Долоо хоногт 30 цаг хэмнэх 4 ДАДАЛ


А. Арвинбаяр | YOLO.MN
2023-02-09

АНУ-ын StaffingU компанийг үндэслэгч Скотт Винтрип “цагийг удирдах” сэдвээр өнөөг хүртэл бичигдсэн зүйлс хэр их бэрхшээлд хүргэдэг талаар нотолсон тухайгаа бичсэн байдаг. Тэрээр цагийг “удирдах” талаар маш олон арга байдаг ч үнэндээ хувь хүн өөрөө "цагаа хэрхэн өнгөрүүлж, юу хийхээ сонгохоос их зүйл шалтгаална” гэж хэлсэн байна. Өнгөрсөн цаг хугацааг бид хэзээ ч буцааж чадахгүй шүү дээ. 

Яг ижил оноогдсон цаг хугацааг хэрхэн үр бүтээмжтэй өнгөрүүлж байгаагаас шалтгаалан бид харилцан адилгүй хөгжиж дэвшиж байдаг. Тэгвэл цаг хугацааг хэрхэн ухаалгаар ашиглах 4 дадлыг танилцуулъя. Эдгээр 4 дадлыг өөртөө суулгаснаар та долоо хоногт 30 гаруй цагийг хэмнэх боломжтой гэнэ. 

Эхний дадал TIME-BLOCKING 

Жоржтауны их сургуулийн дэд профессор Cal Newport-ийн хийсэн судалгааны үр дүнд TIME-BLOCKING гэх цагийн менежментийн арга бий болжээ. Тус арга нь ердөө ганцхан минут зарцуулдаг боловч таны маргаашийн төлөвлөгөөг маш тодорхой болгож, цагийг хэмнэхэд тусална. 

Та шөнө унтахаасаа өмнө цаасан дээр маргаашийн хийх зүйлсээ жагсаан бичиж тэдэн цагт эдгээр үйлдлээ дуусгасан байх ёстойг өөртөө сануулах хэрэгтэй. Маргааш 2 цагт үүнийг дуусгана гэж өөртөө сануулж өмнөх өдөр нь тэмдэглэж авсан бол ажлаа цагтаа дуусгах магадлал хамаагүй өндөр байдаг. Хэрэв 5 минутын дараа үүнийг хийнэ гэж хойшлуулан, төлөвлөгөө гаргахгүй бол тэр 5 минут нь та өөрөө ч мэдэлгүй байхад нэг цаг болж хувирсан байх болно. “Би үүнийг дуусгаж байж л санаа амарна” гэж бодохоос илүү “ Би үүнийг 2 цаг гэхэд дуусгасан байх болно” гэж хэлснээр та илүү үр бүтээлтэй, зохион байгуулалттай ажиллаж сурна.Энэ дадлыг орой бүр өөртөө хэвшүүлснээр цаг хугацааг хэмнэхээс гадна, өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой. 

2 дахь дадал бол “Өглөөний цайндаа мэлхий идэх”

Хачирхалтай сонсогдож болох ч тус дадал нь ихээхэн үр дүнтэй. Америкийн зохиолч Mark Twain-ий хэлснээр "Хэрэв та амьд мэлхий идэх хэрэгтэй бол өглөө нь эхлээд идээрэй, үлдсэн хугацаанд танд үүнээс илүү муу зүйл тохиолдохгүй" гэдэг. Мэлхий идэх стратеги нь хүнд хэцүү даалгавруудыг тодорхойлоход нь хүмүүст тусалдаг тэргүүлэх ач холбогдол, бүтээмжийн арга юм. Тухайн өдрийн хамгийн хэцүү ажил бол хамгийн их хойшлогдоход хүргэдэг ажил. Тиймээс өглөө хамгийн хүнд бөгөөд чухал ажлаа түрүүнд хийвэл өдөржингөө ялагч гэдгээ мэдрэх болно. 
Өөрт чухал биш зүйлст хамаг цагаа үрэх тохиолдол бидэнд бий. Тиймээс аль болох чухал зүйлсээ дууссан цагт л тэдгээр чухал биш зүйлсээ хийж эхлэх хэрэгтэй. Өөрийн хийх ёстой зүйлсийн жагсаалт гаргаад эхний 3-4-ийг заавал хийх ёстой зүйлсээрээ дүүргэ. Тэднийгээ хийж дуустлаа өөр зүйлс бүү хийгээрэй. Ингэснээр та нэг л мэдэхэд өдөржин санаа зовдог ажил тань өдрийн талд л дуусаж, үлдсэн хугацаанд чөлөөт цаг ихтэй болохыг анзаарах болно.

3 дахь дадал Зохион байгуулалттай төлөвлөх

Цаг заваа зохицуулж удирдахын тулд ажлын төлөвлөгөө хэрэглэ. Төлөвлөгөө гаргахдаа төрөл  бүрийн хөтөлбөр “time manager” зэрэг цаас, компьютер ашиглаж болно. Өөртөө хамгийн тохиромжтойг сонгоорой. 

Мөн та өөрт ирэх цахим шуудан, унших ном, хийх ажлаа дэс дараалалтай зохион байгуулалтад оруулснаар ирэх өдрүүдэд илүү их цагийг хэмнэх болно. Өдөр өдрөөр нь ангилах, хийж дууссан зүйлсээ нэг газар хадгалж эсвэл бичиж тэмдэглэх гээд та аль өөрт амар аргаар хийж болно.

4 дэх дадал Хийх ёстой зүйлсээ хооронд нь уялдуул

Та хийх зүйлсээ заавал дараалуулж хийх хэрэггүй. Харин хооронд нь зөв уялдуулж хамтад нь хийж болох зүйлсийг олж нээгээрэй. Ном унших төлөвлөгөөгөө хэл сурах төлөвлөгөөтэйгөө уялдуулж тухайн сурах ёстой хэл дээрх номыг уншиж болно шүү дээ. Цаг хэмнэхээс гадна илүү үр бүтээлээ өгөх болно.

Хэрэв та эдгээр 4 дадлыг хэвшүүлж чадвал үр дүн таны урмыг хугалахгүйгээс гадна өдрийг илүү үр бүтээмжтэй өнгөрүүлж чадах юм шүү. Амжилт хүсье.

#Дадал