2023 оны Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан Ц.Сэргэлэнтэй ярилцлаа. Тэрбээр Австралийн UNSW сургуульд Сэргээгдэх эрчим хүчний (СЭХ) чиглэлээр магистрын зэрэгт суралцахаар болжээ. Энэ жилийн хөтөлбөрт Монгол Улсаас олгогдсон квотын дагуу нийт 10 хүн тэнцсэний найм нь эмэгтэй, хоёр эрэгтэй байна. Тэдний нэг бол Ц.Сэргэлэн бөгөөд тэрбээр Эрчим хүний диспетчерийн үндэсний төвд 2012 онд ээлжийн ажилтнаар орж, тооцооллын албаны ахлах инженер хүртэл дэвшин ажиллажээ.
Түүнийг долдугаар сарын 26-нд Австрали Улсыг зорихоос нь өмнө Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдсан, яаж бэлдсэн, ажлын туршлагынх нь талаар ярилцсаныг хүргэж байна.
- Таны ажил мэргэжлийн онцлогоос яриагаа эхэлье.
- Би ШУТИС-ЭХИС-ийн цахилгаан систем мэргэжлээр төгссөнөөс хойш ДҮТ ТӨХХК-д диспетчер инженер, горим тооцооны инженер, горим төлөвлөлт, тооцооны албанд тооцооны хэсгийн ахлах инженерээр ажилласан. Диспетчер инженерээр ажиллах хугацаандаа хийдэг байсан ажлын хувьд Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн хэрэглээ үйлдвэрлэлтийн тэнцвэрт байдлыг хангах, хэрэглэгчдийг чанартай эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах зорилгын хүрээнд хоногийн 24 цагийн турш диспетчерийн зохицуулалт хийж, дотоодод суурилагдсан эх үүсгүүрүүдийн үйлдвэрлэх эрчим хүч болон ОХУ-аас авах импортын цахилгаан эрчим хүчийг төлөвлөгдсөн горимын дагуу тохируулж ажиллахад шаардлагатай зохицуулалтыг хийж ажилладаг байв.
Горим төлөвлөлт тооцооны албанд шилжин ажилласнаар өнөөгийн болон хэтийн төлөвийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай холбогдох тооцоо судалгаа, шинээр нэвтэрч буй уламжлалт болон СЭХ-ний эх үүсгүүрүүд, томоохон хэрэглээ бүхий хэрэглэгчдийг системд холбогдох үеийн горимын тооцоо судалгааг хийх тал дээр төвлөрч ажилласан.
Манай улсын эрчим хүчний салбарын хувьд уламжлалт эх үүсгүүрүүд дээрх өргөтгөл шинэчлэлийн ажлууд хийгдэхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд түлхүү нэвтэрч байна. Иймд шинээр нэвтэрч буй, мөн цаашид холбогдохоор төлөвлөгдөж буй энэхүү технологиуд нь уламжлалт эх үүсгүүрүүдтэй нэг системд зэрэгцээ ажиллагаанд холбогдож ажиллах үеийн техникийн найдваржилт, системийн тогтворжилтыг дээшлүүлэх шаардлага бидэнд байгаа нь үнэн. Иймээс хүний нөөц талаасаа боловсон хүчнээ СЭХ-ийн шинэ технологийг судлах энэ чиглэл рүү бэлтгэх нь чухал гэж өөрийн зүгээс үзсэн тул сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Австрали улсад төдийгүй дэлхийн хэмжээнд СЭХ-ний чиглэлээр тэргүүлэх мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг University of New South Wales (UNSW)-г сонгон суралцахаар төлөвлөж, засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт бэлдсэн.
-Таны хувьд Австралийн Засгийн газрын тэтгэлгийн үндсэн шалгуураас юуг хамгийн чухалчилж байсан бэ?
- Миний бодлоор тэтгэлэгт хөтөлбөрийн зүгээс тухайн тэтгэлэг горилогчоос хүлээж байгаа зүйл нь нэгдүгээрт, өөрийн салбартаа тодорхой хэмжээний хийсэн ажилтай, ажлын туршлага хуримтлуулсан бөгөөд үүсээд буй гол гол асуудлуудаа сайн мэдэхийн зэрэгцээ үүнийг шийдэх гаргалгаа, боломжуудаа харж чаддаг байх ёстой, хоёрдугаарт салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, баг хамт олноороо шийдэл гаргахад миний оролцоо хэр чухал байж болох вэ, ямар байдлаар хувь нэмрээ оруулж, хэрэгжүүлж болохуйц ажлуудыг шат дараатай хийх вэ гэдгээ маш тодорхой илэрхийлсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл надад байгаа туршлагаа цаашид тэтгэлгийн тусламжтайгаар хэрхэн нэмэгдүүлж, хийж байгаа ажлын үр дүнг илүү чанаржуулж болох вэ гэдгээ мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүст энгийн байдлаар илэрхийлж, ойлгуулах нь чухал байлаа.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд юун түрүүнд сургууль, хөтөлбөрөө маш зөв сонгох хэрэгтэй гэж бодсон. Цаашид өөрийн хийхээр төлөвлөж буй ажил, хувь хүний зорилго зэрэгтээ үндэслэж олон сургуулийн ижил төстэй хөтөлбөрүүдийг харьцуулж үзсэний үндсэн дээр суралцах чиглэлээ сонгох нь маш чухал. Нэгэнт л цаг хугацаа зарцуулах гэж байгаа бол өөртөө илүү үнэ цэнтэй, ажил амьдралдаа сурсан мэдсэнээ ашиглаж, хэрэгжүүлж болохуйц сургалтын хөтөлбөрийг анхнаасаа сонгож, суралцах хэрэгтэй. Нэг зөв сонголтоо хийсэн байхад сурах, судлах зүйлийнхээ гүн рүү илүү орж, илүү төвлөрч суралцана гэсэн үг юм.
Би 2020, 2021 онд энэхүү хөтөлбөрт өргөдлөө өгөөд тэнцээгүй. Юун дээр алдсанаа сайн шүүж, тунгаасны эцэст гурав дахь удаагаа өгөөд тэнцлээ. Миний өмнө нь гаргасан алдаа бол захидал, танилцуулгаа хэт техникийн нэршил ашиглаж бичсэн явдал байлаа. Учир нь тэдгээрийг төрөл бүрийн салбарын хүн уншиж шалгадаг учир тухайн хүнд ач холбогдолгүй санагдах, эсвэл миний илэрхийлэх гэсэн санааг бүрэн дүүрэн ойлгохгүй байх сул талтай. Тиймээс үүн дээр анхаармаар санагдсан.
Тэр тусмаа Шинэ зеланд, Австрали улсуудад эрчим хүчний чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалаад ирсэн хамт ажилладаг, мөн хамт ажиллаж байсан найз нөхдөөсөө маш их юм асууж, зөвлөгөө авч байсан нь энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн ярилцлагын шатанд өөрийгөө зөвөөр илэрхийлэхэд маш их түлхэц болж өгсөн гэж бодож байна. Мэдээж хүн бүр техникийн хэл, инженерчлэл, түүний үнэ цэнийг нь ойлгохгүй тул бусдад өөрийн бэлдсэн материалаа хэрхэн тайлбарлаж ойлгуулах нь их чухал юм.
- Англи хэлний IELTS шалгалтдаа хэрхэн бэлдсэн бэ?
- Материал бүрдүүлэхдээ хоёр сургууль сонгох шаардлагатай байдаг ба ижил төстэй хөтөлбөр сонгоод түүнийхээ англи хэлний шалгуур оноог эхлээд хангачихсан нь дээр юм байна лээ.
Австралийн Засгийн газрын тэтгэлгийн 2023 оны шалгуурын хүрээнд тэтгэлэгт материал бүрдүүлж өгөхийн тулд IELTS-ийн оноо 6.0 байх ёстой гэж заасан байсан. Хэрэв ярилцлагын шатанд тэнцэж чадвал цаашлаад сонгосон сургуулиас шаардаж байгаа оноог зайлшгүй хангах шаардлагатай. Зарим сургуулиуд 6.5 зарим нь 7 байдаг ба дотроо ярих, сонсох, бичих, унших чадваруудын оноо тэд байх ёстой гэж заасан байдаг тул тухайн сургуулийн онооны шалгуурыг сайн мэдэж байх ёстой. Академик англи хэлний шалгалтын оноогоо авч чадахгүй бол таны тэтгэлэг цуцлагдана. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд IELTS-ийн бэлтгэл курсэд гурван сарын хугацаанд суулгаж, шалгалтад бэлддэг. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүмүүсийн хувьд "GAPE" сургалтын төвд суралцаж маш системтэй, заах арга сайтай мундаг багш нараар хичээл заалгасан тул энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн залуучууд бүгд л зорьсон оноонуудаа авч эхнээсээ Австрали руу сурахаар яваад байна.
Миний ажил өглөө 8 цагт эхэлдэг байлаа. IELTS шалгалт өгөх хугацаагаа товлоод яг түүндээ тааруулаад хуваарь гарган бэлдсэн. Ажил эхлэхээс 2 цагийн өмнө буюу 6:00 цагт ирээд өглөө бүр бэлдэнэ. Тэгээд орой ажил тараад 17-19 цаг хүртэл дахиад сууж байсан. Миний нэг дутагдалтай зүйл байсан нь оюутан байхдаа инженерийн хичээлдээ илүү анхаарсаар англи хэлээ тоолгүй орхисон явдал байлаа. Түүнийгээ нөхөх гэж нэлээн суусан. Мөн бусдын сайн гэсэн янз бүрийн сургалтад сууж багагүй цаг хугацаа алдсан.
- Эрчим хүчний салбарын хөгжүүлэх боломжтой орон зай байгаа талаар дурдлаа. Төгсөж ирээд салбарынхаа хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах бодолтой байна вэ?
- 2012 оноос хойш манай улсад СЭХ-ний эх үүсгүүрүүд, ялангуяа нар, салхины эрчим хүчний үүсгүүрүүд шинээр холбогдож байна. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хуримтлуур - батерейн технологи нэвтрэхээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, эхнээсээ холбогдох гэж байна. Иймд цаашид бид эдгээр шинэ үүсгүүрүүд манай уламжлалт эх үүсгүүрүүдтэй зэрэгцээ ажиллах үеийн системийн тогтворжилт, найдваржилтыг зайлшгүй хангах шаардлагатай. Иймээс шинээр нэвтэрч буй технологиудыг хэрхэн технологийн үр ашигтай горимоор ажиллуулж, хэрэглэгчдийг чанартай эрчим хүчээр тасралтгүй хангах зэргийг нарийвчлан судалж ажиллана.
Үүсгүүрийн дутагдлаас шалтгаалаад өвлийн оргил ачааллын цагт дотоодын эх үүсгүүрийн хүчин чадлаар хэрэглэгчдээ бүрэн хангах боломжгүй байдалтай байна. Иймээс ОХУ-аас өвлийн оргил ачааллын цагт техникийн зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл импортын цахилгаан эрчим хүч авч ажиллаж байна. Техник л юм чинь эвдрэл, гэмтэл гарах, импортын цахилгаан эрчим хүч авах боломжгүй нөхцөл байдал үүсвэл үед бид яах вэ? Тиймээс эрчим хүчний салбарт илүү боловсролтой, мэдлэгтэй, гаднын мэргэжлийн их сургуулиудад чанартай боловсрол эзэмшсэн монгол залуус буцаж ирээд ажиллах шаардлагатай гэж харж байна.
- Эсээ бичихдээ юунд анхаарах шаардлагатай вэ?
- Яагаад энэ сургуулийг сонгосон тодорхой шалтгаан, таны салбартаа хийсэн чухал ажлууд, тухайн магистрын хөтөлбөрийг төгсөж ирээд юу хийх талаараа бичдэг. Бичихдээ товч бөгөөд тодорхой бичихгүй бол дунджаар асуулт бүр нь 2000 тэмдэгтэд баригддаг тул нуршаад эсвэл зорилгогүй өгүүлбэрүүд бичээд байх шаардлагагүй. Буцаан байршуулах төлөвлөгөө гаргадаг бөгөөд ер нь бүх л материалиуд чинь өөр хоорондоо уялдаа холбоотой логик дараалалтай байх шаардлагатай. Миний өмнө нь дурдсанчлан би ийм туршлага хуримтлуулаад байна, одоо салбартаа ийм зүйл хийхийг зорьж байна, тэгэхийн тулд надад энэ хөтөлбөрт суралцах шаардлагатай, бүр тэр, энэ хичээлүүдийг судлах шаардлагатай байна гэх байдлаар хэрэгжүүлж болохуйц хэрнээ тодорхой байх зүйлүүдийг бичих хэрэгтэй. Ер л нь логик дараалалтай, өөр хоорондоо уялдаатай бөгөөд энгийн байснаар илүү давуу талтай гэж харсан.
Бичсэн эсээгээ эргээд уншихаар бүх юм болчихсон ч юм шиг, өөрийн бодолдоо баригдаад, зарим зүйлүүдийг анзаарч, олж хардаггүй учир мэргэжил нэгт хүмүүсээр болон өөр бусад салбарын хүмүүст нэг харуулчихад зүгээр юм. Таны бичсэн зүйл танд үнэ цэнтэй санагдаж буйтай адил өөр бусдад хүрч чадахгүй бол харамсалтай шүү дээ. Ингэхдээ өөрийн туршлага, хийж бүтээсэн зүйлсээ нарийн сайн эргэцүүлж, түүнийгээ логиктой шат дараатайгаар бичих хэрэгтэй юм. Ер нь тэтгэлэгт материал бүрдүүлнэ гэдэг нь өөрийнхөө дотоод хүнтэй ярилцаж, урт хугацаанд бэлдэнэ гэсэн үг.
- Сургууль сонголтод өгөх зөвлөгөө байна уу?
- Австралийн тэтгэлэгт тэнцсэн туршлагаа хуваалцах өдөрлөг 2023 оны гуравдугаар сард СТӨ-нд болсон юм. Тэнд оролцсоны дараа хүмүүсээс “Сургуулиа хэрхэн сонгох вэ?” гэх асуулт их ирсэн. Хүмүүс сургуулийн эрэмбийг их чухалчлаад байдаг. Харин надад бол сурах гэж буй чиглэлийн хүрээн дэх маш чанартай хөтөлбөр илүү чухал санагддаг. Өөрөөр хэлбэл таны сурах гэж буй хөтөлбөр тэрхүү өндөр эрэмбэтэй их сургуульд тийм ч их ач холбогдолгүй бол танд бараг ашиггүй шүү дээ. Дэлхийн томоохон сургуулиудад сурсан ч та өөрөө мэргэжлээрээ хангалттай сайн сурахгүй байвал харамсалтай байх болно.
Мэдээж дэлхийн шилдэг сургуулиудыг дагаад ирэх боломжууд байдаг ч гэсэн хувь хүн та илүүтэй өөрийнхөө л мэргэжилд тохирсон чанартай хөтөлбөртэй сургуулийг сонгох нь илүү давуу талтай гэж би хувьдаа үздэг. Миний элссэн Австралийн UNSW их сургууль нь сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрөөр улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлэх сургууль тооцогддог. Харин бусад бүх л салбар чиглэлийн магистрын хөтөлбөрүүд урт, богино хугацаагаар мөн энэ сургуульд байх жишээтэй.
- Та өргөдөл явуулах хүртлээ өөрийгөө бэлдэх төлөвлөгөөг хэрхэн гаргасан бэ?
- Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл хүлээж авах хугацаа дөрөвдүгээр сар хүртэл байдаг. Материалаа эртнээс бүрдүүлж өргөдөл хүлээн авах хугацаанаас өмнө материалаа явуулсан байх ёстой гэсэн өөртөө товлолт хуваарь үүсгэсэн. Цагийг нь тулгахаар өргөдлийн систем нь гацдаг гэж анхааруулдаг учраас цаг хугацааны хувьд тодорхой хэмжээний нөөцтэй байлгах шаардлагатай юм билээ.
Миний хувьд ажлын ачаалал ихтэй цагуудаа тодорхойлоод бусад үед илүү төвлөрч, материалаа хянаж суух цаг гаргана гэх байдлаар бэлддэг байсан. Төлөвлөгөө хамгийн чухал. Эртнээс бэлдээд эхэлбэл их амар. Эхлээд ерөнхий байдлаар нэг бичнэ, хэсэг хугацааны дараа үүсгэсэн файлаа дарахгүйгээр он сараар нь ялгаж хадгалаад дараа дараагийнхтай нь харьцуулж дахин нэг харна хэр ойлгомжтой энгийн бичигдсэн байна вэ гэх байдлаар ханддаг байлаа.
Өөрийнхөө хэмжээнд боллоо гэж үзвэл мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүстэй ярилцаж, санаа бодлыг нь сонсоно. Хангалттай бэлдсэн гэж бодоод ярилцлагад унасан туршлага надад байсан учраас албан ёсны ярилцлагын шатанд орохоос өмнө хэд хэдэн шүүлтүүрээр оруулаад хүмүүсээс санаа бодлыг нь сонсоод авах хэрэгтэй. Чиний хараагүйг хүмүүс анзаараад хэлэх учраас тэр жижиг зөвлөгөөнүүд чинь нэг юм хэлээд л байна гэсэн үг. Ер нь нэг суугаад л хийчихдэг зүйл биш учир эртнээс нарийн төлөвлөгөөний доор л хийх нь чухал юм. Энэ жил хэд хэдэн хүн “Өргөдөл авах хугацаа дуусахад гурван хоног үлджээ. Яана аа, би юу бичих вэ, би өнгөрсөн хэдэн жил яг юу, ямар ажил хийсэн билээ?” гэж надаас асуусан. Би тэдэнд ирэх жилийнхэд бүр сайн бэлдэхийг зөвлөсөн. Долоо хэмжиж нэг огтол гэдэг шүү дээ.
Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр бол хамгийн өгөөмөр тэтгэлэг бөгөөд гэр бүлээр нь Австрали Улс руу явахад дэмждэг нь бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдээс онцлогтой юм. Нэмж хэлэхэд маш шударга шалгуураар явагддаг гэдгийг өөрөө мэдрээд явж байна. Анх энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт би хамрагдана гэж чигээрээ харж зорьсон, жил дамнан бэлдсэн, алдаж оноод хасагдаж үзсэн хүний хувьд гадагшаа суралцахаар бэлдэж буй залуучуудад хэлэхэд англи хэлээ сайн үзэх хэрэгтэй гэж зөвлөмөөр санагддаг. Товчхондоо бол ТУУШТАЙ байх хэрэгтэй. Ирэх жилийн хөтөлбөрүүдэд залуучууд өөрсдийгөө сориод үзээсэй, хамрагдаасай, чанартай боловсрол эзэмшиж эргэж ирээд улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаасай гэж хүсэж байна. Ялангуяа эрчим хүчний чиглэлээр олон олон залуучууд суралцаад буцаж ирээсэй гэж хүсье!
- Манай уншигчдад туршлагаасаа хуваалцсанд баярлалаа. Танд сурлагын их амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх