьж, орсон уралдаан бүрээсээ шагнал авдаг байлаа. Уралдааны шагналаар зусланд амарч, англи хэлний сургалтад сууж, зургийн хэрэгсэл, гэр бүлдээ бэлэг авдаг байсан нь тухайн үедээ орлогогүй надад их урам зориг өгдөг байв. 

YOLOОдоогийн энэхүү мэргэжлээ өөрийн хүслээр сонгосон уу? Гэр бүлийнхэн болон бусад хүчин зүйлс нөлөөлсөн үү?

- Миний цэцэрлэгт байхаасаа эхлээд зурсан бүхий л зургуудыг аав, ээж маань нандигнан хадгалж, зурах авьяасыг минь хөгжүүлэх гэж маш их хичээж хөдөлмөрлөсөн. Намайг хүүхэд байхад манайх СХД-ийн Ханийн материалд амьдардаг байсан юм. Аав, ээж, том ах нар маань намайг бага ангид байхаас эхлэн тэр хол газраас Хүүхдийн урлан бүтээх төвд өдөр болгон хүргэж өгнө. Зургийн дугуйланг дуустал хоёр цаг гадаа хүлээж байгаад авч харьдаг байсан. Ахлах сургуулиа төгсөх жилдээ улсын уран зургийн олимпиадад оролцож тэргүүн байр эзэлснээр Шинжлэх ухаан, технологийн их сургуульд урилгаар суралцах эрхийн эзэн болж, амьдралынхаа нэгэн том хаалгыг нээсэн юм.


YOLOИнтерьер дизайнер хүнийг нэг үгээр тодорхойлбол “уран бүтээлч” шүү дээ. Ер нь энэ мэргэжлийн талаар мэдээлэл багатай хүмүүст зориулж өөрийнхөө юу хийдгийг танилцуулбал?

- Интерьер гэдэг нь дотоод гэсэн утгатай франц үг. Иймд дотоод засал чимэглэлийг интерьер дизайн гэж нэрлэдэг. Харин интерьер дизайнерууд аливаа орон зайн зөв шийдлийг олж, тохилог орчныг бий болгох үүрэгтэй. Барилга, оффис, дэлгүүр зэрэг бүхий л орчны дотоод засал чимэглэлийг хийж гүйцэтгэдэг. Интерьер дизайнер сэтгэхүй болоод дүрслэлийн дээр үндэслэн, зураг төслийн ажлыг орчин үеийн техник технологийг ашиглан байгаль орчинд хор хөнөөлгүй, үр ашигтай, эерэг, шинэ загварыг бие дааж гүйцэтгэх чадвар эзэмшдэг. Олон төрлийн төсөл дээр ажиллаж, шинэлэг санааг бодит болгож, урлагийг хүний амьдралтай холбодог гайхалтай мэргэжил.

YOLOЗургийн хичээл, математиктаа сайн хүүхдүүд л ирээдүйд интерьер дизайнер болох боломжтой гэж хүмүүс боддог шүү дээ. Үнэхээр л архитектор болоход математик болон зургийн хичээлдээ авьяастай байх шаардлагатай байдаг уу?

- Шинжлэх ухаан, технологийн их сургуульд математикийн ЭЕШ болон ур чадварын шалгалтын оноогоороо эрэмбэлэгдэн хүссэн ангиа сонгон суралцах эрхтэй болсон. Тиймээс архитектор болохын тулд математикийн хичээлээ сайн бэлдэж, урлагийн тодорхой хэмжээний мэдрэмжтэй, зурах ур чадвартай байх хэрэгтэй. Гэхдээ үнэхээр тухайн хүний хүссэн мэргэжил мөн бол ур чадвараа муу гэж өөрийгөө голж болохгүй. Өдөр бүрийн уйгагүй хөдөлмөрөөр сайжруулах боломжтой. Нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөрөөс хүний амжилт бүтдэг гэдэг шүү дээ. 


YOLOХүмүүс тэвчээртэй хүн л эмч болж чадна гэж ярьцгаадаг. Харин ямар зан ааш, ур чадвартай хүнд таны сонгосон мэргэжил илүү тохирох бол?

- Мэдрэмжтэй, өвөрмөц сэтгэлгээтэй, бүтээлч, шинийг эрэлхийлдэг байх хэрэгтэй. Тухайн интерьерийн чимэглэл өнгө дүрс, хэм хэмжээ, мэдрэмжээр бүтдэг болохоор урлаггүйгээр төсөөлөх аргагүй. Хүүхдүүд аливаа зүйлийг таньж мэдэхийн тулд эцэг, эхээсээ “яагаад?” гэдэг асуултыг үргэлж асуудаг шиг интерьер дизайнерууд бүх зүйлийн цаад учрыг олдог байх нь чухал юм. Миний хувьд гэр бүлээрээ ресторанд орохдоо хоолыг нь биш интерьер дизайн, орчныг нь ажигладаг зуршилтай болчихсон байсан. Интерьер дизайнер хүн байнга судалгаа шинжилгээ хийж байж цаг үетэйгээ хөл нийлүүлж чадна. Манай сургуулийн багш нар дизайнерууд тухайн орчинд очиж, орж, сууж үзэж байж юу нь болж байна, аль нь болохгүй байна гэдгийг мэдэж чадна гэж зөвлөдөг байсан.

YOLOИх сургуулиа интерьер дизайнер чиглэлээр суралцаж төгссөн бол ирээдүйд өөр ямар чиглэлээр ажиллах боломжтой байдаг вэ? Ер нь энэ чиглэлээр мэргэшихийн давуу тал юу вэ?

- Интерьер дизайнерууд барилгын инженер, уран зураач зэрэг мэргэжлээр цааш гүнзгийрүүлэн суралцах боломжтой. Энэхүү мэргэжлээр барилгын салбарт ажиллахад олон талаар хөрвөх боломжтой байдаг. Миний хувьд цаашид монументаль уран зургаар гүнзгийрүүлэн суралцах төлөвлөгөөтэй байна. Монументаль уран зураг гэдэг нь барилга, архитектур, интерьертэй хосолдог уран зургийн төрөл юм. 

 


YOLOАнх удаа ажлын байран дээр гарахад ажлын байр тань өмнө нь оюутан байхдаа ч юм уу, сурагч байхдаа төсөөлж байснаас хэр өөр байсан бэ? Ажлынхаа анхны өдрийн талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?

- Манай ангид надтай чацуу эсвэл дүү залуучууд суралцдаг байсан. Компьютер дээр ажиллах өндөр чадвартай, авьяаслаг залуучуудтай нэг ангид суралцаж төгссөн учраас тэдний түвшинд хүрэхгүй байх вий дээ гэсэн айдастай байлаа. Сургуулиа төгсөхөд ажлын санал ирж анх удаа барилгын интерьер дизайн дээр ажилласан юм. Тухайн төсөл дээр ажиллаж байх үедээ ажлаас хэзээ ч айж болохгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Үнэхээр өөрийнхөө мэргэжилд дуртай, сонирхолтой бол гарааны бизнес эсвэл томоохон компани гэдгээс үл хамаарч ямар ч ажлыг голохгүй ажиллах хэрэгтэй. Миний хувьд анх ажилд орох үедээ энэ мэргэжлээрээ хүний сэтгэлд хүртэл ажиллаж чадах юм байна гэсэн итгэлтэй болсон. 

YOLOТа нийт хэчнээн интерьерд өнгө нэмэх уран зургуудыг зурсан бэ? Тэдгээрээс хамгийн их ур чадвар шаардсан нь ямар бүтээл байв? 

- Дунд сургуулиас эхлээд гэр бүл, хамаатнуудаасаа захиалга авч зураг зурж өгдөг байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх бүтээлүүдээ тоолоход их олон. Бүтээлүүд маань айлын гэрийн хойморт заларсан байхыг хараад их догдолж, сайхан санагддаг. Зурсан зургуудаа эргээд харахад Монгол орны байгаль, нутаг усны зургууд их хөдөлмөр, ур чадвар шаардсан байдаг. Тухайн зургууд нарийн уусалт, чимэглэл, зураас зэрэг зураачийн нарийн ур чадварыг шаарддаг. Мөн Монгол орны байгалийн зургуудын өнгө аяс интерьер дизайнд илүү зохицдог юм. 


YOLOТа өмнө нь ямар төслүүд ажиллаж байсан бэ? Интерьерийн төсөл, уран бүтээлүүд дээр ажиллахдаа санаагаа хэрхэн бодож олдог вэ?

-Миний хувьд анх 700 гаруй айлын барилгын төсөл дээр ажиллаж байсан. Барилгын суурь тавигдахаас эхлэн баригдаж дуусах хүртэл амжилттай ажиллаж дуусгасан. Энэхүү төслөө дуусгасны дараа ресторан, амралтын газар, дэлгүүр гэх мэт газруудын интерьер дээр ажилласан туршлагатай. Мөн хүмүүст гэрийнх нь интерьер дизайны тал дээр зөвлөгөө өгдөг.

Би хийсвэр гэхээсээ илүү бодит байдалтай хосолсон санаанууд дуртай. Уран зургийн хувьд зүүдэлсэн зүүд, сонин содон харагдсан зүйл, байгаль дээрх үзэгдлүүдээс санаа авдаг. Харин интерьерийг тухайн орчинд амьдрах хүмүүст зориулдаг учир хүмүүсийн санаа бодлыг сонсдог.

YOLOЭнэхүү мэргэжлээр ажиллахын давуу болон сул талаас дурдаач. Бусад мэргэжлээс юугаараа давуу талтай вэ?

- Миний хувьд эрэгтэйчүүд график хийц талдаа мэдрэмж, авьяастай байдаг бол эмэгтэй хүн чамин тансаг, зөөлөн шийдлүүд дээр илүү мэдрэмжтэй байж хосолсон шийдлийг гаргаж чаддаг гэж боддог. Захиалагчийн яг юу хүсэж байгааг бүрэн ойлгож, түүндээ тулгуурласан судалгааг хийж, зөвхөн тухайн хүнд зориулсан өвөрмөц орчинг бүрдүүлэх нь энэ мэргэжлийн давуу тал нь байх. Интерьер дизайн хүний амьдралын хэв маягийг тодорхойлж байдаг. Хүн амьдралынхаа ихэнх цагийг ажил, гэртээ өнгөрүүлдэг учир бидний амьдардаг орчин дотоод ухамсарт нөлөөлж, цаашид гаргах шийдвэрүүдэд шууд хамааралтай. Орчноосоо эерэг мэдрэмж, аз жаргал, баяр баяслыг авч байвал тухайн хүн илvv бүтээлч, аз жаргалтай амьдрах болно. Харин сул тал нь компьютер дээр олон цагаар суудаг учраас нүдний хараа муудах, хөдөлгөөний дутагдалд орох магадлалтай. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч байх хэрэгтэй.


YOLOИнтерьер дизайны олон чиг хандлага, урсгал байдаг. Харин сүүлийн үед ямар интерьерийн чиг хандлагууд тренд болж байгаа вэ? 

- Интерьер дизайныг түүхэн, угсаатны, орчин үеийн гэсэн гурван үндсэн чиглэлд хуваадаг. Сүүлийн үед минимал, модерн, арт деко, классик, Итали хэв маягийн контемпорари дизайнууд эрчээ авч байна. Интерьер дизайныг хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн хэрхэн тохирохыг судлан тогтоох ба өөр өөрийн онцлогтой учраас болгоомжтой хандах хэрэгтэй. Мөн орчин үеийн техник технологитой хослуулан эвхэгддэг, хураагддаг, орон зайн олон талт шийдлүүдийг тусгаж хэрэглэгчийн тав тухыг илүү чухалчилсан дизайнууд гарсаар байна. Миний хувьд минимал болон контемпорари хэв маягийг баримтлах дуртай. Хүмүүс амьдрах орчин, хэрэглээндээ минималист буюу энгийн байдлыг эрхэмлэж байна. Байгалийн зураг илүү минималист чиг хандлагад тохирдог.

YOLOӨдөрт нийт хэдэн цагийг ажилдаа зориулдаг вэ? Илүү цагаар ажиллах шаардлага гардаг уу?

Интерьер дизайнерууд ямар нэгэн төсөл дээр илүү цагаар ажиллах тохиолдол олон байдаг. Тухайн төслийнхөө үйл явцыг хянах, удирдлагууддаа танилцуулах, материалын түүвэр хийх зэргээр төсөл эхлэхээс дуусах хүртэл үйл явцад хяналт тавьж ажилладаг учраас цаг хугацаа их зарцуулдаг. Гэхдээ тухайн хүн ажлаа зөв төлөвлөж чадвал илүү цагаар ажиллах шаардлагагүй. Миний хувьд одоогоор гэрээсээ ажиллаж байгаа учир хүмүүст интерьер дизайны зөвлөгөө өгч, бүтээл дээрээ ажиллаж байна. Хэдийгээр гэрээсээ ажиллаж байгаа ч өдөрт найман цаг ажиллахыг хичээдэг. Мөн амралтын өдөр гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөхийн тулд амардаг. Өглөө хүүхдүүдээ сэрэхээс өмнө, тэднийгээ унтсаны дараа зэргээр уян хатан цагийн хуваарьтай ажиллаж байна. 


YOLOӨнөө цагт дэлхий нийтээрээ автоматжиж, роботчилогдож байна. Энэ хэрээр ирээдүйд зарим мэргэжлүүд устана гэсэн таамаглал гараад эхэлсэн. Тэгвэл таны мэргэжил ирээдүйд устах болов уу? Эсвэл хүний тархиар л хийх боломжтой мэргэжил үү?

- Зөвхөн тухайн хүний хүсэл, сонирхол, онцлог, дотоод ертөнцөд тохирсон дизайныг гаргадаг болохоор технологи хөгжсөн ч хүний оюун бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмжийг мэдрэх робот бүтээх боломжгүй байх. Учир нь амьд амьтан, хүн төрөлхтөн л зүрх сэтгэлтэй, мэдрэмжээрээ амьдардаг шүү дээ. 

YOLOТехник технологийн чиглэлээр суралцах бол техник технологи өндөр хөгжсөн Япон, Хятад зэрэг улсад дадлага туршлага хуримтлуулбал илүү сайн боловсон хүчин болно гэдэг шиг аль улсад интерьер дизайнер чиглэлээр чадварлаг боловсон хүчин болох боломжтой вэ?

- Европын орнуудад энэ чиглэлээр суралцвал илүү тохиромжтой. Учир нь дэлхийн шилдэг интерьер дизайнууд Европын орнууд, тэр дундаа Италид байдаг. Милан, Парис, Нью Йорк, Москва зэрэг хотуудад интерьер өндөр хөгжсөн. Гэхдээ улс орон бүрийн онцлог, хэв маяг өөр. Миний хувьд үүнийг Солонгост очоод л ойлгосон. Хүн амын тооноос хамаараад Солонгос улсын архитектур, интерьерийн шийдэл зарим газар үнэхээр биширмээр санагдаж Монголдоо байгуулах юмсан гэсэн жижигхэн атаархал төрсөн. 


YOLOДэлхийд хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн нэгээр интерьер дизайнерыг нэрлэсэн байдаг. Тэгвэл манай улсад энэ чиглэлийн эрэлт хэрэгцээ хэр байдаг вэ? Дутагддаг уу, аль эсвэл хүрэлцээтэй байдаг уу?

- Манай орны хувьд барилга байгууламж олноор баригдаж өдөр ирэх тусам хөгжиж байна. Тиймээс интерьер дизайнеруудын хувьд маш завгүй, хариуцлагатай жилүүд өнгөрөх болсон. Монголд маш их эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжил. Одоогийн байдлаар ажлын зарын сайтууд дээр интерьер дизайнер ажилд авна гэсэн зар олон байна. Ажиллах чин хүсэлтэй хүнд нийгэм нээлттэй. Интерьер дизайн чиглэлийн олон компани бий болж мэргэжилтэн эрэлт хэрэгцээтэй болсон. 

YOLOТа ажилдаа ямар үндсэн зарчмыг баримталж ажилладаг вэ? 

- Эхлүүлснээ дуусгах гэсэн үндсэн зарчимтай. Тухайн ажлыг хийхэд төлөвлөгөөтэй, цагийн менежменттэй, зохион байгуулалттай байх нь хамгийн чухал. Энэ нь миний зураг зурдаг ажилтай холбоотой байж болох юм. Эхлүүлснээ дуусгаж байж тухайн бүтээлд сэтгэл хангалуун байдаг. Тиймээс ямар ч ажлыг хийхдээ шантралгүй эцсийг нь үзэхийг хичээдэг. 


YOLOЦаашид карьераа хэрхэн хөгжүүлэх талаар төлөвлөж байгаа юу? Ирээдүйд зорьж байгаа хамгийн том зорилгоосоо хуваалцаач?

- Аливаа хүн сурах чигийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно гэдэг шүү дээ. Хүн ер нь эрдмийн оргилд хүрэх боломжгүй байх. Тиймээс цаашид мэргэжлээрээ суралцсаар байх болно. Дизайны шийдэл нь нүдэнд харагдаж байдаг дэлхийн шилдэг архитектор Заха Хадид шиг Монголдоо алдартай дизайны шийдлийг гаргахын төлөө хичээнгүйлэн суралцах зорилготой. Залуус бидэнд хийх үйлс их байна. Мөн цаашид өөрийн бие даасан үзэсгэлэнг гаргаж, хүүхэд багачууддаа монгол ахуйг таниулсан зурагт ном гаргахаар төлөвлөсөн. Яг одоо Италийн Ром хотод болох дэлхийн хамгийн том уран зургийн үзэсгэлэнд өөрийн бүтээлээ явуулахаар бэлдэж байна. 

YOLOТаны ярилцлагыг интерьер дизайнер мэргэжлээр суралцах сонирхолтой хүүхэд, залуус уншина. Энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд, суралцахаар сонирхож буй хүүхэд залууст хандаж юун дээр илүү анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөө өгөөч. 

- Юун түрүүнд хамгийн сайн хийж чаддаг зүйлээ олох хэрэгтэй. “Чадахгүй гэвэл тийм ээ чи чадахгүй, чадна гэвэл тиймээ чи чадна гэдэг” үг байдаг шүү дээ. Чамд хүсэл сонирхол, дизайн загварыг гаргах ямар нэг чадвар харагдаж л байвал зүтгээд үз. Өөртөө итгэ. Интерьер дизайн чиглэлээр суралцах гэж байгаа бол өдөрт дор хаяж нэг таталбар, зураас, зохиомж зурж гараа хөдөлгөж байх хэрэгтэй. Өөрийнхөө мэдрэмж, сонирхлыг өдөр бүр хөглөж байх нь чухал юм. Дизайны ангид суралцахад төслийн хичээлүүд орж ноорог зургаас эхлээд судалгаа шинжилгээ, график ажлууд хийж, шөнө нойргүй хонох, тэвчээр заах шаардлагатай үеүд олон. 

Хүний хүсэл сонирхлыг зогсоох зүйл байхгүй байх. Би төгсөх дамжаандаа хоёр хүүгээ төрүүлсэн ч дипломоо бичиж дуусгасан. Өглөө нь хичээлдээ явж, өдөр нь нялх хүүгээ хөхүүлж унтуулчхаад шөнө төслөө бичдэг байлаа. Нэг жил гаруй хугацаанд тогтсон хэв маягаар маш завгүй өдрүүдийг өнгөрөөсөн. Тухайн үед ханатлаа унтаж өнгөрөөсөн мөчийг санахгүй байна. Ингэж л мэргэжилдээ дурласан даа. 

YOLOЯрилцсанд баярлалаа.

#Боловсрол #Мэргэжил сонголт #Интерьер дизайнер