Зураач Л.Доржбат: Өөрөө өөртөө гэрэл бол зургийн үзэсгэлэнд нийт 80 гаруй бүтээлүүд дэлгэгдсэн


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-05-20

Өнгөрөгч амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 16-18-нд “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн Номын баяр болсон билээ. Тус өдрүүдэд зураач Л.Доржбатын “Өөрөө өөртөө гэрэл бол” гурав дахь бие даасан зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм.  

Зураач Л.Доржбат нь буддын шашны сургаал, номд ихээхэн сонирхолтой нэгэн. Тэрээр энэхүү сонирхлоо уран бүтээлтэйгээ хослуулан, буддын сургаалыг илэрхийлсэн өвөрмөц хэв маягтай уран зургуудыг туурвидаг аж. Үзэсгэлэнгийн үеэр уран бүтээлчтэй цөөн хором ярилцлаа.  

Өөрөө өөртөө гэрэл бол

Энэхүү үзэсгэлэн нь бурхан багшийн сүүлчийн захиасаар нэрлэгджээ. Бурхан багш буюу Будда биеэ орхихын өмнө 40 жил сүүдэр мэт дагасан шадар шавь Ананддаа “Би чиний гэрэл гэгээ биш, гэрэл гэгээ чамд өөрт чинь байгаа. Өөрөө өөртөө гэрэл бол” хэмээн хэлж байжээ. Үүнээс санаа аван үзэсгэлэнгээ нэрлэсэн тухай зураач Л.Доржбат хэлэв. Мөн хэдэн жилийн хөдөлмөр болох зурсан зургуудаа нийлүүлэн уран зургийн ном гаргаж байгаа тухай нэмж дурдав.

Л.Доржбат, “Энэ бол миний гурав дах бие даасан зургийн үзэсгэлэн. Бурхан багшийн сүүлийн захиасаар энэхүү үзэсгэлэнгээ нэрлэсэн.

Өөрөө өөртөө гэрэл бол үзэсгэлэнд маань нийт 80 гаруй уран зургууд дэлгэгдсэн. Ихэнх нь сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтсэн бүтээлүүд бий. Дөрөв, таван жилийн өмнө зурсан зургууд ч байна. Үүнийг би тайлант үзэсгэлэн гэж нэрлэмээр байна. Учир нь энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн зургууд болон бусад зурсан зургуудаа нэгтгэн ном гаргаж байгаа юм. Тухайн ном нийт 200 гаруй уран зургаас бүтсэн, буддын шашныг уран зурагтай хослуулсан. Хүмүүс зургаа үзээд, давхар бурхны сургаалаа унших ийм хөнгөхөн агуулгатай ном болсон гэж бодож байна” гэлээ.

Тус ном нь нээлтийн хямдрал гээд 60.000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол үүнээс хойш дэлгүүрүүдээр 75.000 төгрөгөөр худалдаалах юм.

Миний онцлох зураг бол “Хоосон Чанар” сэдэвт хос зураг

Өөрөө өөртөө гэрэл бол үзэсгэлэн талбайн том асарт байрласан бөгөөд үүдээр нь ороход л асар том хэмжээтэй хоёр зураг намайг угтав. Энэ бол “Хоосон Чанар” сэдэвт хос зураг юм. Бусад хүмүүс ч тэрхүү зургийг ихэд сонжин, анхааралтай харж зогсоно. Зураач Л.Доржбатаас зурсан зургаасаа нэг зургаа онцолбол хэмээн асуухад өнөөх хоёр хос зургийг нэрлэв.

Тэрээр, “Би сүүлд үзэсгэлэндээ зориулж “Хоосон чанар” гэсэн хос зургийг бүтээсэн. 201х201см хэмжээтэй. Шаргал өнгөтэй нь “Жанлавцогзол” гэсэн зураг. Өндөр гэгээн Занабазар монголчуудынхаа аюулгүй байдлыг даатгаж зохиосон тарни гэдгээр нь хүмүүс мэдэж байгаа байх. Буддын шашны өнгөө дагаад мөн агуулгыг нь бодоод шаргал өнгөөр зурсан.

Харин нөгөөх нь “Улаанжамсран” буюу Монголоор улаан сахиус гэж бурхан. “Улаанжамсран” чинь өөрөө их догшин, аюул барцдыг зайлуулдаг, хүчирхэг, хамгаалагч бурхан. Тэгэхээр энэ хоёр хос зураг маань нэг нь бурхан, нөгөөх нь тарни судрыг илэрхийлж байгаа юм. Үүнийг би орчин үеийн абстракт хэв маягт оруулж улаан, шаргал өнгөөр дүрслэн бүтээлээ.

Дараа нь цам энэ хоёртой холбоотой. Цам бол монголын маш том их чухал биет болон биет бус өв. Монголчууд сүүлийн үед цамыг сайн хөгжүүлээд, сэргээж байгаа нь авууштай хэрэг. Мөн урлаг уран сайханд оруулж илэрхийлэх нь зөв хэмээн боддог юм. Энэ зураг маань жаахан уран сайхны дүрслэлтэй. Дээр нь бурхан бууж ирж байгаа, доор нь цам харайж муу муухайг өдөн хөөж байгаа гэсэн агуулгаар зурсан” гэсэн юм.

Зураачийн зурсан зураг бүр өөрийн гэсэн утга агуулга, онцгой өнгө төрхтэй. Тэрээр зурсан зураг бүрийнхээ хажууд тайлбар, ишлэл тавьсан байх ба тухайн зурагт юу өгүүлж байна, ямар санааг илтгэж байгаа нь тодорхой, ойлгоход төвөггүй байв.  Бүтээлүүдээ ихэвчлэн тосон будгийн харандаагаар зуржээ. Илүү удаан хадгалж болдог, бүтээлүүд нь олон жилийн насжилттай болдог тул зотон, тосон будгаар зурдаг аж.









#үзэсгэлэн