ӨГҮҮЛЛЭГ: Эмээгийн 17-н нас


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2018-01-10

- ӨГҮҮЛЛЭГ -

Далавчтайсан бол жигүүр дэлгэн нисмээр, жигүүртэйсэн бол орчлон хорвоог тойрон дүүлмээр арван долоон нас. Хүүхэд ч биш, том хүн ч биш яг дунд нь. "Өдий багаасаа, өдий том болчоод..." гэж загнуулах хөгжилтэй ч гэмээр өдий дунд нас. Дахин тохиохгүй, ахин ирэхгүй, дэндүү урт ч юм шиг бас дэндүү богинохон ч юм шиг арван долоон нас минь...

Сар шинийн баяр, гэгээн хайрын өдөр хоёр шил шилээ даран ойртож телевиз радиогоор сар шинийн бэлэгтэй худалдаа, хэвийн боовны төрөлжсөн худалдаа, амтат шоколадны нээлттэй худалдаа, цэцэгт мэндчилгээний үйлчилгээ гэсэн реклам сурталчилгаа тасралтгүй ёнгиноно. Тийм гэж үгээр хэлэхийн аргагүй арван долоон насан дээрээ явж буй миний хувьд гэгээн хайрын өдрийг бодон догдловч Мөнхөөгөөс ирэх зурваст хариу өгөлгүй уцаарлан хэн нэгэнд мэдэгдэхгүйн тулд дуугүй л жуумалзан буузны гурилаа элдэн суух сэтгэл гонсойлгосон ч гэмээр эсвэл сэтгэл гижигдсэн ч гэмээр тийм нэг өдөр.

Нас ойролцоо хэдэн үеэлүүд минь нэг нь гурилаа таслан, нэг нь элдэж, нөгөө нь чимхэнэ. Ажлаас зугтаасан ч хамгийн их ажилтай нь мэт харагдаж өрсөн буузаа дахин дахин засан тавиад үе үе тоолон суух бас нэгэн үеэл. Яриандаа халан тас тас хөхрөлдөх охид хөвгүүдийн дунд дуун дээр гардаг шиг ногоон торгон дээл өмсөн эрх эргүүлэн суух эмээ минь нэг л бодлогоширсон янзтай. Залуу насаа дурсан суугаа эсвэл буузны давс ихдүүлчихвий гэж хаширлан суугаа алийг тэр гэхэв. Аав минь хааяадаа "Муу ээж минь залуудаа их сайхан бүсгүй байсан шүү. Зургийн цомогтоо нямбаалан хадгалсан залуу цагийнх нь зургууд яг л одоогийн загвар өмсөгч..." хэмээн ярьдаг нь санаанд орно. 

"...Үзэсгэлэнтэй сайхан ч биш, үзээрийн муухай ч биш үлэмж хачирхалтай энэ л амьдралын нэгэн эд эс болж цэцэг шиг дэлгэрч явсан арван долоон нас минь хэзээ ч санаанаас гардаггүй юм..." хэмээн амьдралын бүхий л хатуу хөтүү, зовлон жаргалыг үзэж туулсны илрэл гэлтэй үрчлээтэж унжсан зовхио зөөлөн аниж эрхээ эргүүлсээр эмээ минь яриагаа эхэлсэн юм.

"Аравдугаар ангид байхдаа би бахархмаар ч юм шиг нэг бодлын ядаргаатай гээд зугтаамаар ч юм шиг сонин хайртай учирсан юм. Цагаан тууз цэцэглэж зүүгээд, паарчигаар гоёж инээмсэглэн явах арван долоон настай охинд хилэн бор форм, улаан галстук зүүж туулайтай цүнхээр гоёсон даруухан бор хүү ухаанаа алдтал дурлачихсан. Найрамдлын районы замаар энэ хоёр хүүхэд мөн ч олон удаа муур хулгана болж хөөцөлдөн явсан даа. Тэр надад олон жил хайртай явсан юм. Түүнийг Сүхбат гэдэг. Анх пионерийн тангараг өргөж байгаа бяцхан охиныг хараад дурласан гэдэг. Эвлэлийн гишүүн болоход минь ч хайрын харцаар нууцхан харж баавгайтай чихэр өгчихөөд зугтаагаад гүйчихдэг байлаа. Гэм нь би түүнийг нэг ч удаа онцолж харж байгаагүй юм. Түүнийг хааяа нэг харахад тухайн үед ховорхон олддог байсан "Монополь" тоглоомоор тоглож, "Электроника-302" магнитафон барин явдаг байлаа. 

Өдөр бүр ангийн үүдэнд ирэн ангийн хөвгүүдээр дамжуулж бохь, зайрмаг, чихэр жимс өгнө. Заримдаа энэ нь үнэхээр ядаргаатай санагдаж хүүхдүүдээс ичиж санаа зовохыг яана. Багын л бичиг цаас, ном дэвтрэнд дуртай хүүхэд байсан учраас номонд дуртайг минь сайн мэдэх Одсүрэн төрсөн өдөр, шинэ жилийн баяр, Мартын наймнаар байнга Волковын зохиолуудаас бэлэглэдэг байсан юм. Энэ бэлэгнүүд миний хувьд ямар үнэ цэнтэй сайхан бэлэг байсан гээч. Одоо эргээд бодоход түүнээс үргэлж бэлэг сэлт авдаг хэрнээ түүнд хэзээ ч өгч байгаагүй юм байна. Хөөрхий минь түүнд л зориулаад хаягласан атгахан захидалд л тэр нисэх шахам баярлах байсан даа. Амралтын өдрөөр байрны урд өнжиж, хаалга тогшин уулзъя гэж дуудах тоолонд нь ээжээсээ ичиж нүүр хийх газраа олж яддаг байв. Сүүлдээ Сүхбатын арга нарийсч найзаараа ном сольж уншъя гэж дуудуулдаг болсон юм. Номонд дуртай би уухайн тас зөвшөөрч номоо барин инээсээр гарч ирэхэд Сүхбат зогсож байна. Энэ үед уур ямар их хүрдэг байв аа? Түүнд тийм их дургүй хэрнээ өгсөн бэлэг бүрийг нь хайрцганд хийж нандигдан орныхоо доор хадгалан хааяа нэг гаргаж хардаг байв. 

Нэг удаа шинэ жилийн үдэш гэр бүлийнхэн хамаатан садантайгаа баяраа тэмдэглэн он солигдох торгон мөчийг хүлээн суухад минь нэг хүн хаалга нүдсэн юм. "Баярын өдөр согтуу хүмүүс явж байж мэднэ чи очоод яах гэсэн юм" хэмээн гэрийнхэн маань хориглоход үгэнд нь орон цаг руу харвал 23:05 минут болж байв. Хаалга тайлсан ээж маань буцаж ирэхдээ инээдээ барьж ядан “Манай охины дурлалт ханхүү нь ирсэн байна” гэж хэлээд түсхийтэл инээж орхив. Гэр дүүрэн инээд ханиад болж холын хамаатнууд маань "Манай Үжин ч том болжээ. Танай хаалгыг хөвгүүд тайван байлгахаа больсон байна" гэж элдэвлэн инээлдэнэ.

Нүүр минчийтлээ улайж уур дээд цэгтээ хүрсэн би хаалган дээр гүйж очоод түүнийг алгадчихсанаа одоо ч тодоос тод санадаг. Намайг гарч ирэхэд баярласандаа нүд нь очтон гялалзаж инээмсэглэн угтсан түүнийг үг ч дуугарч амжаагүй байхад нь алгадчихсан. Би түүнийг хайрлахгүй гэдэг нь 99 хувь баталгаатай байхад ч үлдсэн ганцхан хувьд нь итгэж найдан намайг хайрласаар байсан түүний итгэлийг ганцхан хормын дотор үгүй хийчихсэн. Тэгээд ч зогсохгүй "Би чамайг үзэн ядаж байна" гэж юу ч бодолгүй шуудхан хэлчихсэн гээч. Намайг анх харсан цагаасаа хойш нэг ч удаа эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр хайрлаж, миний төлөө хийсэн бүх зүйлсийнх нь хариуд хорон үгийг алганы амттай хамт шидэж өгчихөөд хаалгаа хаачихсан. Гэхдээ надад ч гэсэн хэцүү байсан юм шүү... хэцүү байсан. Өрөө рүүгээ гүйн орчихоод орон дээрээ суун хэсэг бодолхийлж хийсэн үйлдэлдээ гэнэт гэмшсэндээ эргээд хаалга руу зүглэв.

Хаалганыхаа дурангаар түүнийг харахад тэр гартаа барьсан чихрийн цуглуулга, "Шаргал манан" номоо хаалганы минь өмнө тавиад нулимсаа арчиж зогссон юм. Түүнийг анх удаа ийм удаанаар ажиглан зогсоход минь шөнийн 00:00 цаг болж гадаа гэргүй хүмүүс баярлан инээлдэж шинэ оноо угтан шуугилдана. Гэвч Найрамдлын районы нэгэн байрны нэгэн хаалганы наана цаана арван долоон настай охин хөвгүүн хоёр хоёул нулимс дуслуулан зогссон юм. 

Энэ өдрөөс хойш би түүнийг дахиж хараагүй. Сургууль дээр хааяа нэг таарахад зүг буруулан буцаж явахыг нь хараад зүрхээр ёгхийн хатгах шиг болдог байв. Үргэлж дагаж яван, гэрийн үүдэнд харуул шиг эргэлддэг байсан тэр хүн нэг л өдөр алга болох тэр л үед тэр хүн ямар үнэ цэнэтэй хүн байсныг бас миний анхны хайр байсныг ухаарсан юм. Он цаг харвасан сум шиг өнгөрч сургуулиа төгсөн ЗХУ-ыг зорьж суралцахаар болж тэрсхэн хоёр дүүгээ үнсэн, ээждээ үнсүүлж ахынхаа машинд ачаагаа хийгээд өөрөө суух тэр үедээ байшингийн булангаас намайг харан зогсох Сүхбатыг би олж харсан юм. Ингэж л би түүнийг сүүлийн удаа харсан.

Ахиж хэзээ ч хараагүй. Би тэр үед бардам зандаа хөтлөгдөлгүй уучлалт гуйсан бол, ердөө ганцхан удаа "Намайг уучлаарай" гэж хэлсэнсэн бол өдийд ингэж өөрийгөө зүхэн суухгүй байсан биз. Харин Сүхбатын шинэ жилээр үлдээгээд явсан Волковын "Шаргал манан" зохиолын сүүлийн хэдэн хуудсыг аав чинь нялхдаа юу ч үгүй урчихсан даа. Ай даа миний арван долоон нас. Нэг шийдвэл шийдсэн шиг шийддэг. Гэвч шийдсэнээ эргэж санан гэмшиж явдаг ээдрээтэй нас шүү" гэж яриагаа дуусгахад нь саяхны шуугилдаж байсан хүүхдүүд үлгэр сонсож байгаа аятай чив чимээгүй сонсон зарим нэг нь нулимсаа түргэхэн шиг арчих нь ажиглагдана. 

Бууз өрөгч маань эмээгийн аманд орох шахан "Тэгэхээр Маралаагийн аав тэр үнэ цэнтэй номыг урчихсан хэрэг үү? Юу билээ. Байж байгаарай. Сүхбат ахыг ч гэсэн Сүхбат гэдэг биз дээ" гэсээр над руу дүрлийтэл ширтэв. Бусад хүүхдүүд ч эмээ рүү нэг, над руу нэг гайхан харж хариулт нэхнэ. Эмээ ч гэнэт инээн "Тиймээ, хүүхээ. Миний муу бондогор хүүг ч Сүхбат гэдэг" гэж хариулсан юм. Бодолд дарагдан, нулимс унаган суусан би гэнэт утсаа шүүрэн авч зурвас бичин илгээх товчийг дараад одоо л нэг санаа амарч уужуу тайван амьсгалав. 

"Мөнхөө намайг уучлаарай. Бид чинь юу ч хийхээс буцахгүй, хийсэн зүйлдээ хожуу л гэмшдэг 17-н насан дээрээ байна шүү дээ. Муухай ааш гаргасанд уучлаарай. Чамдаа хайртай шүү"

Орчлон дээр бас нэгэн хос ийнхүү үүрд салах ч байж мэдэх гунигт тохиолоос ийнхүү аврагдаж чадсан юм. Аяа 17-н нас....   

2018.01.09

#Story #Grandmother