ЗАХИДАЛ: Аравдугаар сарын захидлын хариу №3


ССҮТөв | YOLO.MN
2020-10-18

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Би сэтгэл гутралд амархан ороод байна

Сайн байцгаана уу. Би 14 настай, эмэгтэй. Би сэтгэл гутралд амархан ороод байна. Жишээ нь манай ангийн хүүхэд надад ганц үг хэлэхэд л тэр өдөртөө сэтгэл санаа нэг л сонин болчихдог. Эсвэл надад сайхан зүйл тохиолдсон ч тийм ч их баясдаггүй. 

Би багаасаа л дуу цөөнтэй, даруухан хүүхэд байсан болоод ч тэр үү намайг шоолсон, элдвээр хэлсэн хүмүүсийн өөдөөс юм хэлж чаддаггүй байсан. Бас их дээрэлхүүлдэг байсан. Одоо энэ байдал маань арай дээрдсэн ч хүнтэй муудалцаж чаддаггүй. Бас спортод муу. Сагс, волейбол тоглож чаддаггүй. Хүүхдүүдтэй хамт тоглосоор байгаад сурч болох ч хүүхдүүд намайг шоолох вий гэхээс айдаг. Энэ айдас минь бага байхад л бий болсон. Манай ангийн хүүхдүүд намайг янз бүрийн үгээр хэлж, ямар нэгэн зүйлийг чадахгүй бол бүгд нийлж загнаж, бага ангийн багш маань хүртэл шоолж байсан. Ингээд л би ангийнхандаа дургүй болчихсон. Одоо бол ямар нэгэн зүйлийг хийх гэж оролдохоор хүмүүс намайг загнаж шоолох юм шиг санагддаг. 

Би одоо олон хүмүүсийн дунд байж чаддаггүй. Олон хүний дунд орохоор өөрийгөө муухай харагдаж байгаа болов уу гээд санаа зовдог. Тиймээс олны өмнө үг хэлж, ярьж, хүмүүстэй харьцаж чаддаггүй. Надад сайн найз ч байхгүй. Хэчнээн сайхан аашлаад ч найзтай болж чаддаггүй. Би яг яачихсан хүн юм бол гэж их боддог. Өдийг хүртэл энэ асуудлаа хэнд ч хэлэхгүй нуусаар ирсэн юм. Харин танай хамт олныг надад тусална гэж найдаж байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Мэргэжлийн хүнд оноглуулаагүй тохиолдолд өөртөө битгий шошго тавиарай

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд захидлаас сэтгэл гутрал гэж тодорхойлох шинж тэмдэг ажиглагдаагүй бөгөөд бид хямралыг эсвэл өөр бусад асуудлыг шийдвэрлэхэд хэцүү болох үед сэтгэл гутрал гэж андуурах гээд байдаг. Сэтгэл гутрал бол эмгэг юм. Гэхдээ мэдээж эдгэдэг өвчин. Тиймээс мэргэжлийн хүнд хандаж оношлуулаагүй тохиолдолд өөртөө битгий шошго зүүгээрэй. Мөн бага байхад нь болсон үйл явдал чамд их нөлөөлсөн бололтой. Түүнээс үүдэж хүмүүс намайг шоолох вий, загнах вий гэсэн бодол алхам тутамд бодогдож байгаа бололтой.

Захидалд хийж чадахгүй зүйлсээ бичсэн байна. Чиний чаддаг зүйлс юу вэ? Чи юундаа сайн бэ? Хүн болгонд л сул тал, хийж чаддаггүй зүйлс бий. Сул талаа харж байгаа нь сайн хэрэг ч хэт анхаараад байвал давуу талаа харахад хэцүү болдог. Аливаа зүйлд тэнцвэр хэрэгтэй. Бид сул талаа хүлээн зөвшөөрч, давуу талаа ашиглан сул талаа сайжруулах боломжтой байдаг. Эхлээд өөрийгөө танья. Миний давуу тал, сул тал юу вэ? Юу хийх дуртай вэ? Юу хийх дургүй вэ? Би ямар зан ааштай хүн бэ? Миний сайжруулах тал юу вэ? Юу хийвэл би илүү өөртөө итгэлтэй болох вэ? Хүмүүс чамтай яаж харилцвал дуртай байдаг вэ? Гэх мэтчилэн би хэн бэ? Ямар үзэл бодолтой хүн бэ? гэдэгт хариулах гээд үзээрэй. Мөн ойр дотны 3 хүнээсээ дээрх асуултуудыг асуугаарай. Учир нь бид өөрсдийгөө дүгнэх чадвартай боловч зарим зүйлсийг олж хардаггүй. Чиний олж харж чадахгүй байгаа авьяас чадвар, давуу тал эсвэл сайжруулах хэрэгтэй байгаа сул талыг тэд олж харж өөрсдийнхөөрөө дүгнэж чаддаг. Тэглээ гээд бүх хүний хэлж байгаа үнэн дүгнэлт гэсэн үг биш шүү. Чи өөрийгөө юу гэж дүгнэж байгаагаас бусад хүмүүсийн чамайг харах өнцөг өөрчлөгддөг. Тиймээс өөрийн гэсэн үзэл бодолтой байж түүндээ үнэнч байхыг хичээгээрэй.

Харилцаанд хоёр тал бий. Чи өөрийнхөө зүгээс хичээгээд болохгүй байна гэж бодож байгаа бол нөгөө талаасаа би чамд, танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? гээд асуугаад үзээрэй. Энэ нь би харилцаандаа юун дээр алдаж байна вэ? гэдгийг тодорхойлоход тусална. Үүний дараа чамд бодогдож байгаа сөрөг бодлуудаа жагсаан бичиж эерэг нь юу байж болох талаар бичээд үзээрэй. Бид юу гэж бодно, бидний үйлдэл яг тийм байдаг. Жишээ нь: намайг шоолно, загнана гэж бодоод л байгаа учраас чи олны дунд ямар нэг зүйл хэлэхгүй байх, хамт тоглохгүй байх гэх мэт үйлдлүүдийг гаргаж байна гэж ойлгож болно. 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


АСУУДАЛ: Би их доромжлуулж байна

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 18 настай, эмэгтэй. Хаанаас эхэлж ярихаа мэдэхгүй байна. Би уг нь аливаа зүйлийг тэвчье, энэ бол байдаг л нэг зүйл гэсэн өнцгөөс харъя гээд өнгөрөөдөг боловч сүүлийн үед улам ихсээд байх юм. Би их доромжлуулж байна. Өдөж болно л доо. Гэхдээ тоглоом тоотой нь дээр гэдэг шүү дээ. Би уул нь тоохгүй байя гэхээр нэг л болж өгөхгүй юм. 

Саяхан баяр тэмдэглэнэ гээд бөөнөөрөө цугласан чинь нэг дүү маань намайг “чи” гээд доромжилсон. Би уг нь хамаатнуудаасаа хамгийн ууган хүүхэд нь. Тэгээд л тэрнийг үгэнд орчихоод яагаад миний үгэнд ордоггүй юм бол гээд зөндөө бодсон. Би ямар нэгэн юм хийж чаддаггүй болохоор уу? Миний хийж байсан ажлыг булаагаад л авчихна. “Өө, аниа. Алив би хийе. Та чадахгүй юм байна” гээд л. Бас нэг үеэл маань “Хүүе ээ, чи үнэхээр 18 хүрсэн гэж үү? Тэгээд иймхэн юм хийж чадахгүй байгаа юм уу?” гээд л эвгүй байдалд оруулж байсан. Би өөдөөс нь юу ч хийж чадаагүй. Тэнэг юм шиг инээгээд л өнгөрсөн. Өмнө нь ч бас иймэрхүү асуудлууд гарч байсан. Гэхдээ энэ удаад би тэвчиж чадахгүй нь ээ. Би үнэхээр доромжлуулаад байна. Яах вэ? 

Бас сургууль дээр би үл үзэгдэгч шиг л байдаг. Би бусдад үнэхээр их атаархдаг. Яагаад вэ гэж үү? Учир нь байхгүй хүнийг байгаа мэт, байгаа хүнийг байхгүй мэт харьцдаг. Би ангийнхнаасаа залхаж байна. Өнгөрсөн жил тэд нартай нийлэх гэж араас нь зөндөө гүйсэн. Гэтэл одоо тэд нараас залхчихлаа. Угаасаа нийлж чадах ч үгүй юм байна. Би яг яах ёстой вэ? Багш нар ч гэсэн үнэхээр тэнэг. Ялгаварлан гадуурхдаг. Чадвартай, хүчтэйг нь дөвийлгөдөг. Сул дорой нэгнийг нь тоодоггүй юм билээ. Өмнө нь ээждээ “надад нийлдэг, хань болдог хүүхэд байхгүй. Тэд нар надаас зугтаад, эсвэл хоёр гурваараа нийлээд алга болдог” гэж хэлэхэд одоо ганцхан жил л үлдсэн гээд байдаг болохоор би энэ удаад ээждээ хэлж зүрхэлсэнгүй ээ. 

Сүүлийн үед би маш их доромжлуулаад байна. Зүв зүгээр байж байхад л хүүхэд ирж цохиод, доромжлоод, “тэнэг аниа”, “мангар аниа” гэдэг. Тэр хүүхдийн эмээ нь хажууд байсан мөртлөө тоодоггүй. Би яагаад ийм сул дорой юм бэ? Өөрийгөө хамгаалах чадваргүй байна. Миний амьдрал надад үнэхээр таалагдахгүй байна. Би яах вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Хэтэрхий олон сөрөг бодлууд бидний үйлдлийг сөрөгжүүлж байдаг

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Хүн бүрд чаддаг болон чаддаггүй эсвэл дундаж хийж чаддаг зүйлс байдаг. Бусадтай өөрийгөө харьцуулах биш яг өөрийнхөө хувьд чи юунд сайн бэ? чи юу хийж чаддаг вэ? гэдгээ бодоод үзээрэй. Хэтэрхий олон сөрөг бодлууд бидний үйлдлийг сөрөгжүүлж байдаг. Жишээ нь: би юм хийж чаддаггүй болохоор намайг доромжилж байна гэж бодох нь чамайг тухайн ажлыг хийхэд улам идэвхгүй байдалд шилжүүлдэг. Энэ олон сөрөг бодлууд үнэхээр үнэн бодит байдал уу? гэдгийг бодоод үзээрэй. Үнэхээр чамайг доромжилж байгаа учраас чи гэж дуудсан гэж үү? Доромжилж байгаа учраас чамайг тэр хүүхэд цохиж байна гэж үү? Эсвэл хамаатны хүүхдүүд нь зүгээр л тоглоомоор эсвэл бусад хүмүүстэй ч гэсэн адилхан тэгж харилцдаг юм болов уу? Бид сөрөг бодолдоо хэт автчихаар зөвхөн надад л ингэж хандаад байна гэж бодох гээд байдаг. Тиймээс чамайг чи гэж дуудсан хүүхдийг, чамайг цохисон хүүхдийг бусад хүмүүстэй яаж харилцаж байгааг сайн ажиглаарай. Адилхан харилцаж байна уу? Өөр байна уу?

Чиний бодлоор яахыг доромжилж байна гэж боддог вэ? Энэ үнэхээр доромжлол уу? Эсвэл бусад хүмүүсийн харилцааны л загвар уу? Эргэцүүлээд үзээрэй. Мөн чаддаг зүйлээ хийж харин чадахгүй байгаа зүйлээ хүлээн зөвшөөрч бусдаас суралцдаг байгаарай. Хүн бүр л насан туршдаа суралцагч байдаг. Намайг чадахгүй байна гэж загнаж байна гэж бодохын оронд би сурчихъя гэж бодвол чиний үйлдэл хүртэл эерэг болж идэвхтэй болох болно. Ямар ч харилцаанд хоёр тал бий. Нэг нь чи өөрөө юм. Хэчнээн хичээсэн ч болохгүй байна гэж бодож байвал бусад хүмүүсээс би чамд, танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Надтай харилцахад юу нь амар, юу нь хэцүү байдаг вэ? гэх мэтчилэн асууж бусдаас тусламж аваарай. 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


АСУУДАЛ: Өөрөөсөө болон бусдаас ичих асуудлаасаа болоод...

Би 13 настай, эмэгтэй. Надад ирээдүйн мэргэжлээ сонгох, бусадтай харилцах харилцаа, өөрийгөө илэрхийлэх чадвар гэх мэт олон асуудал тулгарч байна. Яагаад эдгээр зүйлийг хийж чадахгүй байгаа шалтгаан бол өөрийгөө үнэлэхгүй, өөрөөсөө болон бусдаас ичих гэсэн асуудал юм. Үүнийг хэрхэн шийдэх талаар зөвлөгөө өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Энэ асуудал бүх насны хүмүүст тохиолддог

Сайн байна уу? Юуны өмнө бидэнд захидал бичсэнд баярлалаа. Чамд тулгамдаад байгаа асуудал бүх төрлийн насны хүмүүст болон чиний үеийн охид хөвгүүдэд элбэг тохиолддог. Тиймээс битгий санаа зов. Чамд өгөх зөвлөгөөнүүд:

1. Мэргэжил сонголтод зөвлөхөд зөвхөн өөрийн хүсэл сонирхолд таарсан мэргэжил сонгоорой. Чиний сонгосон мэргэжил зөв байвал амьдралын ихэнх үеүдээ аз жаргалтай өнгөрөөхөд туслах болно. Мөн чамд мэргэжил сонголтын тестүүд санал болгож байна. Мэргэжил сонголтоо хийж чадахгүй байгаа хүмүүст зориулсан тестүүд зөндөө бий. Мөн аав ээжтэйгээ зөвлөлдөж болно.

2. Өөрийгөө илэрхийлэх чадвар сайжруулах дасгалууд хийхийг зөвлөж байна. Хамгийн энгийн алхам бол өөрөө өөртэйгөө толинд харж ярих юм. Мөн хүмүүстэй харилцахдаа нүд рүү нь харж инээмсэглэж сурах хэрэгтэй. Энэ дасгалыг эхлээд гэрийнхэнтэйгээ туршаад үзээрэй.

3. Бусад хүмүүстэй хэрхэн харилцах тал дээр зөвлөхөд бусдыг эхлээд хүндэлж сурах хэрэгтэй. Бусдын үгийг хамгийн түрүүнд сонсож, тэр хүн юу хэлэхийг хүсэж байгааг нь ойлгож, дараа нь харилцан ярилцах хэрэгтэй.

4. Мөн чамд өөрийгөө хөгжүүлэх ном уншихыг зөвлөж байна.

Өөрийгөө илүү хөгжүүлж, сурсан мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцаарай. Чамд амжилт хүсье. 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач О. Отгонцагаан


АСУУДАЛ: Юу ч хийхгүй хэвтэх л миний сонирхол

Сайн байна уу? Би одоо 9-р ангид сурдаг. Эмэгтэй. Ээж намайг 7-р ангид байхад мэргэжлээ сонгох хэрэгтэй гэснээс хойш өөрт тохирсон мэргэжлээ хайсан юм. Хэд хэдэн сорил өгсөн ч тийм ч үр дүнтэй байгаагүй.

Мэргэжлээ сонгохын тулд сонирхлоо олох ёстой гэж маш олон сайтаас, гэрийнхнээсээ ч сонссон болохоор өөрийн сонирхлоо олох гэж үзсэн. Энэ нь хачин байж магадгүй ч зөвхөн гэртээ байх, тэр тусмаа буйдан дээрээ юу ч хийхгүй хэвтэх л миний сонирхол болчихсон. Ойрд их ачаалалтай байгаа болохоор ядраад гэх үү дээ. Сонирхлоо хайж олохын тулд яг юу хийх ёстой юм бэ? Бас мэргэжлээ сонгоход сонирхлоос өөр хүчин зүйлс байдаг уу?

ЗӨВЛӨГӨӨ: Сонирхол гэдэг нь чамайг аз жаргалтай болгодог зүйл юм

Сайн байна уу? Юуны өмнө бидэнд захидал бичсэнд баярлалаа. Чамд өгөх зөвлөгөөнүүд:

1. Сонирхол гэдэг нь чамайг юу аз жаргалтай болгодог тэр зүйл юм. Магадгүй чи өөрийн сонирхлоо анзаараагүй өнгөрсөн юм биш биз? Хэрэв өөрийн сонирхлоо тодорхойлж чадахгүй байгаа бол олох хүртэл зүтгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Мөн өдөр тутам хийдэг зүйлс, байгаа орчин тойрноо, хүрээллээ өөрчлөөд үзээрэй. Шинэ зүйлс туршаад өөрт таалагдах зүйлийг олох хэрэгтэй.

2. Мөн мэргэжил сонголтын тестийг зөв сонгохыг зөвлөж байна. Интернетээр өгсөн тест таарахгүй байвал мэргэжлийн хүмүүст хандаад үзээрэй.

3. Мэргэжил сонголтод зөвхөн сонирхол дээр тулгуурлаж болохгүй бусад хүчин зүйлийг бас бодох хэрэгтэй. Эдгээр нь авьяас чадвар, нийгэмд хэрэгтэй зүйл, хүсэл мөрөөдөл юм.

Өөрийн хүсэл сонирхлоо олоод, сонгосон мэргэжилдээ үнэнч тууштай байгаарай. Чамд амжилт хүсье. 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач О. Отгонцагаан


АСУУДАЛ: Хүүхдүүд аль хэдийнэ хүрээллээ олчихсон болохоор хэцүү байна

Сайн байна уу? Би 16 настай. Саяхан шинэ сургуульд шилжиж ирсэн юм л даа. Энд ирснээс хойш бүх юм бүтэхгүй, болохгүй байгаа юм шиг санагдаж хуучин сургуулиа маш их санаж байна. Хэдий ирээд олон хүүхдүүдтэй найзалсан ч нэг л сэтгэлд хүрэхгүй, хуучин найзуудыг маань гүйцэж орлох хүн байхгүй байна. Хүүхдүүд бүгд том болцгоочихсон, аль хэдийнээ өөрсдийнхөө хүрээллийг олчихсон болохоор найзтай болно гэдэг үнэхээр хэцүү байна л даа. Өглөө болгон хичээлдээ явахдаа маш их ганцаардаж бүр амиа хорлох талаар маш их бодох боллоо. Би энэ тохиолдолд юу хийж ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Шинэ орчинд дасан зохицоход цаг хугацаа их орно

Сайн байна уу? Юуны өмнө бидэнд захидал бичсэнд баярлалаа. Чамд тулгамдаад байгаа асуудал бусад чиний насны хүмүүст ижил байдаг. Шинэ орчинд дасан зохицох нь цаг хугацаа их орно. Чамд өгөх зөвлөгөөнүүд:

1. Шинэ ангийнхантайгаа дотно найзлахын тулд хугацаа орно. Хүнтэй анх танилцахад ичих, айх, санаа зовох зүйлс байж болно. Гэхдээ энэ нь зөвхөн чамд л байгаа асуудал биш. Бүх хүмүүст тохиолддог энгийн зүйл юм.

2. Бусадтай харилцаж эхлэхэд хэцүү байгаа бол, эсвэл яаж яриа өрнүүлэхээ мэдэхгүй байгаа бол зүгээр л хөнгөхөн яриа өдөөд үзээрэй. Цаг агаар эсвэл хичээлийн даалгавар юу өгсөн талаар ч байж болно.

3. Ганцаардлын тухайд хэлэхэд энэ нь шилжилтийн насны онцлог юм. Чамд бусдын анхаарал халамж, сайхан үгс хэрэгтэй. Гэхдээ бусдаас сайхан үгс, халамж авахын тулд эхлээд тэдэнд өгөх хэрэгтэй. Бусдад сайн хандаж, инээмсэглэж, чин сэтгэлээсээ харилцах нь чухал

4. Мөн ганцаардал гэдэг нь хийсвэр зүйл юм. Хэрвээ чи өөрийгөө ганцаарддаг гэж бодвол ганцаардах л болно. Тиймээс өөрийн бодол санаагаа эерэгээр цэнэглэж, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгоорой.

5. Амиа хорлох талаар бодохгүйгээр оронд нь өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар бодох хэрэгтэй. Өөртөө бяцхан даалгавар өг, түүнийгээ биелүүлээд тэмдэглэх хэрэгтэй. Багахан ч гэсэн амжилт нь чамайг эерэг хандлагатай болгоно.

Гэр бүлийнхэнтэйгээ эсвэл өмнөх сургуулийн найзуудтайгаа ярилцаад үзээрэй. Мөн сэтгэл нь дээрдэхгүй, муу бодлууд их төрөөд байвал мэргэжлийн сэтгэл судлаачид хандаарай. Чамд амжилт хүсье. 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач О. Отгонцагаан


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter