Спортын ертөнцөд: Хөлбөмбөг эргэн ирлээ!


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-06-17

Спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэх "Спортын ертөнцөд" цуврал нийтлэлийн энэ долоо хоногийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.

ХӨЛБӨМБӨГ ЭРГЭН ИРЛЭЭ!

Дэлхий нийтэд аюул учруулж буй "COVID-19" цар тахлын улмаас энэ оны гуравдугаар сараас хойш Европын бүхий л томоохон лигүүд цуцлагдаад байсан билээ. Германы Бундеслиг тавдугаар сарын дунд хэсгээс үргэлжилж, Францын лиг 2019-2020 оны улирлаа бүр мөсөн цуцалсан бол бусад лигүүдийн хувьд эргэн ирэх бүхий л боломжуудыг хайсаар байсан юм. Эцэст нь хөлбөмбөг эргэн ирлээ!

Испани, Португал, Дани, Унгар улсын лигүүд тоглолтуудаа зохион байгуулж эхэлсэн бол Италийн лигийн цомын тоглолтууд ч мөн өнгөрөгч амралтын өдрүүдээр зохион байгуулагдлаа. Италийн лигийн 2019-2020 оны улирлын цомын хагас шигшээ тоглолтод Ювентус болон А.С Милан клубүүд учраа тааран тоглож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Ювентус клуб шигшээ тоглолтод оролцох эрхтэй боллоо.

Түүнчлэн дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн лиг болох Английн Премьер лигийн тоглолтууд явагдаж эхлээд байгаа билээ.

ЯПОН, СИНГАПУР, АЗЕРБАЙЖАНЫ ГРАН ПРИ ТЭМЦЭЭНҮҮД ЦУЦЛАГДЛАА

"Формула 1" уралдааны 2020 оны улирал энэ оны гуравдугаар сарын 15-нд эхлэх байсан ч мөн л "COVID-19" цар тахлын улмаас хойшлогдоод байсан билээ. Уралдааны удирдах зөвлөл 2020 оны улирлыг бүрмөсөн цуцлалгүйгээр Гран при тэмцээнүүдийг зохион байгуулна хэмээн мэдэгдээд байсан юм.

Гэвч Гран при тэмцээн зохион байгуулагдах Япон, Сингапур, Азербайжан зэрэг улсуудад нөхцөл байдал хүнд байгаа учир тэмцээнүүдийг цуцалжээ. “Формула 1”-ийн ерөнхийлөгч Чейз Кэри 2020 оны улирлыг долдугаар сарын 3-нд Австрийн Гран при тэмцээнээр эхлүүлэхээр болсныг саяхан мэдэгдсэн боловч дараа дараагийн уралдаанууд болох газруудад цар тахлын хэмжээ их байгаа учир Гран при тэмцээнүүдийг зохион байгуулах боломжгүй болоод байна.

“Формула 1” уралдааны хувьд энэхүү нөхцөл байдлын эсрэг нэгэн арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа нь 2020 оны улирлын анх төлөвлөсөн 22 Гран при тоглолтоос 15-18-ыг нь зохион байгуулах юм. Түүнчлэн тэмцээнүүдийн ихэнхийг нь Европ тивд зохион байгуулахаар ажиллаж байгаа ажээ. Ингэснээр тамирчдын аялах газрын хэмжээг багасгах бөгөөд цар тахлыг тараах магадлалыг бууруулах хамгийн боломжит алхам гэж “Формула 1”-ийн ерөнхийлөгч Чейз Кэри үзэж байна.

ГЕРМАНЫ ЛИГИЙН ЦОМЫН ШИГШЭЭ ТОГЛОЛТОД ОРОЛЦОХ БАГУУД ТОДОРЛОО

Герман улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “DFB-Pokal” лигийн 77 дахь удаагийн цомын хагас шигшээ тоглолтууд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Цомыг хамгаалагч Байерн Мюнхен клуб зургаадугаар сарын 10-ны өдөр Аллианц Арена цэнгэлдэх хүрээлэндээ Бундеслигийн шилдэг клубуудын нэг Айнтрахт Франкфуртыг хүлээн авч тоглосон. Энэхүү тоглолтод Байерн Мюнхен клубийн тамирчид 2020-2021 оны шинэхэн өмсгөлөө өмсөн тоглож өрсөлдөгчөө 2:1-ийн харьцаатайгаар буулган авлаа.

Тоглолтын 14 дэх минутад Хорват жигүүр Иван Перишич тоглолтын салхийг нээсэн бол Айнтрахт Франкфурт багийн тоглогч Дэнни да Коста 69 дэх минутад тооны харьцааг тэнцүүлсэн юм. Төд удалгүй 74 дэх минутад Байерн Мюнхен клубийн супер од Роберт Левандовский хаалганы торыг хөдөлгөснөөр Байерн Мюнхен клуб ялалт байгуулсан. Польш довтлогч Роберт Левандовский энэ улирлын бүх тэмцээнд 39 тоглолтод оролцож, 45 гоолыг оруулаад байгаа нь Байерн Мюнхен клубын төлөө хамгийн олон гоол оруулсан улирал нь болоод байна.

Хагас шигшээн нөгөө тоглолт болох Байер Левекузен болон Германы дөрөвдүгээр лигийн Саарбрюккен багуудын хоорондын тоглолтод Байер Левекузен клуб өрсөлдөгчөө 3:0-ийн харьцаатайгаар илт давуу буулган авч финалд шалгарлаа. Байер Левекузен клубээс тоглолтын 11 дэх минутад Муса Диаби, 19 дэх минутад Лукас Аларио, 58 дахь минутад Карим Беллераби нар гоолджээ.

Байер Левекузен болон Байерн Мюнхен клубүүд долдугаар сарын 4-ний өдөр Берлин хотын олимпийн цэнгэлдэх хүрээлэнд цомын төлөөх сүүлчийн тоглолтыг хийх юм. Эдгээр клубүүд нь хэдхэн хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 6-нд Бундеслигийн 30 дугаар тойргийн хүрээнд хоорондоо тоглосон. Энэхүү тоглолтод Байерн Мюнхен клуб 4:2-ын харьцаагаар өрсөлдөгч багаа буулган авсан. Олон мэргэжилтнүүд энэхүү тоглолтын дараагаар Байерн Мюнхен клубыг аваргын царыг 30 дахь удаагаа өргөх нь ойлгомжтой болсон гэж үзэж байна.

“UFC 251” ЯАС АРАЛ ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХААР БОЛЛОО

Холимог тулааны хамгийн шилдэг "UFC" холбооны дараагийн томоохон тулаан долдугаар сарын 11-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотын Яас хэмээх хиймэл арал дээр зохион байгуулахаар болжээ. "UFC" холбооны ерөнхийлөгч Дана Вайт цар тахлын үеэр арал худалдан авч тулааны арга хэмжээнүүдийг зохион байгуулахаа мэдэгдэж байсан. Эцэст нь "UFC 251" тулааныг Яас арал дээр зохион байгуулахаар болж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус арал дээр дөрвөн арга хэмжээ зохион байгуулагдахаар болоод байна. 

“UFC 251” тулаанд Камару Усман, Гилберт Бернс, Александр Волкановски, Макс Холлоуэй, Жозе Альдо тэргүүтэй тулаанчид оролцох юм. Энэхүү үдшийн оргил тулаан нь дунд жингийн аваргын бүсний төлөөх Камару Усман болон Гилберт Бернс нарын хоорондын тулаан байх аж. Аваргын бүсийг эзэмшигч Камару Усман нь мэргэжлийн карьертаа нийт 17 тулаанд оролцсоноос 16-д нь ялсан бөгөөд хамгийн сүүлд буюу 2019 оны арванхоёрдугаар сард аваргын бүсээ хамгаалах тулааныг Колби Ковингтонтой хийж ялсан билээ. Харин түүний өрсөлдөгч Гилберт Бернс нь мэргэжлийн карьертаа нийт 22 тулаанд оролцсоноос 19-д нь ялсан "хатуу самар" билээ.

Эх сурвалж: BBC , Skysports, ESPN

#Спортын ертөнцөд