Аливаа зүйлсийн талаар арай өөр өнцгөөс харахад туслах 12 ном


YOLO.mn | YOLO.MN
2023-08-17

Өсвөр нас бол өөрийгөө эрж хайж олох эхлэл тавигддаг маш чухал үе билээ. Энэ үед бид амьдралын зарим нэг асуудал дээр аль хэдийн өөрийн гэсэн тодорхой үзэл санаатай болчихсон байдаг. Тэгсэн хэр нь зарим зүйлсийн учрыг олох гэж хичээсээр байдаг. Өөрийн дуртай зүйлсийг олж мэдэн, өөртөө мэдлэг бий болгох маш том аялал биднийг цааш хүлээж байгаа. Харин ийн аялалд туслах мэдлэг ойлголтыг бий болгоход ном маш чухал үүрэгтэй билээ. Танд аливаа зүйлсийн талаар арай өөр өнцгөөс харахад туслах 12 номыг санал болгоё.

Софийн Ертөнц

Уг номд 14 настай Софи охин философи судлаач багшийн тусламжтай философийн олон мянган жил үргэлжилсэн агуу түүхтэй танилцаж, олон зүйл суралцахын зэрэгцээ амьдарч буй ертөнцийнхөө мөн чанарыг олж, амьдралд нь тохиолдож буй нууцлаг үйл явдлуудын оньсыг тайлах гэж хичээж буй талаар өгүүлдэг. Cуут хүмүүсийн бодол, үзэл санааны талаар бичсэн тул яах аргагүй философи сонирхож буй хүнд эхлэл суурийг нь тавьж өгч чадах ном юм.

Амьтны Ферм

Энэ цаг үед амьдарч буй хүн бүхэн суут зохиолч Жорж Оруэллын “1984” болон “Амьтны Ферм” гэх бүтээлүүдийг уншсан байх хэрэгтэй гэдэг. 1984 ном нь агуулгын хувьд  нарийн төвөгтэй бол “Амьтны Ферм” зохиол  нь илүү хөнгөн, сонирхолтой бичигдсэн тул өсвөр насныхан уншихад ч тохиромжтой. Ялангуяа нийгэм судлалыг сонирхдог хүүхдүүдэд нийгмийн талаар зарим ойлголтыг өгч чадах ном билээ.

Санаа авахаас бүү ай

Хэрвээ чи зураг зурах дуртай, шүлэг зохиохыг хүсдэг, бичлэг зураг кино гээд өөр ямар ч төрлийн бүтээл хийхийг хүсдэг бол хийж эхлэх хамгийн зөв хугацаа нь яг одоо юм шүү. Яг одоо толгойд чинь байгаа бүх санаа хамгийн гайхалтай нь тул энэ үед л хэрэгжүүлж эхлээрэй. Харин хэрхэн бүтээх арга эвээ олохгүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол энэ ном танд гарцаагүй тус болно.

Төгс тоо

Энэ ном танд тоог өөрөөр харах боломж олгох нь гарцаагүй. Тоонд хүчээр дурлуулах гэж оролдохгүйгээр зүгээр л тооны үзэсгэлэн гоог энгийнээр дүрслэн харуулсан байдаг. Зохиолын гол дүрүүдийн халуун дулаан уур амьсгал, хөгшин профессорын тоог тэгтлээ их хайрлах сэтгэл таны сэтгэлийг хөдөлгөх болно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс математикийн хичээлдээ дургүй бол энэ номыг уншаад үзээрэй. 

Анна Каренина

Эмэгтэй хүн энэ номыг нэг л удаа уншсан байхад амьдралдаа гаргаж болох байсан алдааныхаа талыг нь хэзээ ч хийдэггүй гэж зүгээр ч нэг хэлдэггүй байх. Үнэхээр унших үед эмэгтэй хүний амьдралд тулгарч болох олон арван асуудлын утга учрыг ойлгож эхэлдэг. Тиймээс өсвөр насны охид унших хэрэгтэй ном яах аргагүй мөн. Олон хуудастай, зузаан ном ч гэлээ нэг уншаад эхэлбэл үнэхээр сонирхолтой байхын зэрэгцээ юугаар ч сольшгүй үнэтэй туршлага болж үлдэх болно.

Амьсгал агаар болохуйд

Олон жил эмчийн карьер хөөж, эмч болох гэж тэгтлээ их хичээсэн хүн эдгэшгүй хүнд өвчинд нэрвэгдсэний дараа түүний амьдрал, бодол санаа хэрхэн өөрчлөгдөж буй талаар өгүүлдэг тун гунигтай ном юм. Хэдийгээр маш гунигтай төгсдөг ч гэлээ залуу хүмүүст амьдралын утга учир, юуг хийх хэрэгтэй, юуг хийх хэрэггүй гэдгийг үхэлтэй нүүр тулж буй хүний өнцгөөс харах боломжийг олгодог тул тэр хэрээрээ үнэ цэнтэй ном юм.

Бяцхан Ханхүү

Энэ бол зөвхөн хүүхдэд биш бүх насныханд зориулсан ном юм. Амьдралд маш чухал зарим зүйлсийг бид ихэнхдээ мартчихдаг. Хэчнээн санах гэж хичээсэн ч нэг л санаж өгдөггүй, зарим үед бид өөрсдөө ч санах гэж хичээдэггүй шүү дээ. Харин энэ ном амьдралд чухал хэрэгтэй байдаг баяр хөөр, аз жаргал, хайр гэх мэт хүүхдийн сайн мэддэг ч томчуудын мартаж орхидог зүйлсийг сануулж өгөх болно.

Америк эмчийн тэмдэглэл 

Бичиглэлийн хэв маяг нь уншихад бага зэрэг хэцүү, судалгаа шинжилгээ болон бодит тохиолдлуудыг ихэнхдээ ашигладаг мэргэжлийн гэж хэлж болох ном ч гэлээ амьдралдаа нэг удаа ч болов уншсан байхад хэзээд илүүдэхгүй. Эмчтэй хэрхэн харилцах, эмнэлгийн байгууллагад үйлчлүүлэх үедээ анхаарах зүйлсийг жишээ ашиглан бичсэнээрээ их онцлог. Тиймээс ч энэ номыг “Хүнийг эмчлэх, хүнээр эмчлүүлэх хүн бүхэнд зориулсан ном.” гэж тодорхойлдог билээ. Хэрвээ та эмч болохыг хүсдэг бөгөөд эмчийн мэргэжилд тулгарлаг асуудлуудыг мэдэхийг хүсвэл энэ ном тус болох нь гарцаагүй. 

Хайрлах урлаг

Жинхэнэ хайр гэж юу вэ? Ээжийн хайр, романтик хайр, өөрийгөө хайрлах хайр гээд энэ бүх хайрын утга учир юу юм бэ? Яаж хайрлах нь жинхэнэ хайр болох вэ? Эдгээр асуултын хариунд багаар ч болов ойртохыг хүсвэл энэ ном яг л үүний талаар бичигдсэн байдаг. Уншихад жаахан ярвигтай, хэцүү үг хэллэг ихтэй ч тэдгээрийгээ тайлбарлаж өгсөн байдаг тул шинэ соргог мэдлэгүүдийг ч олж боломжтой юм. 

Дүүлэн нис

Хэрвээ чамд давж гарахын аргагүй хэцүү асуудлууд тулгарсаар байгаа, хэцүү мэдрэмж төрсөөр байгаа бол энэ номыг уншаад үзээрэй. Дэлхий даяар олон сая хүний хүндлэл бишрэлийг хүлээсэн гайхалтай хүмүүс ямар бэрхшээлүүдийг туулж өдий зэрэгт хүрсэн болохыг бичсэн байдаг. Бичсэн хэв маяг нь уншиж буй хүндээ “Чи ганцаараа зовж байгаа биш учраас талархаж амьдар.” гэсэн дарамт мэдрүүлэхийн оронд “Чамтай адил хэцүү зүйлсийг даван туулж буй хүмүүс дэлхий дээр олон байгаа. Чи ганцаараа биш, чамтай хамт олон хүн байгаа учраас жаахан л тэсээрэй.” гэсэн гэгээлэг мэдрэмжийг төрүүлдэг тул тус болох нь гарцаагүй.

Нойр хулжаам хувьслын түүх 

Хувьслын түүхийг уншаад асар ихээр сэтгэл хөдөлж огшиж болдог гээд бод доо. Үнэн хэрэгтээ энэ түүх бол дэлхийн бүх түүхийн дундаас хамгийн бадрангуй түүх юм. Жижиг бодисууд хөгжиж явсаар амьд биет үүсгэж тэр амьд биет нь олон сая жилийн хувьслын үр дүнд оюун ухаант хүн төдийгүй олон сая зүйлийн амьтан ургамал бичил биетэн үүсгэсэн энэ нойр хулжаам гайхалтай түүхийг заавал уншиж үзээрэй. Дэлхий ертөнц ямар гайхалтай болохыг бахдан бишрэх нь гарцаагүй. 

Огги бид хоёр 

Хэн нэгний найз байх, хэн нэгний дайсан байх хоёрын аль нь илүү хэцүү вэ? Үнэндээ найз байх нь илүү хэцүү. Чамаас маш их тэвчээр, хариуцлага, сэтгэлийн тэнхээ шаардана. Харин дайсан байх амархан. Үүссэн буруу ойлголтыг залруулах ч шаардлага гарахгүй. Гэвч найз байх сайхан, дайсан байх муухай. Тиймээс дайсан эсвэл найз хоёрын аль нь болохоо шийдэж чадахгүй бол энэ номыг уншиж үзэхийг зөвлөе. 

#нийтлэл