ЗАХИДАЛ: Би уурлахаараа юм авч шидээд байдаг муухай зангаа яах вэ?


ССҮТөв | YOLO.MN
2018-02-20

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Энэ янзаараа байвал энэ зан маань  миний эрүүл мэндэд их сөргөөр нөлөөлөхийг би мэдэж байна

Би уурлахаараа их аймшигтай болж эргэн тойронд байгаа зүйлсээ авч шидэн хашхирдаг.

Сайн байна уу.Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би уурлахаараа их аймшигтай эргэн тойронд байгаа зүйлсээ авч шидэн хашгирдаг. Дөнгөж 16 настай охины хувьд бол би насандаа байхааргүй их түргэн ууртай. Энэ янзаараа байвал энэ зан маань  миний эрүүл мэндэд их сөргөөр нөлөөлнө. Гэвч би энэ зангаа яаж хичээгээд хаяж чадахгүй юм. Надад үнэхээр хэцүү байна. Надад зөвлөгөө өгч туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Ямар ч үйлдэл хийлгүйгээр дотроо 20 тоолоод гүнзгий амьсгаа аваад гаргаарай

Чи одоохондоо бие болон сэтгэл санаанд чинь гарч байгаа өөрчлөлтүүдээ ухамсарладаг болж амжаагүй байгаа юм.

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе!

16 нас гэдэг шилжилтийн нас учраас олон янзын өөрчлөлтүүд бие мах бодид болон зан байдалд гарч эхэлдэг. Өөрөөр хэлбэл чи одоохондоо бие болон сэтгэл санаанд чинь гарч байгаа өөрчлөлтүүдээ ухамсарладаг болж амжаагүй байгаа юм. Мөн эцэг эхтэйгээ өөрт гарч байгаа өөрчлөлтүүдээ чөлөөтэй ярилцаж байхыг зөвлөмөөр байна.

Яагаад юунд тэгтлээ уурлаад байна? Ямар үед илүү их уур чинь хүрч байна? Илүүтэйгээр хэнд уурлаад байна? Ямар үед юм авч шидэж чанга орилж байна гэдгээ сайн анзаараад үзээрэй. Ээж, аавдаа би их түргэн ууртай болоод байна, ийм ийм үед уур маш их хүрэх юм гэдгээ заавал хэлээрэй.

Харин одооноос эхлээд хэрвээ дахиж уур чинь хүрээд гартаа таарсан юмаа авч шидмээр, орилж хашгирмаар, хэн нэгнийг гомдоох үгийг хэлмээр санагдвал ямар ч үйлдэл хийлгүйгээр дотроо 20 тоолоод гүнзгий амьсгаа аваад гаргаарай. Яагаад гэвэл хүний огцом уурласан уур ердөө 6 секунд үргэлжилдэг юм байна. Туршаад үзээрэй.

Бас хэн нэг дотны найздаа болон хайртай хүмүүсдээ уурласан үедээ муухай үг хэлж гомдоож байсан бол дараагийн удаад уур нь хүрвэл хамгийн сүүлд ямар үг хэлж хэнийг гомдоосон билээ гэдгээ санаад үзээрэй. Чи мэдээж дахиж өөр дотны нэгнээ гомдоохыг хүсэхгүй шүү дээ. Өөрийхөө сул талыг олж мэдэх, засч залруулах гэж бидэнд хандаж ухаалаг захидал илгээсэн чамд маш их баярлалаа. Мөн эцэг, эхтэйгээ сайн ярилцаж байгаарай гэж дахин хэлмээр байна. Хүсвэл мэргэжлийн сэтгэл зүйчидтэй уулзаж зөвлөгөө аваарай.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Д.Сугармаа

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Angry #Girl #Advice