Энэ удаагийн ярилцлагын дугаартаа багаасаа дурласан хоббигоо гарааны бизнес болгон хөгжүүлсэн “Наргийх” брэндийн үүсгэн байгуулагч, 18 настай Т.Наргиймаа охиныг урьсан юм. Тэрээр 62-р сургуулийн 12-р ангид суралцдаг. Юу л харна түүнийгээ урлаж, гоё болгох гэсэн хүсэлтэй нэгэн бөгөөд зэс урлалаар бүтээл хийж хэдийнэ гурван жилийг ардаа үджээ. Анагаах увидастай зэсийг байгалийн чулуутай хольж, орчин үеийн хэв маягаар сэтгэлээ шингээн урласан түүний бүтээлүүдийг хэн ч харсан нүд алдам.
Ингээд түүнтэй залуус гар урлалын чиглэлээр гарааны бизнес эхлүүлэхэд тулгардаг бэрхшээл, зэс урлалыг сонгох болсон шалтгаан зэрэг сонирхолтой сэдвүүдээр ярилцсаныг хүлээн авна уу.
YOLO: Өдрийн мэнд! Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Зэс урлалаар бүтээл эхлүүлэх санаа анх хаанаас төрсөн бэ? Бага насны мөрөөдөл байв уу?
- Би багаасаа зураг зурж, хүүхэлдэйдээ хувцас оёж, ямар ч зүйлд бүтээлчээр хандахыг хүсдэг хүүхэд байлаа. Гурван жилийн өмнө зэсээр бүтээл хийдэг хүнээс гоёл чимэглэл худалдаж авсан юм. Тэр үед зэсээр хийсэн зүйлс маш гоё санагддаг байсан. Ингээд ээжийнхээ зөвлөсний дагуу зэсээр гар урлалын бүтээгдэхүүн хийж, түүндээ ч дуртай болсон.
Манай гэр бүлийнхэн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Онгийн Хийд хэмээх байгалийн үзэсгэлэнт газар гэр музей ажиллуулдаг. Би зундаа тэнд амрангаа хоббигоо хөгжүүлж, гар урлалын бүтээлүүдээ худалдаалдаг юм. Миний хийсэн гоёл чимэглэлүүд жуулчдад таалагддаг байсан учир урам зоригтой ажилладаг байлаа. Харин өмнө жил "COVID-19" цар тахал гарч анх удаа дотооддоо буюу хотод борлуулж байна. Багадаа арьсан бугуйвч, цаг түлхүү цуглуулдаг байсан бол одоо өөрөө хийж зүүгээд явж байна даа.
YOLO: Гар урлалын маш олон чиглэл байдаг. Тэдгээрээс яагаад зэс урлалыг сонгох болсон бэ? Анх зэсээр гоёл чимэглэл хийхэд хүмүүс хэрхэн хүлээн авч байв?
- Зөвхөн зэс гэлтгүй мандала, уран зураг, макрэйм, хэнна зэрэг гар урлалын чиглэлүүдээр бүтээл хийж туршдаг. Миний хувьд алт, мөнгөнөөс зэс илүү үнэ цэнтэй санагддаг учраас энэ төрөлд илүү дуртай.
Хүн бүрийн сонирхол, мэдрэмж өөр болохоор олон янзаар хүлээн авдаг. Гэхдээ эрүүл мэнд, гоёл чимэглэлийн хийц гэдэг утгаараа хүмүүст илүү хүрдэг байх. Монголчууд эрт дээр үеэс зэс эдлэл буюу аяга, бугуйвч, зүүлт зэргийг хэрэглэж ирсэн. Зэс эдлэл нь хүний биеийн эсэргүүцэл сулрахад өнгө нь хувирч хорыг гадагшлуулах, дархлааг дэмжих, харшил сэдрэхийг сааруулах зэрэг эрүүл мэндийн ач холбогдолтой. Тиймээс харшил өгөхөөсөө илүүтэй анагаах гэдэг утгаар нь хүмүүс сонирхох болсон. Эхэндээ бол жуулчид монгол онцлогийг харуулсан гэсэн үүднээс бүтээлүүдийг маань худалдан авах нь их байсан юм.
YOLO: Дөнгөж 16 настайгаасаа бизнес эрхэлсэн байна шүү дээ. Ямар бэрхшээлүүд тулгарч байв?
- Анх бүтээл хийж эхлэхдээ брэнд болгох зорилгогүй, зөвхөн сонирхлынхоо дагуу хийж эхэлсэн учраас бэрхшээл бага байсан. Гарааны хөрөнгө, эхлэх цэг, борлуулалтын суваг зэрэг маань маш тодорхой байсан болохоор бүх нөхцөл нь бүрдсэн гэж боддог. Борлуулах суваг нь жуулчид байсан нь маш амжилттай хэрэгжсэн. Харин сүүлийн жил аялал жуулчлал хаагдсанаар бүтээгдэхүүнээ илүү олон хүмүүст хүргэх тал дээр анхаарал хандуулсан юм. Хөл хорионы үед онлайн дэлгүүртэй хамтарч ажиллаж байна. Миний хувьд Geru.mn худалдааны вебсайтыг сонгосон. Өнгөрсөн жилээс илүү эрчимтэй ажиллаж үзэсгэлэн, фестивалиудыг алгасалгүй оролцсон доо. Түүхий эдийн хувьд Монголд гоёл чимэглэл хийхэд зориулагдсан зэс байдаггүй. Тиймээс ахуйн зэсийг ашигладаг. Үйлдвэрлэгч байгууллага байдаг учраас олдоц нь хэвийн.
YOLO: Гарааны хөрөнгө тодорхой байсан гэж хэллээ. Анх бүтээл хийж эхлэхэд гол хөрөнгө оруулагч нь хэн байв?
- Өөрийнхөө халаасанд байсан мөнгөөр л эхэлж байлаа. Надад хамгийн эхэнд шаардлагатай зүйлс нь багаж, зэс байсан учраас их хөрөнгө шаардаагүй. Тухайн үед бараг л 100 гаруй мянган төгрөгөөр эхэлсэн байх.
YOLO: "COVID-19" цар тахлын улмаас үүдсэн хөл хорио бизнест чинь хэрхэн нөлөөлж байна вэ?
- Надад муугаар гэхээсээ илүүтэй сайнаар нөлөөлж байна. Хөл хорионд байх цаг хугацаагаа ашиглаж бүтээлээ сайжруулах тал дээр анхаарч, өөрийгөө хөгжүүлэх болсон. Мөн Улаанбаатар хотод зарж борлуулах болсноор илүү олон хүмүүст ч хүрнэ. Яг одоо ихэнх бизнесүүдийн хувьд хамгийн том асуудал бол хүргэлтийн үйлчилгээ байна шүү дээ. Үүнийг онлайн дэлгүүр маань шийдчихсэн болохоор санаа зовох зүйлгүй байна.
YOLO: Яагаад “Наргийх” гэж нэрлэх болсон бэ? Анх сонсоход л чиний нэртэй төстэй санагдсан.
- Маш олон нэр бодсон ч тэдэн дундаас сонголт хийх хэцүү байсан. Гэхдээ энгийн хэрнээ гоё утга агуулсан учир өөрийнхөө нэрнээс санаа авсан. Нэр маань нар мандах, гийгүүлэх гэсэн утгатай. Намайг үүрээр төрсөн болохоор ээж минь энэ нэрийг өгсөн юм.
YOLO: Гар урлалын гоёл чимэглэл хийдэг хүмүүс маш олон байдаг. Бусдаас ялгарах онцлог юу вэ? Хүмүүс танай бүтээлүүдийг авах шалтгааныг нэрлэвэл.
- Тийм шүү. Би өмнө жилээс гар урлалын чиглэлээр бизнес эрхэлдэг хүмүүстэй холбогдож, хамтарч ажиллах болсон. Миний мэдэхээр Монголд зэс урлалаар бүтээл хийдэг 2-3 хүн байдаг.
Миний бүтээлүүдийн ялгарах онцлог нь юу байх бол гээд маш олон туршилтуудыг хийж, хослуулж болох бүхий л зүйлтэй нийцүүлж үзсэн. Эхлээд зэсийг чулуу, мод, давирхай, хясаа, шүр, арьс, шил гэх мэт маш олон зүйлтэй хослуулсан. Эцэст нь содон хэв шинжийг агуулсан, өвөрмөц хийц, загвартай хирнээ шингэн шилтэй хослуулбал илүү гоё юм байна гэж бодсон юм. Сүүлийн үед шингэн шилийг ашигласан гоёл чимэглэл түлхүү урлаж, тэр хэрээрээ олон хүмүүст хүрч байна. Тиймээс хүмүүс эрүүл мэндэд ач тустай, хийц нь содон учраас миний бүтээлүүдийг сонгох байх.
YOLO: Танай бүтээлүүдийг худалдан авсан хүмүүс ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
- Үйлчлүүлэгчид маш сэтгэл ханамжтай байдаг. Энэ нь дараа дараагийн давтан худалдан авалтаар илэрдэг. Эхэлж өөртөө авсан бол дараа нь найз нөхөд, гэр бүлийнхэндээ авах тохиолдол олон. Шинэ загвар гаргах болгонд худалдан авдаг байнгын үйлчлүүлэгчид ч олон болсон. Нэг эгч хүүхэд нь бусад металиас харшилдаг ч танай бүтээгдэхүүн огт харшил өгөхгүй зохиж байна гэж хэлэхэд үнэхээр баярлаж байсан.
YOLO: Үйл ажиллагаа явуулах болон бүтээл урлахдаа ямар ерөнхий зарчмыг баримталдаг вэ?
- Хэрэглэгчдэд чанартай, аюулгүй бүтээл хүргэхийг эрмэлздэг. Бүх бүтээл маань 100 хувь гар аргаар хийгддэг учраас ямар нэгэн үзүүр сөрдийхөд зүүж буй эзнээ гэмтээх аюултай. Тиймээс хүмүүст аюул учруулахуйц зүйл байлгахгүйн тулд анхаарал болгоомжтой, нямбай ажиллахыг хичээдэг. Мөн тухайн хүнд саад учруулахгүй, биед нь эвтэйхэн байх нь чухал.
YOLO: Ээмэг зүүлтээс эхлээд номын хавчуурга хүртэл хийдэг юм байна. Бүтээлийнхээ загварыг өөрөө гаргадаг уу? Бүтээл хийхэд хэр их хугацааг зарцуулдаг вэ?
- Анх эхлэхдээ интернэтэд байршсан бүтээлүүдээс санаа авч дуурайх эсвэл нийтлэг загвартай гоёл чимэглэл хийдэг байсан. Ингээд бүтээл урлах технологио гартаа оруулсны дараа бодож байсан санаануудаа туршиж эхэлсэн. Ургамал, амьтан гээд юу л харна түүнийг дуурайдаг байлаа. Харин одоо худалдаалагдаж байгаа бүтээлүүд маань бүгд миний гаргасан загварууд. Нэг бүтээл дээр төвлөрөөд ажиллахад хамгийн багадаа 30 минут, ихдээ 5 цагийг зарцуулдаг. Санаагаа анх гаргахад харин илүү удаан хугацааг бодох, зурахад зарцуулдаг. Хийхээс илүү санаагаа гаргахад их хугацааг зарцуулдаг гэсэн үг.
YOLO: Бүтээлүүдээ ганцаараа урладаг уу?
- Тийм. Загвар гаргах, туршилт явуулах зэрэг үйлдвэрлэлийн үйл явцад ганцаараа ажилладаг. Харин олон нийтийн сүлжээнд брэндээ сурталчлах, онлайнаар борлуулахад найзтайгаа хамтарч байна.
YOLO: Бүхий л бизнест эрсдэл байдаг шүү дээ.
- Энэхүү брэндээ өргөжүүлэхэд баг хамт олны хүч хэрэгтэй. Миний хувьд ихэнх зүйлээ ганцаараа хийдэг учраас цаашдаа хөгжих эсэх нь тодорхойгүй санагддаг болсон.
YOLO: Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд бүтээгдэхүүн, брэндээ сурталчлах нь үр дүнтэй болсон. Чиний хувьд сошиалыг хэрхэн, ямар арга барилаар ашигладаг вэ?
- Өнгөрсөн оноос Фэйсбүүк, Инстаграм хуудас нээж бүтээлээ сурталчлах болсон. Хичээлийнхээ хажуугаар бүтээлээ хийдэг, завгүй байсан болохоор найз маань санал тавьж, зураг болон постер бэлтгэхэд туслах хүртэл энэ талаар нэг их боддоггүй байсан. Энэ ч маш үр дүнтэйгээр хэрэгжиж, олон захиалагчтай холбогдож чадсан даа.
YOLO: Ирээдүйд дэлгүүр нээх, зэс урлалыг хөгжүүлэхэд илүү хувь нэмэр оруулах бодол бий юу?
- Брэндээ цааш нь хөгжүүлэхдээ энэ чиглэлээр бүтээл хийх сонирхолтой хүмүүст өөрийн мэддэг бүхнийг зааж, баг бүрдүүлж, илүү олуулаа болохыг хүсдэг. Монголд зэс урлалаар сургалт явуулдаг газар байдаггүй болохоор хаанаас эхлэхээ мэдэхгүй хүмүүс олон байгаа байх. Мөн цаашдаа өөрийн хийсэн бүтээлийг оюуны өмчөөр баталгаажуулах болно. Гар урлалын бусад чиглэлүүд, тэр дундаа керамик бүтээл маш сонирхолтой санагдаж байгаа ч хараахан туршиж үзээгүй л байна. Ер нь бүгдийг нь турших бодолтой байгаа. Саяхан нэг хүслээ биелүүлж өөрийн гараар гутал урлаж өмссөн.
Миний хамгийн том зорилго бол археологич мэргэжлийг эзэмшиж монгол ёс заншил, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх. Дотооддоо болон дэлхийн бусад орнуудад монгол уламжлалыг харуулсан угсаатны музейг нээх зорилготой. Одоо хийж буй бүтээлдээ ч үүнийг шингээж байна. Гэхдээ гар урлал бол миний хобби учраас цаашид археологич болсон ч орхихгүй гэж боддог.
YOLO: Гарааны бизнесээ эхлүүлэх гэж буй залууст зөвлөгөө өгөөч. Чиний насны хүүхдүүд зах зээлд өрсөлдөхөд хэр их боломж байдаг вэ?
- Бизнес гэдгийг хүмүүс маш томоор хүлээж авдаг. Заавал олон ажилтантай, олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэх албагүй. Энэ утгаар нь бодвол хүндрэлтэй санагдах болно. Би 18 настай хэдий ч хэрэглээнийхээ мөнгийг өөрөө олдог, санхүүгийн хувьд аав, ээжээсээ хамааралгүй болсон. Тиймээс миний насны хүүхдүүдэд ч өөрийн дуртай зүйлийг хөгжүүлж, түүнийгээ гарааны бизнес болгох боломжтой. Зэс гэлтгүй бусад урлалыг дэмжих маш олон газрууд байдаг. Тухайлбал миний хамтарч ажилладаг Geru.mn вэбсайт зөвхөн монгол үйлдвэрлэгч, гар урлаачидтай хамтарч ажилладаг. Тиймээс боломжуудыг хайж, тууштай, бүтээлч байгаарай.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх