ЗАХИДАЛ: Аав маань нас барснаас хойш би хаагдмал болж хувирсан


ССҮТөв | YOLO.MN
2017-07-10

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Сонсдог дуунууд минь хүртэл уйтгартай

Учир нь би олон хүнтэй газарт дургүй харин ганцаараа юм бодох дуртай. 

Сайн байна уу, Би том болох тусам өөрийгөө бусдаас өөр гэдгийг мэдэрсэн.

Учир нь би олон хүнтэй газарт дургүй харин ганцаараа юм бодох дуртай. Хэтэрхий зожиг гэхүүдээ хичээлээ тараад номын сан ордог, эсвэл шууд гэр рүүгээ л явдаг. Багадаа би ийм зожиг байгаагүй боловч аав маань нас барснаас хойш би хаагдмал болж хувирсан. Сонсдог дуунууд минь хүртэл уйтгартай. Гэвч бусдад гадуурхагдахгүйн тулд энэ байдлаа нууж ярианд орохыг хичээдэг. Хараад байхад би л ганцаараа ийм юм шиг байна. Би цаашид яах вэ? Энэ нь нэг төрлийн өвчин үү?

ЗӨВЛӨГӨӨ: Энэ нь чиний амьдралын хэв маяг, зан чанарыг ч өөрчлөх эрсдэлтэй

Хайртай дотны хүнээ алдсаны дараах сэтгэлийн өвдөлт, дотоод зөрчлийг тэсвэрлэх үнэхээр хэцүү.

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлаа. Хайртай дотны хүнээ алдсаны дараах сэтгэлийн өвдөлт, дотоод зөрчлийг тэсвэрлэх үнэхээр хэцүү. Үүнийг даван туулахад цаг хугацаа л хэрэгтэй.  Энэ  цаг хугацаа нь хүн бүрт өөр өөр байдаг. Хэдийгээр хайртай дотны хүнээ алдсан мэдрэмжээс зугтах боломжгүй хэдий ч тогтмол зайтайгаар "завсарлага авч" уй гашуу, сөрөг мэдрэмжээсээ холдож өөрийгөө чөлөөлж байх хэрэгтэй. Учир нь чи нэг төрлийн уйтгартай байдлаараа удаан хугацаанд амьдарвал энэ нь чиний амьдралын хэв маяг болон хувирч чиний зан чанарыг ч өөрчлөх эрсдэлтэй юм. Дараах зөвлөмжүүдийг өгье:

• Хичээлээ тараад номын санд суух дуртай бол суу. Өөрийн хийх дуртай зүйлсийг боломж олдох бүртээ хийж байгаарай.
• Одоо чиний дэргэд байгаа гэр бүлийнхээ гишүүдтэй ойр дотно байх, аль болох их ярилцах.
• Өөрийг чинь ойлгож дэмжих хүмүүстэй өнгөрөөх цаг гаргах.
• Гадуур алхаж, зугаалах, гүйх зэрэг нь сэтгэл зүй тогтвортой байхад маш чухал.
• Сонсдог дуугаа өөрчлөөд нэг үзээрэй. Ямар дуу сонсохоо мэдэхгүй байгаа бол сонгодог хөгжим сонсохоос эхэл. Аль болох өөрийг чинь уйтгарт автуулах зүйлсээс хол байгаарай. Учир нь бидний сонсож буй хөгжим, үзэж буй киноны агуулга бидний сэтгэл зүй ямар байхад шууд нөлөөлдөг.

Чи ганцаараа ийм биш юм шүү. Хамгийн чухал нь өөрийнхөө хийх дуртай зүйлсийг хий бусадтай харилцах харилцаагаа битгий хааж хязгаарла. Мөн шинээр зорилгоо тодорхойлоорой.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
М. Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Father #Closing