Т. Ялгуун: Иог хийж буй хором бүрд ҮР ДҮН бий болдог


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-03-08

Эрүүл, тайван, аз жаргалтай амьдрахад тусалдаг болохоор иогоор хичээллэх хүн өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Цахим орчинд хүмүүс иог хийж турсан, амар амгаланг олж авсан, хууч өвчнөөс салсан зэргээр үр дүнгээ хуваалцсаар л. Иймээс энэ удаа иогоор хичээллэхээр судалж байгаа хүмүүст зориулж “Namaste Yoga Mongolia” сургалтын төвийн багш Т.Ялгуунтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.


YOLOИогоор хэзээнээс эхэлж хичээллэсэн бэ? Хичээллэх болсон шалтгаан юу байсан бэ?

- Намайг бага байхад ээж маань иогоор хичээллэдэг байсан учир иогийг багаасаа л сонирхдог байлаа. Эхэндээ ээж, эгчийгээ дагаад хийдэг байсан бол сүүлдээ түүндээ дурлаж, нэг өдөр ч таслалгүйгээр хийхийг хүсэх болсон. Би сахилгагүй, тогтож сууж чаддаггүй, анхаарал төвлөрөлт муутай хүүхэд байсан бол иогоор хичээллэснээр энэ байдал минь засарсан. Мөн иог бие, оюун ухаан, сэтгэл санаа гээд бүхий л зүйлд минь эерэг нөлөө үзүүлж, намайг илүү тэвчээртэй, аливаа зүйлийг олон талаас харж, дүн шинжилгээ хийдэг нэгэн болгосон.  

YOLOИогоор хичээллэснээс хойш гарсан хамгийн том өөрчлөлт юу байв?

- Иог хийнэ гэдэг нь ихэнх хүмүүсийн төсөөлдөг шиг нугарч, сунадаг үзүүлбэр биш. Харин өөртөө зориулж бий болгодог бие, сэтгэлийн амар амгалан юм. Хийх болгондоо өөр мэдрэмж авдаг. Чаддаггүй байсан дасгалаа хийгээд сурчихвал сайхан мэт. Харин чадахгүй хэвээр байвал онцгүй санагдана. Tиймээс надад иог яг л байгалийн хууль шиг санагддаг. Бүх зүйл хувьсаж өөрчлөгддөг гэдгийг зааж сургасан нь миний хувьд хамгийн том өөрчлөлт байх.


YOLOБид иогийг мэддэг мэт боловч угтаа сайн мэддэггүй. Дотроо Хатха, Виньяаса, Аштанга, халуун иог гэх мэт олон төрөл байдаг юм билээ. Өөрөө яг аль төрлийг нь заадаг вэ? Бусдаасаа ямар онцлог, ялгаатай вэ?

- Би Виньяаса иог заадаг. Энэ нь уламжлалт аргыг бодвол илүү уян хатан чанартай гэж хэлж болно. Зарим хүмүүс дасгалыг хүчээр хийх гээд ч чаддаггүй учраас хүн бүрийн биеийн онцлогийг харгалзан үзэх шаардлагатай байдаг. Мөн Виньяаса иог нь усны урсгал шиг хэмнэлтэй. Өөрөөр хэлбэл уламжлалт иогийг бодвол арай хурдан бөгөөд урсгал хэмнэлтэй болдгоороо онцлог. 

Аштанга иог нь тогтсон дасгалуудтай бол Виньяса нь хийх хүнийхээ онцлогт тохируулан дасгалаа нэмж, хасаж, сольж болдог. Mиний бодлоор орчин үеийн хүмүүсийн биед Виньяаса иог хамгийн тохиромжтой санагддаг. Хүмүүсийн хийж чадахгүй байгаа дасгалыг хүчээр хийлгэх нь буруу бөгөөд хүн бүрийн биеийн онцлогийг анхааралдаа авдаг учраас Виньяаса хамгийн зохимжтой гэсэн үг. 


YOLOМонголчууд аль төрлийн иогоор ихэвчлэн хичээллэдэг бол? Эсрэгээрээ Монголд төдийлөн түгээмэл байдаггүй иогийн төрөл юу вэ?

- Mонголчууд төрөл бүрийн иогоор хичээллэдэг ч Виньяаса, Хатха иогоор түлхүү хичээллэдэг шиг санагддаг. Төдийлөн хичээллдэггүй нь Айенгар, Иен иог юм болов уу.

YOLOАнхлан суралцагсад ямар иогоор хичээллэвэл зүйтэй вэ? Яагаад?

- Иогийн үндсэн зарчим нь ахимса буюу хүчлэхгүй байх явдал. Ахимсагийн дагуу Виньяаса иог нь анхлан суралцагчдад хамгийн тохиромжтой. Аль ч түвшний иогоор хичээллэгч Виньяаса иогийг өөрийн хэмнэлд тааруулах боломжтой. Хүн бүр адилгүй гэдгийг Виньяаса иог чухалчилж, ахисан түвшин байсан ч блок, уяа, болстер гэх мэт туслах хэрэгсэл ашиглах боломж олгодгоороо онцлог юм. Эдгээр хэрэгслийг ашиглавал түвшин муудна гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Гэхдээ эдгээр хэрэгслийг ашигласнаар иог хийхэд харин ч үр дүн нь илүү их гардаг. 


YOLOНэг төрлийн иогоор хичээллэдэг хүн бусдыг нь ч мөн чадах уу эсвэл эхнээс нь сурах хэрэгтэй юу?

- Чадна. Ер нь иог дотроо олон төрөл байдаг боловч үндсэн иог нь өөрөө гурилтай адилхан. Гурилаар талх, бялуу гэх мэт төрөл бүрийн гурилан бүтээгдэхүүн хийж болдог нь иог доторх олон төрлийн ангилалтай адил. Иогийн үндсэн философи нь аль нэг хэмжээгээр шингэсэн байдаг учраас иогийн философийг ойлгодог бол бусад төрлийг нь хийж чадна гэсэн үг.

YOLOИогт “асана” гэдэг зүйл их чухал гэж сонссон. Энэ нь яг ямар учиртай зүйл юм бол?

- Mэдээж чухал. Асана нь иогийн дасгалын байрлалыг хэлж байгаа юм. Жишээ нь, триконасана, вирабадрасана, гарудасана гэж дасгалууд бий. Бүгдийнх нь араас асана гэж залгаж байгаа нь гурвалжин байрлал, дайчин байрлал, бүргэд байрлал гэсэн утгатай төдий. Иог гэхдээ дан асана бас биш юм. Иог нь дотроо найман мөчир бүхий ойлголт бөгөөд асана бол үүний хэсэг нь юм.


YOLOЗарим хүмүүс иогийн хэцүү байрлалыг хийх нь хамгийн сайн мэтээр ойлгодог. 

- Дуслыг хураавал далай гэдэг шиг иогийн бүх л зүйл нь тус дэмтэй. Tаны авч буй амьсгалаас эхлээд хөдөлгөж буй булчин бүр бие болон сэтгэлзүйн эрүүл мэндэд сайн. Tиймээс иогт "зөвхөн энэ нь чухал" гэж ангилж ялгах зүйл байхгүй. Хүн бүрийн биеийн онцлог өөр учраас хүнд байрлалыг хэн нь түрүүлж хийж сурах вэ гэдэг уралдаан мэтээр хүлээж авах нь буруу юм. Гэхдээ бас хичээхгүй байхын нэр биш учраас иогт алтан дунджийг хадгалах нь хамгийн зөв. Жишээ нь нуруугаа хэт хотойлгож болохгүй ч мөн хэт бөгтийж болохгүй гээд сэтгэл зүй, биеийн хувьд тэнцвэрийг чухалчилдаг.

YOLOХараад байхад иог сунгалтаас гадна их хүч юм шиг. Мянга сунгалттай байлаа гээд хүчгүй бол гар, толгой дээрээ удаан тогтохгүй байх. Иогийн үед тэнцвэр хадгалахын тулд булчингаа хөгжүүлэх өөр төрлийн дасгал хийдэг үү?

- Иог дан сунгалт биш гэдэг нь үнэн. Иог нь хүч, тэнцвэр, сунгалт гурваас ихээхэн хамааралтай. Ихэнх хүмүүст нэг нь байхад нөгөө нь байдаггүй бөгөөд байхгүйгээ нөхөж алтан дунджийг тогтоохыг эрмэлзэх нь чухал. Гар толгой дээрээ тогтох нь ч мөн тэнцвэр, сунгалт, хүч эн тэнцүү байхтай холбоотой. Мөн иог зааж байгаа багш нар хичээлийн нарийн дарааллыг зохиож, онцлох байрлалаар дасгал хийх гэж байвал түүнд нь зориулж зорилтот булчингаа халаах дасгал хийлгэдэг.

Иог нь дотроо их нарийн задаргаатайн зэрэгцээ нарийн задаргаа нь хоорондоо нягт холбоотой байдаг учраас хийх явцад булчин өөрөө хөгжиж байдаг. Мөн иогийн дасгалыг гадагшаа бусдад гэхээсээ илүү дотогшоо өөртөө зориулж хийдэг учраас нүдэнд харагдахгүй ч жигд хөгжиж байдгаараа онцлог. Дээр дурдсанчлан хүн бүр л өөрийн сурах хэмнэл, цагтай байдаг.

YOLOЗарим спортод сунгалт хийж байгаа хүний дээрээс хүчээр дарж шахах тохиолдол байдаг. Иогт энэ зөв үү?

- Энэ нь иогийн философитой харш зүйл юм. Иог нь зөвхөн сунгалтын дасгал биш бөгөөд хэт сунгалттай болох нь буруу гэж үздэг.

YOLOОгт сунгалтгүй эсвэл тэнцвэрээ хадгалж чаддаггүй хүн сунгалт сайтай, хэцүү байрлалуудыг хийж сурах боломжтой юу? Ер нь ийм хүн дунджаар хэдий хэрийн хугацаанд үр дүндээ хүрэх вэ?

- Иог хүнд хүч, тэнцвэр, сунгалт гурвын аль нэг дутуугаа нөхөж биеэ тэнцвэртэй байлгахад тусалдаг бөгөөд ямар ч хүн удаандаа хүнд байрлалыг хийж сурдаг. Гэхдээ хүнд байрлалыг хийж чаддаг л бол мундаг, сайн гэсэн үг биш. Иог хийж буй хором, мөч бүрд үр дүн гардаг учир үр дүн л чухал.

Мөн нүдэнд шууд харагдахгүй байгаа зүйлийг байхгүй гэж үзэх нь буруу ба үр дүн нүдэнд харагдах хүртлээ их удна. Уддагаараа хүнийг жинхэнэ сорьдог юм шиг санагддаг. Гэтэл зарим хүмүүс өдөртөө л “мод ургах юм шиг” үр дүн хүлээж, хүссэн үр дүн нь нүдэн дээр нь илрэхгүй болохоор орхичихдог. Угтаа бол тууштай байж, тасралтгүй хичээллэсэн хүн л тэр үр дүнг нүдээр үзнэ дээ.


YOLOИхэнх хүмүүс турах зорилгоор иогоор хичээллэдэг. Гэхдээ гүйлтийн зам дээр гүйж, босож сууж, туухай өргөдөггүй хэрнээ хэрхэн турдаг юм бол?

- Mиний бодлоор иог хүний биеийг эрүүлээр тураадаг юм шиг санагддаг. Ямар нэгэн гаднын нөлөөгүйгээр өөрөө өөрийнхөө биетэй “зууралдаж” байгаад л турдаг. Учир нь иог бусад дасгалуудыг бодвол бидний гарт баригдаж нүдэнд харагдахгүй эд эсийн төвшинд өөрчлөлт гаргаж, сунгаж болдоггүй булчин шөрмөсийг ажиллуулдгаараа гайхамшигтай. Tурах гэдгийг зорилго болгохгүйгээр эрүүл болохыг эрмэлзэх нь зүйтэй юм болов уу даа.

YOLOИогт насны хязгаар бий юу?

- Иогт насны хязгаар гэж байхгүй. 


YOLOИогийн үед барих хоолны дэглэм гэж бий юу? Юу идвэл зохистой вэ?

- Иог хийснээр хүмүүс дотоод болон гадаад орчиндоо илүү ухамсартай хандаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл энэ үед анхаарлаа олон зүйлд зэрэг зарцуулах хэрэг гардаг. Жишээлбэл, хөлийнхөө булчинг ажиллуулахын зэрэгцээ гарынхаа булчинг ажиж, амьсгалаа ч түгжихгүй байх хэрэгтэй болно. Хэцүү сонсогдож байж болох ч хийгээд л байвал биетэйгээ илүү сайн ойлголцдог болох боломжтой. 

Нэг ёсондоо бие тань чадахгүй байна гээд байхад хайхрамжгүй хандаж болохгүй. Иог хийхээс өмнө бие тань цадчихлаа гэж дохио өгөөд байхад та тэр дохиог нь анхааралгүйгээр их иддэг байсантай адилхан. Харин хоолны тусгай дэглэм гэж байхгүй. Юу идвэл зохистой, зохисгүй гэдгийг бие чинь өөрөө мэддэгээс гадна иог хийснээр биеэ сайн сонсож сурдаг. 

YOLO“Namaste Yoga Mongolia”-д хэзээнээс багшилж эхэлсэн бэ? Багшлах болсон шалтгаан юу байв?

- Намастэ иогийн сургуульд 2017 оноос хойш багшилж байна. Суралцагчийн түвшнээс илүү ихийг мэдэхийг хүссэндээ иогийн багш бэлтгэх 200 цагийн сургалтад суусан ч яваандаа багшлах чин хүсэлтэй болж эхэлсэн. Хүмүүст иогийг таниулж мэдүүлэхийг хүссэн. Бусдын өөрчлөлтийг нүдээр харахад багш байхын жинхэнэ аз жаргалыг мэдэрсэн. Багш болно гэдэг маш их хариуцлага хэрнээ эргээд олон хүмүүсийн хүндлэлийг авдаг учраас цаашид илүү сайн багшилж өөрөө ч ихийг сурах хүсэл эрмэлзэл төрсөн. 

 


YOLO“Namaste Yoga Mongolia”-н талаар мэдээлэл өгөхгүй юу? Хэзээнээс үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

- Намастэ Иог нь 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Дөрвөн үндсэн салбартай бөгөөд нийт 20-иод багш багшилдаг. 

Монголын анхны олон улсад бүртгэгдсэн @RYS200, @RYS300 зэрэглэлийн сургууль бөгөөд Монголд амьдарч буй монгол болоод гадаад иог сонирхогчдыг Виняаса иогийн багшлах аргад сургадгаараа онцлог. 

YOLOZoom платформыг ашиглан хичээлээ зааж байгаа юм билээ. Энэ сургалтын арга барил хэр үр дүнтэй байна вэ?

- Иогийн хичээл танхимаар ордог байхад зарим хүмүүс сургалтдаа хамрагдахад хүндрэлтэй байсан юм шиг санагддаг. Харин одоо хичээлдээ гэр гэрээсээ хамрагдаж байгаа нь түгжрэлийн үеэр анги руугаа яарах, хүүхэд харах хүнгүйгээс хичээлээ таслах зэрэг асуудлыг нь хөнгөвчилж байна гэж үзэж байна. Гэхдээ хэн ч хаана ч байсан хичээлдээ хамрагдаж болж байгаа нь нэг талаараа олон боломжийг нээж байгаа ч нөгөө талаараа танхимаар хичээллэхтэй харьцуулшгүй юм билээ. Танхимаар хичээллэхэд хамтдаа хичээллэж буй энерги хүртэл утга учиртай байдаг учир танхимаар хичээллээсэй гэж хувьдаа хүсэн хүлээж байна. “Zoom”-ээр хичээллэхэд сурагчдадаа энгийн үеэс илүү дэлгэрэнгүй тайлбар өгөх, байрлалыг нь анхааралтай харж, засах шаардлага гардаг учир үл ялиг хүндрэлтэй санагдсан. 

YOLOЯрилцсанд баярлалаа. 

#Ярилцлага #Иог