Өлсөхөөр уур хүрдэг нь ийм учиртай


Х.Даваахүү | YOLO.MN
2023-05-07

Заримдаа хэлэх ёсгүй үг, хийх ёсгүй үйлдэл хийснийхээ дараа, “Би өлсөөд уурлачихсан байсан юм”  гэж тайлбарлах нэгэнтэй таарч байсан л биз? Гэхдээ заримдаа үнэхээр л хоол идсэний дараа тэдний, магадгүй заримдаа таны ааш их сайхан, таатай болчихдог. Тийм үү? Тэгвэл энэ юутай холбоотой вэ? Өлсгөсөн байх нь бидний зан аашт нөлөөлөх болов уу? Одоо тайлбарлаад өгье. 

Өлсөх мэдрэмж бол хүнийг эрч хүч болох шим тэжээл авах цаг болсныг илэрхийлж буй нэг хэлбэр. Энэ мэдрэмж нь тархи, мэдрэлийн систем, ходоод гэдэс, нойр булчирхай зэрэг олон эрхтнүүдийн хавсарсан үйлдэл юм. Өлсөх мэдрэмж хүнд олон янзаар илрэх боловч уургийн агууламж өндөртэй хүнс хэрэглэдэг хүнээс илүү хагас боловсруулсан, чихэрлэг хүнс хэрэглэдэг хүмүүст энэ мэдрэмж илүү хүчтэй мэдрэгддэг аж.    

Таны эрч хүч багасах үед, өөрөөр хэлбэл өлсөх нь сэтгэх, мэдрэх, үйлдэл хийхэд нөлөөлөх ба бие болон тархинд хэд хэдэн өөрчлөлт гардаг. Эдгээр өөрчлөлтүүдийн ихэнх нь таны бие өлсөх үед ялгардаг хоёр даавар болох грелин ба кортизолын улмаас үүсдэг. 

1. Ghrelin 

Ходоод хоосон үед ялгарах энэ даавар нь тархины тодорхой хэсэгт дохио илгээх бөгөөд энэ нь таныг "Би өлсөж байна, би хоол идэх хэрэгтэй байна" гэж бодоход хүргэдэг.  

Хүний тархи цаг ямагт олон үйлдлийг зэрэг гүйцэтгэж байдаг ч өлсөх үед хангалттай шим тэжээлгүйн улмаас зарим нэг үйлдлийг гүйцэтгэхээ зогсоодог аж. Ийнхүү хүн аливаа бэрхшээлтэй зүйлтэй учрах үедээ түүнийг шийдвэрлэхээс илүүтэйгээр тойрч гарахын тулд бухимдаж эхэлдэг байна.    

2. Cortisol  

Таны цусан дахь сахрын хэмжээ буурч эхлэхэд таны бие Cortisol, адреналин гэх мэт "стрессийн даавар" ялгаруулдаг. (Ghrelin нь таны биеэс эдгээр дааврыг ялгаруулна) Тодруулбал хоол идэхгүй удаан хугацаагаар явах нь цусан дахь чихрийн хэмжээнд өөрчлөлт оруулж, адреналин, Cortisol даавруудын ялгарлыг нэмэгдүүлснээр хүний сэтгэл хөдлөл нэмэгдэж, уурлаж бухимдах магадлал өсдөг ажээ.    

Дээр дурдсанчлан ууртай байгаагаа өлсөж буйтай холбон тайлбарлах нь хэвийн. Энэ хоёр зүйлийн харилцан хамаарал дэлхийн нийтэд түгээмэл байдаг гэдгийг англи хэлэнд “hangry” буюу “уур, өлсөх” гэх хоёр үгний нийлэмж харуулж байна. Нас, хүйс, биеийн жин, хоолны дэглэм харгалзахгүй хүн бүрд ажиглагддаг энэ шинж тэмдэг нь амьтдад ч илэрдэг болохыг судалгаагаар тогтоосон байдаг.     

Эх сурвалж: goodrx.com  

#Мэдэхэд илүүдэхгүй