Боловсролын сэтгэл зүйчид зөвхөн сэтгэл зүй болон сэтгэцийн хувьд асуудал тулгарсан сурагч ханддаг гэх хандлага түгээмэл. Гэвч боловсролын сэтгэл зүйч зөвхөн хүүхэдтэй бус сургуулийн орчинд байх бүх хүнтэй ажилладаг юм байна.
Асуудал, бэрхшээлтэй тулгарах үед тусламж үзүүлэхээс гадна сурагчдын сэтгэлзүй, сэтгэцийн хөгжлийг судалж, сургалт хүмүүжлийн ажиллагаанд тохиромжтой зөвлөгөө, шаардлагыг гэр бүл, багш нарт хүргэх, хүүхдийн хувийн онцлог, нөөц боломжийг дээд зэргээр нээн хөгжүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэдэг.
Сэтгэл зүйч О.Мягмар “Сэтгэл судлалын зүй тогтол, зарчимд тулгуурлалгүй сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулбал, суурьгүй байшингийн хана, туургыг хичээнгүйлэн барьсантай ижил юм” гэж хэлсэн байдаг.
Боловсролын сэтгэл зүйчийн ач холбогдлын талаар мэргэжилтнүүдээс тодруулсан юм.
Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, доктор, професор Ш.Батсүх “2021 оноос эхлэн боловсролын сэтгэл зүйч мэргэшүүлэх сургалтад 119 сэтгэл зүйч хамрууллаа. Дөрөв дэх сургалтад оролцож байгаа 92 сэтгэл зүйчийг ажлын орчинд гаргаснаар улсын ерөнхий боловсролын 650 гаруй сургуулийн гуравны нэг нь мэргэшсэн сэтгэл зүйчтэй болно.
Мэргэшсэн сэтгэл зүйч ажиллах нь хүүхдийн бие хүний хөгжлийн явцад учирч болох бэрхшээлүүдийг илрүүлэх, зөвлөн туслах, дунд болон ахлах ангийн хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, хүүхдийн авьяас, чадварыг нээн, хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Сэтгэл зүйч ур чадваргүй бол хүний сэтгэцэд хүнд гэмтэл учруулж болно. Мөн сургуульд үе тэнгийн дээрэлхэлт, дарамт маш их байна. Судалгаануудаас харахад сургууль хүчирхийллийн орчин болсон мэт эмзэглэмээр баримт их. Үүнээс болж хүүхэд сэтгэлээр унах, сургуульдаа явахаас дургүйцэх, амиа хорлох гэж оролдох зэрэг асуудал үүсдэг. Энэ нөхцөлд зөв гарц, шийдлийг олох, асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл зүйчид хамгийн чухал.”
Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн боловсролын сэтгэл зүйч Ж.Мөнхчимэг “Сэтгэл зүйч нүдэнд харагдахгүй, хийсвэр зүйлтэй ажилладаг.
Үүнээс шалтгаалж хүмүүсээс “Бодитой ажил хийдэггүй” гэсэн шүүмжлэл их ирдэг. Тиймээс сэтгэл зүйчийн ажил мэргэжил, үйл ажиллагаа, цаашлаад сэтгэл зүй, сэтгэцийн асуудлуудын тухай нийгэмд таниулах шаардлагатай.
Өнгөрсөн нэг жилд сургуульд сэтгэл зүйчээр ажиллахад хүүхдүүд гэр бүлийн асуудлаар их хандсан. Мөн үе тэнгийнхний харилцаа, хандлагаас шалтгаалсан асуудлууд ч түгээмэл байна.
Боловсролын сэтгэл зүйчид сургуулийн орчинд хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш нартай ажилладаг. Сургуульд боловсролын сэтгэл зүйчийн тухай таниулж, мэдлэгтэй болгох зорилго тавьж, ажилласан. Үүний үр дүнд хүүхдүүд, багш нар сэтгэл зүйчид хандах нь ихэссэн. Сургууль хүүхдийг 6-18 нас хүртэл хөгжүүлж, төлөвшүүлэх орчин юм. Энэ орчинд нь мэргэжлийн сэтгэл зүйч байснаар хүүхдэд сэтгэл зүйн боловсрол олгох, цаашдаа бие хүнээ зөв хөгжүүлэхэд нөлөөлдөг.”
Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р сургуулийн сэтгэл зүйч Г.Хулан “Сэтгэл зүйчээр төгсөж байгаа оюутнууд зөвхөн ерөнхий мэдлэгтэй төгсдөг.
Боловсролын сэтгэл зүйчээр мэргэшихэд цаана нь хүүхэд, тэдний ирээдүй, сайн сайхны төлөө хүчин зүтгэх тухай хөндөж байдаг.
Бид ирээдүйгээ харъя гэвэл хүүхдүүдээ харах хэрэгтэй. Би хорин жил сургуульд нийгмийн ажилтнаар ажилласан.
Хорин жилийн өмнө сэтгэл зүйч гэдэг мэргэжлийн талаар төдийлөн мэддэггүй байлаа. Одоо дийлэнх хүн сэтгэл зүйчийн хэрэгцээ, ач холбогдлын талаар мэдлэгтэй болсон. Миний хүсэл, зорилго хүүхэд, тэдний сайн сайхны төлөө ажиллах байсан учраас боловсролын сэтгэл зүйч болохоор шийдэж, суралцаж байна.
Сүүлийн үеийн хүүхдүүд ихэвчлэн гэр бүлийн асуудлаар ханддаг. Асран хамгаалагч, насанд хүрсэн хүмүүс хүүхдүүдийн нас, бие, сэтгэхүйн онцлогийг ойлгож, мэдрээгүйн улмаас хүүхдүүд гэр бүлтэйгээ зөрчилдөх нь түгээмэл.” гэв.
Дэлхий дахинд боловсролын сэтгэл зүйчийн салбар үүсэж, хөгжөөд 100 гаруй жил болжээ. Сэтгэл зүйч нар эмчтэй адил, төрөлжсөн нарийн салбар ихтэй, мэргэжлийн онош тавих эрх бүхий тамга тэмдэгтэй байдаг аж.
Нийслэлд 740 мянга гаруй сурагч бий. Боловсролын сэтгэл зүйчдийн одоогийн тоотой харьцуулбал нэг сэтгэл зүйчид 3000 гаруй хүүхэд, 160 орчим багш ногдож байна. Харин бусад улсуудад нэг сэтгэл зүйчид 100 багш ногддог аж.
Швейцарт боловсролын нэг сэтгэл зүйчид 500 хүүхэд ногддог байна.
Нийслэлд 740 мянга орчим сурагч бий. Одоогоор боловсролын сэтгэл зүйч мэргэшүүлэх сургалт төгссөн сэтгэл зүйч нар нийт сурагчдын 20 хувьд нь хүрч ажиллажээ. Энэ оны долдугаар сараас эхлэн 189 сургууль мэргэшсэн боловсролын сэтгэл зүйчтэй болох хүсэлтээ ирүүлсэн юм.
Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг хамтран “Боловсролын сэтгэл зүйч мэргэшүүлэх сургалт”-ыг дөрөв дэх удаа хэрэгжүүлж байна.
2021 оноос эхэлсэн тус сургалтад одоогоор нийт 119 сэтгэл зүйч амжилттай хамрагдаж, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа юм.
Дөрөв дэх удаагийн “Боловсролын сэтгэл зүйч мэргэшүүлэх сургалт”-нд 163 сэтгэл зүйч хоёр үе шаттай шалгаруулалтад оролцсоноос 92 сэтгэл зүйч 45 хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдахаар болжээ. Тодруулбал Улаанбаатар хотоос 47, орон нутгаас 45 сэтгэл зүйчийг хамруулж байна. Тус сургалтад бакалаврын түвшинд бүрэн кредит хангаж, төгссөн мэргэжлийн сэтгэл зүйчид оролцдог.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комла “НҮБ-ын Хүүхдийн сан сургуулийн орчин дахь сэтгэл зүйчдийг бэлтгэж, энэ сургалтад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаадаа таатай байна.
Хүн бүхэнд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал чухал.
Энэ 45 хоногийн сургалтад хамрагдсанаар та бүхэн сэтгэцийн эрүүл мэнд, түүнд тулгарч буй асуудлуудыг илүү үр дүнтэй зохицуулах, удирдах талаар сурна гэдэгт итгэлтэй байна” гэв.
“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирал С.Ариунгэрэл “Манай сургууль “Боловсролын сэтгэл зүйч мэргэшүүлэх сургалт”-ыг төгссөн хоёр сэтгэл зүйчтэй хамтран ажилладаг. Нийгмийн ажилтан асуудалд өртсөн хүүхдэд илүү анхаардаг. Харин мэргэжлийн сэтгэл зүйч хүний дотоод хүч, дотор хүн рүү илүү ойртдог. Сургууль сэтгэл зүйчтэй болсноор хүүхдийг төв болгож, хүүхдэд илүү анхаарч эхэлсэн. Ингэснээр хүүхдүүдийн идэвх санаачилга нэмэгдэж байна. Хүүхэд ямар нэг асуудалд ороход яагаад ийм үйлдэл хийв, сэтгэл зүйд нь юу болов гэдэгт анхаарч, түүнд тулгуурлан зөвлөгөө, дэмжлэг өгдөг. Багш, эмч, нийгмийн ажилтнууд ч сэтгэл зүйчийн нөлөөнд орж, ажлаа уялдуулж эхэлдэг.” гэж туршлагаасаа хуваалцлаа.
Сэтгэл зүйчдийн хамгийн чухал хэрэгсэл бол оношилгооны материал. Үүнд төрөл бүрийн асуумж, сорил багтдаг аж. Гэвч манай улсад монгол хэл дээр бүрэн орчуулж, “Монголд нутагшуулсан” сорил, асуумж ховор байдаг гэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх