YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Орой бүр унтахдаа дахиж битгий сэрээсэй гэж хүсдэг
Сайн байна уу? Энэ захиаг хүлээн авч цаг гарган уншиж байгаа хүнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Үнэнийг хэлэхэд би багаасаа л маш өндөр потенциалтай хүүхэд байсан. Тийм ч болохоор эцэг эх болон хамаатан садан маань намайг ирээдүйд амжилттай явна гэж найдсан. Надад хичээл хийх ч маш амархан байсан. Харин хамгийн хэцүү зүйл нь хүмүүсийн харилцаа. Би яагаад ч юм хүмүүстэй харилцахдаа тун тааруу, дандаа доош хийлгүүлж, тэрнээсээ болж их стрессдэж шаналдаг байсан.
Тэгээд би хэдэн жилийн турш найзуудтай болох гэж маш их хичээсэн. Тэр нь ч саяхан л үр дүнгээ өглөө. Гэтэл ямар ч шийдвэр гаргасан бай алдагдсан боломжийн өртөг байдаг болохоор бага байхаас хойш миний хичээл ном арай муудаж эхэлсэн (гэхдээ тийм ч муу биш шүү ер нь бол дандаа 92-оос дээш авдаг байсан). Тэгснээрээ эцэг эх маань намайг багаас маань найз нөхөдтэй болгох санаагүйгээр хичээл номоор хэт их шахсанаар найзтай болох боломжууд улам хаагдаж нөгөө кинон дээр гардаг зожиг хүүхэд болсон байсан.
Том болох тусам эргэн тойрны хүмүүс надаас миний хамгийн их үзэн яддаг зүйлийг минь улам ихээр хүсдэг болсон. Тэр нь хүлээлт гэх юм уу даа (expectation шүү, Монголоор юу гэдгийг мэдэхгүй л байна). Тэгээд би тэр хүлээлтүүдийг бүгдийг нь биелүүлэх гэж оролддог байснаасаа болж маш их ууртай, стресстэй, нойр дутуу, ер нь бол хүн ойртохооргүй хар энергитэй болсон. Тийм ч болохоор миний бүтээмж муудаж бүх зүйл маш хүнд санагдаж эхэлсэн. Хорвоо гэдэг ямар хогийн газар вэ гэж бодогдож эхэлсэн.
Эцэг эх минь эд баялгаар дутаагаагүй ч магадгүй хэрэгтэй үед минь хажууд байгаагүй, ганцаардаж байхад найз минь байж чадаагүй, ямар их хичээснийг минь үнэлж чадаагүй болохоор тийм бодол орж ирсэн байх. Өмнө нь дурдсан бүтээмж муудсанаасаа болж хүн бүрийн итгэлийг алдаж, намайг “юу дутлаа гэж” гээд загнаж, дүү нарын минь хажууд ичгэвтэр байдалд оруулсан. Харин тэр үед би өөрийгөө илэрхийлж чаддаггүй (үнэндээ хэн, юу хүсдэг гэдгээ ч мэдэхгүй болсон байсан), үг дуугарч ч, сэтгэлээ нээж ч чадахгүй болсон байсан.
Би уул нь Монголдоо их сургуульд орох хүсэлтэй. Гэтэл намайг хүчээр Австрали руу явуулсан. Би үнэхээр хичээсэн гэхдээ коронавирусээс үүдсэн онлайн хичээлийг дийлээгүй. Тэгээд буцаад Монголдоо ирсэн. Би эргэн тойрноо харахад эцэг эхчүүд үр хүүхэд нь МУИС юм уу СЭЗИС-д ороход баярлаад догдлоод байхад, би тэр сургуулиудын бүх ангид суралцах боломжтой байхад эцэг эх маань яагаад сэтгэл ханамжгүй байгаа юм бэ? Би яг юуг буруу хийснээ мэдэхгүй байна. Үнэндээ би одоо ядарч байна. Бие маань одоо дуусаж байгаа байх.
Одоо би 20 нас хүрчхээд найз цөөхөн, харьцах хүнгүй, хобби сонирхолгүй, маш арчаагүй, хүн бүрийн итгэлийг алдсан амьтан болж дуусаж байна. Миний асуудал бусад хүмүүсийнхийг бодвол ноцтой биш гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ орой болгон унтахдаа дахиж битгий сэрээсэй гэсэн хүслийг улам улам өдөөж байна.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө буруутгахгүй байхыг хичээгээрэй.
Өдрийн мэнд, захидал илгээсэнд баярлалаа. Ямар учраас бусдын хүлээлтэд хүрч, бүгдийг нь биелүүлэх гэж оролддог вэ? Бусдын чамаас хүсэж байгаа зүйл чиний хүсэж байгаа зүйлтэй хэр нийцэж байна вэ? Хэрэв чиний хүсэж байгаа зүйлтэй нийцэхгүй байгаа бол ямар учраас тэдэнд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхгүй байна вэ? Дараах асуултуудад хариулаарай.
Хүн бүрийн итгэлийг олж, урмыг хугалахгүй амьдрах нь бараг л боломжгүй. Харин өөртөө болон өөрт чухал хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй, урмыг хугалахгүй амьдрах боломжтой. Гэвч бусдын хүсэл сонирхол чиний хүсэл сонирхолтой нийцэхгүй байвал урмыг нь хугалахаас өөр аргагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй. Учир нь чи хэн нэгний хүсэл сонирхлоор бус өөрийн хүсэл сонирхлоор сонголт хийх нь үргэлж зөв байхгүй ч сэтгэл ханамжийг бий болгох ба харамсах нь бага байх болов уу. Энэ нь ойр дотны хүмүүсийнхээ санаа бодлыг үл тоомсорлоорой гэсэн үг биш шүү. Харин тэдэнтэй ярилцаж, зөвлөмжийг нь сонсож харилцан тохиролцон асуудлаа шийдвэрлээрэй. Тиймээс өөрийн зорилгоо тодорхойлж, яг чин сэтгэлээсээ юу хүсэж байгаа вэ? Түүнийг биелүүлэхийн тулд чамд юу хэрэгтэй байгаа вэ? Цаашдаа юу хийж амьдармаар байна вэ? Эцэг эхийн зүгээс ирж буй ямар шаардлагыг биелүүлэх боломжтой вэ? Ямар шаардлагыг биелүүлэх боломжгүй вэ? Тэдний чамд гаргаж буй үйлдэл чамд хэрхэн мэдрэгдэж байна вэ гэх мэт асуултад хариулан эцэг эхтэйгээ ярилцаж байх үедээ өөрийн бодлыг чөлөөтэй илэрхийлэн тайван, нам дуу хоолойгоор ярилцаарай. Хэрэв хэлэхээс татгалзаж байвал захидал бичих боломжтой.
Мөн өмнөх таагүй дурсамжтай холбоотойгоор өөрийгөө хүмүүстэй харилцахдаа тун тааруу гэсэн бололтой. Харилцааны явц дахь нийцтэй байдал нь бие биенийхээ үзэл бодлыг хүндэтгэхээс эхэлдэг. Гэвч хэн нэгэн чамайг доош хийх нь чиний үзэл бодол, харах өнцгийг хүндэтгэхгүй байгаа хэрэг бөгөөд энэ нь чамд бус тухайн хүнд харилцааны асуудал байгааг илэрхийлж байна. Харилцаа нь харилцагч хоёр талын харилцан үйлчлэл дээр явагддаг ба чамд ямар нэгэн мэдрэмж төрж байгаа нь дан ганц чамаас бус аль аль харилцагч талуудаас шалтгаалж байгаа гэсэн үг. Тиймээс гэр бүл болон бусадтай харилцах харилцаанд тохиолдож байгаа бүх асуудалд өөрийгөө буруутгахгүй байхыг хичээгээрэй. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Миний бүх зүйлийг удирдаад байна
Сайн уу? Би 13 настай, охин. Гэрийнхнээс хэн нь ч намайг ойлгохгүй байна. Хамгийн сайн найз маань л намайг ойлгодог. Гэрийнхэнд хэлье гэхээр айгаад байдаг. Надад уурлах байх, намайг зодох вий гээд айдаг. Эмээ их мартамхай болохоор их төвөгтэй байдаг. Намайг юу ч хийж чадахгүй, хүний эхнэр болоод хадамдаа хөөгдөнө гээд тэнэгтээд байдаг.
Ээж миний дургүй зүйлийг хийлгээд байдаг нь надад үнэхээр дарамттай. Аав хүний хүсэл мөрөөдөл нураадаг. Намайг өөрөө бүтээгээд гоё зүйл хийх гэхээр "наадахаараа яах юм, наадах чинь шал дэмий" гээд хийх хүсэлгүй болгочихдог. Энэ гэрт байх хүсэл бүр үнэхээр алга.
Бас Family link гэдэг юмаар миний бүх зүйлийг удирдаад байдаг. Би хэнээр ч удирдуулах дургүй. Энэ угаасаа миний зан. Фэйсбүүк орох цагийг 20 минут болгочихсон. Among us тоглох цагийг 1 цаг болгочихсон. Бүр надтай ярилцахгүйгээр шүү. Яг үнэндээ энэ карантины үед хань болж байгаа нь энэ app болохоор л миний уурыг хүргэсэн.
Бусад хүүхдүүд бүр надаас илүү байдаг атал яагаад би болдоггүй юм бэ гэж хүртэл боддог. Аав ээж эмээ гурав намайг өөрсдөө багадаа ямар байсан, яг тэрэн шигээ хүмүүжүүлэх гээд байдаг. Би модель болох хүсэлтэй ч эмч болгоно гээд тэнэгтээд байдаг. Зүгээр л энэ талаар бодохоор энэ гэрээс яваад ганцаараа амьдрахыг хүсдэг. Би яах ёстой вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Харилцан тохиролцоыг хичээгээрэй
Өдрийн мэнд, захидал илгээсэнд баярлалаа. Хүн болгонд өөрийнх нь санаа бодлыг сонсохгүй байх, өмнөөс нь шийдвэр гаргах, дуртай зүйлийг нь няцаахад таагүй мэдрэмж төрдөг. Гэхдээ ээж аав хоёр нь яагаад чиний Фэйсбүүк орох цаг болон Among us тоглох цагийг нь дараах байдлаар тогтоосон юм бол оо? Дан ганц чамайг удирдах гэсэн хүсэлтэйгээр юм болов уу? Чи юу гэж бодож байна? Энэ талаар ээж ааваасаа асуугаарай.
Мөн гэрийнхэндээ өөрт төрж буй бодол, мэдрэмжээ хэлье гэхээр айдаг гэсэн байна. Магадгүй чамд үүнтэй холбоотой таагүй дурсамж байгаа бололтой. Гэвч эцэг эхчүүд хүүхдэдээ санаа тавьдаг учраас зарим шаардлагуудыг тавьдаг ч санамсаргүй байдлаар буруу үгээ сонгож хүүхдээ гомдоох гээд байдаг талтай. Тиймээс энэ талаар хоорондоо дуугаа өндөрсгөхгүй, тайван, нам дуу хоолойгоор ярилцаж учраа олох боломжтой. Ингэхдээ ямар учраас энэ зүйлийг чамаар хийлгэх гэж байгаа вэ? Ямар учраас эмч болгох гээд байгаа вэ? Яагаад модель болохыг эсэргүүцэж байгаа талаар асууж тэдний зарим хэлж байгаа үгс нь чамд ямар мэдрэмж төрүүлж байгааг илэрхийлээрэй. Чи хэлэхгүй л бол гэр бүлийнхэн нь чамд муухай санагдаж байгааг мэдэхгүй байгаа ч юм билүү? Мөн тэднээс юу хүсэж байгаагаа хэлж, эцэг эхийнхээ чамаас юу хүсэж байгааг сонсож харилцан тохиролцохыг хичээгээрэй. Хэрвээ хэлмээргүй байвал захидал бичиж үлдээсэн ч болно. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Үерхэх л юм бол гэдсээ чирээд ирнэ гэдэг
Сайн байна уу? 17 настай, эмэгтэй.
1. Гэр бүлийнхэн маань үерхэл нөхөрлөл, найз нөхдийн тал дээр, ер нь л бүх тал дээр чанга байдаг. Хүнтэй үерхэж болохгүй, үерхэх л юм бол гэдсээ чирээд ирнэ. Үерхэх л юм бол гэрээс хөөнө (элдэв бус үгээр доромжилно). Тэр ч бүү хэл эмэгтэй найзууд минь хүртэл тэдэнд таалагддаггүй. Найз гэж чиний насан дээр байхгүй гэж хэлдэг. Найзуудтай минь ч уулзуулах дургүй. Энэ тухай ээжтэйгээ ярилцаж үзсэн боловч ямар нэгэн шийдэлд хүрээгүй. Улам л дордсон.
2. Надад хувийн орон зайг минь огтхон ч өгдөггүй. Миний бүх зүйлд оролцдог. Фэйсбүүк чат, тэмдэглэлийн дэвтэр, хаашаа л эргэнэ, яах гэж байгааг минь асуудаг. Яг л цагдаа шиг. Ганцаараа байх боломж ч олгодоггүй. Миний асуудалд оролцох тусам үнэхээр их уур хүрдэг.
3. Миний хийсэн бүхэн таалагддаггүй. Дандаа голно. Чи юу ч хийж чадахгүй гэж дандаа үглэнэ. Нөхөрт гарч чадахгүй. Ийм хүнийг тоох хүн байхгүй гэх мэт. Нэг уурлахаараа аймшигтай хараалаар хараадаг. Яаж тийм үг гардаг юм бэ гэмээр.
Ойрын үед үнэхээр хэцүү байгаа. Дотор бачимдаж тэвчихийн аргагүй галзуурах шахам. Бүр яваад өгмөөр санагддаг. Нойр ч хүрэхгүй. Намайг ойлгох хүнтэй л ярилцмаар санагдах шиг. Бүх зүйл хэцүү, үхмээр санагддаг. Намайг яагаад ингэтлээ хориод байдгийг нь асуугаад барахгүй. Бүр ойлгох ч үгүй. Хааяа бүр битгий гэх тусам нь зөрмөөр санагддаг. Энэ асуудлыг би яах хэрэгтэй вэ? Ярилцаад ярилцаад намайг ойлгохгүй хүмүүс.
ЗӨВЛӨГӨӨ: Харилцааг сайжруулахын тулд маш олон удаа оролдох хэрэгтэй
Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Хийсэн зүйлийг урамшуулахгүй, үнэлэхгүй байвал хэнд ч байсан таатай мэдрэмж төрүүлэхгүй нь мэдээж. Тиймээс чамд хэцүү байгааг ойлгож байна. Гэрийнхэнтэйгээ ярилцах гэж үзсэн, ярилцсан гэсэн байна. Хэдэн удаа ярилцах оролдлого хийсэн бэ? Харилцааг сайжруулахын тулд маш олон оролдлого хэрэгтэй байдаг. Зарим үед хийсэн оролдлогоосоо болж загнуулна. Зарим тохиолдолд гэрийнхэн нь ойлгож байгаа юм шиг санагдана. Заримдаа хямарч бууж өгмөөр санагдана. Өөрчлөлтөд заавал цаг хугацаа хэрэгтэй. Харилцаагаа сайжруулахын тулд мэдээж хоёр талын хичээл зүтгэл шаардлагатай. Ярилцах гэж хичээхдээ чиний өөрийгөө илэрхийлэх арга, харилцааны хэлбэр, ярилцахдаа гаргаж буй сэтгэл хөдлөл, үг хэллэг, дуу хоолойн өнгө, харц ямар байсан бэ? Өөрийгөө илэрхийлэхдээ өндөр дуугаар ярих, муухай харах, дуугаа хураах, сэтгэл хөдлөлдөө автан уйлах, уурандаа хэлнэ гэж бодоогүй үгсээ хэлэх, хэлж буй зүйлс үргэлж шийдэл биш гомдол байгаа тохиолдолд дахиад л үл ойлголцол үүсдэг. Гомдлоо илэрхийлж бололгүй яахав. Гэхдээ тохиромжтой үед хэлэх хэрэгтэй. Нэг үгээр өөрийгөө илэрхийлэхдээ дандаа уурласан, гомдсон сөрөг сэтгэл хөдлөлтэй байх үедээ л илэрхийлээд байвал шийдэлд хүрэхгүй л болов уу?
Тиймээс гэрийнхэн болон чи өөрөө сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой үедээ ярилцах гэдэг маш чухал. Хүн сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой үедээ ухаалгаар бодож зөв шийдвэр гаргах нь илүү байдаг. Фэйсбүүк шалгах, хүнтэй үерхэж болохгүй гэх энэ бүхэн мэдээж чамд санаа зовсондоо гаргаж буй үйлдлүүд. Гэхдээ хэтэрвэл хянах биш чиний хэлдгээр хувийн орон зай руу хэт халдаж байна гэсэн үг. Тиймээс гэрийнхэнтэйгээ энэ талаар тохиролцвол ямар вэ? Магадгүй чи бүх зүйлээ үнэнээр хэлж байна. Гэрийнхэн нь чамайг хянаж болно харин хэт цагдахаа болих гэх мэтээр шийдлийг ярилцвал ямар вэ? Гомдоллох эсвэл чамд ямар санагдаж байгааг хэлэх хоёр бага зэрэг өөр байдаг. Жишээ нь:
Дандаа л намайг хорьж цагдаж байх юм. Бусад хүүхдүүдийн гэрийнхэн ойлгоод л ярилцаад болоод байхад та нар яагаад намайг ойлгодоггүй юм бэ? - Ингэж хэлэх нь гомдол.
Намайг хэт хорьж цагдаж байгаа нь надад итгэхгүй байгаа юм шиг санагдаж байна. Миний хийж буй зүйлсийг байнга гоочлох нь намайг улам юм хийх хүсэлгүй болгож байна. - Ингэж хэлэх нь чамд ямар санагдаж байгааг илэрхийлэх бөгөөд шийдэлд хүрэх сэдэл болох болов уу. Үүний дараагаар шийдлийг ярилцаж, хоёр талын хүсэж буй зүйлсийг харгалзан үзэж харилцан тохиролцож болох юм. Мөн гэрийнхэндээ чамд ямар санагдаж байгаа вэ, яавал ойлголцох вэ, юу хүсэж байгаа вэ, гэдгээ захидал бичээд өгч болно шүү. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг
АСУУДАЛ: Байнга инээж явдаг болохоор энэ бүхнийг хэн ч ойлгохгүй
Сайн байна уу? Би одоо 12 настай. Манай гэр зургаан ам бүлтэй хэрнээ гэрт би л гэр цэвэрлэж, хоол хийж, гэрийн бүхий л ажлыг зохицуулж байдаг. Хааяа гэр цэвэрлэхдээ дутуу хийчихвэл гэрт юу ч хийдэггүй залхуу болчихдог. Уг нь би чадах хэрээрээ л хийдэг. Гэхдээ л хэн ч ойлгодоггүй. Манай үеийн охид бүгд л найзуудтайгаа парк явж, байнга л зугаалж байдаг. Харин би гэр орны ажил хийгээд, дүүгээ хараад, хичээлээ ч хийж бардаггүй. Тэгээд сургууль дээрээ очихоор багш нар хичээл хийхгүй байна гээд загнадаг. Ангийн дарга болохоор хүүхдүүд намайг "чи ангийн дарга байж" гэдэг. Гэхдээ үнэндээ амжихгүй байгаа хэрэг. Тэгээд гэрт ирээд гэр бүлийнхэндээ загнуулна. Хааяа шөнөжин хичээл хийгээд ядраад хичээлээ орохоос өмнө гурван цаг л унтдаг. Тэгээд унтахаар өдөржин унтаж гэр орон ч цэвэрлэхгүй, хичээл номоо ч хийж чадахгүй, яаж том болоод айлын авгай болох юм гэж ээждээ загнуулна.
Дүү маань одоо жаахан болохоор байнга л миний гэсэн бүхнийг авах гэдэг. Тэгээд үгүй гээд хэлчихвэл ээж аавд очоод хэлчихнэ. Тэгээд л энэ гэрийн бүх асуудлууд эхэлнэ. Хааяа байрны хөвгүүд намайг өдөхдөө "гэрийн авгай" гэж дуудах нь таагүй ч би тэвчээд л өнгөрдөг. Найзууд хааяа хамт кино үзэх үү? Хамт зугаалах уу? Тэнд очиж үзэх үү гэж асуудаг. Би чинь хүүхэд болсон хойно явахыг үнэхээр их хүсдэг. Тэгээд ээжээс зөвшөөрөл асуухаар “тэгж байснаас гэр орноо цэвэрлэж сур, танай найзууд бүгд гэр орноо цэвэрлээд хичээл номоо хийгээд чамаас асууж байгаа” гэдэг.
Сургууль дээр найзуудтайгаа уулзаад сэтгэл сэргээд бүгдийг мартаад явж байдаг. Гэхдээ гэрт ирэхээр л инээд хөөр алга болчихдог. Байнга инээж явдаг болохоор энэ бүхнийг хэн ч ойлгодоггүй. Би энэ бүх асуудалд их хямардаг ч өөрийгөө азтай хүн гэж боддог. Бусад хүүхдүүд нэгээр ч барахгүй өдрүүдэд хоолгүй, унтах газаргүй, өөрсдийг нь хайрлах ээж аавгүй байдаг атал би амьдрах газар, өдөр бүр идэх хоол, ээж аав гээд л юугаар ч дуталгүй амьдарч байгаагаа азтайд тооцдог. Ээж минь миний төлөө, намайг сайн сайхан амьдруулахын төлөө ингэдэг гэж бодож тэвчсээр байгаа. Энэ бүхнийг тэвчээд өнгөрч байгаа нь одоохондоо л төдий. Тэвчсээр байсан энэ бүх асуудлууд хэзээ мөдгүй дэлбэрэх гээд байна.
ЗӨВЛӨГӨӨ: Чиний доторх сав сөрөг сэтгэл хөдлөлөөр дүүрвэл асгарна.
Сайн уу? Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Чамайг хичээж байгааг ойлгож байна. Ээждээ хэцүү байгаагаа илэрхийлсэн үү? Энэ захидалд бичсэн зүйлсээ ээждээ хэлсэн үү? Чамайг гэрийн авгай гэж дуудсаныг гэрийнхэндээ хэлсэн үү? Ээжийгээ бодож тэвчиж байгааг ойлгож байна. Гэхдээ хэлэхгүй бол ээж нь чамд ямар байгааг мэдэх боломжгүй шүү дээ. Одоо тэвчиж байгаа ч хэзээ мөдгүй дэлбэрэх гээд байна гэсэн байна. Энэ нь чи сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмжээ байнга нууж, дарж байгаатай холбоотой байж болох юм.
Сөрөг сэтгэл хөдлөлөө нуулаа гээд асуудал шийдэгдэхгүй. Чамд улам л хэцүү байх болно. Чиний дотор сав байна гэж төсөөлье. Сав усаар дүүрэх үед асгардаг шүү дээ. Түүнтэй адил чиний доторх сав сөрөг сэтгэл хөдлөлөөр дүүрвэл мөн л асгарна. Сав усаар дүүрэх дөхөхөөр бид нар аягаар ч юм уу тэр усыг багасгана. Тийм үү? Түүнтэй ижил өөрийн саваа сөрөг сэтгэл хөдлөлөөр дүүрэхийг хүлээж, асгарахыг харах шаардлагагүй. Бага багаар илэрхийлээд л байх юм бол асгарч асуудал үүсгэхгүй. Тиймээс чамд ямар санагдаж байгааг нээлттэй илэрхийлж цаашдаа яах вэ гэдэг шийдлийг ярилцдаг байгаарай. Мэдээж гурав, дөрвөн удаа ярилцах гэж оролдоод л өөрчлөгдөхгүй эсвэл 3 сарын турш өдөр бүр оролдсон ч өөрчлөгдөхгүй байх боломжтой. Тиймээс олон удаагийн оролдлого мөн цаг хугацаа шаардлагатай юм шүү. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх