YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би мэргэжлээ сонгож чадахгүй байна
Сайн байна уу, энэ өдрийн мэнд хүргэе. Би 17 настай, эмэгтэй. Би жил төгсөх анги юм. Тэгээд ямар мэргэжилтэй болохоо үнэхээр мэдэхгүй байна. Сүүлийн дөрвөн жил сэтгэл судлаач болно гэж боддог байсан ч энэ жил үнэхээр эргэлзэж байна. Надад тусламж зөвлөгөө өгч туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Сайтар бодож шийдвэр гаргах боломжтой шүү
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Мэргэжлээ сонгох чухал үе тулгарч байгааг ойлголоо. Захидалд сэтгэл судлалын чиглэлээр суралцана гэж боддог байсан гэж бичжээ. Хамгийн анх энэ мэргэжлийн юу нь чамд таалагдсан бэ? Тухайн үед ингэж шийдэхэд юу нөлөөлж байсан бэ? Мөн одоо эргэлзэхэд чинь юу нөлөөлж байна вэ? Хэрэв сэтгэл судлаач мэргэжлийг сонгохгүй гэвэл чамд өөр ямар сонголт байгаа вэ? Эдгээр асуултуудад хариулаарай.
Мөн зарим их сургуулиуд эхний жилдээ заавал мэргэжлээ сонгохгүйгээр 2 дугаар курсээсээ эхлэн мэргэжлээ сонгох боломж олгодог. Жишээ нь МУИС - д суралцахад эхний жилдээ ерөнхий эрдмийн хичээлүүд үзээд хоёр дахь жилээсээ мэргэжлээ сонгодог. Тиймээс энэ хугацаанд сайтар бодож шийдвэр гаргах боломжтой байдаг. Тийм учраас өөр бусад их сургуулиуд ямар мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг, мөн ямар сургалтын хэв маягтай болохыг нь судлаарай. Мөн ингэсэн ч эргэлзсэн хэвээр байгаа тохиолдолд сэтгэл судлаач эсвэл ажил мэргэжлийн зөвлөгчид хандаж мэргэжил сонголтын оношилгоо хийлгэж зөвлөгөө авах боломжтой шүү. Чамд амжилт хүсье.
АСУУДАЛ: Заримдаа сэтгэлээр унаж, амьдрах хүсэлгүй болох юм
Сайн байна уу? Би 25 настай хоёр хүүхдийн ээж. Би сэтгэл зүйн асуудалтайгаа тэмцсээр 6,7 жилийг өнгөрөөж байна. Хүүхдээ төрүүлэхээсээ өмнө л сэтгэл зүйн хувьд маш хүнд, үхэх бодол маш их орж ирдэг байсан. Хүүхдээ төрүүлээд анхны хүүхэд минь хөгжлийн бэрхшээлтэй болсноос хойш бүр ч их сэтгэлээр унаж хүүхдээ аваад үхье гэж хүртэл боддог байсан. Нөхөр маань надад их тусалж дэмжиж, сэтгэл зүйн асуудлыг минь сайн ойлгодог учраас би сүүлийн үед арай дээр байгаа ч зарим үед гэнэт сэтгэлээр унаж, амьдрах хүсэлгүй болж, өглөө сэрэхийг, өглөө орноосоо босохыг, хүмүүстэй харьцахыг хүсдэггүй. Сэтгэл зүйн эмчилгээнд явья гэж боддог ч гадаадад байдаг учраас хэнд, хэрхэн хандахаа мэдэхгүй байна. Эмчилгээнд яваад энэ байдлаасаа бүрэн ангижирч чадах болов уу?
ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл зүйн асуудлаа анзаарч шийдвэрлэх нь чухал
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Хэн ч ханиад хүрэх боломжтой бас эдгэх боломжтой байдаг шиг хэнд ч сэтгэл зүйн асуудал тулгарах боломжтой. Харин түүнийг анзаарч шийдвэрлэх нь чухал. Хэрэв танд тохиолдоод байгаа сэтгэл зүйн асуудал таныг өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд саад болж байгаа тохиолдолд сэтгэл судлаач болон сэтгэцийн эмчид хандаж сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд хамрагдах зайлшгүй хэрэгтэй байдаг. Тиймээс таныг онлайн хэлбэрээр сэтгэл судлаачтай уулзаж үзэхийг санал болгож байна.
Мөн сэтгэл зүйн зөвлөгөөний үр дүн нь мэргэжилтнээс гадна таны сэтгэл судлаачдаа итгэх байдал, өөрийн хичээл зүтгэл, тууштай байдлаас хамаардаг. Мөн сэтгэл зүйн асуудлаа шийдвэрлэх, даван туулахад тодорхой хугацаа шаардагддаг учир аль болох яарахгүй тайван байх нь чухал байдаг юм шүү. Цахим хэлбэрээр сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах боломжтой төвүүд болон мэргэжилтнүүдийг санал болгож байна.
АСУУДАЛ: Хорвоо уужим гэдэг ч би энэ уужим хорвоо дээр ганцаардаж байна
Би 18 настай эмэгтэй. Би өөртөө итгэлгүй, зожиг, ганцаардмал, дотогшоогоо, хүйтэн хөндий нэгэн. Сэтгэл зүйн гэмтэлтэй, хүмүүсээс айх айдастай гэж оншлогдож байсан.(Сэтгэл зүйчид) Сэтгэл зүйн гэмтэлтэй болоход нөлөөлсөн зүйлс: багаасаа эцэггүй өссөн, үе тэнгийнхэндээ дээрлэхүүлж, доромжлуулж байсан, бас сургуулийнхаа зарим багш нарт доромжлуулж байсан, сэтгэл гутралд орсон.
Сэтгэл зүйн гэмтэлтэй болоод 3, 4 жил болж байгаа. Чадлаараа засъя, өөрчлөгдье, асуудалаа байхгүй болгоё гэж хичээсэн ч бүтэж байгаагүй. Сэтгэл зүйн гэмтэл гэх зүйл миний ааш занд их нөөлдөг, түргэн уурлаж, амархан стресстдэг, нойргүйдэлтэй, айдас түгшүүртэй байж хэтэрхий их ургуулан бодож, юманд санаа зовдог.
Надад найз нөхөд бараг байхгүй. Байсан хэдэн дотно 4, 5 жил нөхөрлөсөн найзууд маань сүүлийн 1 жил намайг тоохоо байчихсан. Тэд намайг өөрчлөгдөж, нийтэч бол энэ хэвээрээ байх юм бол тийм, ийм гээд зөндөө зөвлөж, шаардаж байсан ч хичээгээд болохгүй юмыг яалтай. Намайг засрахгүй ийм байгаагаас минь сүүлдээ залхсан мэт санагддаг. Тэгээд намайг тоохоо больчихсон. Би тэдний харьцдаг бусад шиг нийтэч, хөгжилтэй, сонирхолтой биш болхоор тоохоо байсан мэт санагддаг. Өөр найзтай болоё гэж бодож, хичээсэн ч байсан ч над шиг хүнд боломжгүй юм байна лээ. (Нийтэч, нээлттэй биш болхоор)
Хорвоо уужим гэдэг ч би энэ уужим хорвоо дээр ганцаардаж байна. Үхмээр санагддаг болоод, амьдралаас залхаад ч удаж байна. Ээжийгээ, ах, дүүгээ бодоод л амьдарч байна яг үнэндээ. Төгсөх ангид орох гэж буй над шиг том болсон хүн ийм асуудалтай байгаад үнэндээ өөрөөсөө ичиж, дургүй хүрч байна. Би яг яавал дээр юм бол гэж бодсоор олон ч өдөр хоногийг ардаа өнгөрөөлөө. Яг яах ёстой юм бол? Зөвлөгөө өгч туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл зүйн зөвлөгөө биечлэн авахыг зөвлөж байна.
Өдрийн мэнд захиа илгээсэнд баярлалаа. Өөрөө сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай болоод удаж байгаа гэж захиа дээр дурдсан байна. Өөрт чинь сэтгэл зүйн зөвлөгөө тусламж хэрэгтэй байгааг мэдэрч, мэдэж байгаа юм байна гэж ойлголоо. Өөрт хуримтлагдсан мэдрэмжийг гадагш илэрхийлж гаргах нь чухал. Өмнө нь сэтгэл зүйчтэй биечлэн уулзаж байсан гэсэн үг үү? Хэдэн удаа уулзсан бэ? Тууштай зөвлөгөөндөө хамрагдсан уу?
Мөн сэтгэл зүйн асуудлуудаа шийдвэрлэхийн тулд өөрийн зүгээс хийсэн арга хэмжээ байгаа юу? Өөрийн зүгээс хийж чадаж зүйл юу байна вэ?
• Хэзээ? Ямар нөхцөл байдалд сэтгэл зүйн байдал чинь илүү тогтворгүй болж байгааг ажиглаарай.
• Бухимдсан, уурласан, гунигласан үед ямар бодлууд илүү давамгайлж байна вэ?
• Өөрийн мэдрэмжийг эсэргүүцэх биш байгаагаар нь хүлээн авах. Мэдрэмжээ хүлээн зөвшөөрсний дараагаар арга хэмжээ аваарай.
• Тусламж хэрэгтэй байна гэж гэр бүлийн гишүүддээ илэрхийлээрэй.
• Өдөрт идэвхтэй 10 минут дасгал хийж хэвших. Стресстэй үед хүний булчин хөшиж чангардаг тул булчингаа суллаж амраах тал дээр анхаарч байгаарай.
• Өөрөөс хамаарах боломжтой зүйлсийг хийж сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаараарай.
Мөн сэтгэл зүйн зөвлөгөө биечлэн авахыг зөвлөж байна. Мэргэжлийн төвүүдэд хандаарай. Гэрийнхэндээ тусламж хэрэгтэй байна гэдгээ илэрхийлээрэй. Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засалчид хандахад тууштай байх, хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгож яарахгүй тайван байх гэдэг чухал юм шүү. Зөвхөн мэргэжилтнээс бус танаас ч гэсэн хичээл зүтгэл хэрэгтэй юм шүү.
АСУУДАЛ: Аав минь өөр хүнтэй болсон. Биднийг орхиод явбал яана аа?
Би одоо 13 настай, эмэгтэй. Би хэд хоногийн өмнө утас унтарчихсан байсан болохоор аавынхаа утсаар зураг авсан юм. Авсан зургаа харах гээд зураг руу нь ороод сонирхол татаад хэдэн зураг үзэж байтал ''**-ээс **-н насны эрэгтэйтээ танилцана'' гэсэн зар маягийн постны зургийг хадгалчихсан байсан. Тэгээд л би одоог хүртэл тэрний тухай бодож гуниглаж байна. Би аавдаа хайртай, маш их хайртай. Сар гарны өмнө аав ээж 2 маань маргалдаад аав юмаа аваад зуслан дээр байхаар явсан. Эгч бид хоёрыг жаахан байхад ээж аав хоёр хэрэлдээд, аав ингээд явдаг л байсан. Гэхдээ л аав буцаад ирчихдэг байсан. Тэрэн шигээ би гэр бүлээрээ хамт буцаад гэртээ байдаг шигээ л баймаар байна. Аав бид хоёрыг дуудахаар ирж аваад зуслан дээр хэд хоноод буцаад ирдэг. Тэгээд тэр зургийг аавтай хамт байхдаа харсан юм. Саяхан буцаж гэртээ ирсэн. Ээж маань угаасаа л жаахан залхмаар хүн. Чихэр авж өгөөгүйн төлөө ээжийгээ үзэн ядаж байгаа хүүхэд шиг аашлах гэсэнгүй. Би түүнийг сүүлийн хэдэн жилд ямар муу ээж болохыг нь ойлгосон. Гэхдээ л ээж минь шүү дээ. Би яаж үзэн ядах билээ, аавтай л адил өрөвдөх шалтгаан зөндөө бий. Аавын өрөөнөөс бэлгэвч олсноос эхлүүлээд интернэтээр нь хайсан хайлт гээд л, бас тэр зураг, аав маань эртнээс л ээжээс өөр эмэгтэйчүүдтэй уулздаг байх гэж би мэддэг байсан. Гэхдээ л аавыгаа үзэн ядаж чаддаггүй, тэр хүүхдүүддээ хэнээс ч илүү хайртай. Магадгүй аавыг ойлгох гэж хичээх гэдэг нь миний багын л аавын охин байснаас болдог байх. Багаасаа л аавдаа маш их хайртай байсан. Аавын тийм зүйл хийж байгаа нь магадгүй ээжээс хэт залхснаас болдог байх, одоогийн харилцаандаа сэтгэл ханахгүй илүү сайн бие биенийгээ хайрлах шинэ харилцаа хүсдэг байх гэх мэт би аавыгаа уучилж ойлгохыг хичээдэг. Гэхдээ миний айж буй зүйл бол ээж буцаад аавыг гэрлүүгээ дуудсан ч өмнөх шигээ бидэн рүү ирэхгүй бол яах вэ, үнэхээр тэр хүүхэдтэй хүнтэй уулзаж учраад бид нарыг өөр хүнээр сольчихвол яахуу вэ? Яагаад гэдгийг нь хэлэхэд хэцүү ч би аавгүйгээр амьдарч чадахгүй ээ. Аав эсвэл ээж гэвэл аавыг сонгоно. Аав минь л үргэлж дэргэд минь байгаасай гэж хүсч байна. Түүнтэй бас ээжтэйгээ ярилцмаар байгаа ч чадахгүй юм. Захиа, чатаар хэлье гэсэн ч дараа нь харамсах юм шиг санагдаад болдоггүй. Хичнээн энэ тухай мартаад жаргалтай байя гэсэн ч чадахгүй, байнга л уйлдаг болсон.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрт төрсөн мэдрэмжээ аав ээждээ илэрхийлэхийг хичээгээрэй
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Аавыгаа гэр бүлтэйгээ хамт байгаасай гэж хүсэж байгааг чинь ойлголоо. Мөн аав ээж хоёрыгоо аль болох ойлгох гэж хичээдэг боловч энэ талаарх өөрийн мэдрэмжээ төдийлөн илэрхийлдэггүй юм шиг санагдлаа. Захидалд хэрвээ аав ээжтэйгээ ярилцвал харамсах юм шиг санагдаад гэж бичжээ. Ярилцвал юу болох бол гэдгээс санаа зовж байна вэ? Юу чамайг харамсуулах юм шиг мэдрэмж төрүүлж байна вэ? Эгч нь хэдэн настай вэ? Энэ талаар эгчтэйгээ ярилцаж үзсэн үү?
Өөрийнхөө мэдрэмжийг бусдад илэрхийлэх нь бусад хүмүүс эргээд чамайг ойлгож, чиний таамаглалуудад тайлбар хийх боломжийг олгодог. Тиймээс өөрт төрсөн мэдрэмжээ аав ээждээ аль болох илэрхийлэхийг хичээгээрэй. Ингэхдээ аль болох тайван намдуу хоолойгоор асууж ярилцахыг хичээгээрэй. Хэрэв ярилцахаас санаа зовж байвал захидал бичих боломжтой. Чамд амжилт хүсье.
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх