Ravi хоёр жилийн ял авч магадгүй


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2023-04-12

VIXX хамтлагийн Ravi “Цэрэгт явахад эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй” гэсэн бичгийг хууль бусаар бүрдүүлсэн гэдэг нь өнгөрөгч нэгдүгээр сард илэрч байсан билээ. Тэгвэл хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт Ravi-гаас гадна реппер Nafla мөн холбогджээ. 

Солонгос Улсад цэргийн албыг хоёр жил хаадаг. Солонгос эр хүн бүр цэргийн алба хаах ёстой.  Гэтэл “Эрүүл мэндийн хувьд цэрэгт тэнцэхгүй” тул сайн дурын ажил буюу нийтийн албанд томилуулж өгөх бичгийг хуурамчаар үйлддэг зуучлагчид байдаг гэдэг нь илчлэгдэж энэ хэрэг олны анхаарлын төвд ороод байсан билээ.  

Өчигдөр өглөө тус хэрэгт холбогдсон  Ravi, Nafla нарын есөн хүнд холбогдох анхан шатны шүүх хурал болжээ. Шүүх хурлын үеэр прокуророос Ravi-д хоёр жил, Nafla-д хоёр жил зургаан сарын хорих ял төлөвлөснөө сонсгосон байна. 

Nafla өмнө нь 2020 онд хар тамхины хэрэгт холбогдож 10 сар шоронд хоригдож, хоёр жилийн тэнсэх харгалзах ял авч байсан.  

Ravi-гийн хувьд хийсэн үйлдэлдээ гэмшиж, буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд сайн дураараа хамтлагаасаа гарч байгаагаа мөн мэдэгдсэн байна.  

Анхан шатны шүүх хурлын дараа шууд ялыг оноогоогүй бөгөөд шүүхээс ял оногдуулах сонсголын өдрийг хараахан зарлаагүй байна. Ravi гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас ял оногдуулах сонсголын өдөр прокуророос төлөвлөсөн ялыг бууруулсан шийдвэр ч гарч болох юм.  

Эх сурвалж: allkpop

#Оддын тухай