"УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" сэдвээр 500 орчим хүүхэд, залуус чууллаа


Б.Дариа | YOLO.MN
2022-08-24

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД” чуулганыг наймдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан тус арга хэмжээ нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сөрөг нөлөөллийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой ба  нийслэл, орон нутаг, олон улсын 14-18 насны төлөөлөл болсон 500 гаруй хүүхэд, залуус танхимаар болон цахимаар оролцсон байна.

Арга хэмжээг нээж БОАЖЯ-ны Сайд Б.Бат-эрдэнэ “Ирээдүйн байгаль орчны чиглэлд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Унгар улсад жил бүр 35 оюутныг сургана. Цаашид бусад улс оронд ч байгаль орчны чиглэлээр Монгол Улсаас хүүхдүүдийг сургах ажил үргэлжилнэ” гэсэн ба хүүхэд залуусыг байгаль орчныг хайрлан хамгаалах ирээдүй хэмээн онцоллоо.

Чуулганы нээлтэд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүүхэд залуучуудын элч төлөөлөгч Жаяадма Викраманаяак нар оролцсон юм.  

"Хүүхэд залууст уур амьсгалын өөрчлөлтөд эерэгээр хийж чадах зүйлсийн нөөц боломж маш их бий"

Монголын Хүүхдийн Зөвлөлийн тэргүүн М.Гарьд “Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй энэ чуулга уулзалтад олон улсын  гаруй төлөөлөгч нар ирсэн байна. Бид “Бидний эх дэлхий-Бидний ирээдүй” үйл ажиллагааны уриалга албан бичиг боловсруулсан. Үүндээ хүүхэд залуучуудын оролцоог нэмэх шаардлагатай тухай, түшнлэлийг системчлэх хэрэгтэй болсон байна гэх зэрэг заалтууд тусгасан. Энэ албан бичгийг баталж гарын үзсэг зурах нь хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн төлөө дуу хоолойгоо хүргэж буй маш том сайн жишээ болох юм. Өнөөдрийн чуулганаар Монгол орны өнцөг булан бүрт суугаа хүүхдүүдийн бодит туршлагаас сонсож суралцах сайхан байлаа. Хүүхэд залууст уур амьсгалын өөрчлөлтөд эерэгээр хийж чадах зүйлсийн нөөц боломж маш их бий. Хүүхэд залуус минь юу хийж чадах, чадахгүйгээ ухаарч ойлговол дуу хоолойгоо илүү зөвөөр хүргэж чадна гэж бодож байна."

"Сайн жишигийг хэлэлцүүлэхээр ирлээ"

Орхон аймгаас илтгэгч оролцогч О.Очирбат “Цөлжилт ба ган сэдвээр хэлэлцүүллээ. Монгол Улс гурван сая хүн амтай, 1,565,116 км кв уудам газар нутагт оршдог. Гэтэл Монгол орны нийт хөрсний цөлжилт 76 хувьтай байна. Үүнд хэлэлцүүлэгтээ гадны орны сайн жишиг буюу Хятад улсын цөлжилтийн эсрэг бодлого, үйл ажиллагааг хэлэлцүүлэхээр ирсэн. Хятад улсын хувьд модыг ногоон тэжээлтэй хослуулан тарьдаг. Ногоон тэжээл хоёрхон сарын дотор ургадаг хэр нь модны ургах орчин нөхцлийг маш сайн бүрдүүлж өгнө. Өнөөдрийн чуулганаар залуучууд санал, хүсэлт дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшний хүмүүст маш сайн хүргэж чадаж байна гэж харлаа"

"Тэгш оролцоог хангаж биднийг урьж оролцуулсанд баярлалаа"

29 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Оюунболор “Өнөөдрийн чуулганаас мод тарих, хог хаягдлаа зөв ангилж ялгахын ашиг тусыг хамгийн ихээр онцолмоор байна. Уур амьсгалын өөрчлөлт сэдэвт чуулга уулзалтад тэгш оролцоог хангаж биднийг урьж оролцуулсан БОАЖЯ болон бусад байгууллагууддаа талархлаа." 

 "Бид олуулаа байвал хүчтэй шүү дээ"

Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн Улаанбаатар дахь салбар сургуулийн сурагч Никифоров Александр “Өнөөдөр зохион байгуулж буй энэ чуулганд оролцож буй минь маш их азтай хэрэг. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлын тухай хэлэлцсэнээр залуучууд бидний шийдэх ёстой гол асуудлуудын нэг энэ юм байна гэдгийг ойлголоо. Чуулганы үзүүлэнгүүдээс дэлгэрэнгүй ойлголтуудыг олж авсан. Ийм төрлийн уулзалтуудыг байнга зохион байгуулснаар залуучууд бидний оролцоо ч нэмэгдэх болно. Бид ч энэ асуудлуудтай дэлгэрэнгүй танилцаж, бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгэх боломжтой болно. Бид олуулаа байвал хүчтэй шүү дээ. Залуучууддаа хамтдаа оролцъё, асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулъя гэж уриалмаар байна. Хэрэв уг чуулганыг дараа жил зохион байгуулахаар болвол дахин оролцохыг хүсэж байна. Бүх зохион байгуулагч, БОАЖЯ-д баярлалаа"

"Хувцасны хог хаягдлын 95 хувийг дахин боловсруулах боломжтой боловч 73 хувийг нь шууд устгалд оруулдаг"

Орхон аймгаас илтгэгч оролцогч Б.Нандин-Эрдэнэ “Бид хуванцар хог хаягдлыг байгальд шингэхгүй уддаг гэж маш их ярьдаг боловч үүний дараа хувцас маш их хаягддаг. Энэхүү хог хаягдлуудын 95 хувийг дахин боловсруулах боломжтой боловч харамсалтай нь 73 хувийг нь шууд устгалд оруулдаг. Бидний өмсдөг хувцасны ард байгаль орчныг бохирдуулах олон үйл ажиллагаанууд бий. Тиймээс тренд хөөж, хэн нэгнийг дуурайж, жижигхэн цоорсон хувцсаа тэр дор нь хаяахын оронд хувцсандаа ариг гамтай хандаж, илүү судлаж мэдэн, өөртөө хайртай, нийгэмдээ хайртай байгаарай гэж уриалмаар байна. Энэ хайраа өөрийнхөө өмсөж буй хувцсаа арчилж, удаан өмсөхөөс эхлүүлээсэй гэж хүсэе" 

Чуулганы үеэр хүүхэд, залуучууд “Дэлхийн дулаарал болон хүлэмжийн хийн ялгарал”, “Цөлжилт ба ган”, “Байгалийн гамшигт үзэгдлүүд”, “Усны хомсдол”, “Орчны бохирдол” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж, тухайн сэдвүүдийн хүрээнд мэдлэг мэдээллээ түгээх, шинэлэг санал санаачилга, сайн туршлагаа танилцуулах зэргээр харилцан саналаа солилцсон юм.  

Түүнчлэн “Уур амьсгалын өөрчлөлтөд залуусын оролцоо”  сэдвээр 8 бүлэгт хуваагдан олон улсын болон үндэсний төвшинд амжилттай хэрэгжиж буй сайн туршлага, бүтээлч саналаа танилцуулж, харилцан мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллаж суралцлаа.

#Мэдээ