ЗАХИДАЛ: Өдөр бүр нэгэн хэвийн байхаас залхаж байна


ССҮТөв | YOLO.MN
2018-09-30

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Өдөр бүр нэгэн хэвийн байхаас залхаж байна

Сайн байна уу? Намайг А гэдэг. Би гуравдугаар сард 12 хүрнэ, эмэгтэй. Би Австрали улсад ирээд гурван сар болж байна.  Наймдугаар сарын 10-нд сургуульд суралцаж эхэлсэн. Тэгээд сургуульдаа ороод нэг сар болж байгаа ч нэг их найзтай болоогүй. Зүгээр л завсарлагаараа ангийнхаа охидтой л тоглодог. Тэрнээс биш утастайгаа л найзлах юм. Би Монголд байгаа найз нөхдөө санаж л байна. Даанч би 2020 оны цагаан сараар л Монголд ирэх байх. Би фэйсбүүкээрээ найзуудынхаа зургийг харахаар Монголдоо л очмоор байх юм. Мөн өдөр бүр нэгэн хэвийн байхаас залхаж байна. Би үнэхээр ганцаардаж байна. Надад туслаач!

ЗӨВЛӨГӨӨ: Ганцхан сарын дотор бүх зүйл хэвийн болж амжихгүй

Сайн уу, Амударъяа? Чамд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе! Чамайг маш сайн ойлгож байна. Хүний нутагт найз нөхөд, гэр орноосоо хол амьдрах үнэхээр л амаргүй шүү дээ. Гэвч амьдралд маш олон зүйлс өөрчлөгддөг. Тэр болгонд дасан зохицоод, өөрчлөлтийнхөө давуу талыг олж харж сурах нь цаашдын амьдралд их хэрэг болох чадвар шүү. Шинэ орчинд дасаж, найз нөхөдтэй болоход мэдээж нэг сараас илүү цаг хугацаа хэрэгтэй. Ганцхан сарын дотор бүх зүйл хэвийн болж, шинэ найз нөхөдтэй болоод, бүх зүйл сонирхолтой, гоё болохгүй шүү дээ. Харин утсаа оролдож, найз нөхдийнхөө зургийг харж, Монголоо санадаг цаг хугацаагаа
сонирхолынхоо дагуу дугуйлан, сургалтанд явах, өөрөө санаачлагатай байж ангийнхаа хамт олонтой ярилцаж, өөрийгөө бусдадаа танилцуулж өнгөрүүлэх нь шинэ орчиндоо дасан зохицож, найз нөхөдтэй болоход чинь илүү туслана шүү. Бие чинь байгаа газар оюун санаа, сэтгэл зүрх чинь ч бас байвал чи илүү аз жаргалтай байх болно. Чамд амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Letter