Эдгээр 7 зан чанарыг шингээсэн хүнтэй учиртлаа хайр сэтгэлд бүү яар


YOLO.mn | YOLO.MN
2024-02-22

Хайр бол нэг талаас өөрийгөө болон бусдыг танин мэдэх сонирхолтой аялал мэт. Бид бусадтай болзож, ярилцаж цагийг өнгөрөөснөөрөө эсрэг хүйстнийхээ тухай илүү мэдэж, гярхай нэгэн болдог. Мөнхүү өөрсдийн араншинг ч танина. Тиймээс танилцаж, болзох нь амьдралд зайлшгүй байх л холбоо. Аа харин үнэнч, түшиг болох хүн дэлхийн долоон тэрбум хүнээс нэг л байх аж. Бүгд л өөрийн онцгой шинж чанартай ч эдгээр 7 зан чанарыг шингээж чадсан хүнд та итгэж болно. Тиймээс ийм л хүнтэй учиртлаа хайр сэтгэлд бүү яараарай.  

Сэтгэл зүйн хувьд төлөвшсөн нэгэн 

Хайр бол сэтгэл зүйн хувьд ачаалал даах чадвартай хүмүүс тоглоом гэх Буковскийн хэлсэн үгийг эхэнд дурдъя. Ер ямар ч харилцаанд тухайн хүний хандлага,  сэтгэл зүйн төлөвшил асар чухал.  Өөрийн бурууг ойлгож, хэзээ ямар нөхцөлд буулт хийн байдлыг эерүүлэхээ мэддэг нэгэн хосын харилцаагаа хайраар дүүрэн байлгаж чаддаг.   

Хэзээд шударга байдлаа хадгалдаг нэгэн 

Хууран мэхлэлт, худал бүхэнд их, багын хэмжээ гэж үгүй. Худал бол худлаараа л үлддэг. Нөхцөл байдлыг далдлах гэж мэлзэж хуурах нь ирээдүйн харилцааг бүхэлд нь балладаг тахал л гэсэн үг. Тиймээс ямар ч нөхцөлд үнэнээрээ байж чаддаг шударга, үнэнч нэгэнтэй л учрах нь амьдралын том гэрэл юм шүү.  

Сэтгэлтэй нэгэн 

Сайхан сэтгэл нь  харилцааг урт удаан, гэгээ гэрэлтэйгээр цааш үргэлжлүүлэх хамгийн том хүч болох нь шинжлэх ухаанаар нэгэнт баталгаажсан билээ. Нөлөө бүхий, доктор Жон Готтманы хийсэн судалгаагаар бие биедээ эелдэг найрсаг ханддаг хосуудын хамтын амьдрал илүү бат бөх байдаг аж.  Нинжин сэтгэл нь зөрчилдөөнийг эрүүлээр шийдвэрлэх зөв чигийг гаргаж, зөрчилдөөний үед ойлголцох арга замыг үүсгэдэг байна. Тиймээс сэтгэлтэй хүнтэй учиртлаа өөрийн зүрхээ гамнаарай.  

Бусдыг дэмжиж чаддаг нэгэн 

Амьдрал бол хүчир боловч өгөөжтэй том шалгалт. Нэгэн хэвийн дардан замаар урсаад өнгөрдөг амьдрал гэж үгүй тул бүгд л сайн, саар бүхэнтэй нүүрэлдэн, даван туулж буй. Хамгийн гол нь бүтэлгүйтэл бүрийн ард дэмжээд түших хүнтэй байна гэдэг үнэлж баршгүй зүйл юм шүү. Дэмжлэг нь мөн хүнд үеэс гадна баярлам мөчүүдийг ч хамтдаа хуваалцахад оршино. Тийм болохоор алдаан дээр тань дулдуйдаж элдэв араншин гаргадаг дэмгүй нөхдөөс хол байгаарай.  

Бие даасан нэгэн 

Хэт ууссан харилцаанд хувь хүний бие даасан байдал гэж байдаггүй. Ийм нөхцөлд хоёул өөрсдийн хувь хүнийхээ онцлог,сонирхол, амбицаа гээж орхидог. Тиймийн учир хувь хүний тань орон зайг хэвээр тань үлдээх хүнтэй учирч, өөрөө ч мөн тийм нэгэн байгаарай.   

Хошин шогийн мэдрэмжтэй нэгэн 

Амьдралын сорилтуудыг инээмсэглэлийн ид шидээр л даван туулна шүү дээ. Баяр баясал, инээд хөөргүй амьдралыг та нэг төсөөлөөд үз дээ. Хэчнээн гунигтай байх билээ дээ. Тас харанхуйд ч бүртийх ганц гэрлийг тусгаж, нурмайх үед тань сэв хийтэл өргөөд инээмсэглэл бэлэглэх, баярт мөчүүдийг нь хөгжөөх мэдрэмжтэй нэгэн амьдралд үнэ цэн бэлэглэдэг. Тиймээс хошин шогийн дориун мэдрэмжтэй нэгэнтэй холбоо тогтоохыг хүсье.  

Итгэж болохуйц, найдвартай нэгэн

Итгэлцэл бол аливаа харилцааны үндэс. Итгэл үүсээгүй харилцаанд хайр гэж байдаггүй. Итгэлтэй байна гэдэг нь амлалтаа биелүүлэх,нууцыг чандлах.  Үүнгүйгээр та хэн нэгэнд хэчнээн их хайртай байсан ч харилцаа тогтохгүй. Сүүлд гарсан нэгэн судалгаагаар хүмүүсийн олонх нь хамтрагчаасаа найдвартай зан чанарыг хүсэмжлэдэг гэжээ. Энэ нь царайлаг төрх, эелдэг зан, тэр ч байтугай өндөр орлогоос ч илүү чухал  аж. Тиймээс итгэл даах, найдвартай нэгэн мөн эсэхийг сайтар нягталсны дүнд дотносхыг зөвлөе.  

Эдгээр долоон авир үйлдэл дотоодод нь шингэсэн нэгэнтэй учрах хүртлээ бүү яараарай.  

 

#нийтлэл