Энэ жил харшлын улирал удаан үргэлжилнэ


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2023-04-28

Цаг уурын өөрчлөлтийн улмаас энэ жил харшлын улирал эрт эхэлж удаан үргэлжлэх шинжтэй байна. 

Сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлтийн улмаас ургамлын тоосны идэвхжил нэмэгдэж байгаа тул харшлын улирал удаан үргэлжлэх нь хэвийн үзэгдэл ч болж мэдэхийг судлаачид сануулжээ.  

“Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар ургамлын харшлын улирал 2100 он гэхэд ойролцоогоор 40 хоногийн өмнө эхэлж, 19 хоногоор удаан үргэлжилж, жилийн тоосжилтын тоо үндсэн хэмжээнээс 40-200 хувь хүртэл өсөхийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж хаврын улирал эрт эхэлдэг болсон. Ингэснээр ургамлын ургалтын улирал дунджаар хоёр долоо хоногоор уртасч байгаа тул ургамлын ургаж, цэцэглэж, тоос ялгаруулах хугацаа мөн уртасч байгаа гэсэн үг юм.  

Мичиганы их сургуулийн судлаачдын саяхан хийсэн судалгаагаар энэ жилийн ургамлын тоосжилтын хугацаа нь 20 хоногоор урт байх төлөвтэй байгаа аж.  

Одооноос улирлын чанартай харшлын эрчим нэмэгдэх төлөвтэй байгаа тул шөнийн нойроо бүтэн авч сайн амарч, халуун хоол унд хэрэглэн дархлаагаа хэвийн байлгахад анхаараарай. Мөн хүйтэн ус биш аль болох бүлээн ус уухыг хичээгээрэй.   

Эх сурвалж: nypost.com

#Мэдэхэд илүүдэхгүй