ЗАХИДАЛ: Гуравдугаар сарын захидлын хариу №6


ССҮТөв | YOLO.MN
2020-03-30

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Хүмүүс янз бүрээр хараана байх гэж айдаг

Сайн байна уу? Би 17 настай. Гадаадад хэдэн сарын хугацаанд сурч байхдаа нэг хөвгүүнд маш их татагдсан юм. Тэр ч бас надтай адилхан зүйлийг мэдэрч байсан. Хэл, соёл, шашин, амьдардаг орчин гээд бүх л зүйлээрээ тэс өөр хүмүүс байлаа. Харь орны хүнтэй үерхчихвэл дараа нь бид өөрсдийн нутагруугаа буцаад ахин уулзаж чадах эсэх нь мэдэгдэхгүй зовно гэдгийг мэдэж байсан ч мэдрэмжиндээ дийлэгдээд үерхэж эхэлсэн юм.

Надад хүрч байгаа нь, намайг ширтэж байгаа нь, намайг тэвэрч байгаа нь гээд л хийж байгаа бүх үйлдэл бүрээс нь надад үнэхээр их сайн нь мэдрэгддэг байсан. Харин одоо бид өөр өөрсдийн нутагруугаа буцаад 7 сар өнгөрсөн байна. Тэр маань төгсөх ангийн сурагч болохоор “Би ирээдүйд хэн байхаа шийдэх чухал үе болохоор өөр ямар нэгэн зүйлд сатаарах ёсгүй. Гэхдээ чамд хайртайг, бас үргэлж санаж байгаагаа битгий мартаарай. Хичээлээ дуустал тэвчээртэй хүлээж байгаарай” гээд хэдэн долоо хоног, заримдаа нэг хоёр сарын хугацаанд хариу бичдэггүй. Хааяа Инстаграм дээрээ онлайн байж л байдаг. Тэгэх болгонд нь “Онлайн байна гэдэг чинь завтай байна гэсэн үг. Завтай байж яагаад юм бичихгүй байгаа юм бол? Надад үнэхээр хайртай л бол жаахан ч гэсэн зав гаргах л байсан” гэж гомддог.

Та дараах хоёр асуудал дээр зөвлөгөө өгөөч. Нэгдүгээрт, дотны биш найзууд, ангийн хүүхдүүд, зарим хүмүүс “Чи найз бандитай юу? Тийм бол хэн юм?” гэж асуухад нь үнэхээр юу гэж хариулахаа мэддэггүй. “Гадаад хүнтэй үерхчихвэл намайг муугаар хэлэх вий дээ. Наанаа тэгэхгүй ч дотроо дургүйцэх байх даа” гэж айдаг. Ихэнх хүмүүс монгол эмэгтэйчүүдийг гадаад хүнтэй суусан гэхээр янз бүрээр харааж “Цусаа бохирдуулсан” гээд л муу амтай байдаг болохоор намайг ч бас гадаад хүнтэй үерхдэг гэдгээ, ялангуяа ямар улсын хүн гэдгийг нь хэлчихвэл намайг элдвээр бодох вий гэхээс санаа зовж байна.

Харин хоёрдугаарт, бид хоёр цаашид яасан нь дээр вэ? Өдөр болгон уулзахыг хүсэвч харж, хүрж ч чадахгүй. Ядахад хааяа чат ч бичихгүй. Дахин уулзах, уулзахгүй нь ч тодорхойгүй болохоор нэг удаа “Хоёулаа салъя” гэж хэлсэн чинь тэр “Үгүй ээ, би үнэхээр чамд хайртай. Нэг л өдөр хоёулаа уулзана. Амлаж байна” гэж хэлсэн. Энэ үгэнд нь итгээд түүнийг л хайрлаад тэвчээртэй хүлээж байгаа ч заримдаа ямар ч ирээдүйгүй харилцаанд гацчихсан юм шиг санагдаж байна. Түүнийг мартаад дуусгая гэж бодсон ч хэтэрхий их сайн болчихсон болохоор яаж ч чадахгүй байна.

ЗӨВЛӨГӨӨ: Хэцүү санагдаж байна гэдгээ тодорхой хэлсэн үү?

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Харилцаандаа маш их санаа зовж байгаа бололтой. Нийгмийн сөрөг, тогтсон хандлага бидний амьдралд байж байдаг. Нийгэмд сөрөг тогтсон хандлага байлаа гээд энэ нь чиний амьдралд шууд хамааралтай гэсэн үг биш юм.

Хэн нэгэнтэй харилцах харилцаа тэр бүр амар байдаггүй. Хоёр талын харилцаа хамтдаа асуудлаа ярилцаж байж тодорхой шийдэлд хүрдэг. Хэзээ уулзах, өөрийг нь ямар их санаж байгаагаа, онлайн байгаа хэрнээ юм бичихгүй байгаа талаар, энэ бүхэн хэцүү санагдаж байна гэдгээ тодорхой байдлаар түүнд хэлсэн үү? Хэлээгүй шууд “салъя” гэсэн үү? Өөрт чинь хэцүү байна гэдгийг шууд салалттай холбоотойгоор яриа өдөж илэрхийлэх нь асуудлын шийдэлд хүрэхгүй л болов уу. Өөрт мэдрэгдэж байгаа сэтгэгдэл, мэдрэмжээ тодорхой байдлаар хэлж байсан нь дээр болов уу. Салалт гэсэн үгний ард яг ямар нөхцөл байдал байсан гэдгийг хэлэхгүйгээр нөгөө талд хэлэх нь зөв биш болов уу. Ганцаараа хэт их юм ургуулж, төсөөлж бухимдаж суухын оронд мэдрэмжээ хэлж байгаарай. Магадгүй тэр үнэхээр завгүй, хичээл номондоо анхаарч байсан ч байж болно шүү дээ. Мөн чи ч мөн ялгаагүй хичээл болон хувь хүний хөгжил дээрээ ажиллаж, анхаарч болно шүү дээ.

Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Бид хайр-найз хоёрын дунд гацчихсан хүмүүс

Сайн байна уу? Би 18 настай, эмэгтэй. Одоо 12-р ангид суралцдаг. Би анх 8-р ангидаа ангийнхаа хөвгүүнтэй үерхсэн юм. Гэтэл тэр шилжээд явчихсан. Шилжинэ гэдгийг нь мэдэж байсан ч үерхсэн. Гэхдээ жаахан хүүхдүүд байсан болохоор асуудлаа шийдвэрлэж чадалгүйгээр салсан юм. Яагаад ч юм мартаж чадахгүй байсаар л байсан. Тэгээд тэр маань ямартай ч харилцаатай байя гэхээр нь найзууд байхаар болцгоосон.

Бид одоог хүртэл харилцаатай байсаар байгаа ч жилд ганц хоёр өдөр л уулздаг. Бие биенээ мэддэг юм шиг. Эсвэл огт мэдэхгүй ч юм шиг. Хол байдаг болохоор ойлголцохгүй, буруугаар ойлгох гээд байдаг тохиолдол их бий. Бид цаашдаа яах ёстой вэ? Их удаан харилцаатай байсан учраас бие биенээсээ залхсан юм болов уу? Түүний намайг гэсэн мэдрэмж их ойлгомжгүй байдаг болохоор их эргэлзэж байна. Түүний хувьд заримдаа би их чухал хүн юм шиг, эсвэл зүгээр л хөндлөнгийн хүн шиг байдаг. Бид хоёр яг хайр-найз хоёрын дунд гацчихсан хүмүүс. Гэхдээ бүр найзууд байх гэхээр надад арай өөрөөр ханддаг. Би болих хэрэгтэй юу?

ЗӨВЛӨГӨӨ: Зориг гаргаад өөрийн мэдрэмжээ хэлж чадах уу? 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хайр сэтгэлийн асуудалд тодорхой хариу өгөх хэцүү. Ийм үйлдэл хийвэл, ингэж хэлбэл та хоёр бүтэж сайхан байна гэсэн зүйл хэлж чадахгүй нь. Хоёр тал хоёулаа мэдрэмжээ нуугаагүй тохиолдолд цаашдын харилцаа яах нь тодорхой болж өгдөг. Тэр харилцаа нь цаашид сайн ч байж болно, муу ч байж болно. Зориг гаргаад өөрийн мэдрэмжээ хэлж чадах уу? Гарах ямар ч үр дүнг хүлээж авч чадах уу? Үйлдэл хийхгүйгээр чимээгүй суух нь чамайг өөрийн бодолд хэт автуулж бухимдуулж байж магадгүй юм. Өөрийн мэдрэмжийг хэлэх эсэх нь чиний сонголт юм.

Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Мөнгөнд нь болж л сонгосон юм шиг...

Би 18 настай, эмэгтэй. Төгсөх ангийн сурагч. Гэвч мэргэжлээ сонгож чадахгүй байгаагаасаа болоод олон сар хямарч байна. Ээжийнхээ зөвлөснөөр эхэндээ анагаахын чиглэлийн мэргэжил буюу эм зүйч мэргэжлийг сонгосон байсан ч мөнгөнд нь болж сонгосон юм шиг. Өдөржин зогсоо ажил хийгээд, хүнд юм тайлбарлаад байх сонин ч юм шиг. Найз нөхөд, гэр бүлийнхнээсээ асуухаар эцэст нь би л шийдвэрээ гаргах ёстой болоод байна. Харин би яахаа мэдэхгүй байна.

Мэргэжил бүрийн хүнтэй уулзаж ярилцмаар байгаа ч анх оролдоод үзэхэд нэг их бүтэмжтэй байгаагүй болохоор ахиж тэгнэ гэхээр зүрх үхээд байна. Би бусдаас асууж мэдмээр байгаа юм л даа уг нь. Би хаана хандвал дээр вэ? Хэрхэн асуудлаасаа гарах вэ?

Нэг хүн намайг “Эмийн санд сайн дураараа ажиллаад үз. Үнэгүй байдаг юм” гэж зөвлөсөн. Гэвч “Зөвшөөрөх болов уу? Намайг буруугаар бодох вий. Надад туслах газар байдаг болов уу?” гэж санаа зовж байна. Би ямар нэгэн зүйл оролдож үзмээр байна. Сэтгэлзүйч танд уулзуулаад хэдэн минут ч болтугай ярилцах боломжтой эм зүйч, бизнес удирдлага, нягтлан, ер нь хаана ч ажилладаг байсан хамаагүй зөвлөх хүн байна уу? Өөрөө хайж үзсэн ч танил биш болохоор ч тэр үү, завгүй завгүй л гэх юм. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Зарим нь татгалзах ч зарим нь зөвшөөрнө. 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Мэргэжлээ сонгох том даваатай нүүр тулж байгаа бололтой. Мэргэжил бүрийн онцлогийг мэргэжлийн хүмүүстэй уулзаж таних гэсэн арга чинь сайн байна. Одоогоор коронавирусийн нөхцөл байдлаас болж мэргэжлийн хүмүүстэй тэр бүр уулзах боломжгүй болов уу. Би чамайг мэргэжлийн хүмүүстэй уулзуулж чадахгүй ч гэсэн мэргэжлийн хүмүүсийн яриаг сонсохыг санал болгож байна. Олон нийтийн сүлжээг ашиглаж мэргэжлийн хүмүүсийн яриаг сонсоод үзээрэй. Жишээ нь Фэйсбүүк дээр “Мэргэжлийн цагаан толгой” гэсэн хуудсан дээр олон салбарын хүмүүс өөрийн ажлын онцлогийг ярьж өгдөг. Энэ маягаар мэргэжлүүдийн талаар онлайнаар судалж үзээрэй.

Харин хөл хорио тавигдсаны дараа зориг гаргаад хүмүүсээс асуугаад үзээрэй. Зарим нь татгалзах ч зарим нь зөвшөөрнө. Нэг л удаа оролдоод бууж өгч болохгүй. Мөн өсвөр насныхан, залуучуудад чиглэж ажилладаг yolo.mn болон бусад байгууллагаас мэргэжлийн хүмүүстэй биеэр уулзаж ярилцахыг дэмжих, хөтөлбөр хэрэгжүүлж өгөх хүсэлт тавьж болно. Олон хүүхдээс ийм хүсэлт ирвэл тэд ажил хэрэг болгож магадгүй шүү дээ. Тэгвэл дараа, дараагийн төгсөгчдөд ч хэрэгтэй.

Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Би мэргэжлээ сонгосон ч гэр бүлийнхэн маань...

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоогоор 12-р ангид суралцдаг. Сургуулиа төгсөөд ямар чиглэлээр сурахаа төдийлөн сайн мэдэхгүй байгаа юм. Миний хувьд ирээдүйд ажиллах мэргэжлээ сонгочихсон ч гэр бүлийнхэн маань “Чи наад мэргэжлээрээ сурлаа гээд ирээдүйд хоолоо олж идэж чадах уу? Төгсөөд ажлын байргүй, өөр ажил хийгээд явж байгаа хүмүүсийн жишээ зөндөө байна” гэх мэтчилэнгээр миний сонголтыг няцаасан үгс их хэлдэг.

Би өөрийгөө юунд дуртай, юунд сонирхолтой, юу сайн хийж чадах вэ гэж маш удаан бодсоны эцэст үр дүн минь нэг л хэвэндээ байна. Мөн өөртөө итгэх итгэл нэг л дутаад байгаа мэт санагддаг. Мэргэжил сонголт бол хүний амьдралдаа хийх маш чухал сонголтуудын нэг гэж боддог. Тийм болохоор мэргэжил сонголт хийгээд мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар зөвлөгөө өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Дараах гурван асуултад хариулаарай

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Тийм ээ, чиний хэлдэг зөв. Мэргэжил сонголт бол амьдралд тохиолдох чухал шийдвэрүүдийн нэг яах аргагүй мөн. Тиймдээ ч сандарч, санаа зовж байгаа байх. Сонгомоор байгаа мэргэжлийнхээ талаар хангалттай судалгаа хийсэн болов уу? Захидлаас харахад сонгохыг хүсэж байгаа мэргэжлийнхээ талаар маш сайн бодож тунгаасан санагдлаа.

Харин тодорхой үйлдэл хийсэн болов уу? Мэргэжлээ сонгоход дараах гурван асуулт чамд туслах болно. Энэ мэргэжлийг хэр их хүсч, сонирхож байна вэ? Энэ мэргэжлээр суралцах цаашлаад ажиллахад шаардлагатай чадварууд байна уу, байхгүй бол яаж хөгжүүлэх вэ? Мөн нийгмийн хэрэгцээ, шаардлага буюу энэ мэргэжлийг эзэмшсэнээр хэнд яаж туслах вэ? Эдгээр гурван асуултад хариулах, мөн 2-3 мэргэжлийг сонгон 1-10 хооронд оноогоор үнэлэн нийлбэр дүнг тооцон аль мэргэжлийг илүү сонирхож байна вэ гэдгээ харах боломжтой шүү. Бид мэргэжлээ өөрийнхөө ирээдүйн төлөө сонгодог юм шиг боловч угтаа чи ирээдүйд энэ мэргэжлээрээ дамжуулан нийгэмдээ юу хийж, бүтээж өгөхийг хүсэж байгаа вэ гэдэгт оршдог.

Эдгээрээс гадна сонгохыг хүсэж байгаа мэргэжлээ сайн судлах хэрэгтэй. Төгсөөд хаана ажиллах боломжтой вэ? Өсөж дэвших боломж хэр их вэ? Цалин хэд вэ? Өдөр тутмын ажилдаа ихэвчлэн юу хийдэг вэ? гэх мэт. Мөн чиний сонгох гэж байгаа мэргэжлээр одоо ажиллаж байгаа хүнтэй уулзвал илүү үр дүнтэй судалгаа болно. Ирээдүйд ажиллахыг хүсч байгаа газар болон ажиллаж болох газруудыг судалж үзээд өөрийн биеэр очин танилцаж бас болно шүү.

Амжилт хүсье! 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


АСУУДАЛ: Сайн найзад минь сайн болохоор надад сайн хандаад байгаа юм болов уу? 

Сайн байна уу? Би 16 настай. Би ангийнхаа хөвгүүнд сайн болчихсон ч тэр надад сайн үгүйг нь мэдэхгүй байна. Би энэ ангид 2 жил сурч байна. Бид тийм ч дотно биш. Надад ямар нэгэн юм тохиолдвол тэр инээгээд л тусалдаг. Надад л ингэж хандаад байгаа үгүйг нь мэдэхгүй юм. Гэхдээ тэр манай сайн найзтай бас их яриа өдөж, юм ярьдаг. Намайг найзтайгаа юм ярьж байхад ирэх гэж байгаад намайг байгаа болохоор ч юм уу, шууд л явчихдаг. Энэ нь надад их эвгүй санагддаг.

Сайн найзад минь сайн болохоор надад сайн хандаад байгаа юм болов уу гэж бодож үзсэн л дээ. Гэхдээ.. мэдэхгүй ээ. Найз маань хэлэхдээ тэр хичээл болгоноор над руу хардаг, надад сайн болохоор ичээд ирж чаддаггүй байх гэсэн. Би энэ хөвгүүнийг яах гээд байгааг ойлгохгүй байна. Би түүнд сайн болж болох болов уу? Хэрэв тэр манай найзад сайн бол яах вэ? Туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Чи өөрөө түрүүлж үйлдэл хийгээрэй

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэнд хүргэе. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд бид хэн нэгний бодлыг унших боломжгүй шүү дээ. Тиймээс тэр хүнээс өөрөөс нь биш бусад хүмүүсээс, эсвэл өөрөөсөө тэр хүний бодлыг асуугаад л байх юм бол чи улам л эргэлзэх болно.

Зүгээр л найзын зүгээс чамд сайн хандаж, тусалдаг уу, эсвэл чамд сайн уу гэдгийг чи өөрөө түрүүлж үйлдэл хийж байж мэдэх боломжтой. Тэр хөвгүүн рүү чат бичих, түрүүлж яриа өдөх, инээмсэглэн мэндлэх гэх мэт. Тэгээд түүний хариу үйлдлийг ажиглаарай. Үүний дараагаар сайн гэдгээ хэлэх эсэхээ шийдээрэй. Харин тэр хөвгүүн ямар ч хариу хэлсэн тухайн шийдвэрийг нь хүндлээрэй. Өөр хүнд сайн гэж хэлсэн ч гэсэн. Яагаад гэвэл бид хэн нэгний мэдрэмжийг хүчлэх боломжгүй шүү дээ. 

Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


АСУУДАЛ: Эцэг эх минь намайг энэ мэргэжилд тохирохгүй гэж бат итгэж байх шиг...

Сайн байна уу? Юуны өмнө та бүхнийг миний захидлыг уншаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Би 15 настай, эмэгтэй. Нас бага ч бага байхаасаа л кино найруулагч болохыг хүсдэг байсан. Одоо ч тэр зорилгодоо бат итгэлтэй байгаа л даа. Гэхдээ миний их сургуульд орох хугацаа ойртох тусам ээж аав хоёр найруулагч мэргэжлийг надад тохирохгүй, амжилт олохгүй гэж хэлээд байгаа юм шиг санагдаад байдаг болсон. Одоо ч тийм хандлага мэдрэгдээд байдаг. Энэ нь миний урам зоригийг мохоож байгаа мэт маш таагүй санагдаж байна.

Би жүжиглэх тал дээр тийм ч сайн биш л дээ. Харин кино зохиол хэд хэдэн удаа бичиж байсан. Эцэг эх минь намайг энэ мэргэжилд тохирохгүй гэж бат итгээд байх шиг байна. Гадаадад суръя гэж хэлсэн ч намайг чадах эсэхэд хүртэл эргэлзэж байна. Би яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Ээж ааваасаа асууж үзсэн үү?

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Хэрвээ чи найруулагч мэргэжилд үнэхээр дуртай, шаардагдах чадварууд нь чамд байгаа болон нийгмийн эрэлт хэрэгцээ, ажлын байр, ирээдүйд энэ мэргэжлээр дамжуулан нийгэмдээ юу хийж бүтээж өгөхөө харж чадаж байгаа бол мөн энэ мэргэжлийн талаар хангалттай судалгаа хийсэн бол чи энэ мэргэжилдээ тууштай байж болно.

Харин аав ээжээсээ асууж үзсэн үү? Яагаад ийм хандлага гаргаад байгаа, чи өөрөө яагаад тэгж мэдрээд байгаа тухай ярилцаж үзсэн үү? Захидлаас харахад аав ээж тэгээд байх шиг санагдаад байна гэх өгүүлбэр 2,3 давтагдсан ба энэ нь чиний таамаг гэж санагдлаа. Тиймээс чамайг дэмжихгүй байгаа юм шиг санагдаад байгаагаа мөн энэ мэргэжлийг сонгох нь та хоёрт ямар санагдаж байна вэ? Намайг чадна гэж бодож байвал яагаад? Чадахгүй гэж бодож байвал яагаад гэх мэт өөрт төрж буй асуултууд болон мэдрэмжээ ярилцаарай. Мөн энэ мэргэжлийн талаарх хийсэн судалгаагаа, олж авсан мэдээллээ, өөрийнхөө зорилгоо аав ээждээ хэлж болно шүү дээ. Харин ярилцахдаа асуудалд сэтгэл хөдлөлөөр биш бодитоор хандаарай. 

Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter