Өнгөрсөн амралтын өдрүүдээр кино театрт тасалбар авахаар зогсохдоо нэг зүйлийг анзаарлаа. Бид киноны насны ангилалд төдийлөн ач холбогдол өгдөггүй юм байна. Тодруулбал саяхнаас кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн Ambulance (2022) кинонд эцэг эхчүүд бага насны хүүхдээ ихээр дагуулж орох нь ажиглагдав. Угтаа бол энэ кино буюу цус нөж ихээр агуулсан, хараалын үг хэллэгийг хязгаарлалтгүйгээр ашигласан, хүчирхийллийн элементтэй гэх зэрэг шалтгаанаар ‘R’ буюу “аль ч насны хүүхэд үзэхэд тохиромжгүй” гэдэг үнэлгээтэй.
Энэ мэтчилэн бага насны хүүхдүүдийг нас, сэтгэхүйн онцлогт нь тохироогүй кино үзүүлж буй нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, кино театрууд бага насны хүүхэд үзэхэд зохимжгүй эсхүл зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан кинонд онлайнаар болон кассаараа хүүхдийн тасалбар борлуулдаг. Хоёрдугаарт, эцэг эхчүүд, асран хамгаалагч, хүүхдүүд, ер нь нийт олонхын дунд киноны насны ангиллын талаарх мэдлэг маш дулимаг.
Кино театрт, өргөн нэвтрүүлгийн сувгаар эсвэл цахим хуудсаар кино контент үзэхээсээ өмнө заавал тухайн контентын насны ангилал, агуулгын талаар судалж бага насны хүүхэдтэйгээ хамт үзэх эсэхээ шийдэж байгаарай. Энэ шийдвэрт тань нэмэр болох үүднээс хамгийн өргөн хэрэглэгддэг насны ангиллын системийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
G - General Audience – Бүх насныханд
Энэ төрлийн тэмдэглэгээтэй кино нь бүх насныханд зориулсан ба гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой. Өгүүлэмж нь бүх насныханд зориулагдсан хэдий ч харилцан яриа, зохиолын хувьд бага насны хүүхдийн сэтгэхүйд тохирсон, өдөр тутмын энгийн үг хэллэгүүдээс бүрдсэн байдаг. ‘G’ ангилалд багтах алдартай бүтээлүүдээс дурдвал:
The Jungle Book (1967)
The Toy Story (1995)
Alvin and the Chipmunks (2011)
PG – Parental Guidance Suggested – Эцэг эхийн хараа хяналт дор
PG тэмдэглэгээтэй контентыг ерөнхийдөө хүүхэд үзэхэд аюулгүй боловч зарим зарим нэг хэсгүүд нь бага насны хүүхдэд зохимжгүй байж магадгүй тул эцэг эх нь хяналт тавих нь зүйтэй. Энэ насны ангилалд багтах киног бага насны хүүхдэд үзүүлэхээс өмнө өөрөө сайтар судалж, зарим тохиолдолд түрүүлж үзээд өөрийн шийдвэрийг гаргаарай. PG ангилалд багтах зарим кинонуудаас дурдвал:
Sing (2016)
Home Alone (1990)
Harry Potter and the Philosopher’s Stone (2001)
PG-13 – Parental Strongly Cautioned – 13 нас хүрээгүй хүүхдэд тохиромжгүй
Энэ төрлийн тэмдэглэгээтэй киног бага насны буюу 13 хүртэлх насны хүүхдүүдэд үзүүлэхгүй байхыг зөвлөдөг. Дайн тулаан, хүчирхийллийн хэсгүүд арвинтайгаас гадна хүчтэй хараалын үг, хар тамхи эмийн бодис хэрэглэж буй хэсгүүд тааралдах нь элбэг. Тийм ч учраас буруу зөвийг ялгах хараахан болоогүй хүүхдүүдэд үзүүлэх нь тийм ч зохимжтой зүйл биш юм. Харамсалтай нь сүүлийн үед нээлтээ хийж буй ихэнх супер баатар жанрын бүтээлүүд PG-13 насны ангилалтай байгаа бөгөөд энэ үеэр кино театрууд харгалзах хүнгүй бага насны хүүхдүүдээр дүүрэн байгаа харагддаг. PG-13 ангилалд багтах зарим кинонууд сонирхуулахад:
Avengers: Endgame (2019)
Spider-Man: No Way Home (2021)
The Batman (2022)
R – Restricted – Аль ч насны хүүхэд үзэхэд тохиромжгүй
Хэрэв чи 18 нас хүрээгүй аль эсхүл насанд хүрээгүй хэн нэгэнтэй хамт кино сонгож үзэхээр шийдсэн бол R үнэлгээг аюулын дохио гэж ойлгоорой. Учир нь R үнэлгээтэй кинонд секс, хар тамхины хэрэглээ, хүчирхийлэл, цус нөж, доромж болон хараалын үг хэллэг ихээр агуулагдаж байх магадлал тун их. Гэсэн хэдий ч энэ ангиллын киног үзэх хориотой гэсэн үг бас биш. Эцэг эх, асран хамгаалагч чинь “хамтдаа үзэхэд ок” гэж дүгнэж байвал өөр хэрэг. Гэхдээ л “тохиромжгүй” гэсэн байгааг ахиад нэг бодолцож үзээрэй. Энэ ангилалд ямар кинонууд багтдаг вэ?
Deadpool (2016)
Ted (2012)
Fifty Shades of Grey (2015)
NC-17 – Adults Only – Зөвхөн насанд хүрэгчдэд
NC-17 ангилалд багтах киног аль ч насны хүүхэд үзэх хориотой. Дээр дурдагдсан бүхий л зохимжгүй материалуудыг агуулсан тул хүүхэдтэй үзэх талаар санасны ч хэрэггүй.
Эцэст нь дүгнээд хэлэхэд үзэж буй контентоо урьдчилан судлах нь маш чухал шүү. Аливаа зүйл харагдаж байгаагаасаа тэс ондоо байх нь бий. Саяхан нэг танил маань хүүхэдтэйгээ Sausage Party (2016) үзэх гэж эхлүүлээд “их нь ичиж, бага нь гайхаад” дууссан байсан. Бага байхад зурагтаар хүүхэлдэйн киноны цаг дээр Futurama (1999-) хэмээх насанд хүрэгчдэд зориулсан анимейшн цуврал гарч мөн ч олон эцэг эхчүүдийн нүүрийг улайлгасан даа. Үзэж буй зүйлдээ анхаардаг байцгаая.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх